| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00043/Э |
| Дугаар | 00043 |
| Огноо | 2017-04-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00043
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Мөнх-Эрдэнэд холбогдох 201718020050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн ¹ 21 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхтуяагийн Мөнх-Эрдэнэ. /РД:МЗ96101517/
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлах Спортын ордонд сагсан бөмбөг тоглож байхдаа эсрэг багт тоглож байсан 17 настай О.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өгсөн ..... 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19-20 цагийн орчимд би Болд гэх найзын хамт Спорт ордонд заал авахаар очоод тэнд байгаа хүүхдүүдтэй нийлж хамт сагсан бөмбөг тоглосон. Лхагвасүрэн гэх банди сүүлд орж ирээд манай эсрэг багт орж тоглосон. Тоглох үедээ Лхагвасүрэн нь намайг хамгаалж тоглосон. Хамгаалах үедээ над дээр алдаа гаргаад намайг түлхээд гарнаас маажаад байхаар нь би түүнд цэвэрхэн тоглооч гэж сануулж хэлэхэд Лхагвасүрэн уурлаад би яасан юм тэгээд чи яах юм гэж томроод над руу хүрээд ирэхээр нь би түүний нүүр орчимд нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Лхагвасүрэн тэгтэл миний хоёр хөлийг давхар хамж унагаагаад миний дээрээс гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэнд байгаа хүүхдүүд салгаад түүнийг татаад босгоход босохдоо хөлөөрөө миний толгой рүү дэвссэн. Тэгээд бид нар заалнаас гараад явцгаасан. Би хохирогчоос уучлалт гуйж бид нар одоо эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Насанд хүрээгүй хохирогч О.Лхагвасүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн …. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 цагаас чөлөөт бөхийн бэлтгэлдээ Мандал сумын Спортын ордон дээр очиход цуг бэлтгэл хийхээр тохирсон хүн ирэхгүй гэхээр нь тэнд байсан хэсэг хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглохоор болсон. Би тухайн үед цуг бэлтгэл хийдэг Маагий гэх найзтайгаа байсан. Тэгээд сагсан бөмбөг тоглож байтал эсрэг талын багт тоглож байсан нэг ах дуудахаар нь очиход өөдөөс бөмбөг шидэхээр нь би яасан бэ ахаа гээд яваад очтол шууд миний хамар луу мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойгоод хамарнаас маш их цус гараад тогтохгүй байхаар нь 2 давхрын ариун цэврийн өрөөнд орж цусаа тогтоочихоод эргэж буугаад нөгөө намайг мөргөсөн ах дээр очоод та яагаад намайг мөргөж байгаа юм бэ гэхэд цуг байсан ах нар нь чи жоохон юм байж юун том юм гээд зодох гээд байхаар нь би айгаад хувцсаа солиод яваад өгсөн юм. Тэгээд гэртээ хариад болсон асуудлыг ээж, аавдаа хэлээд Спортын ордон руу очиход тэр ах нар байхгүй байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж хамраа эмчид үзүүлсэн юм…. Эсрэг багт сагсан бөмбөг тоглож байх үедээ би тэр ахыг хажууд нь салахгүй дагаад хамгаалж байсан болохоор тэр ах уурлаад байсан. Тэгээд уурандаа намайг мөргөсөн. Одоогийн байдлаар би хамраа эмчлүүлэхдээ 150000 төгрөг зарцуулсан гэх мэдүүлэг /Хх-н 06 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн ….. Манай хүү Лхагвасүрэн шөнө унтахдаа хамар нь байнга битүүрээд байгаа, бас өдөр хамар нь халуу оргиод байгаа гэж байсан. Заримдаа шөнө хамарнаас нь цус гараад байгаа…. Би хүүгээ хамар руугаа мөргүүлсний маргааш нь Цэрэндорж эмч дээр очиж эмчлүүлэхэд 150000 төгрөг зарцуулсан. Цаашид эмчилгээнд нь хэдэн төгрөг зарцуулахыг мэдэхгүй байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гаргасан зардлын баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 07 дугаар хуудас/
Гэрч Т.Болдын хэрэг бүртгэлтэд өгсөн ….. Тэр өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед найз Мөнх-Эрдэнэ, Уламбаяр нарын хамт Мандал сумын Спортын ордонд очиж сагсан бөмбөг тоглосон юм. Бид нар тэнд байсан хүүхдүүдтэй баг болж хуваагдаад сагсан бөмбөг тоглосон. Тэгээд манайх хожигдоод суусан байхад Мөнх-Эрдэнийн баг танихгүй хүүхдүүдийн багтай тоглосон. Сагсан бөмбөг тоглож байхад эсрэг багт нь байсан нэг хүүхэд Мөнх-Эрдэнийг бөмбөг залаад явах гэхэд саад учруулаад өдөж хоргоогоод байсан. Сүүлдээ хэрэлдэж муудалцаад байсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ рүү тэр банди бүр дайраад байхаар нь Мөнх-Эрдэнэ тэр хүүхдийг мөргөсөн. Тэгэхэд тэр хүүхэд тонгойж байснаа өндийж ирээд Мөнх-Эрдэнийг давхар хамж газар унагаагаад дээрээс нь боогоод гараараа 2-3 удаа цохихоор нь Уламбаяр бид хоёр очоод салгах гээд тэр хүүхдийг хоёр талаас нь татаад дээш өргөхөд тэр банди хөлөөрөө Мөнх-Эрдэнийн нүүрэн дээр хэд хэдэн удаа дэвссэн. Тэгээд салаад заал авсан цаг дууссан болохоор бүгд хувцсаа солиод явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Батмагнайгийн хэрэг бүртгэлтэд өгсөн ……. Тухайн өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байх үед аавынхаа ажил дээр буюу Спорт ордон дээр сагсан бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийг хараад сууж байсан юм. Тэгэхэд надтай цуг бөхийн бэлтгэл хийдэг Лхагвасүрэн нөгөө багт тоглож байсан Мөнх-Эрдэнэ гэгч хүүхэдтэй алдаа гаргалаа гаргаагүй гээд маргалдаад муудалцаад байсан. Тэгж байгаад Мөнх-Эрдэнэ гэгч Лхагвасүрэнг нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би заалнаас гараад яваад өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 57 ..... Дүгнэлт
1.Лхагвасүрэнгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 11 дүгээр хуудас/
М.Мөнх-Эрдэнэ нь Ширхэнцэгийн ¹ 21 тоотод ам бүл 5, оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 27 дугаар хуудас/
М.Мөнх-Эрдэнэ нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 26 дугаар хуудас/
М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 28 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэнд М.Мөнх-Эрдэнээс 200000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 42 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэнгийн М.Мөнх-Эрдэнэ нь бид нараас уучлалт гуйсан, бид Мөнх-Эрдэнэтэй эвлэрсэн тул хэргийг нь хөнгөрүүлж шийдэж өгнө үү. Бид нар шүүх хуралдаанд суухгүй гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлах Спортын ордонд сагсан бөмбөг тоглож байхдаа эсрэг багт тоглож байсан насанд хүрээгүй буюу 17 настай О.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хохирогч хохирогч О.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу сагсан бөмбөг тоглохдоо алдаа гаргалаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба О.Лхагвасүрэнгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлэн гаргаж нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн байх тул М.Мөнх-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтуяагийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мөнх-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.