Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00222

 

З.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/01226 дугаар магадлалтай,

З.Э-ын нэхэмжлэлтэй,

С.Х, Т.А нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О,

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 14,500,000 төгрөг гаргуулах, С.Х, Т.А болон Г.О нарын хооронд 2023.01.06-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2020.03.17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

*** дүүргийн ** хороо *** гудамж ** тоот хаягт байрлах, №000******* гэрчилгээний дугаартай, Ү-2******* улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв 1 өрөө орон сууцыг З.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, Т.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч /хариуцагч Т.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ С.Х, хариуцагч С.Х-н өмгөөлөгч Н.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.З.Э нь С.Х, Т.А нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 14,500,000 төгрөг гаргуулах, С.Х, Т.А болон Г.О нарын хооронд 2023.01.06-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч нар 2020.03.17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,

гуравдагч этгээд Г.О *** дүүргийн ** хороо *** гудамж ** тоот хаягт байрлах, №000****** гэрчилгээний дугаартай, Ү-2******* улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв 1 өрөө орон сууцыг З.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг зохигчид эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч С.Х, Т.А нараас нийт 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгон, үлдсэн гэрчилгээний №000****** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, 20,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 20,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Х, Т.А нарт даалгах тухай, 2023.01.06-ны өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Х-н 2020.03.17-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нэхэмжлэгч З.Э-ыг *** дүүргийн ** хороо ***гудамж ** байр ** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, нийт 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610,650 төгрөгөөс илүү төлсөн 7,050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Х, Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгон, хариуцагч С.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 546,950 төгрөгөөс илүү төлсөн 90,075 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч З.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/01226 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар *** дүүргийн ** хороо ***гудамж ** байр ** тоот хаягт байрлах 20,5 м.кв талбайтай, гэрчилгээний №000****** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Э-г тогтоож, тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч З.Э-ын нэр дээр бүртгэхийг “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-т даалгаж, хариуцагч С.Х, Т.А нараас 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгож, нэхэмжлэлээс 2023.01.06-ны өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нэхэмжлэгч З.Э-ыг *** дүүргийн ** хороо *** гудамж ** байр ** тоот хаягт байрлах 20,5 м.кв талбайтай, гэрчилгээний №000****** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн нэг өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Г.О-н бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 968,600 төгрөг, хариуцагч С.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөг, Г.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 546,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х, Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 610,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, Т.Х нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан сөрөг нэхэмжлэлээс *** дүүргийн ** хороо *** гудамж ** байр ** тоот хаягт байрлах №000****** гэрчилгээний дугаартай, Ү-2******* улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг З.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, 8,685,922 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг баримтлан З.Э-ыг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоосон нь хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, Т.Х нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01041 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсний улмаас зөрүүтэй шийдвэр гаргасан ба шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, Т.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

7.Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч С.Х, Т.А нарт холбогдуулан *** дүүргийн ** хороо *** гудамж ** байр ** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, 20,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үүргээ зөрчсөн тул алдангид 14,500,000 төгрөгийг гаргуулах, С.Х, Т.А болон Г.О нарын хооронд 2023.01.06-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч С.Х нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2020.03.17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О *** дүүргийн ** хороо *** гудамж ** байр ** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч З.Э-ыг албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч С.Х, Т.А нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, авсан мөнгөө нэхэмжлэгчид тодорхой хугацааны дараа буцаан өгнө гэсэн тайлбарыг гаргасан байна.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х, Т.А нараас 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус хангаж, харин үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлагын үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч болон хариуцагч нар, хариуцагч болон гуравдагч этгээд нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон байх тул нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан чөлөөлнө, ...хариуцагч нар орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсгэнэ, хариуцагч үүргээ зөрчсөн, талууд гэрээнд анз тохирсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас алдангид 14,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангана...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх “... орон сууцны өмчлөгчөөр З.Э-ыг тогтоож, тухайн үл хөдлөх хөрөнгийг З.Э-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч С.Х, Т.А нараас 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э-ыг ...орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөг гаргуулахыг хүссэн гуравдагч этгээд Г.О-н бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнэ 29,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр өмчлөх эрх З.Э-д шилжих үндэслэлтэй, хариуцагч С.Х нь 2020.07.10-ны өдөр “Баталгаа гаргах нь” нэртэй баримт үйлдэж, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг З.Э нь С.Х-д өгч, тооцоог бүрэн дуусгалаа, ...Х банкны орон сууцны зээлийн барьцаанд байгаа ... орон сууцыг 2020 оны 08 сарын 15-ны өдөр ордерийг барьцаанаас бүрэн суллаж, албан ёсны худалдах, худалдан авах гэрээ хийхээр баталгаа гаргаж байсан, ...хариуцагч нар орон сууцыг гуравдагч этгээд Г.О-д худалдахаар тохиролцож, өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, ...Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт нэг эд хөрөнгийг зэрэг худалдсан бол түрүүлж гэрээ байгуулсан этгээдийн эрхийг хамгаалсан байх тул гуравдагч этгээдэд 2023.01.06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэлгүй..., нэхэмжлэгч нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг түрүүлж байгуулсан, үнийг төлж гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн, мөн 2018 оны 05 сараас орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа үйл баримтаар орон сууцны өмчлөгчөөр З.Э-ыг тогтоох үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

9.Нэхэмжлэгч З.Э болон хариуцагч С.Х, Т.А нар 2018.04.22-ны өдөр *** дүүргийн ** хороо ** байр ** тоот, 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 29,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохирч, хожим нь 2020.03.17-ны өдөр бичгээр хэлцэл байгуулсан, нэхэмжлэгч нь 2018 оны 04 сараас орон сууцыг эзэмшиж 2018.04.22-2020.07.12 хүртэл хугацаанд орон сууцны үнэд нийт 29,589,000 төгрөгийг хариуцагч нарт төлсөн, гэвч хариуцагч С.Х, Т.А нар нь 2023.01.06-ны өдөр Г.О-тай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг нэг өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдаж, Г.О нь 2023.01.06-ны өдөр орон сууцны үнийг бүрэн төлж 2023.01.11-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

9.1.Орон сууц худалдах, худалдан авах талаарх 2018.04.22-ны өдрийн нэхэмжлэгч З.Э болон хариуцагч С.Х, Т.А нарын амаар байгуулсан хэлцэл, уг тохиролцоог 2020.03.17-ны өдөр бичгээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь 2018 оны 04 сараас орон сууцыг эзэмшиж, орон сууцны үнэ 29,589,000 төгрөгийг хариуцагч нарт төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх боловч худалдагч тал буюу хариуцагч нар орон сууцыг өөр этгээдэд худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсний улмаас нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхийг олж авах буюу өмчлөх эрхээ шилжүүлэхийг шаардах эрх биелэгдэх боломжгүй болсон үйл баримтад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь алдаатай болсон байна.

З.Э болон С.Х, Т.А нарын 2020.03.17-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, С.Х, Т.А болон Г.О нарын 2023.01.06-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ аль алиныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

9.2.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Г.О нь хариуцагч нарын нэр дээрх бүртгэл буруу ташаа, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байсан гэдгийг мэдэж байсан эсвэл мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй учир Г.О-н өмчлөх эрх хуулиар хамгаалагдана. Иймд гуравдагч этгээд маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч учир нэхэмжлэгч З.Э-ыг өмчлөгчөөр тогтоох боломжгүй болно.

Хууль ёсны эзэмшлээр өмчлөх эрх үүсэх боловч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж өмчлөх эрхээ хамгаалж чадаагүйн улмаас түүний нэхэмжлэл хангагдах боломжгүй болжээ.

9.3.Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчтой болоогүй байна.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заасан.

Хөдлөх хөрөнгийг нэгэн зэрэг худалдсан тохиолдолд хуулийн дээрх заалтыг хэрэглэх нь туйлын тодорхой бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийн тухайд “эзэмшлээс” гадна “улсын бүртгэл” өмчлөх эрхийг үүсгэхэд чухал ач холбогдолтой, тийм учраас Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д бүртгэлийг үнэн зөвд тооцох эрхийг зохицуулснаар өмчлөгчийн эрхийг хамгаалж, баталгаажуулсан байдаг байна. Гэвч онцгой тохиолдолд буюу улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдээгүй орон сууцыг нэгэн зэрэг худалдсан тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэсэн шүүхийн практик байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх маргааны зүйл нь нэг өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байхад “бүртгэл”-ийг бус “эзэмшил”-ийг анхаарч, түрүүлж эзэмшиж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д нийцээгүй болохыг дээрх байдлаар залруулах шаардлагатай.

9.4.Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, түүний үр дагавраас шалтгаалан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж өмчлөх эрх үүсэх үндэслэлийг хуульд тодорхой заасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөх эрх ийнхүү хуулиар хамгаалагдана.

10.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба гуравдагч этгээд Г.О маргаж буй орон сууцны өмчлөгч боловч уг байрыг эзэмшиж буй нэхэмжлэгч З.Э-ын эзэмшлийг хууль бус гэх байдал тогтоогдоогүй учир гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч З.Э нь өмчлөх эрхийг олж авч чадахгүй хэдий ч хариуцагч нартай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг төлж, орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “...хууль бус эзэмшил” гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасан “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх боломжгүй болно.

Түүнчлэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь З.Э-с 8,685,922 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй тул диспозитив зарчмын хүрээнд дүгнэлт өгөхгүй юм.

11.Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлээс хариуцагч нараас алданги гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх шаардлага, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/01226 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Х, Т.А нараас 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгож, үндсэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, *** дүүргийн ** хороо *** гудамж ** байр ** тоот хаягт байрлах 20,5 м.кв талбайтай, гэрчилгээний №000****** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр бүртгэхийг даалгах, 2023 оны 01 сарын 06-ны өдрийн С.Х, Т.А болон Г.О нарын байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар *** дүүргийн ** хороо *** гудамж ** байр ** тоот хаягт байрлах 20,5 м.кв талбайтай, гэрчилгээний №000****** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн нэг өрөө орон сууцыг З.Э-ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөг гаргуулах” тухай гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээд Г.О-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.05-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД