Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******т холбогдох эрүүгийн 2415000740119 дугаартай, 163/2024/0154/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, Булган аймгийн ******* суманд 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн Баян-Өндөр 5 дугаар гудамжны 506 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын гагнуурчин мэргэжилтэй, “Петровис” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 30 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэн 98-11 УАХ улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг, мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт Мустанг загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000740119 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэн 98-11 УАХ улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг, мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт Мустанг загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а дахь заалтыг зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 2415000740119 дугаартай хэргээс:

1. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

2. Гэрч С.*******гийн өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрийн 94333102 дугаарын утаснаас Булган сум 6 дугаар багийн нутаг онгоцны буудлын гүүрний орчим 98-11 УАХ улсын дугаартай Toyota Prius загварын цагаан өнгийн жижиг машин жолооч нь согтуу юм шиг зам хэрээд яваад байна гэж замын хүн хэллээ очоод шалгаад хариу мэдэгд гэж үүрэг чиглэл өгсөн. Тэгээд өгсөн үүргийн дагуу онгоцны буудлын чиглэлд явж байхад “МТ” шатахуун түгээх станцын орчим нөгөө зарласан 98-11 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсөн. Тэгээд араас нь эргээд зогсоох гэсэн боловч зогсохгүй хорооллын дундах засмал замаар явж байгаад онгорхой байсан айлын хашаа руу орсон. Араас нь ороод жолоочийг буулгаж ирээд шалгахад нэлээн их хэмжээний согтолттой бараг хөл дээрээ тогтож чадахгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн газар авчирч согтуурлын зэрэг шалгадаг багажаар үлээлгэж шалгахад 3,73%-ийн согтолттой гарсан. Тэгээд жолооны үнэмлэх байхгүй байсан тул регистрийн дугаараар нь санд хайлт хийж үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилээр хасуулсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3. Гэрч Э.*******гийн өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 11-ний өглөө ******* руу залгаад мөнгө хэрэг болоод байна надад мөнгө олоод өгөөч гэж залгасан. Тэгээд ******* мөнгө олдохгүй байна гээд бид хоёр маргалдсан. Өдөржингөө бид хоёр утсаар яриагүй орой 18 цагийн үед над руу залгаад би согтуу машинтай явж байгаад цагдаад баригдаад машинаа хураалгасан гэж ярьж байсан. Ганцаараа гүүрний дээр архи уусан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч Д.Золзаяагийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №1783 дугаартай: “Ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.”Ө.******* 31 нас эр” гэсэн хаягтай цуснаас 3,3 промилль спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,3 промилль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 21-23 дахь тал/,

5. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай: “Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн согтуурлын зэрэглэл шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, согтуурал хэмжих 0900 дугаартай багажны баталгаажуулалтын гэрчилгээ, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1783 дугаартай химийн шинжээч Д.Золзаяагийн шинжилгээнд ирүүлсэн “Ө.*******” гэж хаягласан цуснаас 3,3 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,3 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр 98-11 УАХ улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ө.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна  гэх магадалгаа /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай: “Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Будсүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн согтуурлын зэрэглэл шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, согтуурал хэмжих 0900 дугаартай багажны баталгаажуулалтын гэрчилгээ, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай химийн шинжээч Э.Баярмаагийн шинжилгээнд ирүүлсэн “Ө.*******” гэж хаягласан цуснаас 1,1 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,1 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр улсын дугааргүй шар өнгийн Мустанг 5 загварын мотоцикл жолоодож явсан Ө.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна  гэх магадалгаа /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

7. Яллагдагч Ө.*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: 2024 оны 03 дугаар сарын 11-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ хариад байж байтал манай найз бүсгүй залгаад мөнгөний хэрэг гарлаа, мөнгө олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зээлтэй, мөнгө олдохгүй гээд бид хоёр маргалдсан. Маргаан даамжирч салах дээрээ тулаад би жаахан бухимдаад дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг пиво аваад онгоцны буудлын наана байрлах Отоглох цэг гэх газарт очиж ганцаараа уусан. Өмнө өдөр ажлын ээлжтэй байгаад нойргүй хоносон учир амархан согтсон байх. Явж байхдаа цасанд суусан. Зарим нэг юмыг нь санахгүй байгаа. Нэг мэдэхэд төв рүү орж байсан байх. Хажууд цагдаагийн машин явж байхаар нь баригдчихаж магадгүй гээд айлын хашаа руу орсон. Тэгэхэд цагдаагийн машин араас ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч С.*******, Э.*******, яллагдагч Ө.******* нарын өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдийн 12, 13 дугаартай магадалгаа, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0194717 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 11- ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 98-11 УАХ улсын дугаартай Тоёото Приүс загварын тээврийн хэрэгслийг, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг тус тус жолоодож замын хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3.3% промил, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1.1% промил согтолттой байсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч Д.Золзаяагийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №1783 дугаартай, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Баярмаагийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №40 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Ө.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ө.*******ын дээрх үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Ө.******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,

шүүгдэгч Ө.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас тус тус оролцов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ө.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ үргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгслийг жолоодсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.*******ын согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Ө.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ө.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ө.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 118, 120-123 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ө.******* нь ам бүл 4, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн Баян-Өндөр 5 дугаар гудамжны 506 тоотод амьдардаг, “Петровис” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг гаргажээ.

 

Шүүгдэгч Ө.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар  шүүгдэгч Ө.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь шүүхээс оногдуулсан 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.*******т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ЭНЭРЭЛ