| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02668/И |
| Дугаар | 101/ШШ2021/02319 |
| Огноо | 2021-08-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/02319
2021 08 06 101/ШШ2021/02319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0а-0 тоот хаягт байрлах, “КМН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, “ГМК” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 93,624,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “КМТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “КМН” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“КМН” ХХКнь “ГМК” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09/18 тоот “А-1” орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №10/18 тоот “А-1” орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №11/18 тоот “А-1” орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан.
Энэхүү гэрээнүүдээр ажил гүйцэтгэгч “КМН” ХХК нь “ГМК” ХХК-ийн “А-1” 93 айлын орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр бохир усны шугамын угсралтын ажил, ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил, барилгын салхивч, халаалт, сантехникийн ажлуудыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болно.
“КМН” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09/18 тоот “А-1” орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын агааржуулалт, дотор цэвэр, бохир ус, галын шугам, халаалтын системийн угсралтын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс 570,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №10/18 тоот “А-1” орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс 100,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/18 тоот “А-1” орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр бохир усны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр гадна халаалт, цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс 63,424,900 төгрөг, дээрх ажлуудыг захиалагч “ГМК” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцон.
“А-1” 93 айлын орон cууцны барилгын дээрх ажлуудыг нийт 733,424,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. “КМН” ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу “А-1” 93 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхдээ гэрээний дагуу хийгдсэн ажлын зардлын дэлгэрэнгүй нэгтгэлээр нийт 673,588,890.77 төгрөгийн зардал гаргасан бөгөөд “ГМК” ХХК-иас 640,200,000 төгрөгийн ажлын хөлсийг авсан бөгөөд хариуцагч “ГМК” ХХК нь үлдэгдэл 93,624,900 төгрөгийн өр төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй манай компанийг хохироож байна.
Мөн гүйцэтгэгч “КМН” ХХК нь дээрх ажлуудыг туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №18/29 тоот гэрээгээр “А-1” орон сууцны барилгын салхивч, агааржуулалтын ажил гүйцэтгэх гэрээг “СБ” ХХК-тай 44,552,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №18/30 тоот “А-1” орон сууцны барилгын халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг “СБ” ХХК-тай 246,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №18/10-1 тоот “А-1” орон сууцны барилгын гадна шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг “ТҮЧ” ХХК-тай 10,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гзрээ, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №18/10-2 тоот “А-1” орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн ажил гүйцэтгэх гэрээг “Б” ХХК-тай 95,700,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “А-1” орон сууцны гадна, бохир, цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх гэрээг “БЭ” ХХК-тай 25,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, барилгын ажлыг гүйцэтгүүлсэн болно.
2020 онд “ГМК” ХХК нь “КМТ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гаргаж үлдэгдэл төлбөр 93,624,900 төгрөгийн өр төлбөртэй гэж тооцоо нийлсэн болно.
Хариуцагч “ГМК” ХХК нь дээрх гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 давхрын 0 тоот хаягт байрлах 65,47м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулсан.
Уг байрыг “ГМК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Д-тай уулзаад очиж үзсэн боловч гэрээгээр тохиролцсон 2021.08.02-ны өдөр шилжүүлэн өгөөгүй. Хариуцагч нь дээрх эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан тохиолдолд манайд шилжүүлж өгнө гэсэн юм.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр барилгын захиалагч Д.Г, байрны ашиглагч, өмчлөгч “НХСО” ХХК-тай холбоотой маргаан явж байгааг мэдэж байгаа бөгөөд төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон байрны өмчлөх эрх гуравдагч этгээдийн нэр дээр байдаг эсэхийг миний зүгээс мэдэхгүй, уг гэрчилгээний талаар мэдээлэлгүй байна.
Иймд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09/18 тоот “А-1” орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ,
2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №10/18 тоот “А-1” орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,
2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №11/18 тоот “А-1’ орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үлдэгдэл өр төлбөр болох 93,624,900 төгрөгийг хариуцагч “ГМК” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “ГМК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд “КМН” ХХК-иас манай компанид холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл өр төлбөрт 93,624,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Манай компани нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон арван барилгын салбарын инженер, мэргэжилтэнгүүдийг эгнээндээ нэгтгэж, Монгол улсын барилгын салбарт хувь нэмэрээ оруулж, бүтээн байгуулалт хийж эхэлсэн. Бид Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамжинд байрлах 93 айлын бүрэн цутгамал орон сууцыг бүхэлд нь барьж 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/117 тоот “Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр тус барилга 100 хувь ашиглалтад орж одоо захиалсан иргэд нь захиалсан байрандаа орж амьдарч байна.
Тус барилгын ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр “КМН” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09/18 тоот “А-1 орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээний ажлын хөлс 570,000,000 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №10/18 тоот “А-1 орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ажлын хөлс 100,000,000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №11/18 тоот “барилгын гадна халаалт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, тус гэрээний ажлы хөлсийг 63,424,900 төгрөгөөр тус тус тохиролцож нийт 733,424,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээт ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Харин нэхэмжлэгч гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж улсын комисст болон манай компанид хүлээлгэн өгсөн.
“ГМК” ХХК-иас 733,424,000 төгрөгөөс 640,200,000 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 93,624,900 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа болно.
Дээрх төлбөрийг компанийн санхүүгийн нөхцөл байдлын улмаас өнгөрсөн хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд бидэнд цаг хугацаа олговол бид төлж барагдуулах болно. Хэрэв нэхэмжлэгч тал мөнгөн хөрөнгөөр биш эд хөрөнгөөр төлбөрийг авах боломжтой бол бид өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас /үнэ тохиролцон/ нэхэмжлэгч талд шилжүүлэх саналтай байна гэжээ.
/хх-ийн 66-67 тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “КМН” ХХК нь хариуцагч “ГМК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 93,624,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “КМН” ХХК /туслан гүйцэтгэгч/ болон хариуцагч “ГМК” ХХК /ерөнхий гүйцэтгэгч/-ийн хооронд
- 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09/18 дугаартай “А-1” орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ,
- 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №10/18 дугаартай “А-1” орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,
- 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №11/18 дугаартай “А-1” орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байна.
/хх-ийн 13- 23 тал/
Дээрх ажлын хүрээнд нэхэмжлэгч “КМН” ХХКнь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч “ГМК” ХХК нь ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон байх ба
2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09/18 дугаартай “А-1” орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, нийт ажлын хөлс 570,000,000 төгрөг байхаар,
2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №10/18 дугаартай “А-1” орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, нийт ажлын хөлс 100,000,000 төгрөг байхаар,
2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №11/18 дугаартай “А-1” орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, нийт ажлын хөлс 63,424,900 төгрөг байхаар гэрээнд тус тус тусгажээ.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №2020/117 дугаартай комиссын дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан, өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой, 12 давхар, 91 айлын, 450 м.кв хүчин чадал бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламжийн захиалагч: Иргэн Д.Г, “НХСО” ХХК, Ерөнхий гүйцэтгэгч, барилгын ажил гүйцэтгэгч: “ГМК” ХХК, барилга, байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага: “НХСО”, туслан гүйцэтгэгч: “КМН” ХХК тус тус тусгагдсан байна.
/хх-ийн 7-8, 69-70 тал/
Зохигч гэрээний талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу “А-1” орон cууцны барилгын ажлын нийт хөлсийг 733,424,900 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон, гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн, “ГМК” ХХК-иас 640,200,000 төгрөгийн ажлын хөлсийг авсан, үлдэгдэл 93,624,900 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.
Талууд хоёр байгууллага хооронд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлээд ”КМН” ХХК-д 93,624,900 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, уг баримтад 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ.
/хх-ийн 6 тал/
Дээрх тооцоо нийлсэн баримтаар талууд ажил гүйцэтгэх 3 гэрээний дагуу нэхэмжлэгч нь 733,624,900 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс хариуцагч нь ажлын хөлс 640,200,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 93,624,900 төгрөг болох талаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч “ГМК” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Зохигч нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр:
-“Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүнд дүйцүүлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 давхарын 0 тоот хаягт байрлах, 65.47 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх бөгөөд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг өөрөө хариуцах,
-Хариуцагч гэрээнд заасан хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгөх, заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн нийт шаардлага болох 93,624,900 төгрөг төлөх үүрэгтэй болно” гэж тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д: “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Талууд гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 давхрын 0 тоот хаягт байрлах, 65.47 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэх, хэрэв шилжүүлээгүй тохиолдолд 93,624,900 төгрөгийг төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон нь дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх гэдгийг өмчлөх, эзэмших, ашиглах ямар эрхтэй байхаар тодорхойлсон нь тодорхойгүй байх ба хэрэв 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 93,624,900 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь ойлгомжгүй гэж үзэн уг гэрээг баталгаажуулахаас шүүгчийн захирамжаар татгалзсан болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “КМН” ХХК нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан, “А-1” орон сууцны барилгын салхивч, халаалт, сантехникийн, орон сууцны барилгын ус дулаан дамжуулах төвийн угсралтын, орон сууцны барилгын гадна халаалт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажлыг тус тус хийж гүйцэтгэх, хариуцагч “ГМК” ХХК нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон, талуудын тохиролцсон 3 гэрээний дагуу нэхэмжлэгч нь 733,624,900 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагч нь ажлын хөлсөнд 640,200,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 93,624,900 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч “ГМК” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 93,624,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КМН” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй гэх байдлыг нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “ГМК” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 93,624,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КМН” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ГМК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 626,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КМН” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 626,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ