Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

      2024         07          18                                         2024/ШЦТ/89

      

         

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   *******,

Улсын яллагч                                                 *******,

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2404000990080 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтаар *******,*******, хэрэг хариуцах чадвартай,

урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, *******.

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, 2.57 хувийн согтолттой үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сувиллын уулзвар орчимд бусдын эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота Гранд марк-2” тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Гэмт хэргийг үйлдэх явцдаа үргэлжилсэн үйлдлээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн тасгийн цагдаа, зохицуулагч *******ыг албан үүргээ биелүүлэх үедээ түүний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох 535,500 төгрөгийн үнэ бүхий энгэрийн камерт халдсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, Согтуурлын зэрэг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 7-8-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 30м/2519 дугаартай албан бичиг /хх-ийн 9-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд /хх-ийн 90-94-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын баталсан “Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын гудамж замд ажиллах 7 хоногийн хуваарь, жижүүрийн бүрэлдэхүүний томилгоо” /хх-ийн 96-97-р хуудас/,

- Эд хариуцагчийн тооллогын бүртгэл /хх-ийн 95-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28-р хуудас/,

- Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 30м3/2946 дугаартай албан бичиг, 042996 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 86-87-р хуудас/

- Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-98-р хуудас/,

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56-р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж,

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промил (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промил (%) илэрснийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 50 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сувиллын уулзвар орчимд бусдын эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота Гранд марк-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан нь:  

- Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон- Хэмжилт, хяналтын драгер төхөөрөмжийн заалт 2,57 хувь” гэх тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

- Согтуурлын зэрэг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан жолоочийн лавлагаа, мэдээлэлд: “...Тээврийн хэрэгслийн ангилал В, Боржигин овгийн Болдбаатарын Отгонбаяр /УЮ90022418/ Эрх хасах-Улаанбаатар, Багануур дүүрэг, Зөрчлийн тухай хууль 14.7.3.1, 2023-05-22-оос 2024-05-22” гэх бичиглэл /хх-ийн 7-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс Замын цагдаагийн тасагт орой 16-23 цагийн хооронд замын цагдаагийн оройн эргүүл гүйцэтгэхээр ирсэн. Тэгээд үүргээ аваад дэд ахлагч *******ын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сувиллын уулзварт ирээд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба драгер багаж үлээлгэн шалгахад 2,57 хувийн согтолттой явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 онд өөрийн төрсөн дүү болох *******т 1,000,000 төгрөгт бодож тээврийн хэрэгслээ өгсөн. Тэгээд ******* нь жолоодох эрхээ хасуулчихаад нэрээ шилжүүлж авч чадаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “энэ гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол” гэмт хэрэгт тооцохоор заасан.

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч,  дэд ахлагч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16.00 цагаас 23.00 цагийн хооронд Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны гэр хорооллын гудамж, орон сууцны гудамжийг хариуцаж шөнийн эргүүлээр ажиллаж байсан болох нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/236 дугаартай Иргэдийг ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай тушаал /хх-ийн 92-94-р хуудас/,  Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын баталсан “Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын гудамж замд ажиллах 7 хоногийн хуваарь, жижүүрийн бүрэлдэхүүний томилгоо” /хх-ийн 96-97-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сувиллын уулзвар орчимд эрх бүхий албан тушаалтны жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг шалгах ажиллагааны үед эсэргүүцэж, хууль сахиулагч цагдаагийн дэд ахлагч *******ын албан үүргээ биелүүлэхдээ ашиглаж байсан энгэрийн камерийг цохиж унаган эвдэлсэн болох нь:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 30м/2519 дугаартай: “Тус хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн *******т хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлэн, өөрийн ашиглаж байсан энгэрийн камер /албаны бүртгэлтэй/-ыг эвдүүлж 535,500 төгрөгийн хохирол учирсан ” гэх албан бичиг /хх-ийн 9-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн 32-25 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашаанд байршуулах гээд үзлэг хийж байхад ******* нь зугтаагаад явсан. Тэгээд араас нь очиж буцаад дагуулж ирээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийж байхад “энэ миний машин биш, би бариагүй, чи наад түлхүүрээ өөрөө авахгүй юу” гэж хэлээд миний өөдөөс машины түлхүүрээ шидсэн. Тэгээд ******* нь намайг гараараа түлхэхэд миний энгэрийн камер газарт унаад дэлгэц нь хагарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Эд хариуцагчийн тооллогын бүртгэл: “...Эд хариуцагч *******-8200005775 бүртгэлийн дугаартай Энгэрийн камер 2023- 1 ширхэг” гэх тэмдэглэл /хх-ийн 95-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 154 дугаартай үнэлгээний: “Цагдаагийн энгэрийн камер- Үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 535,500 төгрөгөөр тогтоов” гэх тайлан /хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагч *******ээс: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******аас: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сувиллын уулзвар орчимд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахад нь хууль сахиулагч саатуулан шалгасан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг таслан зогсоогдсон, мөн ******* нь  хууль сахиулагчийг эсэргүүцэж энгэрийн камерийг цохиж унагааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдэж дууссан болох нь тогтоогдож байх ба дээрх үйлдлүүдэд үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэх явцад эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн албаны тоног төхөөрөмж болох энгэрийн камерийг унагаж эвдэлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хууль сахиулах албаны тоног төхөөрөмжийг эвдэлж 535,500 төгрөгийн хохирол учруулсан тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

 Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цагдаагийн энгэрийн камерийн үнэ 535,500 төгрөгийг /хх-ийн 26-28-р хуудас/ шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн тус ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргаж байна.” гэв,

Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би гэртээ ганцаараа ажил хийдэг, миний хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хасаж, 8 /найм/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхээс шүүгдэгчид гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, *******, Залуусын 10 дугаар гудамж 9 тоотод оршин суух газар, мөн ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй болох нь тогтоогдвол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солихоор хуульчилсан. Иймд шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хасаж, 8 /найм/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхээс шүүгдэгчид гэмт хэрэг тус бүрд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн *******, Залуусын 10 дугаар гудамж 9 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, мөн ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 535,500 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******од олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН