Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/807

 

 

 

 

 

 

2024         07         17                                         2024/ШЦТ/807

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч М.Нямжав,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тд холбогдох 2406 02000 1131 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, 3 дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Зайсан цогцолборын 5 дугаар байрны 210 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ггийн Т /РД: /.

Хэргийн товч агуулга:     

Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Билгүүнтамиртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж биед нь халдан, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимын доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, хацар, уруул, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнтамирын өгсөн: “Өчигдөр манай найз Мөнхтулга бид хоёр таксинд явж байгаад явж байгаад Баянжаргал, Ууганбаатар хоёрыг замаараа аваад Улаанхуаран орох гээд явж байхад Ууганбаатар замаараа хүнтэй уулзаадахъя гэж хэлээд Сансрын 805 хажуугаас өгсөөд Цэргийн хотхоны гадаа очоод Азаа гэх нэртэй охиныг дуудаад машиндаа юм яриад сууж байгаад нөгөө охин “агаа, аниа ирчихнэ, эндээс явъя” гээд сансар хавиар дэмий явж байгаад гэр лүү нь хүргэж өгөх гээд 805-с дээш өгсөөд явж байхад бор өнгийн жижиг тэрэг урдуур дарж зогсоод бид нарын ард үлдсэн, тэгэхэд Азаа гэх охин “манай ах байна, хурдан яваарай” гээд Мөнхтулга яараад гэрийнх нь гадна буулгаад гудам тойроод хойшоо эргэсэн чинь ардаас гэрлээрээ дохиж байгаад урдуур хөндлөн зогсоод дотроос нь 25-30 орчим насны намхан жижигхэн биетэй ах эхнэртэйгээ бууж ирээд... би “ахаа найзад гар хүрэхгүй биз дээ” гэсэн чинь намайг “чи хэн юм...” гээд намайг тулаад заамдахаар би цааш түлхсэн чинь буцаж эргээд намайг мөргөчихсөн чинь бөгсөөрөө газарт унаад “яаж байгаа юм” гэсэн чинь дахиж татаж ирээд 2 удаа мөргөөд миний нүүрэнд цохисон. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Ууганбаатар, Баянжаргал, Мөнхтулга, бас нөгөө ахын эхнэр нь харж байсан...” гэх мэдүүлэг /хх.09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Ууганбаатарын өгсөн: “Орой 23 цагийн үед Билгүүнтамир, Мөнхтулга хоёр намайг Цайз 16-аас аваад бид нар замаараа Баянжаргалыг аваад Сансар хавиар дэмий явж байгаад 00 цагийн үед Азжаргал гээд охин фейсбүүктээ онлайн байхаар нь би “байна уу андаа, хальт уулзаж юм ярих уу” гэж бичээд “тэгье” гэхээр нь бид нар гэрийнх нь гадаа очиж аваад Сансар хавиар машинтайгаа явж байгаад үүрээр 04 цагийн үед буцаж хүргэж өгөх гээд 805 өгсөөд явж байгаад саарал өнгийн жижиг машин гэрлээ анивчуулаад шахаж орж ирээд бид нарын урд зогсохоор нь бид нар зөрж яваад дээр Азжаргалыг гэрт нь буулгаад буцаж байхад нөгөө машин хойноос гэрлээрээ дохиод урдуур дараад зогссон... машины хаалга татаад Баянжаргалыг “гараад ир” гээд бид нарыг “машинаас буугаад ир” гээд хэлэхээр нь бид нар машинаас буусан. Тэгсэн чинь гэнэт Билгүүнтамир Т ах хоёр муудалцаад хоорондоо заамдалцаад байсан. Гэтэл Билгүүнтамир түрүүлээд Т ахын шанаа хэсэгт 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон чинь Т ах зөрүүлээд нүүрэнд нь хоёр удаа цохиод хамар луу нь толгойгоороо 2 удаа мөргөөд малгайтай цамцнаас нь дарж байгаад нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мөнхтулгын өгсөн: “Азааг буулгачхаад буцаад явж байхад нөгөө зөрсөн машин араас гэрлээрээ дохиод байхаар нь би гайхаад байж байхад миний урдуур шахаад зогссон... тэгээд нөгөө ах “буугаад ир” гэж хэлээд Баянжаргал, Ууганбаатар, Билгүүнтамир нар буусан, би машинаа парклах гээд урагшлаад зогссон чинь нөгөө ах Баянжаргалыг зодох гээд дайрсан чинь Билгүүнтамир болиулсан чинь Билгүүнтамирыг шууд заамдаад “чи хэн юм” гээд дайрсан чинь Билгүүнтамир баруун гараараа цохих шиг болсон чинь нөгөө ах шууд толгойгоороо 2 удаа Билгүүнтамирын хамар луу мөргөсөн... нөгөө ах болихгүй, дээрээс нь дарж байгаад нүүр лүү нь зүүн хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нинжсанаагийн өгсөн: “... машин зам дээр явж байхаар араас нь гэрлээрээ дохисоор байгаад зогсоогоод манай нөхөр зүс таних Баянжаргалаас “Азжаргал хаана байна” гээд асуусан чинь нөгөөх нь сая гэрт нь буулгасан гэсэн... Билгүүнтамир гэх хүүхэд машинаас өөрөө бууж ирээд “ах, найз цохихгүй шүү” гээд томроод байхаар нь манай нөхөр уурлаад “чи юу гээд байгаа юм” гэсэн чинь нөхрийг түрүүлээд цохисон чинь манай нөхөр Т эргэж хараад нүүр лүү нь 2 удаа мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх.16/, 

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4519 дугаартай:

“1. А.Билгүүнтамирын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимын доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, хацар, уруул, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Эсэргүүцэн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,

Хохирлын баримт /хх.36/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.39-41/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар өгсөн: “... Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.44/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /х.52/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээг зөвшөөрсөн баримт /хх.53/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-34/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.27/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Билгүүнтамиртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж биед нь халдан, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимын доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, хацар, уруул, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнтамирын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд зулгаралт, уруул, цээжинд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Т нь насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнтамирын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Г.Т нь хохирогчийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Г.Тгийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Т нь насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнтамирын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 99.300 төгрөгийг, мөн эмнэлгийн үйлчилгээний 345.640 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус нөхөн төлжээ.

Харин насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнтамир болон түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Тгөөс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Т гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Г.Тгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Г.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Ггийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Тд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнтамир болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Тгөөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР