Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2008 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0657

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч А.Ө /РД:**/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц нарыг оролцуулан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дугаар захирамжийн иргэн Ү.З-д холбогдох буюу 15 жилийн хугацаатай 700 мкв газрыг эзэмшүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Манай хүргэн А.Ө нь Сүхбаатар дүүргийн Шарга морьтын зусланд гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшихээр 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус дүүргийн Газрын албанд хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй байсан юм. Хүсэлтийг Газрын алба аваагүй байж өөр хүнд газар эзмших эрхийг олгосон нь түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлтийг гаргахдаа хүссэн газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхлэсэн нэгж талбарын зургийг 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зургийг хавсарган өгсөн юм. Газрын алба нь ойн сан бүхий газар тул газар эзэмших эрхийг олгох боломжгүй гэж татгалзсан юм. Түүнээс хойш 2017 оныг хүртэлх хугацаанд бид тухайн газарт 4 гэр бүлээр гэр барин амьдарч байсан болно. 2017 онд иргэн Ү.З гэх хүн энэ газар манай газар бөгөөд би 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дугаар захирамжаар 700м2 газрыг 15 жилийн хугацаатай авсан гэж биднийг хөөж эхлэн бидний барьсан байшинг хүчээр буулгахаар оролдож эхэлсэн юм.

Үүнийг эс зөвшөөрөн бид Нийслэлийн Засаг дарга С.Батболдын нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай хүсэлтийг гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Газрын алба нь бичгийн хариунд Ү.З нь 2008 оны 162 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй байсан газар нь замын трассд орсон тул зүүн урагшаа шилжүүлж зургийн өөрчлөлт оруулсан байна, иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн газарт Ү.З гэх хүн газар эзэмших эрхийг аваагүй мөн ойн сан бүхий газар гэж өмнө татгалзаж байсан байж, 2015 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар газрыг түүнд эзэмшүүлсэнд гомдолтой байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах нь төрийн газрын талаар баримтлах зарчим гэсэн боловч биднийг эзэмших эрхийг авахад өгөөгүй байж өөр хүнд өгснийг хууль бус гэж үзэж байна. Бид тухайн газар газар эзэмших эрхийг аваагүй ч 2012 оноос хойш амьдарч байгаа болно. Ү.З-н газрын мэдээлэл нь газрын нэгдсэн бүртгэлд байхгүй газар эзэмших эрхийг бидэнд үзүүлэн биднийг оршин суугаа газраас хөөж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Миний дүү нар гэр бүлээрээ нийлээд 2012 онд модон дотор газар авч, гэр барьсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2013 онд газар эзэмших өргөдөл өгсөн. Гэтэл уг газрыг улаан зураасанд орсон газар байна. Иймд өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 онд манай гэрийг буулгасан. Ингээд удаагүй байтал маргаан бүхий газарт маш олон байшин баригдсан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргад өргөдөл өгөхөд манайх одоохондоо модон дунд газар олгохгүй гээд хүлээж аваагүй. Манайхыг 5, 6 гэр бариад буусны дараа буюу 2008-2012 оны хооронд гуравдагч этгээдээс нэг ч хүн ирж энэ манай газар гэж уулзаж байгаагүй. Ийм учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ямар хүнд нь улаан шугам татсан гээд газар олгоогүй хирнээ ямар хүнд нь газар олгосон юм бэ гэдэг дээр хариу авах гэсэн юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн М.А-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/434 дугаар захирамжийн иргэн Ү.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ү.З-д тус дүүргийн Засаг даргын 2008 оны 162 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 2008 онд 15 дугаар хороо байсан, одоо 19 дүгээр хороо болсон Шарга морьт зусланд 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдсэн. 2015 онд Ү.З-гийн эзэмшиж байсан дээрх газар нь замын трассд орсон тул түүнд олгосон газрыг дүүргийн Засаг даргын 2015 оны А/434 дүгээр захирамжаар шилжүүлж, 596266 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ дурдсан байна.

Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд, гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Газар эзэмших хүсэлт гаргагч нь Газрын албанд 4 төрлийн материал бүрдүүлж өгөх ёстой байдаг. Үүний нэг нь газрын кадастрын зураг байдаг. Газрын кадастрын зургийг дүүргээс зааж өгсөн кадастрын компаниар хийлгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч дурын нэг кадастрын зураг хийдэг компани дээр очиж зургаа хийлгэсэн байна. Мөн Ү.З-гийн газар нь тэр чигтээ улаан шугамд ороогүй. Булан хэсэг нь л орсон байгаа. Гуравдагч этгээдэд Засаг даргаас 2008 онд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байхад нэхэмжлэгч 2013 онд тус газрыг зарснаараа Ү.З-гийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа юм.

Ү.З-д 2008 оны 162 дугаар захирамжаар газар олгосон байдаг. Тухайн олгогдсон газрын байршил нь одоогийн байдлаар 19 дүгээр хороо гэж явж байгаа. 2008 онд 15 дугаар хороо байсан. Тус газар замын трассд орсон учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/432 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 596266 дугаартай газрын гэрчилгээ олгосон байдаг. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш. Бүх зүйл нь хуулийн дагуу явагдсан гэв.

 

Гуравдагч этгээд Ү.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би 2008 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 162 тоот шийдвэрээр зуслангийн зориулалттай 700 мкв газар эзэмших эрхийг анхлан авсан байдаг. Энэ газар нь одоогийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зуслан дахь газартай холбоотой юм. Сүхбаатар дүүргийн Засаг захиргааны анхан шатны нэгж болох 15 дугаар хороо нь зохион байгуулалтын өөрчлөлтөөр зуслан бүхий газрыг 19 дүгээр хороо болгон өөрчилсөн. 2009 онд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр миний эзэмшиж буй газрын хэсэг авто замын трассын зурагт хамрагдан орсон учраас 4-5 метр шилжүүлж, хороо өөрчлөгдсөн учир эрх бүхий байгууллагын шийдвэрээр одоогийн байгаа газарт баталгаажуулж дахин гэрчилгээ олгогдсон. Миний хувьд газар эзэмших эрх авснаас хойш иргэний үүргээ сайн биелүүлж тухай бүр зохих төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн бөгөөд 2015 оноос амьжиргаа, санхүүгийн боломжит байдал бий болж зуслангийн байшингаа барьж эхлэх гэтэл тухайн зөвшөөрөл бүхий газарт иргэн А.Б хууль бусаар дүнзэн торх босгосон байсан ба төрийн албан хаагч М.А нар зохих зөвшөөрөлгүй газрыг бусдад итгэл төрүүлэн залилж худалдан ашиг олсон байна.

Иргэн М.А гэгч Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нийгмийн ажилтан хууль бусаар энэ газрыг бусдад худалдсан нь иргэн А.Б-ын шат шатны шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн М.А-ийн охин Азжаргал, А.Б-ын охин Д.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон тул миний газар эзэмших хууль ёсны эрхийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00826 дугаартай шийдвзр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1134 тоот магадлалаар сэргээн тогтоож өгсөн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ц шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...2012 оны үед гэр барьж амьдарч байсан гэж байна. Манайх тус газарт 2008 онд газар авсан. Газар авснаасаа хойш жил болгон газраа эргэж тойрч байсан. Учир нь манай бусад хамаатнууд тус газарт бас амьдардаг. Манай эзэмшлийн газарт гэр байгаагүй. Харин нэлээн цаана жорлонгийн хажууд гэртэй айл байсан. Жорлонгийн ойролцоох газар нь манай кадастрт ордоггүй учраас хэл ам хийх шаардлагагүй байсан. Манайх байшингаа барихдаа нэг мөр том байшин барих гэж байсан юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Төлөөлөн нэхэмжлэгч М.А-с Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дугаар захирамжийн иргэн Ү.З-д холбогдох буюу 15 жилийн хугацаатай 700 мкв газрыг эзэмшүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Төлөөлөн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтанд зохих ёсоор газар эзэмших тухай хүсэлт гаргасаар байтал бидэнд олгохгүйгээр маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх, шударга байх талаарх Газрын тухай хуульд заасан зарчмууд зөрчигдөж байгааг дурдаж, маргаан бүхий захиргааны актаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 09-ний өдрийн Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, талбай, байршил өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай А/434 дүгээр захирамжийн[1][1] Ү.З-д холбогдох хэсгийг тодорхойлж, хүчингүй болгуулахыг хүсч байгаа бол, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захиргааны байгууллага шийдвэрээ гаргасан, хууль зөрчөөгүй гэж мэтгэлцэж байна.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хууль болон журамд заасны дагуу газрыг эзэмшсэн, харин одоо өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэхэмжлэгч нь хууль зөрчих замаар хөндөж байгааг буруутган, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2008 оны 6 сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай 162 дугаар захирамжийн хавсралт ёсоор[2][2] иргэн Ү.З-д зуслангийн зориулалттай газар эзэмшүүлжээ. Улмаар мөн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дугаар захирамжийн гуравдугаар хавсралт ёсоор Ү.З-гийн газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх гэрээ[3][3], гэрчилгээ[4][4], газар баталгаажилтын хувийн хэрэг[5][5] бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

Төлөөлөн нэхэмжлэгч нь А.Ө нарын нэр бүхий иргэд 2012 оноос хойш удаа дараа маргаан бүхий газрын асуудлаар дүүргийн Засаг даргад хандаж байсан талаар тухайлбал, 2013 оны 4 сарын 25-нд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргаж байсан гэх боловч шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Газрын албанд явуулсан бичиг баримтын үзлэгээр[6][6] ямар нэгэн баримт олдоогүй болно. Тэгэхээр нэхэмжлэгчид маргаан бүхий газрын талаар газар эзэмших эрх үүссэн, эзэмших эрхийг хэрэгжүүлэх талаар хүсэлт гаргаж байсан гэх бичгийн нотлох баримт байхгүй байгаа нь хариуцагч захиргааны байгууллагыг нэр бүхий иргэд тэр дундаа нэхэмжлэгчийн газар эзмших хүсэлтийг шийдвэрлээгүй байж өөр иргэнд /Ү.З-д/ газар эзэмшүүлсэн байна гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн Засаг даргад олгосон байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ..., мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.3-д: нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, мөн зүйлийн 27.4-т: хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэжээ.

Тэгэхээр маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын[7][7] ... нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн Сүхбаатар дүүргийн зурган мэдээлэлд регистрийн ХБ6510087* дугаартай иргэний нэр дээр газар өмчилсөн, ашигласан, эзэмшсэн мэдээлэл бүргэгдээгүй гэх, түүнчлэн ... 2009 оны 10 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын хооронд маргаан бүхий газар нь регистрийн ЖЭ5604111* дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн, 2015 оны 11 сараас нэгж талбарын дугаар бүхий газар нь регистрийн ЖЭ5604111* дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн ба өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй гэх нотлох баримтаас үзвэл, гуравдагч этгээд Ү.-Згийн регистрийн ЖЭ5604111* гэх дугаараар түүний газар эзэмших эрх газрын мэдээллийн санд баталгаажиж, харин нэхэмжлэгчийн нэр дээр ямар ч мэдээлэл гараагүй, төлөөлөн нэхэмжлэгчийн маргаж буй газрын зарим хэсэг нь энэхүү баталгаажсан газарт давхцан маргаж байгаа нь 2008 оноос хойш маргаан бүхий газрын зарим хэсэг дээр газар эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа гуравдагч этгээд Ү.З-гийн эрхийг буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д: гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхийг нь шууд хөндөхөөр, тэрчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших зарчим алдагдахаар байх тул төлөөлөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1.    Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгч М.А-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дугаар захирамжийн иргэн Ү.З-д холбогдох буюу 15 жилийн хугацаатай 700 мкв газрыг эзэмшүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.Б