| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0084/э |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
2024 07 04 2024/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогч *******
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2404001100095 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолоочийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо,*******, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ууганбаярын Мөнх-Эрдэнэ /РД:УЮ99091130/.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2024 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М клуб” нэртэй баарны үүдэнд хохирогч *******ийг тодорхой шалтаг шалтгаангүйгээр баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, толгойгоороо нэг удаа хамар хэсэг рүү нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Хохирогчоос уучлалт гуйя.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би У.Мөнх-Эрдэнийг танихгүй, зүс мэднэ. Тухайн өдөр намайг найзуудтайгаа “М клуб” баарны гадаа зогсож байхад гэнэт дайрч ирээд л намайг цохьсон. Би хариу үйлдэл үзүүлж ч амжаагүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 15-р хуудас/,
- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
- Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 149 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 570 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-50-р хуудас/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69, 73-89-р хуудас/,
- Хохирогчид гэм хорын хохирол 4,500,000 төгрөг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 130,515 төгрөгийг төлсөн баримтууд /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч *******ий эрүүл мэндэд учирсан хамар ясны шинэ хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл нь шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийн хохирогчийг баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, толгойгоороо нэг удаа хамар хэсэг рүү нь мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “....”М клуб”-ийн үүдний хэсэг байв. Бичлэгийн ач холбогдолтой хэсгийг үзэхэд 03 цаг 48 минут 39 секунтэд хохирогч ******* тус баарнаас гарч үүдэнд байж байхад сэжигтэн У.Мөнх-Эрдэнэ нь хажууд нь ирээд 03 цаг 48 минут 47 секунтэд хохирогч *******ий баруун гарын цамцнаас татаж чирээд баарны баруун талын камерийн дор ирээд 03 цаг 49 минут 06 секунтэд У.Мөнх-Эрдэнэ нь *******ий нүүр хэсэг рүү баруун гараараа нэг цохиж ******* нь баарны хашаа налж зогсож байна. 03 цаг 49 минут 06 секунтэд дахин У.Мөнх-Эрдэнэ нь *******ийг баруун гараараа заамдаж нэг удаа нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. 03 цаг 51 минут 31 секунэд сэжигтэн У.Мөнх-Эрдэнэ нь нэг хүнтэй “М клуб” баарны хашааны хаалгаар нь гараад замын хажууд зогсож байсан хохирогч *******ийг баруун гарнаас татаж баарны баруун зүг рүү дагуулж яваад урд гэрэл нь асаалттай машины хажууд 3 цаг 51 минут 52 секунтэд хохирогч *******ий нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон дүрс бичгдсэн байна. Бичлэгийг зогсоож ач холбогдолтой хэсгийн 03 минут 36 секунд 30 минут 01 секундын бичлэгийг СиДи-нд хуулбарлан авч үүгээр үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,
- Хохирогч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу баасан гарагт гурван найзтайгаа Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “М клуб” бааранд 01 цагийн орчим ороод хүний 3 лааз пиво уусан. Бид хэд бүжиглэж байгаад 03 цаг хүртэл суусан. Баар хаах болоод би найзуудтайгаа гарч баарны үүдэнд юм яриад зогсож байтал гэнэт нэг залуу хажуугаар өнгөрч байгаад ирээд үгийн зөрөөгүй миний нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон. ...Гэнэт хар малгай, хар куртиктэй үл таних залуу “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд миний баруун гарын цамцнаас татаад баарны хашааны буланд очоод баруун гараараа нүүр хэсэг буюу хамар луу нэг удаа цохиод дараа нь толгойгоороо нэг удаа хамар луу мөргөсөн. Тэр үед манай найз салгаад намайг дагуулаад баарны хашаанаас гарсан. ...Намайг цохьсон үл таних залууг сүүлд нь У.Мөнх-Эрдэнэ гэдгийг олж мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн үед манай найз ******* над руу залгаад “би хүнд зодуулчихлаа ирээд ав” гэж хэлсэн. ...*******ий хамар нь хавдсан, хувцас нь цус болсон, толгой өвдөөд байна гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
- Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Мөнхдөл, У.Мөнх-Эрдэнэ бид гурав манай гэрийн гадаа уулзаад Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “М клуб” баар орсон. Тэгээд бид гурав 1 шил архи, ганц хоёр пиво аваад баар хаах хүртэл суусан. Тэгээд баарнаас гараад зогсож байтал У.Мөнх-Эрдэнэ нэг залуутай муудалцаад байсан. ...Би очоод салгасан. Дараа нь У.Мөнх-Эрдэнэ бид хоёр баарны үүдэнд юм яриад зогсож байгаад У.Мөнх-Эрдэнэ баарны хашаанаас түрүүлж гарсан. Би араас нь гараад хартал У.Мөнх-Эрдэнэ нөгөө муудалцаад байсан залууг татаад баруун талд нь очоод нэг удаа алгадсан. Тэгээд би очиж салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний танил У.Мөнх-Эрдэнэ, ******* нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрөөд баарнаас гарсан. Удалгүй миний араас У.Мөнх-Эрдэнэ нь *******ийг татаад баарны хашааны булан руу чирээд “чи бид хоёр хэзээ үе тэнгийн болчихсон юм бэ” гэж хэлээд У.Мөнх-Эрдэнэ нь баруун гараараа *******ий нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Би хажуунаас нь очиж салгасан. Тэгээд удаагүй байж байтал У.Мөнх-Эрдэнэ, ******* нар баарны хашааны гадна талд дахин муудалцаад зогсож байсан. Тэгээд намайг яваад очтол У.Мөнх-Эрдэнэ *******ийг дахин нэг удаа баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохьсон. Тэгээд би салгаад *******ийг аваад найзтай нь явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч ын “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******ий эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 130,515 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан болно. ...Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч У.Мөнх-Эрдэнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн149 дугаартай: “...1.*******ий биед хамар ясны шинэ хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 570 дугаартай: “...1.Урьд гаргасан 149 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.*******ий биед хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Толгой өвдөх зовуурь нь янз бүрийн шалтгаантай байдаг ба шинжээч эмчийн анхны үзлэгээс үзэхэд уг зовуурь дээрх гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-50-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч *******ий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 149 дугаартай дүгнэлт, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 570 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Хохирогч ******* нь шүүх хуралдаанд: “...Би эрүүл мэндэд учирсан хохиролд 4,500,000 төгрөгийг У.Мөнх-Эрдэнээс авсан. Энэ хэргээс болж эмнэлэгт үзүүлэх, цагдаад очих гээд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилдаа явж чадахгүй байгаа. Албан ёсоор чөлөө аваагүй, хамт ажилладаг найзууддаа хэлсэн. Иймд ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,500,000 төгрөг төлсөн нь /хх-ийн 89-р хуудас/ тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас бусдын хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олох байсан орлогын хэжээгээр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг ба хохирогчийн олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлогоос авсан тэтгэмж, тэтгэвэрийн зөрүүгээр тооцож гаргана.
Хохирогч ******* нь өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлтэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тус нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдав.
Иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 130,515 төгрөгийг шүүгдэгч У.Мөнх-Эрдэнээс Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан /шүүхэд ирүүлсэн баримт/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Хохирогч *******ээс: “...Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гоос: “...Миний үйлчлүүлэгч У.Мөнх-Эрдэнэ нь өөрийн хийсэн гэмт үйлдлээ анхнаасаа хүлээн зөөвшөөрдөг. Хохирогчийн зүгээс эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэн талаар нотлох баримт ирүүлээгүй ч гэсэн шүүгдэгч нь санаачлагаараа 4,500,000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү”гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн гэж дүгнэж, шүүхээс шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг Сиди бичлэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН