Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1935

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22 өдрийн 181/ШШ2018/01429 дугаар шийдвэртэй,

 

НэхэмжлэгчГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 800 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Байгаль

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

НэхэмжлэгчГ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Ц  манай байгууллагатай 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 14/002 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэхээр гол нөхцөлөө тохиролцож, мөн энэхүү гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-2203020563 улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан. Д.Ц  нь үндсэн зээлийн гэрээгээр тохирсон хугацаа буюу 2 сарын хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гэсэн тул 2014 оны 12 сарын 7-ны өдрийн хүртэл 9 сараар хугацааг сунгаж нэмэлт гэрээ хийсэн.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн хүүнд 9 000 000 төгрөг төлж, нийт 25 000 000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байсан. Үүнээс хойш бид төлбөрөө байнга шаардаж байсан боловч Д.Ц  нь төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, зээлийн хүүнд 26 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 300 000 төгрөг буюу нийт 56 800 000 төгрөг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 47.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 14/002 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 56 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, төлбөрөө төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Д.Ц  нь 2014 оны 01 сарын 08-ны өдөрГ ХХК-аас 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 25 000 000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 23 500 000 төгрөг төлсөн. Гэтэл санхүүгийн байгууллагаас 58 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Энэ хугацаанд санхүүгийн байгууллагад үндсэн зээлд 14 500 000 төгрөг, зээлийн хүүнд 9 000 000 төгрөг төлсөн. Гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй нийлээд нийт 12 600 000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг өмнө нь шүүхэд гаргаж байсан. Гэвч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Ц аас 38 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчГ ХХК-д олгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан шаардлагаас 18 550 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020563 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000180628 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамжны 31 дүгээр байр 98 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 521 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц аас улсын тэмдэгтийн хураамж 419 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчГ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайхан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Ц  нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаандГ ХХК-д нийт 23 500 000 төгрөг төлсөн байдаг. Үндсэн зээл 25 000 000 төгрөгөөс зээлд 14 500 000 төгрөг, зээлийн хүүд 9 000 000 төгрөг төлсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 10 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт нийт 12 600 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн боловч шүүх хүлээж аваагүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3, 76 дугаар зүйлийн 76.1, 76.4-т заасны дагуу энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

НэхэмжлэгчГ ХХК нь хариуцагч Д.Ц т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 58 600 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 56 800 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргээс 12 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлдэгч нь 25 000 000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэгчээс зээлсэн, зээлийн гэрээний хугацааг талууд 9 сараар сунгаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203020563 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 98 тоотод байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 7-11, 12, 14-15/

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан. банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээг хүчин төгөлдөр байна.

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчиж төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн үүргийг 38 250 000 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Д.Ц  нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид зээлийн хүүг төлж байсан нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, уг хугацаа дахин шинээр эхлэн тоолно гэсэн анхан шатны шүүх дүгнэлт хуульд нийцжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр зохицуулагдсан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээ нь ажил, үйлчилгээ туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг дүгнэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад хамт баримтласан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22 өдрийн 181/ШШ2018/01429 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ц аас төлсөн 349 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН