| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/04310/И |
| Дугаар | 102/ШШ2021/01162 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01162
| 2021 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/01162 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж 57 тоот хаягт байрлах, ... /РД:.../,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж 57 тоот хаягт байрлах, ... ХХК /РД:.../,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж 57 тоот хаягт байрлах, ... /РД:.../,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, F-16 тоотод оршин суух, ... /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх албан бичгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг оролцогч болох төлбөр төлөгч ...т ирүүлсэн ба тус албан бичигт хувийг ..., ... ХХК, ..., Эрчим Импекс хүргүүлэв гэжээ. Тус албан бичгийг төлбөр төлөгч компаниуд болон иргэн ... хүлээн авч танилцахад тухайн хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлсэн байна.
Иймээс Төлбөр төлөгч нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-дШийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.
2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгийн үнэлгээг ирүүлэхийг төлбөр төлөгчөөс хүссэний дагуу төлбөр төлөгч ... 2008 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, СКД9С маркийн 2,650 квт хүчин чадалтай хоёр секцээс бүрдэх зүтгүүрийг 10 тэрбум 450 саятөгрөгөөр үнэлж байгаа" тухайгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн.
Үүний дараагаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын шийдвэр гүйцэтгэгч ... 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10/45 дугаартай шинжээч томилох тогтоолоор Файн Эстимэйт ХХК-ийг тус хөрөнгийн шинжээчээр томилсон бөгөөд шинжээч томилох тогтоолоос харахад аж ахуйн нэгжийг шинжээчээр томилж, шинжээчид хууль сануулсан тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй байдаг.
Улмаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Файн Эстимэйт ХХК нь хөрөнгийг 6,523,280,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайлангаа ирүүлсэн байна. Үнэлгээчин нь тухайн хөрөнгөнд үнэлгээ хийхдээ доор дурдсан зүйлсийг заавал тусгасан байх шаардлагатай.
Үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл
Үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл
Хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт
Хөрөнгийн үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр
Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт
Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл
Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл
Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл
Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал
Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ
Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл
Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна.
Гэвч шинжээчийн дүгнэлтээс харахад Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 9.3.8-т Хөрөнгө үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж заасныг хангасан буюу хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна.
Тухайлбал, Үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээчин зүтгүүрийн үндсэн үнэ 9,412,953,000, тээврийн зардал 1,106,040.00 төгрөг, гаалийн татвар 470,702,952 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 988,476,199.20 төгрөг гэж тооцсон атлаа хэрхэн яаж, ямар үндэслэлээр үндсэн үнэлгээг бараг нэг дахин бууруулж буюу төгрөгөөр зах зээлийн үнэлгээг хийсэн нь ойлгомжгүй байна.
Уг зүтгүүрийг худалдан авснаас хойших хугацаанд огт ашиглаагүй шинээрээ хадгалагдаж байгаа. Тодруулбал, холбогдох журам зааврын дагуу тухайн зүтгүүрийг ашиглахын тулд төмөр замын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаанд оруулах боломжтой болдог. Бид энэ талаар одоог болтол зөвшөөрөл авч ашиглаж эхлээгүй тул тухайн зүтгүүр шинээрээ хадгалагдаж байгаа юм.
Мөн үнэлгээний тайлангаас харахад үнэлгээчин зүтгүүрийн доторх байдал, ашиглагдсан эсэхийг огт шалгаж үзээгүй зөвхөн гадна талаас нь хараад явсан байдаг ба Үнэлгээний тайлангийн 1.15.4-д "Хөрөнгөд техникийн болон инженерингийн үзлэг шинжилгээ хийхийг оролдоогүй ... гэжээ. Үзэж, шалгаагүй байж шууд элэгдэл тооцон үнийг үндэслэлгүйгээр бууруулсан байна.
Цаашилбал, үнэлгээний тайлангийн 1.11.2-д үнэлэгдэж буй хөрөнгүүд нь хийцийн чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэж үзлээ буюу элэгдэл байхгүй гэж үзсэн хирнээ тайлангийн 1.11.1-д үнэлэгдэж буй хөрөнгүүд элэгдлийн төлөвийг ашиглалтын хугацааны хувьд жигд гэж үзэж ашигласан хугацаанд ноогдох биет элэгдлийг тооцлоо гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулсан элэгдэл байхгүй гэж дүгнэсэн хирнээ, элэгдэл тооцон үнийг нэг дахин бууруулж байгаа нь зүйд нийцэхгүй. Огт ашиглаагүй шинэ зүтгүүрийг элэгдэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа үйлдвэрлэгдсэнээс хойших жилээр нь тооцон энэ хугацаанд байнга ашиглагдаж байсан мэтээр өөр байнга ашиглагддаг зүтгүүртэй ижил байдлаар харьцуулан үнэлгээ хийсэн гэж ойлгож байгаа бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэхгүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгө үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэж заасан боловч энэ талаар үнэлгээний огт тайланд тусгагдаагүй байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасныг зөрчсөн байна.
Дээр дурдсан зүйлсийг нарийн тодорхойлоогүй, зарим хэсгийг тодорхойлсон ч түүнийгээ нотлох баримтыг тайланд хавсаргаагүй тул хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй байна. Иймээс бид тухайн хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн гэж үзэж байна.
Иймд 2008 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, СКД9С маркийн 2,650 квт хүчин чадалтай хоёр секцээс бүрдэх зүтгүүрийг үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч нарын зүгээс Файн Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Ямар ямар хууль зөрчсөн юм гэвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хууль дээр тухайн үнэлгээг хийхдээ зайлшгүй судалж хавсаргах ёстой материалын жагсаалтыг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн хөрөнгийн өмчлөл эзэмшилтийн талаар мэдээлэл, ямар баримт материал дээр үндэслэж тухайн хөрөнгийг үнэлсэн эсэх талаар заах ёстой байсан. Гэтэл тухайн хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгч, эзэмшигч нарыг огт тогтоогоогүй байдаг. Тухайн үнэлгээг хийхдээ ямар суурь үнэлгээ дээр үндэслэж хийсэн болох нь тодорхойгүй байна. Бид нарын хувьд хавтас хэргийн материалаас харахад англи хэл дээр байгаа зүйлийг гэж харж байгаа. Нэхэмжлэгч нарыг зүгээс 10 тэр бум 450 сая төгрөг гэж үнэлсэн байхад Файн Эстимэйт ХХК нь ямар баримтыг үндэслэж 6 523 280 000 төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Тухайн үнэлгээг хийхдээ үнэлгээчний зүгээс тухайн хөрөнгөтэй холбоотой үйлчлэлийн гэрчилгээнээс гадна паспортыг авч шалгаагүй байдаг. Мөн зүтгүүрийг хучсан байсан ба зүтгүүрийг гадна, дотноос нь үзэж шалгаагүй байдаг. Өмчлөгч, эзэмшигчийг мэдэхгүй, хөрөнгийг зүтгүүрийг үзэж шалгаагүй байж 6 523 280 000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд үндэслэлгүй гарсан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04080 дугаар захирамжаар ..., ... ХХК, ..., Эрчим импекс" ХХК, ... нараас 21,854,578,975 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийн дагуух үлдэгдэл төлбөр болох 5,054,578,975 төгрөгийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох илчит тэргийг битүүмжилж хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс хөрөнгийн үнийн санал авахад 10,450,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэт өндөр байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан.
Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Файн эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн
Иймд хөрөнгийн үнийг тогтоож, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх ийм үнийн дүнтэй нэг нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэ баримтаа өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Хөрөнгийн үнэлгээ бага байна гэж маргаж байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө ийм үнэлгээтэй байна гэдэг үндэслэлээр хуулийн хүрээнд гаргасан баримтаа гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс шинжээч өөрийн хэмжээнд хөрөнгө үнэлэх ажиллагааг сайн хийсэн гэж үзэж байна. Иймд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Гаргасан үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..., ... ХХК, ..., ... нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2008 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, СКД9С маркийн 2,650 квт хүчин чадалтай хоёр секцээс бүрдэх зүтгүүрийг 6,523,280,000 төгрөгөөр үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүйболгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу гаргуулсан, үнэлгээ хийлгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04080 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч нь шаардлагаа 18,262,725,189 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь үлдэх 21,800,000,000 төгрөгийн 16,800,000,000 төгрөгт тооцон хариуцагч Эрчим импекс ХХК-ийн өмчлөлийн 0027492 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 2205017237 дугаарт бүртгэгдсэн БГД-ийн 5 хороо, үйлдвэрийн бүсэд байрлах 2550 м2 талбай бүхий №13 тоот агуулахын барилга, 0027493 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 2205017238 дугаарт бүртгэгдсэн, БГД-ийн 5 хороо, Үйлдвэрийн бүсэд байрлах 3060м2 талбай бүхий 6Б тоот агуулахын барилга, 0027494 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 2205017239 дугаарт бүртгэгдсэн БГД-ийн 5 хороо, Үйлдвэрийн бүсэд байрлах 6В тоот агуулахын барилга болон 000110637 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2205011664 дугаарт бүртгэгдсэн БГД-ийн 20 хороо, Үйлдвэрийн бүсэд байрлах 83.37м2 талбай бүхий /дэд станц, 4,371 41 метр урттай төмөр замын салбар зам бүхий/ үйлчилгээний зориулалттай цогцолбор барилга, мөн энэхүү үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарах нэгж талбарын 8022/0013 дугаар бүхий 108,348 м2 газар зэрэг хөрөнгүүдийг нэхэмжлэгч Голомт банкны, эсхүл түүний нэр заасан этгээдийн өмчлөлд 2016 оны 05 дугаар сарын 31-ний дотор шилжүүлэхээр, үлдэх 5,000,000,000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 31-ний дотор 1,000,000,000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 31-ний дотор 2,000,000,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 2,000,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр, мөн 21,800,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 54,578,975 төгрөгийг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгчийн Голомт банкин дахь 9141000015 тоот дансанд төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд 5,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Монголын төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс авах 5,156,130.706 төгрөгийн авлага, иргэн ...ийн эзэмшлийн ...-ийн 100 хувийн хувьцаа болох нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 24,842 ширхэг хувьцаа, Сейсмийн станц болон түүнтэй холбоотой нэр бүхий 12 ширхэг тоног төхөөрөмж, улсын дугаар бүхий 13 ширхэг тээврийн хэрэгсэл, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох илчит тэрэгнээс 5,000,000,000 төгрөгийн шаардлагаа хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-ийн 58-61/
Дээрх шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 102/ШЗ2018/05598 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 102/ГХ2018/00434 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад талууд тохиролцож чадаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 10/45 дугаар тогтоолоор шинжээчээр Файн Эмитмэйт ХХК-ийг томилсон байна. Хариуцагч нь шинжээчид хууль шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, хууль сануулан эрх, үүрэг тайлбарлан өгсөн байх бөгөөд дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 78, 79/
Шинжээч Файн Эмитмэйт ХХК нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох илчит тэрэгний үнэлгээг 2020 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаар 6,523,280,000 төгрөгөөр үнэлж, хариуцагч нь эд хөрөнгөд тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2020 оны 10 сарын 30-ны өдөр 4-141/38787 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь тус шүүхэд үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хуулийн хугацаанд гаргажээ.
Шүүхэд шинжээч Файн Эмитмэйт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэл нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох илчит тэрэгний үнэлгээг гардахаа орж үзээгүй, асааж үзээгүй гэх мэдүүлгийг өгсөн байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.10.1-т Үнэлж буй хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг захиалагчаас гаргуулсан ба бид эдгээр хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй гэж үзсэн болно, 1.11.3-т Ойролцоо хийц бүтэц, марк загвар бүхий хөрөнгийн зах зээлийн үнэ болон түрээсийн мэдээлэлд тулгуурлан тооцсон эдийн засгийн хоцрогдол байхгүй гэж үзсэн, 1.11.6-д Техникийн паспорт байхгүй, дотогшоо нэвтэрч чадаагүйн улмаас нийт хэдэн цаг ажилласан,хэдэн км зам туулсныг тогтоох боломжгүй тул элэгдлийг ашигласан нийт хугацаагаар тооцлоо гэжээ. Хөрөнгийн үр ашигтай ашиглах эдийн засгийн насыг тооцохдоо ...Төхөөрөмжийн норматив ашиглалтын хугацаа 25 жил ба ашиглалтад ороод 10 жил болсон, цаашид 15 жил ашиглах боломжтой гэж үзсэн бол биет элэгдлийн хувь нь 40 хувиар тооцоологдсон, Зүтгүүрийн үнэ 10,872,132,151.2 төгрөг, элэгдлийн хувь 40хувь 4,348,852,860, зэх зээлийн үнэ цэнэ 6,523,279,291, зах зээлийн бүхэлчилсэн үнэ 6,523,280,000 гэжээ. /хх-ийн 81-86/
Шинжээч нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох Зүтгүүр СКD9c-0023-ийн өмчлөх эрхийн болон техникийн бичиг баримттай танилцаж, шалгаагүй, эд хөрөнгийн онцлог болох ажилласан цаг, явсан км, ажиллагаа ямар байгааг бодитоор тогтоолгүйгээр үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна, 9.2.1-д заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн зохицуулалтыг хангаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 10/45 дугаар тогтоолын дагуу төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох Зүтгүүр СКD9c-0023-ийг 6,523,280,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 10/45 дугаар тогтоолын дагуу төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болох Зүтгүүр СКD9c-0023-ийг 6,523,280,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэгч..., ... ХХК, ..., ... нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР