| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02437/И |
| Дугаар | 101/ШШ2021/02229 |
| Огноо | 2021-07-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2021/02229
2021 07 27 101/ШШ2021/02229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт байрлах, “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0а байр тоот хаягт байрлах, “ЭХ” ХХК-д холбогдох,
2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.М,
Хариуцагч “ЭХ” ХХК-ийн захирал Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“З-1”Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2021.05.12-ны өдөр зогсоолын хаалт хийлгэх зорилготой “ЭХ” ХХК-тай холбогдсон. Тухайн өдөр захирал Ч.Б ирж уулзаад 2021.05.25-ны өдөр хийнэ гэж тохиролцоод 2,000,000 төгрөг урьдчилгаа гэж шилжүүлэн өгсөн.
Гэтэл манай Сууц өмчлөгчдийн холбооны гадна талбайн зогсоолын хучилтыг улсын хөрөнгөөр хийгдэх болсон талаар мэдэгдэл ирж, автомашины зогсоолын автомат хаалт хийлгэх шаардлагагүй гэх шийдвэр гарсны дагуу Ч.Б руу мөнгөө шилжүүлснээс хойш тэр өдөртөө утсаар залгаж хэлсэн.
Тухайн өдөр бид 11-30 цагийн үед уулзаж ярилцаад мөнгийг шилжүүлсэн, тэгээд эргээд мөнгөө буцааж өгөөч гэж 15-30 цагийн үед ярьсан. Ингээд хаалтыг 2021.05.25-ны өдөр хийлгэхээргүй болсон, энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа тул 2,000,000 төгрөг /хоёр сая/-ийг буцааж авъя, ажилчдын цалин тавих шаардлагатай болсон учир мөнгийг буцааж шилжүүлэхийг хүсэхэд Ч.Б нь мессежээр дансаа явуулчих гэсэн.
Тэр өдөртөө шилжүүлэхгүй болохоор нь маргааш өдөр Ч.Б-тай утсаар ярихад БНХАУ руу захиалга өгчихсөн, чадахгүй, мэдэхгүй гээд маргаан үүссэн.
Уг нь анх ярихдаа манай бараа бэлэн гэсэн мөртлөө 1 цагийн дараа хаалт хийлгэхгүй болсныг мэдэгдээд мөнгөө буцааж авахыг хүсэхэд буцааж өгнө гэж хэлсэн мөртлөө сүүлдээ барааг чинь захиалсан гэж байгааг зөвшөөрөхгүй.
Автомашины зогсоолын автомат хаалтны үнэ 6,800,000 төгрөг, үүний урьдчилгаа гэж 2,000,000 төгрөг гээд шилжүүлсэн юм.
Чипний үнэ нь хаалтнаас тусдаа бөгөөд 1 чип 15,000 төгрөг, Ч.Б нь намайг оршин суугчдынхаа тоог гаргачих, тоог гаргачихвал тэр тоогоор нь чип авчраад өгнө, тэгээд оршин суугчдаасаа мөнгөө авсныхаа дараа тооцоогоо хийгээд төлбөрийг төлчих гэж ярьсан.
Энэ 2,000,000 төгрөг бол чипний үнэ биш, хаалтны урьдчилгаа төлбөр юм.
Гэтэл Ч.Б нь удаа дараа залгаад утсаа авахгүй, утсаа авах үедээ мөнгө байхгүй, танай төхөөрөмж захиалганд орсон гэж худал хэлж байна. Мөн мөнгөө буцааж авъя гэж удаа дараа утсаар нь ярьж залгахаар заргалдаад ав гээд үл тоомсорлож байна.
Иймд Ч.Б захиралтай “ЭХ” ХХК-иас зогсоолын хаалтны урьдчилгаа болгон өгсөн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ЭХ” ХХК-ийн захирал Ч.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЭХ” ХХК нь 2013 онд байгуулагдсан оффис хөшиг, зогсоолын хаалтны худалдаа үйлчилгээ эрхэлдэг.
“З-1”Сууц Өмчлөгчдийн холбооноос манайд хандсаны дагуу тохиролцож тус газарт автомашины зогсоолын орох, гарах хаалт хийлгэх захиалга өгч, тэдний зүгээс урьдчилгаа 2,000,000 (хоёр сая) төгрөгийг миний 5753374508 тоот дансанд шилжүүлсэн. Ер нь бол орох хаалт 3,010,000 төгрөг, гарах хаалт 2,160,000 төгрөгний үнэтэй, үүнд чипний үнэ ороогүй.
Урьдчилгаа мөнгөө шилжүүлэхээр нь гэрээ хүчин төгөлдөр гэж үзээд энэ мөнгөн дээр бид өөрсдөөсөө 1,200,000 төгрөг нэмж, нийт 3,200,000 төгрөгийг бараа нийлүүлэгчдээ шилжүүлж чипний захиалгаа өгсөн.
Манайд хаалтны үндсэн төхөөрөмж бэлэн байсан, харин чипийг яаралтай авчрах ёстой гэж үзээд БНХАУ руу захиалсан. Манайх гэрээг эднийд өгсөн, уг гэрээнд 1 цагийн дараа гэхэд тамга дарж баталгаажуулах байсан.
Тус байгууллагаас утсаар холбогдож хаалт хийлгэх ажил түр хойшиллоо, одоо мөнгө нь өөр зүйлд буюу ажилчдын цалин тавихад хэрэг болоод байгаа тул эргүүлээд түр шилжүүлэх боломжтой юу гэсэн утгатай зүйл ярьсан. Зориулсан барааг нэгэнт захиалж мөнгийг шилжүүлсэн байсан тул боломжгүй гэж хариулт өгсөн. Бараа материал хил гаалиар нэвтрүүлэхэд хүндрэлтэй үед бид нэмэлт хөлс төлж, захиалгаа өгснөөр чип ирсэн. Захиалсан барааны төлбөр тооцоог цаад компанидаа шилжүүлээд бараа нь замдаа гарчихсан байсан тул бидэнд тийм хариулт өгөхөөс еөр арга байгаагүй.
Манайх 1 ширхэг чипийг 12,000 төгрөгт тооцож өгөхөөр, энэ хүн цааш нь оршин суугчдад 15,000 төгрөгөөр борлуулаад эргээд үүнийхээ тооцоог хийх байсан. Урьдчилгаа мөнгө 2,000,000 төгрөг шилжээд ороод ирэхээр нь дутагдалтай байгаа бараагаа захиалчихсан юм.
Тухайн үед гэрээнээс татгалзаж байна гэж ойлгоогүй, ажилчдын цалин тавих болсон учир буцааж авах гэж байгаа юм байх гэж ойлгоод дансанд мөнгө ороод ирвэл өгье гэж хэлсэн.
Иймд бидний зүгээс “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбооны удирдлагуудад дараах төлбөрөө гүйцээн барагдуулж, анх ярилцаж тохиролцсоны дагуу ажлаа гүйцэтгүүлж дуусгах нь зүйтэй гэсэн саналтай байна.
Үүнд: Эхний шилжүүлсэн 2,000,000 төгрөг, чипний үлдэгдэл үнэ 2,800,000 (нэг тус бүрийн үнэ 12,000 төгрөг, 400 ширхэг), нийт 4,800,000 төгрөгөөс чипний үлдэгдэл үнэ болох 2,800,000 төгрөгийг төлсний дараа 400 ширхэг чипийг өгөх болно.
Иймд “З-1”Сууц Өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч “ЭХ” ХХК-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч “З-1” Сууц өмчлөгчдийн холбоо нь байрны гадна талбайд автомашины орох, гарах хаалт хийлгэхээр хариуцагч “ЭХ” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тохиролцож, уг ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг мөн өдөрт нь шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд хариуцагч “ЭХ” ХХК нь тус сууц өмчлөгчдийн холбооны байрны гадна талбайд автомашины орох, гарах хаалт хийх, нэхэмжлэгч “З-1”Сууц өмчлөгчдийн холбоо нь хөлс төлөх үүрэг хүлээжээ.
Гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх ба гэрээг бичгээр хийх хэлбэрийг шаардахгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр автомашины зогсоолын орох, гарах хаалт хийлгэхээр “ЭХ” ХХК-тай тохиролцож, урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг мөн өдөрт шилжүүлсэн, ийнхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс хойш 1 цагийн дараа гэрээнээс татгалзсан талаар хариуцагчид мэдэгдсэн гэжээ.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа хаалт хийлгэх ажил түр хойшилсон, ажилчдын цалин тавих шаардлагатай тул уг мөнгийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч хүссэнийг гэрээнээс татгалзсан гэж ойлгоогүй, нэгэнт барааг захиалж мөнгийг бусдад шилжүүлсэн, урьдчилгаанд шилжүүлсэн 2,000,000 төгрөг дээр чипний үлдэгдэл үнэ 2,800,000 төгрөгийг төлсний дараа бэлэн болсон 400 ширхэг чипийг нэхэмжлэгчид өгөх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д: “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэгэнт талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 2,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Талууд ажил дуусах хугацааг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч нь 1 ширхэг чипийг 12,000 төгрөгөөр бодож нэхэмжлэгчид өгөх, нэхэмжлэгч нь 1 ширхэг чипийг оршин суугчдад 15,000 төгрөгөөр борлуулах, ийнхүү борлуулсны эцэст төлбөрийг төлөхөөр тохиролцсон, хаалтны төлбөрт чипний үнэ ороогүй талаар тайлбарлаж байх ба зохигч үүнтэй маргаагүй болно.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг онцлогтой.
Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь зогсоолын хаалт хийлгэх ажлын урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид шилжүүлэн өгсөн, тодорхой шалтгааны улмаас гэрээ цааш үргэлжлэх боломжгүйд хүрч, гэрээнээс татгалзаж байгааг хариуцагчид мөн өдөрт нь мэдэгдсэн, ийнхүү мэдэгдснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цааш хэрэгжих боломжгүй болж автомашины зогсоолын хаалт хийгдээгүй байх ба харин хаалганы чипний үнэ уг хаалт хийлгэх ажлын хөлсөнд орж тооцохгүй, чипний үнийн талаарх төлбөр тооцоог тусад нь тооцох талаар охиролцсон болох нь тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд хариуцагч нь хаалт хийлгэх ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хаалганы чип худалдан авахад зарцуулсан, дээрх ажлын хөлсөнд чип худалдан авах зардал багтсан, 400 ширхэг чипийг нэхэмжлэгч захиалсан гэх байдлаа баримтаар нотолсонгүй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч “ЭХ” ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З-1” Сууц өмчлөгчдийн холбоонд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З-1”Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ