| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/816 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/816
2024 07 19 2024/ШЦТ/816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Гд холбогдох 2403 00242 0346 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, группт, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Мишээл хотхоны 89 дүгээр байрны 61 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Иовогт Г Г /РД: /.
Хэргийн товч агуулга:
Г.Г нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн хойд замд 2024 оны 04 дүгээр 21-ний өдрийн 00 цаг 25 минутын орчимд Toyota Prius маркийн 44-78 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Н.Энхцэцэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн хойд замд 2024 оны 04 дүгээр 21-ний өдрийн 00 цаг 25 минутын орчимд Toyota Prius маркийн 44-78 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Н.Энхцэцэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /04-5/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06-11/,
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Энхцэцэгийн өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад гадаа бороо ороод цаг агаар гоё байхаар нь дэлгүүр оръё гэж бодоод гарсан. Манай гэр Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун талд байдаг юм. Тэгээд би урагшаа Натурын зам руу явж замын хойд талын ТҮЦ оръё гээд явж байтал замын хойд талын ТҮЦ хүн ихтэй замын урд талын ТҮЦ хүн багатай харагдахаар нь замын урагшаа гарч ТҮЦ орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би буцаад хойд талын ТҮЦ орохоор зам хөндлөн гарахаар болж явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарсан. Зам хөндлөн гарахаар баруунаасаа зүүн чиглэлд зорчих хэсгийн 1,2 дугаар эгнээг өнгөрөөд зүүнээсээ баруун чилэлд зорчих хэсэг дээр явж байтал миний баруун гар талаас машин ирж намайг мөргөсөн. Тэр машины жолооч намайг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад явган хүнд зам тавьж өгөлгүйгээр явган хүний гарц дээр мөргөж унагасан. Би унахдаа бөгсөн хэсгээрээ унасан. Тухайн явган хүний гарц нь гэрэл дохиогүй явган хүний гарц байсан. Эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хөндлөнгийн хүн дуудлага мэдээлэл өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх.14/,
Сэтгэцэд учирсан хохирол тогтоосон маягт /хх.15/,
Хохирлын баримтууд /хх.17-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Жаргалангийн өгсөн: “... надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн осол болсны дараа манай аав Г тээврийн хэрэгслээрээ явган зорчигчийг шүргэсэн, өөдөөс нь зорчиж явсан тээврийн хэрэгсэл холын гэрэлтэй явсан учраас харагдах орчныг нь багасгасан гэсэн зүйлийг ярьсан... Жи эс би Капитал ББСБ-н нэр дээр бүртгэлтэй боловч миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би байгууллагаас зээл авч тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн өгсөн байгаа, надад гомдол санал байхгүй би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.25, 28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н. Энхцэцэг нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 882.882 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024.05.17-ны өдрийн 02/1861 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Ггээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.31/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 553 дугаартай:
“1. Тухайн ослын улмаас Н.Энхцэцэгийн биед ууцны 5-р нугалам яс, ахар сүүлний 3-р нугалам ясны далд хугаралт, зүүн гарын алганд зулгаралт, мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.51-54/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх.66-70/,
Мөрдөгчийн магадалгаа /хх.73-74/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.79-81/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ггийн яллагдагчаар өгсөн: “... Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа гэмшиж байна. Хохиролд 1.050.000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.84/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх.97/,
Хохирол төлбөрт 1.050.000 төгрөг, 5.000.000 төгрөг тус тус төлсөн тухай баримт /хх.94, 108/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.33, 35, 87-92/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.102/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.109/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.110-111/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Н.Энхцэцэгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 882.882 төгрөгийг шүүгдэгч Г.Ггээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Н.Энхцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Ггээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Гд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иовогт Г Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Гд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Ггээс 882.882 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Хохирогч Н.Энхцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Ггээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР