Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/784

 

 

 

 

 

 

 2024         07          08                                       2024/ШЦТ/784

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч Б.Цагаантулга,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /ҮД:1292/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 2403 00000 0324 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 0.... дүгээр сарын 0..-ний өдөр Хөвсгөл аймгийн ............... суманд төрсөн, 2.......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “.................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн .............дүгээр хороо, Ханбогд хотхоны ...............дугаар байрны .............. тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Дийн Б /РД:/.

Хэргийн товч агуулга:      

Д.Б нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн авто замд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 52 минутын орчимд Mercedes Benz G-500 маркийн 02-01 УНР улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн дүрмийн “13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын эсрэг урсгал руу орж Kia Bongo-З маркийн 21-79 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Өнөрөөгийн биед хөнгөн, Б.Цагаантулгын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цагаантулга  өгсөн мэдүүлэгтээ: “...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /04-11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.12-13/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.27-28/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цагаантулгын өгсөн: “... миний урдаас буюу эсрэг эгнээнд автомашинууд явж байтал тэр автомашинуудыг гүйцэж түрүүлэх гээд хар өнгийн дөрвөлжин бенз миний урдаас хаазлаад хурдтай давхиад ирэхээр нь би автомашиныхаа тоормос гишгээд бараг л зогсох үед миний жолоодон явсан автомашины зүүн урд тал руу ирээд мөргөсөн. Ингээд би тэр үед ухаан алдаад машин дотроо байж байгаад буцаад ухаан орох үед хүмүүс намайг машины дотроос гаргах гээд оролдож байсан бөгөөд би автомашины кузовт хөл болон цээж хавчуулагдан гарч чадахгүй байхад тэнд явж байсан том автомашинаар миний машины урд талыг троссоос холбож байгаад дотогш чихэгдсэн кабиныг татаж байж намайг гаргасан бөгөөд энэ үед эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин ирсэн байгаад намайг дамнуурган дээр хэвтүүлэн машин дотор оруулан шууд Гэмтлийн эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг /хх.33-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Өнөрөөгийн өгсөн: “... уулын замаараа гэр лүүгээ буцаад зүүнээс баруун чиглэлд Mercedes Benz G-500 маркийн 02-01 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд манай нөхөр Д.Б автомашин жолоодоод, түүний дүү Д.Мөнхдорж жолоочийн хажуугийн суудал дээр, би охин Б.Тэргэлийн хамт хойд талын суудал дээр суугаад явж байсан бөгөөд тухайн үед миний нойр хүрээд зүүрмэглээд хойшоо суудал налаад явж байтал автомашины баруун хойд талын цонхоор харахад миний сууж явсан талд барилгын бетон зуурмаг зөөвөрлөдөг, цагаан өнгийн мексер автомашины хажуугаар гүйцэт түрүүлээд, зэрэгцээд явж байтал гэнэт машинтай мөргөлдөөд осол болсон. Ослын дараагаар би хэсэг манарлын байдалтай байж байтал миний зүүн нүдний хөмсөгнөөс цус гоожоод эхэлсэн бөгөөд би тухай үед суудлын бүс бүслээгүй явж байсан болохоор урд талын суудлыг мөргөөд зүүж явсан нүдний шил миний зүүн нүдний хөмсгийг зүссэн байсан. Ингээд би машинаас буулгүй өөрөө цусаа тогтоогоод, хүүхдээ тэврээд машин дотроо сууж байсан бөгөөд манай нөхөр дүүтэйгээ хамтдаа мөргөлдсөн Porter маркийн автомашины жолоочийг машинаас нь гаргаж авах гээд л үзээд байсан. Удалгүй эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин ирээд Porter маркийн автомашины жолоочийг болон намайг охины минь хамт эмнэлгийн автомашиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5699 дугаартай:

“1. Б.Цагаантулгын биед зүүн атгаал ясны зөрүүтэй далд, шуу богтос ясны зөрүү ихтэй ил хугарал, зүүн дунд чөмөгт зөрүүтэй хугарал, зүүн шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал, цээжний баруун 3,4-р хавирганы хугарал, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.48-49/,

Хохирогч Б.Цагаанхүүгийн эзэмшлийн Kia Bongo 3 маркийн 21-79 УНБ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх.61-78/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн загвар /хх.95/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.97-99/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.104-106/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.113/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “... би хохирогчоос уучлалт хүсээд эрүүл мэндэд нь учирсан хохирлын зардал гэж ойролцоогоор 4.200.000 төгрөг гаргаж өгсөн... цаашид эмчилгээний зардал гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй...” /хх.116/,

Хохирогчид эмчилгээний төлбөр шилжүүлсэн тухай баримт /хх.118/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх.115, 120/,

Хохирогч нар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлүүд /хх.126-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цагаантулга нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 49.920 төгрөг гарсныг Д.Бгаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.125/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Энхмандахын өгсөн: “Уг автомашин манай "Ашид капитал ББСБ" ХХК-ны нэр дээр байдаг автомашин бөгөөд иргэн Т.Өнөрөө нь уг автомашиныг 2024 оны 03 дугаар сарын орчимд манай байгууллагаас 63 сая орчим төгрөг зээлээр гаргуулан авч дээрх автомашины өмчлөх эрхийг манай байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу манай байгууллага иргэн Т.Өнөрөөтэй тухайн үед зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд одоог болтол зээл нь хэвийн төлөгдөж байгаа Mercedes Benz G-500 маркийн 02-01 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээл гаргуулан авсан иргэн Т.Өнөрөө нь гэрээнд заасан үүргээ биелүүлж cap бүрийн мөнгөн төлөлтийг хэвийн төлж байгаа тул одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.128-129/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Т.Өнөрөөгийн өгсөн: “Би Mercedes Benz G-500 маркийн 02- 01 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 03 дугаар сарын сүүлээр Ашид капитал нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө гаргуулан авч худалдан авч байсан бөгөөд автомашины өмчлөгч нь Ашид капитал банк бус санхүүгийн байгууллага, эзэмшигч нь би байгаа. Автомашиныг Д.Б унахыг би түүнд зөвшөөрсөн  Би Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ойлголоо, ослын улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг би хариуцан арилгахад татгалзах зүйлгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.133-134/,

Хохирлын баримтууд /шинээр гаргасан 40 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдлыг тодорхойлох болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.15-23, 118, 136-141, 147, шинээр гаргасан 10 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн авто замд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 52 минутын орчимд Mercedes Benz G-500 маркийн 02-01 УНР улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн дүрмийн “13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын эсрэг урсгал руу орж Kia Bongo-З маркийн 21-79 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Өнөрөөгийн биед хөнгөн, Б.Цагаантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Б.Цагаантулгын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн атгаал ясны зөрүүтэй далд, шуу богтос ясны зөрүү ихтэй ил хугарал, зүүн дунд чөмөгт зөрүүтэй хугарал, зүүн шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал, цээжний баруун 3,4-р хавирганы хугарал, баруун зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл,

Хохирогч Б.Цараантулгын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн дунд чөмгөний зөрөөтэй хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Цагаантулгын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Д.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Бгийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Д.Б нь хохиролд нийт 27.622.526 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч Б.Цагаантулгын цалин, орлогын нийт 54.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Хохирогч Б.Цагаантулга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Д.Бд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Д.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ц овогт Дийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 27.622.526 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Хохирогч Б.Цагаантулга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР