Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00219

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01275 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01002 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХК-д холбогдох

ЗГ/792, ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“М” ХХК нь “Б” ХК-д холбогдуулан ЗГ/792, ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2024/01275 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б” ХК-д холбогдох 2021.03.30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021.07.07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,468,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01002 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,468,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 17-р хуудсанд нэхэмжлэгчийн зээлийн нийт үлдэгдлийг 2023.09.05-ны өдрийн байдлаар 1,518,275,847 төгрөг гэж зээл, хүүгийн илтэд алдаатай тооцоолол буюу дүгнэлт хийж тус компанийг 1,213,313,437.6 төгрөгийн зээлийн үүргээс үндэслэлгүйгээр чөлөөлөх, мөн дүнгээр банканд хохирол учруулах үр дагаврыг бий болгосон. Магадлалд заасан хугацаагаар тооцож үзэхэд зээлдэгчийн банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үлдэгдэл үүрэг 2023.09.05-ны өдрийн байдлаар 2,731,589,284.60 төгрөг байна.

4.1.Шүүх зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тогтоож дүгнэлт хийсэн. ...давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн банк дээрх 3,950,000,000 төгрөгийг 4 тэрбум төгрөгийн зээлд төлүүлсэн мэтээр дүгнэлт хийж зээл, хүүгийн илтэд алдаатай тооцоолол хийсэн. Өөрөөр хэлбэл шүүх гэрээний талуудын хуульд нийцсэн чөлөөт байдалд үндэслэлгүйгээр халдаж алдаатай тооцооллуудыг хийсэн. ...Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01040 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим дүгнэлтийг залруулах замаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангах нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулж 2021.03.30, 2021.07.07-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, илүү төлсөн 1,098,970,354 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...зээлийн гэрээ нь стандарт гэрээ бөгөөд зарим нөхцөл хүчин төгөлдөр бус, ...зээл олгох зорилгогүй, зөвхөн чанаргүй зээлийн ангиллыг хэвийн хадгалах зорилгоор зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн учир гэрээ хүчин төгөлдөр бус, ...банк зээлийг зээлээр хааж, ашиглаагүй зээлд хүү тооцсон болох нь “И” ХХК-ийн 2023.09.11-ний өдрийн санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүгнэлтээр тогтоогдсон, зээлийг ашиглаж боломж олгоогүй, 2021.03.30-ны өдрийн гэрээний дагуу аваагүй 604,700,000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 123,287,671 төгрөгийг, 2021.07.07-ны өдрийн гэрээний дагуу 2,5 тэрбум төгрөгийг өгөөгүй тул хүүд төлсөн 331,397,260 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж зээлийг төлж 2021.03.30-ны өдрийн гэрээг дуусгавар болгосон байхад үндэслэлгүйгээр төлүүлсэн 622,285,423 төгрөг, зээлийн шимтгэлд хууль бусаар авсан 22,000,000 төгрөг, нийт 1,098,970,354.86 төгрөгийг буцаан шаардах эрхтэй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гаргаж өмнөх зээлийн төлөлтийг хийсэн, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө борлуулах, төлөлт хийх зэрэг бүх ажиллагаа зээлдэгчийн хүсэлт, зөвшөөрлөөр хийгдсэн, 2021.03.30-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болоогүй гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний төрөл байх ба гэрээ тус бүр хүчин төгөлдөр, банк гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн, “М” ХХК-ийн 2021.05.31-ний өдрийн 04/21 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Б” ХК-аас 3 тэрбум төгрөгийн зээл авах, тухайн зээлээс өмнөх 2,5 тэрбум төгрөгийн зээлийг хаах, үлдэгдэл 500,000,000 төгрөгийг тэсэлгээний үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулахаар шийдвэрлэсэн, талууд зээлийн гэрээний 3.1.6-д зээл судалсны нэг удаагийн шимтгэл, өргөдлийн хураамж төлөхөөр харилцан тохиролцсон, энэ тохиролцоо нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан "харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх" гэсэн заалт, Мб-ны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно” гэх журмыг зөрчөөгүй... нэхэмжлэгчийн данснаас 200,000,000 төгрөгийг татан авсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан хөрөнгийг буцаан шаардах аль ч үндэслэл үүсээгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ тус бүрийн дагуу зээлдэгчийн хүлээсэн үүрэг, төлөлт, зээлдэгчийн биелүүлээгүй үүргийн хэмжээг тогтоож, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасны дагуу хүнд нөхцөлтэй гэрээний үүрэг, төлөлтийн хугацаа, төлөх дарааллыг дүгнэж тооцоолон, нэхэмжлэгч нь 1,518,275,847 төгрөгийг төлөөгүй, илүү төлөлт байхгүй учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9.“Б” ХК болон “М" ХХК 2021.01.20-ны өдөр ЗГ/682 тоот зээлийн гэрээг байгуулж 600,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2021.03.30-ны өдөр ЗГ/792 тоот зээлийн гэрээг байгуулж 2,500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021.03.30-ны өдөр ЗГ/791 тоот зээлийн гэрээг байгуулж 4,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021.07.07-ны өдөр ЗГ/1009 тоот зээлийн гэрээг байгуулж 3,000,000,000 төгрөгийг жилийн 10,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэх талаар нийт 4 зээлийн гэрээг тус тус байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, 2022.07.28-ны өдөр улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, *** дүүргийн ** хороо ** гудамж ** байр ** тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр, 2022.07.29-ний өдөр улсын бүртгэлийн Ү-22*******23 дугаартай, *** дүүргийн ** хороо ** гудамж ** байр **1 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,400,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, үүнээс 3,950,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцсон үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

9.1.Гагцхүү зохигч нь 2,500,000,000 төгрөгийн зээл олгохоос өмнөх ЗГ/682 дугаар зээлийн гэрээний үүрэгт 604,734,246.57 төгрөгийг суутгаж 1,900,000,000 төгрөг олгосон, мөн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний дагуу 3,000,000,000 төгрөг олгохоос өмнөх ЗГ/792 дугаар зээлийн гэрээний үүрэгт 2,500,000,000 төгрөгийг суутгаж 500,000,000 төгрөгийн зээл олгосон нь хууль зөрчсөн гэж 2021.03.30, 2021.07.07-ны өдрийн хоёр гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсны мөнгөн хөрөнгийг аль гэрээний үүрэгт тооцох байсан талаар маргаж, нэхэмжлэгч нь 2021.03.30-ны өдрийн гэрээ дуусгавар болсон гэсэн бол хариуцагч нь 2021.07.07-ны өдрийн гэрээ дуусгавар болж, 2021.03.30-ны өдрийн гэрээ дуусгавар болоогүй эсэх талаарх маргааны зүйлийг шүүх зөв тогтоожээ.

10.Талууд зээл олгох, буцаан төлөх хүсэл зоригоо харилцан илэрхийлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөнгөн хөрөнгө бодитой шилжсэн тул зээлийн гэрээнүүдийг “тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор эсвэл хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасныг зөрчөөгүй. Зээлийн мөнгөн хөрөнгөөр өмнөх зээлийг төлсөн явдал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж, талуудын байгуулсан 2021.07.07-ны ЗГ/1009 дугаар гэрээний 4.2.4-т “Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийг Б болон бусад банкууд дахь бүхий л харилцах, хадгаламж, картын данс, энэхүү гэрээ байгуулснаас хойших хугацаанд шинээр нээлгэсэн аливаа данс дахь мөнгөн хөрөнгөөс болон эдгээр дансанд орох орлогоос үл маргах журмаар суутган авах эрхийг Банканд үүгээр олгож байгаа ба үүнээс үүсэх аливаа үр дагаврыг Банк хариуцахгүй”, 4.4.2-т “Банк нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарь зөрчигдсөн мөн хугацаа дуусмагц хугацаандаа төлөгдөөгүй зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Зээлдэгчийн болон хамтран зээлдэгч, батлан даагчийн хөрөнгө, харилцах данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ” тус тус заажээ. Талууд ийнхүү үл маргах журмаар зээл төлөхийг тохиролцсон учир төлбөл зохих зээлийн үүргийн хэмжээ зөв байсан эсэх нь чухал байна.

11.Давж заалдах шатны шүүх “...ЗГ/792 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 583,034,995 төгрөг, түүний хүү 116,159,739 төгрөг, мөн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 794,351,661 төгрөг, дээр дурдсан дутуу төлөгдсөн хүү 24,729,452 төгрөг, нийт 1,518,275,847 төгрөг төлөгдөөгүй…” гэж 2 гэрээний үүргийг дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, талуудын мэтгэлцээний зүйл, зорилгод нийцээгүй тул уг дүгнэлтийг залруулах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2021.03.30-ны өдрийн гэрээ дуусгавар болсон гэсэн бол хариуцагч нь 2021.07.07-ны өдрийн гэрээ дуусгавар болж, харин 2021.03.30-ны өдрийн гэрээ дуусгавар болоогүй гэж аль гэрээ дуусгавар болсон талаар маргасан байхад шүүх аль, аль гэрээний үүрэг дуусаагүй гэж дүгнэх нь талуудын зарчимд нийцээгүйгээс гадна талууд гэрээний үүрэг тус бүрийг дүгнэж, мэтгэлцээгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Түүнчлэн, нэхэмжлэлийн нэг шаардлага болох “...үл хөдлөх хөрөнгийг борлуулж, зээлийг төлснөөр 2021.03.30-ны өдрийн гэрээг дуусгавар болгосон байхад үндэслэлгүйгээр 622,285,423 төгрөгийг төлүүлсэн тул буцаан гаргуулах” тухайд гэрээний үүргийг дүгнэх нь буруу биш боловч нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, биелүүлэх үүргийн хэмжээг тодорхойлсон бол шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн үүргийг тодорхойлох нөхцөлд талууд гэрээний дагуу үүсэх үүргийн хэмжээ, төлөлт, үлдэгдэл төлбөрийн талаар мэтгэлцсэн байх шаардлагатай бөгөөд ийнхүү мэтгэлцээгүй, өөр өөрөөр тооцоо гаргасан тохиолдолд шүүх үүргийг тодорхойлох боломжгүй байжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүргийг тодорхойлж, аль гэрээ дуусгавар болсныг тогтоох боломжгүйгээс гадна нэхэмжлэлийн зүйл нь зээлийн үүрэг болоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

Тодруулбал, талууд гэрээгээ дүгнээгүй бөгөөд гэрээний хугацаа, буцаан төлөлт, харилцан үүссэн үүргийг тодорхойлж, аль гэрээ дуусгавар болсныг тогтоох асуудлыг энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зохистой байдлын зарчимд нийцээгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн зорилгыг тодорхойлбол илүү, үндэслэлгүйгээр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардсан агуулгатай байх ба энэ хүрээнд хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01275 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01002 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б” ХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.24-ний өдөр төлсөн 6,224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД