| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/04009/И |
| Дугаар | 102/ШШ2021/01149 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01149
| 2021 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/01149 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 22-200 тоот хаягт байрлах, ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 38Б байр, 20 тоотод оршин суух, Чингүүнжав ургийн овогтой, ...ын .... /РД:ЧЛ87022729/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 38Б байр, 20 тоотод оршин суух, Сартуул ургийн овогтой, Раднаабазарын Дагвадорж /РД:.../,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 261 дүгээр байр, 18 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой, ...ийн ... /РД:.../ нарт холбогдох,
23,893,536 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ..., ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ... овогтой ...ы эзэмшлийн ... дүүргийн 8 хороо, Эрдэнэ толгойн ... байрны 11 тоотод байршилтай 28 м.кв орон сууцыг барьцаалж, 12,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Удаа дараа хугацаа хэтрэлттэй зээл төлж байгаад, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 8 сарын хугацаанд төлөлтөд өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй гэх хариу өгсөн. Үүний дагуу эрэн сурвалжлуулах захирамж гаргасан. Нийт 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6,111,590 төгрөг, зээлийн хүүд 14,838,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,945,750 төгрөг, нийт 23,893,536 төгрөгийг нэхэмжилж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр захирамж гарсан. Тухайн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ...ны эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 9 гудамж, 261 дүгээр байранд байрлах 28 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ..., хариуцагч ...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ... нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед бид хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан боловч сүүлийн 2 жил орлогогүй байсан. Би 2017 оны 12 дугаар сард төрсөн. 12,000,000 төгрөгийн зээл авснаас 12,900,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчтэй 23,000,000 төгрөг дээр тохиролцохгүй байгаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн өндөр байна. Барьцаа хөрөнгө манай ээжийн орон сууц байгаа юм. Хэдэн төгрөгийн төлбөр гарах эсэхийг мэдэхгүй байна. Төлбөрөө төлж барагдуулна гэж бодож байна. Төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь хариуцагч ...., ...., .... нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 23,893,536 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээл авсан тухайд маргахгүй бөгөөд зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн хүүгийн хэмжээг бууруулахыг хүссэн тайлбар гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Зээлийн гэрээний дагуу 23,893,536 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч ... нартай 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 13-15061017 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр 12,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй бол үндсэн зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 9-10 дүгээр тал/
Хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 8 сараар сунгасан байна. /хх-ийн 12-14 дүгээр тал/
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй учир зээлийн үлдэгдэл 6,111,590 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 1445 хоногийн зээлийн хүү 14,838,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,943,750 төгрөг нийт 23,893,536 төгрөгийг хариуцагч ... нараас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргаагүй. Харин зээлийн хүүгийн хэмжээг багасгаж, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх тайлбарыг гаргасан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэлээ.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т үндсэн хүү сарын 5 хувь, 2.10-т зээлийн хүүг гэрээний үүргээ бүрэн биелүүлж бүрэн дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 2.11-т үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцож, энэ дагуу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг гаргаж байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/21672 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00409 дугаартай ...ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 27 14л/2-5972 дугаартай .... нарын хаягийг олж тогтоосон албан бичиг зэргээр нотлогдож байна.
Хуулийн дээрх зохицуулалт, гэрээгээр тохирсон тохиролцооны дагуу зээлийн үндсэн төлбөр 6,111,590 төгрөг, зээлийн хүү 14,838,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,943,750 төгрөг нийт 23,893,536 төгрөгийг хариуцагч ... нараас гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч ...тай 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 13-1... тоот Баталгаат ипотекийн гэрээгээр ...ны өмчлөлийн, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ... дүүрэг, ... дугаар хороо, ... толгойн ... гудамж ... дүгээр байр 18 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 28 м.кв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.
Хариуцагч ... нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан. Нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч нар зээлийн гэрээний төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ... нараас 23,893,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгох олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ... нар нь нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д 23,893,536 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...ы өмчлөлийн, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ...дүүрэг, ... дугаар хороо, ... Эрдэнэ толгойн ... гудамж ...дүгээр байр ... тоотод байршилтай орон сууцны зориулалттай 28 м.кв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... нараас улсын тэмдэгтийн хураамжид 347,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР