| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/01107/И |
| Дугаар | 101/ШШ2021/02173 |
| Огноо | 2021-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2021/02173
2021 07 22 101/ШШ2021/02173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Э.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, П.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,416,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Б,
Хариуцагч П.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Б би П.Б-тай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 3,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.
Тухайн өдөр бид 2-т нотариатч мөнгийг бэлнээр шилжүүлсэн байхыг шаарддаг, мөн гэрээнээс гарах үр дагаврыг тайлбарлаж өгсөн. Гэрээ байгуулсан өдөр нь би өөрийн Төрийн банкны данснаас 3,000,000 төгрөгийг П.Б-ийн ХААН банкны данс руу бэлнээр интернет банкаар шилжүүлсэн.
Бид хоёрт байгаа ганц нотлох баримт бол зээлийн гэрээ, уг гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт байгаа бөгөөд үүнээс өөр бид хоёрын нэр орсон нотлох баримт байхгүй. Хавтаст хэргийн 61-62 дугаар талд байгаа Төрийн банкны дансны хуулга дээр 2020 оны 03 сарын 11-ний өдөр Э.Б-с П.Б-н данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтны гүйлгээний утга дээр зээл гэж бичигдсэн байдаг.
Миний бие П.Б-г огт танихгүй бөгөөд анх найз Г.Г маань надад түүнийг арилжаа хийж ашиг сайн олдог, арилжаа хийлгээд ашиг олж байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь Г.Г-д тийм их ашиг олдог юм бол би тэр хүнд чинь богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгө зээлдүүлье гэхэд та 2 хоорондоо ярилц гээд П.Б-н гэрт дагуулж очсон. Ингээд бид 3 уулзсан, П.Б бид 2 ярилцаад түүнд мөнгө зээлдүүлэхээр болж бид зээлийн гэрээ байгуулсан. Би тухайн үед 2 сарын дараа АНУ руу явах гэж байсан учир бэлэн мөнгөтэй байсан.
Тэгээд П.Б-г ашигтай ажилладаг гэхээр нь богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгө зээлдүүлээд ашиг олъё гэж бодоод мөнгөө зээлдүүлсэн, түүнээс биш түүнтэй хамтарч арилжаа хийгээд түүнээс олсон ашгийг хувааж авах талаар тохиролцсон зүйл байхгүй.
Зээлийн гэрээг ээждээ үзүүлэхийн тулд байгуулсан хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй. П.Б-н хүсэлтээр гэрчээр асуугдсан ЭЖЭФ ХХК-ийн ажилтан нь түүнийг данснаасаа 200,000 доллар буцаан авсан байна гэж байсан, гэтэл өнөөдөр түүний өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн дансны хуулга дээр тэрээр 2020.03.23-ны өдрөөс 2020.06.29-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийнхөө дансанд 1879,97 ам.доллар хийгээд, 1300,90 ам.доллар буцаан авсан болох нь харагдаж байна.
П.Б-г арилжаа хийж байхыг нь харж байгаагүй, хажууд нь хамт байж үзээгүй. Харин над руу 3 арилжаа хийгээд мөнгө олсон гэсэн зургаа явуулж байсан.
Зээлийн гэрээ дууссанаас хойш мөнгөө буцааж авахаар олон удаа түүнтэй уулзаж шаардсан, утсаар ярьсан, сүүлдээ утсаа авахаа больсон, ингэхээр нь чат бичсэн боловч чатыг харахгүй байсан. Тэгээд хааяа нэг хөөцөлдөж байж уулзахаар ийм, тийм өвчтэй, мөнгийг чинь удахгүй, 1 сарын дараа өгнө гэдэг байсан боловч өгөлгүй өдийг хүрсэн.
П.Б-с анх зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 296 хоногийн алданги, үндсэн зээлийн 3,000,000 төгрөг, түүний хүү болох 1,200,000 төгрөгийн хамт нийт 10,416,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судалж үзсэний эцэст үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,200,000 төгрөг, алданги 2,100,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг болгосон.
Иймд зээлийн гэрээний үүрэгт П.Б-с 6,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч С.О-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие П.Б нь Э.Б.н гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан. Түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Э.Б нь валютын арилжаа хийх зорилгоор надад 3,000,000 төгрөгийг өгсөн. Намайг гэртээ байж байхад 2020 оны 03 сарын 11-ний өдөр Г.Гнь найз Э.Б-н хамт гэрийн гадаа чинь ирчихсэн байна, уулзъя гэж намайг дуудуулсан. Тэгээд ямар зорилготой уулзах гэж ирсэн талаар асуухад Г.Г-с чамайг арилжаа хийдэг талаар сонссон, чамаар валютын арилжаа хийлгэх гэсэн юм гэж Э.Б хэлсэн.
Би тэр үед нь Г.Г-н валютын арилжааг хийж байсан. Тэгээд Э.Б-тэй ярилцаад арилжааг нь хийж өгөхөөр болсон. Арилжаа хийхэд алдах эрсдэлтэй гэдгийг 2 ч удаа сануулж хэлэхэд болно гэсэн. Ингээд нэхэмжлэгчийн надад өгсөн 3,000,000 төгрөгөөр арилжаа хийхээр тохиролцсон. Энэ нь валютын ханшийн зөрүүнээс ашиг олно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл платформ дээр алтны ханш унасан үед нь худалдаж аваад, ханшийг нь өсөхөөр зардаг.
Бид анх эрсдэлийн талаар ярилцсан байсан. Мөн 2 сарын хугацаанд ашиг олбол 50, 50 хувиар нь хувааж авна, хэрэв алдагдалтай байвал эрсдэлээ өөрсдөө хүлээнэ, Э.Б нь 3,000,000 төгрөг оруулах, би арилжаа хийнэ гэж тохирсон.
Зээлийн гэрээг Э.Б нь ээждээ хүнд мөнгөө зээлсэн гэдгээ үзүүлэхийн тулд хийж байгаа юм гэж хэлсэн.
Би “ЭЖЭФФ” ХХК-д арилжааны данстай бөгөөд дэлхий даяар нэг платформ дээр арилжаа хийдэг. Ингээд арилжаа ашигтай байснаа 2020 оны 5 сард нь ашиггүй болоод Э.Б.н 3,000,000 төгрөгийг алдсан. Ер нь бүх мөнгөө алдчихсан. Тэгээд 2020 оны 05 сар гаргаад Э.Б-тэй уулзсан. Анхнаасаа Э.Б-д эрсдэлийн талаар сануулж хэлсэн, би Э.Б-н мөнгөнөөс ямар ч ашиг аваагүй.
Арилжаа хийхдээ мөнгийг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшны дагуу ам.доллараар өөрийнхөө данс руу хийгээд, буцааж шилжүүлж байж хийдэг. Дансны хуулга дээр алдагдал 775 ам.доллар гэсэн байгаа, нийтдээ 3755 ам.долларын алдагдалтай байгаа нь харагдана. Арилжааг өдөрт 24 цаг, 1-5 өдөр хүртэл Сидней, Токио, Лондон зэрэг орнуудтай арилжаа хийдэг бөгөөд 2 сарын хугацаанд өдөр шөнөгүй тасралтгүй ажилласан. Ингэж байх явцдаа 2020 оны 05 сарын сүүлээр нойр, хоолгүй яваад ядаргаанд орж, бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Ер нь бол Э.Б-н арилжааг 24 цагийн турш хийж байгаад өвдсөн.
Ийнхүү өвдсөн талаарх баримт хэргийн 37-60 талд авагдсан.
Э.Б надад мөнгө өгсөн гээд, мөнгийг алдсан тохиолдолд буцааж авахгүй гэж ярилцсан. Арилжаа хийж байгаад би өөрөө эрүүл мэндээр хохирч, одоо эмчилгээ хийлгэхээр явах гэж байна.
Иймд Э.Б-н 6,300,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч П.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,416,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 4,116,000 төгрөгөөр багасгаж, 6,300,000 төгрөг болгосныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Э.Б нь 3,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай /2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл/, нэг сарын 20 хувийн хүүтэйгээр П.Б-д зээлдүүлэх, зээлдэгч П.Б нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх ба гэрээний зээлдүүлэгч талд Э.Б, зээлдэгч талд П.Б нар гарын үсэг зурцгаасан, гэрээг нотариатч гэрчилсэн байна.
/хх-ийн 3 тал/
Гэрээнд зээл олгосон хугацааг 2020.03.11-ний өдөр интернет банкаар шилжүүлсэн гэж тусгасан байх ба гэрээний зүйл 3,000,000 төгрөгийг мөн өдөр нэхэмжлэгч Э.Б нь Төрийн банк ХХК-ийн 0 тоот данснаас хариуцагч П.Б-ийн ХААН банк ХХК-ийн 0 тоот данс руу “зээл” гэсэн утгаар шилжүүлжээ.
/хх-ийн 61-62 тал/
Дээрх үйл баримтаар талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр, 3,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй, зээлийг, хүүгийн хамт хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон, нэхэмжлэгч нь мөн өдөр 3,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байна.
Зохигчийн тайлбар, дээрх үйл баримтаас үзэхэд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлсны үндсэн дээр гэрээний чөлөөт зарчмын хүрээнд зээлийн гэрээг байгуулсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, гэрээний зүйл болох 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утга, гэрч Г.Х-н мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч П.Б нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч татгалзлын үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгөөр арилжаа хийх, уг арилжаанаас олсон ашгаа тэнцүү хэмжээгээр хуваан авах, ашиг олоогүй тохиолдолд эрсдэлээ өөрсдөө хариуцахаар тохиролцсон гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д: “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 477 дугаар зүйлийн 477.1-д: “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.2-т: “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж заасан.
Талууд хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд тэдний хамтын үйл ажиллагааны зорилго нь тодорхой бөгөөд энэхүү хамтын зорилгод хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой заасан байхыг, түүнчлэн уг зорилгод хүрэхийн тулд талуудын гүйцэтгэх ёстой үүргийг заасан байхыг тус тус шаардана.
Хариуцагч нь талууд хамтран ажиллахаар тохиролцсон гэх тайлбараа баримтаар няцаагаагүй байх ба тэрээр нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу хүлээж авсан 3,000,000 төгрөгийг “ЭЖЭФФС” ХХК дах өөрийн арилжааны дансанд байршуулсан, ийнхүү байршуулснаар арилжаа хийгдсэн, уг хөрөнгөөр хийгдсэн арилжаа нь алдагдал хүлээсэн гэх байдлаа баримтаар нотолсонгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хариуцагч П.Б нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу хүлээж авсан 3,000,000 төгрөг нь хамтран ажиллах гэрээний хураамж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т: “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно”, 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний зүйл 3,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүү авах зээлийн гэрээг бичгээр хийсэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө талдаа анз төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх ба зээлдэгч нь хүүгийн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргаагүй тул зээлийн хүүг талуудын гэрээгээр тохиролцсон хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч П.Б-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2 сарын хугацааны хүү 1,200,000 төгрөг, алданги 2,100,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч П.Б-с үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, алданги 2,100,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч П.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 115,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ