Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1961

 

 

 

 

 

 

 

 

 

В.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Энхтамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхбаяр, Ю.Дөлгөөн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Т ХХКТУЗ-ийн 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн Т/01-73-01 тогтоолын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тус банктай 83 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан, Дотоод аудитын газрын Ахлах аудиторын албан тушаалд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх мэдэгдэл болон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТУЗ-ийн Т/18-17-02 тогтоолын дагуу ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. ТУЗ-ийн Т/18-17-02 тогтоолын үндэслэх хэсэгт “...Ахлах аудитор албан тушаалын орон тоог хассан тул...” гэж тусгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус банкны үйл ажиллагаа өргөжиж байгаа бөгөөд ахлах аудиторын албан тушаал, түүний цалин хөлсийг банкны 2018 оны төсөвт тусгасан, Т ХХКнь нийт 30 гаруй албан тушаалын сул чөлөөтэй ажлын байрны зарыг өөрийн цахим хуудаст байршуулсаар байгаа зэргээс үзэхэд орон тоо хасах бодит шаардлага, үндэслэл үгүй, харин зарим нэр бүхий ажилтнуудыг ажлаас халах зорилгоор бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажлаас хууль бусаар халсан гэж үзэж байна. Тухайлбал, В.Эээс гадна сар хүрэхгүй хугацаанд тус банкны Дотоод аудитын газрын захирал, аудиторыг ажлаас хууль бусаар халж, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн болно. В.Э миний бие нь “Тээвэр, хөгжлийн банк” ХХК-д Ахлах аудитороор ажиллаж байгаад хууль бусаар, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул Т ХХК-д холбогдуулан эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ХХКТөлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор В.Эийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс тус банкны Аудитын хорооны харьяа Дотоод аудитын газрын Ахлах аудиторын албан тушаалд томилсон. Аудитын хорооны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар банкны Дотоод аудитын газрын бүтцийг хэлэлцсэн ба банкны системийн арилжааны 8 банкны 173 аудиторыг хамруулсан ...Дотоод аудитын газрын ахлах аудитор, аудиторын харьцааг оновчтой хуваарилах, нийт ажилтнуудын дунд аудиторуудын эзлэх хувийг системийн дундажтай уялдуулах, олон шатлалт удирдлагын тогтолцоог халж, хүний нөөцийн оновчтой бүтцийг гаргаж, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Дотоод аудитын газрын 2018 оны албан тушаалын бүтэц, ажлын байрны орон тоо, төлөвлөгөөг ТУЗ-ийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу тухайн асуудлыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд Дотоод аудитын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах Т/18- 09-01 тоот тогтоол гаргаж Дотоод аудитын газрын орон тоо, албан тушаалын бүтцийг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоолын дагуу Ахлах аудиторын ажлын байрны орон тоо хасагдсан. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дотоод аудитын газрын 2 ахлах аудитор болох В.Э, Л.Мөнхбаяр нарт тус банкны ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлын АХ/18-01 тоот шийдвэр, ТУЗ-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Т/18-09-01 тоот Дотоод аудитын газрын ажлын байрны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолыг танилцуулж, Ахлах аудиторын ажлын байрны орон тоог хассан тул Ахлах аудитортой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн 30 хоногийн дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дагуу мэдэгдсэн. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас ажлын байр санал болгох тухай албан бичгийг 2 ахлах аудиторт тус тус хүргүүлж, Аудитор албан тушаалд ажиллахыг санал болгосон. Л.Мөнхбаяр нь албан тушаалаас бусад нөхцөлийг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ажиллахаар харилцан тохиролцож, аудитор албан тушаалд томилогдон ажиллаж байна. Харин ахлах аудитороор ажиллаж байсан В.Эийн хувьд ажлын саналыг хүлээж аваагүй татгалзсан. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Т/18-17-02 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Т ХХКТөлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн В.Этэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, В.Эт 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоод, үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар В.Эийг Т ХХКДотоод аудитын газрын Ахлах аудиторын ажилд нь эгүүлэн тогтоож, Т ХХКХХК-иас 12 127 906 төгрөгийг гаргуулж В.Эт олгож, В.Эийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч Т ХХКХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Эийн ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХКХХК-иас 208 996 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо: “...Т ХХКТУЗ-ийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т/01-77-01 тогтоолоор Банкны 2018 оны санхүүгийн төлөвлөгөө, ажиллагсдын орон тоог баталсан ба Дотоод аудитын газрыг 2018 оны эхний хагас жилд 5 орон тоотой байхаар тогтоосон. Т ХХКнь Дотоод аудитын газрын урьдын олон шатлалт удирдлагын тогтолцоог халж, хүний нөөцийн оновчтой бүтцийг гаргаж, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор "Ахлах аудитор" албан тушаалыг хассан ба бие даасан, чадварлаг аудиторууд зөвхөн газрын захиралд ажлаа тайлагнах оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.02.14-ний өдрийн Т/18-09-01 тоот тогтоолоор Дотоод аудитын газрын "Ахлах аудитор" гэсэн албан тушаалын ажлын байрыг үгүй болгож, газрын захирал 1, аудитор 3, мэдээллийн технологийн аудитор 1, туслах аудитор 1, нийт 5 орон тоотой ажиллахаар тогтоосон буюу дотоод аудитын газар нь /захирал, ахлах аудитор, аудитор, туслах аудитор/ 4 шатлал бүхий албан тушаалын бүтэцтэй байсныг 3 болгосон болно.

Ахлах аудиторын ажлын байрны чиг үүргийн хувьд "газрын ажлын үр дүнг сайжруулж, боловсронгуй болгох, банкны засаглал, эрсдэлийн удирдлагын болон дотоод хяналтын тогтолцоо үр дүнтэй байгаа эсэхэд аудит хийх, үнэлэлт өгөх, сайжруулах чиглэлд газрын захирлын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллах, аудитын тайлан болон хийсэн ажлыг тайлагнах, мэдээлэх" үүргүүд нь аудиторын ажил үүрэгтэй давхцаж байсан бөгөөд "газрын аудиторууд, туслах аудиторууд журам, дүрмийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах" үүрэг нь газрын захиралд шилжсэн болно.

Т ХХКнь Т/18-09-01 тоот тогтоолын дагуу "Ахлах аудитор" гэсэн албан тушаал хасагдсан талаар нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-т заасныг баримтлан 1 сарын өмнө мэдэгдэж, Аудитор албан тушаалд ажиллахыг албан ёсоор урьсан боловч В.Э нь бичгээр татгалзсан хариу өгсөн тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн. Ахлах аудитороор ажиллаж байсан Л.Мөнхбаяр нь Хөдөлмөрийн гэрээний Албан тушаалын нэрнээс бусад нөхцөл буюу цалин хөлсийг өмнөхтэй ижил нөхцөлөөр тохирч, Аудитор албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасныг баримтлаагүй буюу ажилгүй байсан нийт ажлын хоногийг нарийн тогтоогоогүй, нэг өдрийн дундаж цалин хөлсийг өндрөөр тогтоосноос шалтгаалж ажилгүй байсан нийт хугацаанд ногдох цалин хөлсний хэмжээ шүүхийн шийдвэрт өндрөөр тогтоогдсон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ахлах аудиторын ажлын орон тоо хасагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч В.Э нь Т ХХК-ийн ТУЗ-ын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т/01-73-01 тоот тогтоолоор ахлах аудиторын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус байгууллагын ТУЗ-ын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Т/18-17-02 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хэрэгт авагдсан дээрх тогтоолууд, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4-11, 12, 27/

 

Хэрэгт Тээвэр хөжглийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т/01-7701 тогтоолоор тус банкны 2018 оны санхүүгийн төлөвлөгөө, ажиллагсадын орон тоо, “ажиллагсдын цалингийн сүлжээ, шатлал тогтоох, өөрчлөх, ерөнхий урамшуулал олгох журам”, журмын хавсралт, банкны 2018-2020 оны бизнес төлөвлөгөө зэргийг баталсан байх ба Банкны 2018 оны хүний нөөцийн төлөвлөлт /хавсралт-6/-өөр Дотоод аудитын газар 2018 оны эхний хагас жилд 5 орон тоотой, 2018 оны сүүлийн хагас жилд 7 орон тоотой байхаар төлөвлөж, Дотоод аудитын газрын захирал 1, ахлах аудитор 2, аудитор 1, туслах аудитор 1, нийт 5 орон тоотой ажиллаж байсан, тус байгууллагын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Т/18-09-01 тоот тогтоолоор Дотоод аудитын газрын захирал 1, аудитор 2, мэдээллийн технологийн аудитор 1, туслах аудитор 1, нийт 5 орон тоотойгоор өөрчилсөн байна. /хх 63-64/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ахлах аудиторын орон тоо хасагдсан” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй. Анхан шатны шүүх ажлын байрны албан тушаалыг өөрчилсөн байдал нь орон тоо хасагдсан буюу тухайн ажлын байр үгүй болсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Гэвч шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо тооцооллын хувьд алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сар 8 хоногоор тооцож үзвэл / 3 500 000 : 21.5 хоног = 162 790 төгрөг/ нийт 11 802 327 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01529 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...12 127 906 төгрөг” гэснийг “11 802 326 төгрөг” гэж, 

шийдвэрийн 2 дахь заалтын “...208 996 төгрөг” гэснийг “203 787 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т ХХК-иас төлсөн 209 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН