Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/02140

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        07         20                                     101/ШШ2021/02140         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0-0 тоот хаягт оршин суух, БНСУ-ын иргэн Л.К-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, БНСУ-ын иргэн К.М-д холбогдох,

 

9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, 

Хариуцагч К.М,  

Орчуулагч О.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, өмгөөлөгч Г.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Л.К би 1993 онд Монгол улсад сүлжмэлийн хамтарсан компани байгуулахаар ирээд өнөөдрийг хүртэл Монгол улсад ажиллаж амьдарч байгаа билээ.

Би К.М гэх залуутай өнгөрсөн оны 12 дугаар сард Солонгосчуудын цуглардаг сүмд анх удаа уулзсанаас хойш бие биенээ таньдаг болсон.

К.М нь надад хэлэхдээ би УБ сургуульд цайны газрыг түрээслэн ажиллуулж байгаа, удахгүй болих гэж байгаа гэсэн бөгөөд тэгэхээр нь би тэр цайны газрыг чинь охинтойгоо хамт ажиллуулмаар байна гэхэд:“Тус сургуулийн цайны газрыг ажиллуулахын тулд 10,000,000 төгрөгийн барьцаа өгөхийг шаарддаг бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусахад барьцаа мөнгийг буцааж өгдөг, цайны газрыг түрээслэхээр олон хүн хүсэлтээ гаргаад байгаа юм билээ. Би тус сургуулийн удирдлагуудыг таньдаг, чамайг хэлээд өгье, харин чи 10,000,000 төгрөгийн барьцаагаа бэлдээд байж бай гэж хэлсэн. Тэгээд удахгүй надтай уулзаад чамайг хэлчихлээ. 10,000,000 төгрөгийн барьцаагаа өгчих юм бол гэрээгээ байгуулъя” гэж байна гэж хэлсэн.

Тэгэхээр нь би УБ сургуульд таньж мэддэг хүн байхгүй, мөн К.М-ы хэлснээр олон хүмүүс түрээслэхээр хүсэлт гаргасан гэснийг сонсоод К.М-ы хэлсэнд итгэж түүний хэлснээр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 0 тоот данснаас 2,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, нийт 2 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг К.М-ы хэлсэн Хаан банкны 0 тоот данс руу шилжүүлсэн.

Би ойлгохдоо УБ сургуулийн цайны газрыг түрээслэхээр барьцаа мөнгөө байршуулж байгаа бөгөөд түрээсийн гэрээгээ дуусахаар буцаагаад барьцаа мөнгөө авах юм байна гэж бодсон.

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай охин И.К бид хоёр УБ сургуультай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, УБ сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд байрлах 720 м.кв талбай бүхий цайны газрыг 2020.01.23-ны өдрөөс 2020.03.23-ны өдрийг хүртэл туршилтын 2 сарын хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж цайны газрыг ажиллуулж эхэлсэн.

Бид гэрээний дагуу цайны газрыг ажиллуулж байх хугацаандаа тус сургуулийн удирдлагууд болон багш, ажилчдаас тус сургуулийн цайны газрыг ажиллуулахаар гэрээ байгуулахад барьцаа 10,000,000 төгрөг байршуулсан байхыг шаарддаггүй, К.М нь тус сургуулийн удирдлагуудтай энэ талаар огт уулзаагүй, 10,000,000 төгрөгийн барьцаа өгөөгүй болохыг нь олж мэдсэн.

Би энэ талаар мэдсэн даруйдаа Цагдаагийн газарт хандаж К.М-ыг намайг залилсан гэж гомдол гаргасан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №3335 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй бөгөөд иргэний харилцаа байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.

К.М нь цайны газрыг ажиллуулахын тулд 10,000,000 төгрөгийн барьцаа мөнгө өгөхийг шаарддаг бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусахад 10,000,000 төгрөгийг буцааж өгдөг. Би тус сургуулийн удирдлагуудыг таньдаг, чиний тухай хэлсэн, 10,000,000 төгрөгийн барьцаагаа дансанд байршуулчих юм бол түрээсийн гэрээгээ байгуулъя гэж байна гэж надад худлаа хэлж 10,000,000 төгрөгийг маань үндэслэлгүйгээр авч, буцааж өгөхгүй намайг санхүүгийн хувьд хохироож байна.

УБ сургууль цайныхаа газрыг ажиллуулахдаа 10,000,000 төгрөгийн барьцаа шаарддаг гэж хариуцагч ойлгуулсан тул уг мөнгийг өгсөн боловч уг сургуульд барьцаа гэх 10,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй байснаас гадна ийнхүү гэрээ байгуулахад барьцаа хөрөнгө шаарддаггүй гэдгийг тус сургуулийн тодорхойлолтоос мэдсэн.  

Гэтэл хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан талаарх хариу тайлбартай холбоотой баримтыг ирүүлээгүй мөртлөө зуучлалын хөлсөнд  10,000,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.

Зуучлалын гэрээний үндсэн шинж нь зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн байхыг шаарддаг. Гэтэл ийм харилцаа огт үүсээгүй байна, ямар нэгэн төлбөр өгөх үүргийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Л.К-ийн охины компани ДАОУ ХХК нь 2020.01.23-ны өдөр УБ сургуультай ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулсан, ингээд мөнгөө өг гэж К.М-с нэхэхээр 1,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, мөн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна.

Иймд хариуцагч К.М нь ямар ч үндэслэлгүйгээр 10,000,000 төгрөг авсан, үүнээс түүний буцааж өгсөн 1,000,000 төгрөгийг хасч, үлдэх 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.К-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч К.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 08 дугаар сараас эхлэн УБ сургууль нь миний бие К.Х-д тус сургуулийн 1 давхарт кофе шоп нээн ажиллуулах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан тул миний бие тухайн сургууль дотор кофе шопоо нээн ажиллуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн.

УБ сургуулийн зүгээс засварын ажил ба ширээ сандал, тек зэрэг тавилгын ажил гүйцэтгэхээр тохирч, “ЭИ” ХХК-ийн зүгээс дотоод загвар дизайн гаргаж өгөх болон кофе шопын тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлж хамтран ажиллах хэлцэлд тохиролцож хүрсэн. Мөн обьектын түрээсийн асуудлыг үйл ажиллагаа эхэлсний дараагаар харилцан тохиролцож гэрээ хийхээр шийдсэн.

2019 оны 09 сараас эхлэн 4 сарын хугацаанд тус их сургуультай хамтран кофе шопын хэлцэл хийх, кофе шопын засварын ажил гүйцэтгэлд болон тогтсон загвар дизайны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байх явцад тус их сургуулийн удирдлагын зүгээс кофе шопоос гадна тус их сургууль дотор байрлах 2 дэлгүүр, цайны газрыг мөн хамт түрээсэлж хамтран ажиллах хүсэлт гаргасан болно.

Учир нь өмнөх цайны газрын үйл ажиллагаа эрхэлж байсан хүмүүс нь амт чанартай хоолоор оюутан сурагчидад үйлчилж чадахгүйн улмаас оюутнууд нь цайны газраараа үйлчлүүлдэггүй байсан ба дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгчид нь мөн санхүү тайлан тооцоогоо үнэн бодитоор тайлагнахгүй байсны улмаас “ЭИ” ХХК-тай хамтран ажиллах хүсэлт гаргасан.

Гэвч миний бие К.Х нь худалдаа үйлчилгээ болон цайны газрын үйл ажиллагааны талаар сайн мэдлэг туршлагагүй тул тухайн үйлчилгээг эрхлэхийг татгалзаж байсан боловч сургуулийн удирдлагын зүгээс 4 обьектыг нэг компанитай л гэрээ хийж хамтран ажиллах хүсэлтэй байсан тул миний бие оюутнуудын эрх ашгийн төлөө хичээгээд ажиллаад үзье гээд зөвшөөрч гэрээ хийхээр харилцан тохиролцсон.

К.Х миний бие Солонгос хоолны үйлчилгээг эрхлэх мэдлэг чадвар, туршлагатай сайн хүн хайж эхэлсэн ба солонгосчуудын цуглардаг Ханын Христийн сүмд явдаг Л.К, С.Н гэх 2 хүнтэй уулзсан. С.Н нь үйл ажиллагааны эхлэлтийн хөрөнгө байхгүй гэсэн ба Л.К гэх хүн нь үйл ажиллагаа явуулж эхлэх зардлыг гаргах боломжтой гэсэн тул Л.К тус цайны газрыг ажиллуулахаар болж үйл ажиллагаанаас олсон ашгийг тэр өөрөө авахаар тохиролцсон.

Харин “ЭИ” ХХК нь УБ сургуультай гэрээ хийж бүх үүрэг хариуцлагыг хүлээж байгаа бөгөөд Л.К нь зөвхөн цайны газрын үйл ажиллагааг нь хариуцах тул Л.К-с 10,000,000 /арван сая/ төгрөгийг барьцаа болгож авсан болно. Ингэхдээ Л.К нь цайны газар, хүнсний дэлгүүрээ ажиллуулаад орлогоо өөрөө авах, харин ямар нэгэн асуудал үүсвэл хариуцлагыг манай компани хариуцахаар болсон.

Гэтэл үүний дараа Л.К нь өөрийн хувийн эрх ашгийг хөөцөлцөж, танил талаараа сургуулийн удирдлагатай холбогдож, К.Х миний биетэй ярилцаж тохиролцсоноос шалтгаангүй буцаж, зөвхөн өөрийн хувийн компаниар сургуультай гэрээ хийхээр санаархсан.

Тэрээр миний талаар худал мэдээлэл өгч, “ЭИ” ХХК болон миний талаар буруу ойлголт төрүүлж, нэр төрд ноцтойгоор халдсан болно. Энэхүү ёс бус үйлдлийн улмаас “ЭИ” ХХК нь УБ сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч, сургуулийн зүгээс кофе шопын үйл ажиллагааг зогсоож, хөөгдөж гарсан болно.

Тухайн үед бид 1 сарын хугацаанд кофе шоп ажиллуулаад хөөгдөж гарсан, мөн ажилд авсан ажилчдаа бүгдийг ажлаас нь халсан, уг газарт ажлаа эхлүүлэх гээд 6 сарын өмнө ажлаа орхисон байсан гээд маш их хохирсон.

Үүний дараа Л.К нь өөрийн охины нэр дээрх компаниар УБ сургуультай гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд манай компаниас 10,000000 /арван сая/ төгрөгөө буцаан авах нэхэмжлэл гаргасан болно. Л.К нь Голомт банкны данс байхгүй гээд ХААН банкны данс руу шилжүүлэх хүсэлт гаргасан, түүний хүсэлтийн дагуу О.Н-н данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг О.Н зарцуулах эрхгүй, энэ нь барьцаа биш зуучлалын хөлс байсан юм. Ер нь бол 10,000,000 төгрөгт зуучлалын хөлс, үйл ажиллагааны зардал, эргэлтийн хөрөнгө, эрсдэл гээд бүх зүйл багтсан.

Л.К болон “ЭИ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байхгүй, гэрээ хийх шаардлага байхгүй. УБ сургууль болон “ЭИ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байсан бол Л.К нь манайхыг яаж хөөх гаргах вэ, гэрээ байгуулж амжаагүй байсан юм. 

Манайх тус сургуулиас хөөгдөөд гарсны дараа Л.К нь хэцүү байна гээд байхаар нь өрөвдөөд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5058346355 тоот хаан банкны Л.К дансанд буцаан шилжүүлсэн болно. 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн банкны хуулга хавсаргав. Гэвч тэрээр мөн л худал ярьж 1,000,000 /нэг сая/ төгрөгийг ч хасахгүйгээр 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэхэмжилж байгаагаас харагдана. Баримтыг өгсөн учраас л үүнийг хасч байна.

Би түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь тэрээр өөрийнхөө охины нэр дээр компани байгуулсан, ингэснээр аялалын визтэй байсан нь ажлын визтэй болсон, түүнээс гадна түүний охины компани нь Улаанбаатарын их сургуультай гэрээ байгуулж, цайны газраа ажиллуулж байгаагаар тогтоогдоно.

Энэхүү ёс бус үйлдлийн улмаас К.Х миний бие нэр төрдөө халдуулж, эд хөрөнгө болон цаг хугацааны хувьд маш их хохирол амссан тул үүнийг барагдуулж үлдэгдэл 9,000,000 /есөн сая/ төгрөгийг зуучлалын хөлсөөр тооцож байна.

Иймд  Л.К-ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К нь хариуцагч БНСУ-ын К.М-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлснийг хасч, 9,000,000 төгрөг болгосныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К нь УБ сургуулийн цайны газрыг түрээслүүлэх гэрээ байгуулахад барьцаа хөрөнгө шаардлагатай гэсний дагуу хариуцагч БНСУ-ын К.М-д 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тэрээр уг сургуульд мөнгийг шилжүүлж өгөөгүй байхаас гадна тус сургууль гэрээ байгуулахад барьцаа хөрөнгө шаарддаггүй байх тул хөрөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкны 0 тоот данснаас 2,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг тус банкны 0 тоот данс руу шилжүүлсэн,

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 0 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 0 тоот данс руу шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

“ХААН банк” ХХК-ийн 0 тоот дансыг БНСУ-ын иргэн Л.К, 0 тоот дансыг О.Н эзэмшдэг, харин хариуцагч БНСУ-ын иргэн К.М нь тус банкинд данс эзэмшдэггүй болох нь ХААН банкны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 50/7955, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 50/4422 дугаартай албан бичгээр тус тус тодорхойлжээ.

 

/хх-ийн 93-97, 108-132, 178 тал/

 

Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К нь 2019.12.10-ны өдөр ХААН банк дах 0 тоот данснаас хариуцагч БНСУ-ын иргэн К.М-ын шилжүүлэхийг хүссэн данс болох О.Н-н ХААН банк дах 0 данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн,

ийнхүү шилжүүлснээр уг 10,000,000 төгрөг нь хариуцагч БНСУ-ын иргэн К.М-ийн өмчлөлд шилжсэн байх ба нэхэмжлэгчийн шаардсанаар О.Н-н дээрх данснаас 2020.01.10-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба үүнтэй зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нь УБ сургууль, “ДАОУ” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ”Ажлын байр түрээслэх гэрээ”-г шүүхэд ирүүлсэн байх ба уг гэрээгээр тус сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд байрлах 720 м.кв талбай бүхий “Цайны газар”-ыг 2020.01.23-ны өдрөөс 2020.03.23-ны өдөр хүртэл туршилтын хугацааг дахин 2 сараар сунгаж И.К-д түрээслүүлэх, түрээсийн төлбөр 200,000 төгрөгийг 2020.03.20-ны өдөр тус сургуулийн тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

УБ сургууль нь цайны газар болон кофе шопыг гадны байгууллагад ямар нэгэн түрээс барьцаагүйгээр ажиллуулдаг, 2019 оноос цайны газрыг түрээслэн ажиллуулж байгаа Л.К-оос түрээсийн баталгаа болон барьцааны ямар нэгэн төлбөр аваагүй болохыг 2020.10.23-ны өдрийн 6/349 дугаартай албан бичгээр тодорхойлсон байна.

 

/хх-ийн 8-10, 12 тал/

 

Хариуцагч БНСУ-ын иргэн К.М нь 10,000,000 төгрөгийг дээрх сургуулийн цайны газрыг түрээслэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахад зуучилсан зуучлалын хөлс бөгөөд ийнхүү зуучилсны үр дүнд гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулсан, уг 10,000,000 төгрөгт зуучлалын хөлс, үйл ажиллагааны зардал, эргэлтийн хөрөнгө, эрсдэл гэх зүйл багтсан, энэхүү гэрээнээс учирсан эрсдэл, хариуцлагыг “ЭИ” ХХК хүлээхээр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Тэрээр УБ Сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулах гэрээг БНСУ-ын иргэн Л.К-ыг тус сургуультай байгуулахад зуучилсан, ийнхүү зуучилсны үндсэн дээр гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс гарах хариуцлагыг “ЭИ” ХХК хүлээхээр тохиролцсон гэх тайлбарыг нотолсон болон “ЭИ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д: “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Үүнээс үзэхэд хариуцагчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К-ыг УБ сургуулийн цайны газрыг түрээслэх гэрээ байгуулах эрх бүхий этгээдтэй холбож өгөх үүргээ биелүүлсний үндсэн дээр хөлс авахаар тохиролцсон гэх байдлаа баримтаар нотолсонгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч БНСУ-ын иргэн К.М нь нэхэмжлэгчийг бусадтай буюу УБ сургуулийн цайны газрыг түрээслэх гэрээ байгуулахад зуучилсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч БНСУ-ын иргэн К.М-с 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч БНСУ-ын иргэн К.М-с 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л.К-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч К.М-с улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.К-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ