Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

           2024            06             27                                      2024/ШЦТ/79

       

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      *******,  

Улсын яллагч                                                    *******,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн  2404000940091 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын оператор жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Таван толгой” ХК-д нүүрсний уурхайд оператор жолооч ажилтай,*******,*******,*******,*******,*******, Заан овогт Пүрэвбаатарын Бямбадорж (РД:УЮ94031251).

 

            Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед согтуурсан үедээ ,ийг үл ялих зүйлээр шалтаглан модоор толгой хэсэгт нь 1-2 удаа, баруун гараараа зүүн нүд хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл,

Мөн тухайн зодооныг салгах гэсэн өөрийн төрсөн эх болох хохирогч ийн толгой, дух буюу баруун нүдний дээд хэсэгт 1-2 удаа модоор, баруун шанаа хэсэгт нь гутлаар цохиж түүний эрүүл мэндэд зүүн зулайд шарх, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1, 10-11 дүгээр хуудас/,

- Хохирогч У.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

- Хохирогч Н.Байгальцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

- Хохирогч Н.Байгальцэцэгийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Шинжээч эмч ын мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

- Шүүгдэгч  *******ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч *******ийн  хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 102-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч У.Гансүхийн эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Байгалцэцэгийн эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх, духанд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, зүүн баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтлүүд нь шүүгдэгч *******ийн хохирогч У.Гансүхийн толгой хэсэгт модоор 1-2 удаа, баруун гараараа зүүн нүд хэсэгт нь нэг удаа цохих үйлдлээр, хохирогч П.Байгальцэцэгийн толгой, дух буюу баруун нүдний дээд хэсэгт 1-2 удаа модоор, баруун шанаа хэсэгт нь гутлаар цохих үйлдлээр гэмтэл учруулж буй идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:

 - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээж авсан: “..., Сургалтын задгайн 3 дугаар гудамны 06 тоотод хүмүүс хэрүүл зодоон  хийгээд байна” гэх тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хохирогч У.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед , Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 6 тоотод манай хүү ******* нь хадам ээжийнхээ машиныг янзалж байсан. Тэгээд би тухайн үед хүү *******ид ойр зуурын түлхүүр багажийг нь ойртуулж өгөөд тусалж байсан. Тэгээд манай хүү ******* дэлгүүр явж 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 2 ширхэг пиво авч ирээд “аав хүйтэн пиво уу” гэж хэлсэн. Тэгээд хүү *******ийн хамт нөгөө 2 ширхэг 2,5 литрийн савалгаатай пивийг хувааж уусан. ...20 цагийн үед манай хүү ******* дэлгүүр яваад 0,75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд манай гэрт Н.Байгальцэцэг, ******* нарын хамт хувааж уусан. Тэгээд ууж байгаад би хүүдээ хандаж “чи яагаад ингэж далжиганаж байдаг юм бэ” гээд маргалдсан. Тэгээд манай хүү гэрээс гарсан. Би гэрээс гараад *******той маргалдаж байхад намайг газарт түлхээд унагаасан. Би уурлаад төмөр поошигны таг аваад нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд манай хүү ******* модоор миний толгой хэсэгт 1 удаа, баруун гараараа зүүн нүд хэсэгт нэг удаа цохьсон. Өөр цохиж зодоогүй. Тэгээд удаагүй байхад цагдаа нар ирсэн. ...******* баруун гараараа зүүн нүд хэсэгт 1 удаа, модоор миний толгойн ар хэсэгт 1-2 удаа цохьсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх эд материалын зүйл байхгүй. Сэтгэл санаагаар хохироогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

- Хохирогч Н.Байгальцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд архи ууж байгаад ******* нь У.Гансүх рүү үг хэлээр дайраад “гичий, нохой” гээд маргалдаад байсан. Би хүүдээ хандаж “одоо боль гэрлүүгээ орж унт” гэж хэлэхэд уурлаад байсан. Тэгээд “гичийнүүдийг бүгдийг нь ална, байшинтай нь дэлбэлнэ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байгаад ******* нь гэрээс гараад явсан. ...Би гэрээс араас нь гарахад тэр хоёр хогийн поошигний хажууд У.Гансүхийг газарт унагаад модоор цохиж байсан. Тэгээд У.Гансүх нь босож ирээд хогийн поошигний таг аваад *******ийг нэг удаа нүүр хэсэгт нь цохьсон. Тэгээд би тэр хоёрын дундуур орж салгах санаатай ороод *******ид цохиулсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

- Хохирогч Н.Байгальцэцэгийн Мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үед манай хүү ******* нь хойд аав У.Гансүхтэй маргалдаад нэг нэгийгээ элдэв үгээр хэлээд байсан. Тэгээд ******* нь хоёр гартаа нэг мод бариад хойд аав У.Гансүхийг 1-2 удаа цохьсон. Тэгж байхад нь би *******ийг салгах гээд дундуур нь орж байгаад хүү *******ид 1-2 удаа цохиулсан. Тухайн гэмтлийг манай хүү ******* учруулсан. ...Намайг манай хүү ******* нь гартаа барьж байсан модоороо миний толгой, дух, баруун нүдний дээд талд 1-2 удаа цохьсон. Тэгээд би тухайн үед хүү *******ид цохиулаад гэртээ орсон. Тэгээд намайг гэрт ороод орон дээрээ сууж байхад манай хүү ******* нь араас гэрт орж ирээд нэг удаа гутал авч шидээд миний баруун шанаа хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Шинжээч эмч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч Н.Байгальцэцэгийн биед үзлэг хийхэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан байсан. Мөн дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Зүүн зулайд учирсан шарх, духанд учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн доод зовхинд учирсан цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх бүх гэмтлүүд нийлээд мөн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 134 дугаартай: “...1.У.Гансүхийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. 3.Тухайн гэмтэл хэрэг болсон гэх 2024.03.31-ний өдөр учирсан байх боломжтой гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 135 дугаартай: “...1.Н.Байгальцэцэгийн биед зүүн зулайд шарх, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ. 3.Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх 2024.03.31-ний өдөр учирсан байх боломжтой гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч *******: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна” гэх тайлбарыг тус тус гаргав.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж тайлбарласан, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэжээ.

Шүүгдэгч *******, хохирогч У.Гансүх, П.Байгальцэцэг нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хойд эцэг, төрсөн эх, хүү болох нь хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүхээс шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

              Хохирогч У.Гансүх, П.Байгальцэцэг нар нь энэ хэрэгт гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд холбогдох төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Миний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн саналыг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хураан ирүүлсэн 60 см радиустай төмөр таг 1 ширхэг, 4х60 см хэмжээтэй мод 1 ширхэг, 4х52 см хэмжээтэй мод 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Заан овогт Пүрэвбаатарын Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Заан овогт Пүрэвбаатарын Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******ид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.Гансүх, П.Байгальцэцэг нар нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 60 см радиустай төмөр таг 1 ширхэг, 4х60 см хэмжээтэй мод 1 ширхэг, 4х52 см хэмжээтэй мод 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН