Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/02289

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        08          03                                     101/ШШ2021/02289         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0-0А тоот хаягт байрлах, “ТБА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, А.Ч-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,836,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБА” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч А.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А.Ч нь “ТБА” ХХК-тай 01803082 дугаар “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г тус тус байгуулж, 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн апданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ниссан Адвэн маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Талууд үүргийн гүйцэтгэлийг тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан боловч уг тээврийн хэрэгсэл нь зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад байсан бөгөөд уг зүйлийг гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох учиртай.

Гэтэл бид фидуцийн зүйлийн талаар А.Ч-с шаардаж олон удаа явсан, түүнээс уг зүйлийг шаардсан боловч тэрээр байхгүй болгосон талаар бидэнд мэдэгдсэн.  

Зээлийн гэрээний үүрэгт А.Ч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2018.11.03-ны өдрөөс 2019.04.02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 266,666 төгрөгийг 6 удаа, хүүгийн төлбөрт 128,000 төгрөг 1 удаа, 117,332 төгрөг 1 удаа, 106,664 төгрөг 1 удаа, 96,000 төгрөг 1 удаа,  85,332 төгрөг 1 удаа, 74,664 төгрөг 1 удаа, алдангид 75,680 төгрөг тус тус төлсөн. Үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 1,436,182 тегрөг, алданги 800,000 төгрөг нийт 3,836,180 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч А.Ч нь үүрэг гүйцэтгэх хугацааг 673 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна.

Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх”-ийг ойлгох ба зээлдэгч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөед зээлийн гэрээний xyraцаа 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дууссан.

Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч А.Ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.

Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжпэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Хэрэв зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд фидуцийн зүйлийн өмчлөлийг буцаагаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

Гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцох зохицуулалт манай хуулийн этгээдэд байхгүй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох үүргийнхээ дагуу хүү тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд алданги бодоход хуульд заасан 50 хувиас хэтрэх учраас хуульд нийцүүлэн үндсэн зээлийн үлдэгдэл буюу 1,600,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүй нэхэмжилсэн. 

Иймд хариуцагч А.Ч-с 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, хүү 1,436,182 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 3,836,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.Б-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь зээл, хүүгийн тооцоололыг гаргаж өгөөгүй мөртлөө зээлийн үлдэгдэл, хүү, алданги нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тодруулбал алдангийн тооцооллыг буруу тооцоолсон гэж бодож байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд алдангийг 800,000 төгрөгөөс дээш гарсан гэж байгаа үндэслэлгүй байна. Алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувь гэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,599,600 төгрөгөөс алданги бодсон нь хуульд нийцэхгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад 2019.09.29-ний өдрөөс 2021.03.16-ны өдрийг хүртэл хүү тооцсон нь үндэслэлгүй юм.

Хуульд зааснаар хүү тооцохоор тохиролцсон бол бичгээр хийнэ гэдгийг зөрчиж хүү нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнээсээ татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэрээний зүйлийг устгасан, алга болгосон гэсэн баримтгүй, уг зүйлээр гэрээний үүргийг хангуулахаар тохиролцсон, өөрийнхөө өмчлөлд бүртгүүлсэн мөртлөө зээлийн гэрээний үүрэг шаардаж буй нь үндэслэлгүй.

А.Ч-д уг машин байхгүй, нэхэмжлэгчид байгаа эсэх нь бас мэдэгдэхгүй байна. Хариуцагч нь 1 жил гаруй хугацаанд хорих ангид ял эдэлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч талтай утсаар ярьж байсан, тэгэхэд ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь уг машиныг авсан гэж бодсон байдаг.

Зээлийн гэрээний үүрэгт А.Ч үндсэн зээл 266,666 төгрөгөөр 6 удаа, хүүгийн төлбөрт 128,000 төгрөг 1 удаа, 117,332 төгрөг 1 удаа, 106,664 төгрөг 1 удаа, 96,000 төгрөг 1 удаа,  85,332 төгрөг 1 удаа, 74,664 төгрөг 1 удаа, алданги 75,680 төгрөг, нийт 2,209,608 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээл 3,200,000 төгрөгөөс хасахаар 990,392 төгрөг болох ба үүнээс хүү, алданги тооцох байтал 1,600,000 төгрөгөөс бодсон байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн 3,836,180 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдэл 990,392 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч “ТБА” ХХК нь хариуцагч А.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, хүү 1,436,182 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 3,836,180 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 990,392 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“ТБА” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,200,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн төрөл нь автомашинаа унаад явах нөхцөлтэй, №01803082 дугаартай зээлийн гэрээг А.Ч-той байгуулсан байх ба уг гэрээнд талууд гарын үсэг зуран баталгаажуулжээ.

/хх-ийн 6-7 тал/

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэл болгож гарын үсэг зурж баталгаажуулсан, зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохиролцсон, гэрээний талаар зохигч маргаагүй тул хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Талууд мөн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №01803082 дугаартай, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад бүртгэгдсэн, цагаан өнгийн, 0000 УБА улсын дугаартай, Ниссан Адвэн маркийн авто машиныг барьцаалснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулагдан ТБА ХХК нь фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.

/хх-ийн 8-9 тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Ч-той байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, тэрээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2018.11.03-ны өдрөөс 2019.04.02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1,599,996 төгрөг, хүүд 607,992 төгрөг, алдангид 75,680 төгрөг, нийт 2,283,668 төгрөг төлсөн, үүрэг гүйцэтгэх хугацааг 673 хоногоор хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар хүү тооцсон нь үндэслэлтэй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А.Ч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,599,996 төгрөг, хүүд 607,992 төгрөг, алдангид 75,680 төгрөг, нийт 2,283,668 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт  хариуцагч А.Ч нь үндсэн зээл 3,200,000 төгрөг, гэрээний хугацааны хүүд 1,536,000 төгрөг, нийт 4,736,000 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 1,599,996 төгрөг, хүүд 607,992 төгрөг тус тус төлж, үндсэн зээлээс 1,600,000 төгрөг, хүүгээс 928,000 төгрөг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “ТБА” ХХК нь түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ. 

/3,200,000төгрөгх4%=128,000төгрөгх12сар=1,536,000төгрөг/

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”,

286.2-т: “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно”,

286.3-т: “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “ТБА” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хуулийн этгээдийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэсэн байна.

/хх-ийн 4 тал/

 

Дээрхээс үзэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээл, хүүгээ хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар  гэрээний үүргийг хангуулах шинжтэй.  

 

Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж зааснаас үзэхэд барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байх бөгөөд нэхэмжлэгч барьцааны зүйл болох авто машиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч тал нь зээлийн гэрээний 2.3-т “Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги тооцно” гэж заасныг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөгийн үнийн дүнгээс тооцон алдангид 800,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаар талууд зээлийн гэрээний 2.3-т зээл, түүний хүүг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол анз төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогджээ.  

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,599,996 төгрөг, хүүд 607,992 төгрөг, алдангид 75,680 төгрөг, нийт 2,209,608 төгрөг төлснийг үндсэн зээл 3,200,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 990,392 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.   

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь үндэслэлгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд алдангид 75,680 төгрөг тооцсон нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 800,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй.

Иймд хариуцагч А.Ч-с үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, хүү 928,000 төгрөг, алданги 724,320 төгрөг, нийт 3,252,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБА” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 583,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч А.Ч-с үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, хүү 928,000 төгрөг, алданги 724,320 төгрөг, нийт 3,252,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБА” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 583,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 66,987 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБА” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ