Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

2024          07           04                                      2024/ШЦТ/86

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   *******,  

Улсын яллагч                                                 *******,

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2404000970090 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, *******,*******, урьд Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Урт овогт Очирхүүгийн Ганчөдөр (РД:СЗ70121314)

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 4 дүгээр сарын 4-ний шөнө *******, Рашаантын 24 дүгээр гудамжны 6 тоотод О.Баттулгыг гэрт нь шүлсээ хаясан үйлдэлд дургүйцэн дал хэсэгт нь хутгаар хатгаж улмаар эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13-р хуудас/,

- Хохирогч О.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Хохирогч О.Баттулгын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/,

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 102-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч О.Баттулгын эрүүл мэндэд учирсан зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч *******ийн хохирогчийн дал хэсэгт хутгаар хатгасан үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13-р хуудас/,

- Хохирогч О.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 4-ний Рашаантын гудамжинд явж байхдаа *******тэй таарсан. Тэгээд хамт гэрт нь очсон, гэрт нь очих явцдаа дэлгүүр ороод 0,75 граммын Хараа нэртэй авсан. Би тухайн үед машинтай явж байсан тул машинаа гэрт нь оруулаад авсан архиа хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа хоол ундгүй байсан болохоор архиндаа согтоод тасраад унтчихсан байсан. Унтаж байтал гэнэт нуруугаар халуу оргиод явчихсан. Сэрээд нуруугаа барихад нойтон байхаар нь гараа хартал цус болчихсон байсан. Хартал ******* зүүн талынхаа орон дээр сууж байсан. Би тухайн үед баруун талын орон дээр унтаж байсан. Тэгээд *******өөс “чи намайг хутгалчихсан байна ш дээ” гэхэд ******* “би яахаараа чамайг хутгалдаг юм бэ, битгий хуцаад бай” гээд өөдөөс согтуурхаад байсан. Би өөрөө нэлээн согтуу байсан учраас дахиад хутгалчхаж магадгүй гээд шууд гэрээс нь гараад явсан. Тэгээд Рашаантын 8-3 тоотод дүүгийнхээ гадаа очоод ухаан алдаад уначихсан байсан. Эмнэлэгт очоод оёдол тавиулж байхад ухаан орсон. ...Би өөрөө нэлээн согтуу байсан хальт санахад тэднийд архи ууж байхад ******* ширээн дээрээ мах чаначихсан идэж байсан. Тэгээд намайг мах ид гээд дуудаад байсан би босож мах идээгүй, бас бөөлжих гээд огиод шүлсээ гэрт нь хаясан. Тэгэхэд ******* “чи яагаад гэрт шүлсээ хаяад байгаа барам бэ” гээд орилж байсныг санаж байна. Бусад зүйлийг огт санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Хохирогч О.Баттулгын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “...Тухайн үед *******ийн гэрт байхад дүү нь гэх залуу ирээд намайг “одоо та харь яв” гэхээр нь “за за явлаа” гэж хэлээд гэрээс нь гараад *******ийн гэрийнх нь хойд талд манай найзынх байдаг юм тэднийх рүү очсон. Гэр нь хүнгүй цоожтой байхаар нь буцаад *******ийн гэрт очиход дүү нь гэх залуу явчихсан ******* ганцаараа байсан. ...Би *******ийг гэмтэл учруулсан гэж бодож байна. Учир нь би гэрт нь байхад бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Намайг сэрэхэд ******* л байсан өөр хүн байгаагүй. Би унтаж байтал нуруу хэсэгт час час гээд өвдөөд сэрсэн. Сэрээд нуруугаа барьж үзэхэд цус гарч байсан. ******* зүүн талынхаа орон дээр сууж байсан. Би цус гарч байхаар нь л хутгалчихлаа гэж бодоод шууд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******, 8 дугаар байрны 3 тоотод оршин суудаг. 00 цагийн орчимд би гэртээ ганцаараа унтах гээд хэвтэж байтал гэнэт манай хаалгыг тогшсон. Тэгсэн ******* “ах нь байна хаалгаа, ах нь хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Би хаалга онгойлготол ******* ах орж ирээд “ах нь хутгалуулчихлаа цамц сөхөөд үздээ, цус гарч байна уу” гэхээр нь цамцыг нь сөхөөд үзэхэд ар нуруу зүүн дал хэсэгт хутгалчихсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллага буюу эмнэлэгт хандсан. ******* ах “ахыг нь Чөдрөө хутгалчихлаа” гэж хэлээд унтаад өгсөн. Өөр юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тулгаа гэх ахыг “та одоо яв” гэж хэлээд гэрээс нь явуулсан. Би нэлээн гэрт нь сууж байгаад 21 цагийн үед гэр лүүгээ харьсан. Намайг тэндээс явахаас өмнө Тулгаа гэх хүн эргэж ирээгүй. Ахынд ороход хоймрын хэсэгт ширээ тавьсан, ширээн дээрээ мах чанаад түмпэнд хийгээд тавьчихсан байдалтай, ширээний доод талд архины шил харагдаж байсан. ...Би тухайн үед 21 цагт гэрээс нь гарснаас хойш ахтай уулзаагүй. Ахыг дуудаж хоол унд ид гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дугаартай: “...1. О.Баттулгын биед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. 3.Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж, зүсэх үйлдлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч О.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/-ээр тогтоогджээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд   хохирогч *******  нь энэ хэрэгт холбогдуулан гэм хорын баримт ирүүлээгүй ба шүүгдэгч ******* нь 250,000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч ******* нь энэ хэрэгт гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч аас нэхэмжилсэн: “…Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 144,900 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хэрэгт хавсаргасав” гэсэн мэдүүлэгт /хх-ийн 25-р хуудас/ дурдсан төлбөр 144,900 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч нь төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг хохирогч О.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч *******т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн гийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урт овогт Очирхүүгийн Ганчөдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Урт овогт Очирхүүгийн Ганчөдөрт 320 /гурван зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т тайлбарласугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******өөс 250,000 төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулсан ба хохирогч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч *******өөс 144,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9.   Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ӨЛЗИЙ-ОТГОН