Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 939

 

  2020           7             28                                            2020/ДШМ/939

 

                                   С.Тт холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч У.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1805038170135 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Булган овгийн  С.Т, 1984 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................../,

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоосон, 

Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялын зарим хэсгийг хүнд ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 жил 8 сар 17 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан;  

С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 91 тоотод хамтран амьдрагч Б.Сыг хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий “хүнд” хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21- 752 тоотод хамтран амьдрагч Б.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай учруулсан гэмт хэрэгт,

2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгайд найзынхаа гэрт хамтран амьдрагч Б.Сыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь  баруун гарын богтос ясны хугарал, зулайн хуйханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван бүхий “хүндэвтэр” хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай учруулсан гэмт хэрэгт,

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өргөө хорооллын 45 дугаар байрны 91 тоотод, мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21-752 тоотод, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгайд байрлах найзынхаа гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Сыг зодсон буюу байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, 11.6 дугаар зүйлийн 2-т, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Булган овгийн Сэрээнэнгийн С.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжээр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн 60 хоног хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Тт оногдуулсан 7 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон нийт 129 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, С.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирогч Б.С нь өөрийнхөө төрсөн охин дүү нарынхаа ятгалганд орж хуйвалдаад худлаа мэдүүлэг өгсөн байна. Хохирогч Б.Сын зүй бус үйлдлийн улмаас уг хэрэг гарсан гэж үзэж байна. Уг үйлдэл нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Нүхтийн аманд байдаг Энхтайван гэдэг найзындаа Б.С бид хоёрыг очиход Энхтайван гэртээ байсан. Энхтайван архи гаргаад гурвуулаа нийлээд архи уусан боловч намайг согтуу унтаж байх хойгуур Б.С яваад өгсөн байсан. Хоёр хоноод буцаж ирсэн. Ирсэн даруйд Б.Сын утас дугархаар нь харсан чинь Б.Сын надтай танилцахаасаа өмнө Говьсүмбэр аймгийн иргэн Эрдэнэбаатар гэдэг залуутай хамтран амьдарч байгаад тэр залуудаа зодуулаад гараа хуга цохиулаад зугтаагаад ирсэн гэж байсан залуугийнх нь дугаар байсан. Утсыг нь аваад чанга яригч дээр нь тавьсан чинь Б.С надаас санаа нь зовоод ярьж чадахгүй байсан. Эрдэнэбаатар нь яасан бэ, саяхан л зүгээр байсан, яагаад байгаа юм бэ гээд байсан. Ганц энэ асуудал ч биш, олон удаа иймэрхүү байдал гаргаж намайг доромжилж байна гэж уцаарлаад уг үйлдэл болсон учир хүлээн зөвшөөрч байна. Мөн миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Б.С намайг утсаар дуудахаар нь би очоод Б.С бид хоёр архи уусан боловч бид хоёр хоорондоо маргаж, нэгнийгээ цохиж зодсон зүйл болоогүй. Тухайн үед бид хоёр огт муудалцаагүй, эвтэй байсан. Бид хоёр ууж байсан архиа дуусгалгүй гарч яваад архиа хувааж уух хоёр танихгүй хүн авчираад архиа хувааж уусан. Би тэр хоёр залуугийн нэгэнтэй нь өрөөн дотроо чөлөөтөөр барилдаж байхад хоёр цагдаа орж ирээд Б.Сыг үлдээгээд, тэр хоёр залуу бид гурвыг дагуулаад гадаа гарсан. Тэр хоёр цагдаа бид гуравт чимээ гаргаж ноцолдохоо боль гэж сануулаад явсан. Тэгээд би буцаад орох гэсэн чинь толгой эргээд унах гээд сууж байтал дотор битүү газраас гадаа гарсан болохоор салхинд цохиулаад согтоод сууж байсан газраа унтаад өгсөн байна лээ. Хамт байсан хоёр залуу буцаж орсон үгүйг би мэдээгүй. Би өглөө үүрээр сэрээд Б.С руу орох гээд Б.Сын үүдийг тогшиход танихгүй залуу үүднийнх нь завсраар “тийм хүн байхгүй” гээд үүдээ хаасан. Би буцаад шууд Батсайхан гэдэг найзындаа очсон. Намайг Батсайхан гэдэг найзындаа байж байхад Б.С ирсэн. Ирэхдээ өрөөсөн нүд нь хавдсан байхаар нь “нүдээ яасан бэ” гэсэн чинь мэдэхгүй, юу ч мэдэхгүй байна гэж байсан атлаа одоо болохоор намайг гүтгэн буруутгаад байна. Энэ бүхний цаана намайг хилс хэрэгт унагаах санаа өвөрлөж яваа хүмүүс нь Б.Сын ойр дотны хүмүүс болох дүү нар нь яваад байна. Иймд надад тулгаж яллаад байгаа энэ хэргийн бодит үнэн зөвийг тогтоож, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч С.Тийг анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон үндэслэлдээ гэрч Дагвасүрэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.С эгч хоёр, гурван эрэгтэй хүнтэй гарч ирээд явж байгаад гэнэт алга болчихсон. Би тагтан дээр гарахад эгч шоконд орчихсон, баруун нүд нь цус хурчихсан, нилээд зодуулсан байдалтай нүүр ам нь хавагначихсан байсан”, мөн гэрч Т.Болорцэцэгийн “С.Т нь архи уучихсан байхдаа эгчийг зодож, түүний нүдийг сохолсон” гэх мэдүүлгүүдийг заасан нь үндэслэлгүй. Учир нь, дээрх гэрч нар нь тухайн хэрэг гарах үед байсан гэрч нар биш, бүгд дамжмал гэрчүүд байдаг. Харин тухайн хэрэг гарах үед байсан гэрч Д-гийн мэдүүлэгт С.Тийг хамааралгүй болохыг нотолсон байдаг. Иймээс анхан шатны шүүх тухайн гэрч нарын мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.С нь архи уудаг, архины хамааралтай хүн бөгөөд тухайн үед гэмтэл учруулсныг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хохирогчоос мэдүүлэг авсан хэсэгт “энэ гэмтлийг хэн учруулсан бэ” гэж шүүх хуралдаан даргалагч асуухад “би хаана, ямар гэмтэл авснаа мэдэхгүй байна” гэж хариулсан байдаг. Хавтас хэргийн 46 дугаар талд шинжээч Ариунтөгсөөс “гэмтэл унах, цохихын аль үед үүсэх магадлалтай талаар ярина уу” гэхэд “дээрх гэмтлүүд нь уналтаас үүсэх магадлалтай. Бага цохилтоос үүсэх боломж илүү их” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр архины хамааралтай Б.С өөрөө унаж гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй. Мөн тухайн үед хоёр эрэгтэй хүн дагуулж ирээд хамт архи уусан байдаг. Тэдний хэн нэг нь цохисон байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед С.Т Б.Стай хамт байгаагүй, Батсайхан гэх найзындаа очсон байдаг. Араас нь Б.Сыг ирэхэд “нүдээ яасан юм бэ” гэж асуухад “нүдээ яаснаа мэдэхгүй байна” гэж хариулсан байдаг. Иймд шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Г.Намжил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогч Б.Сын хувьд 2018 оны 7 дугаар сард анх удаа зөрчлийн гомдол, мэдээлэл гаргаж хэрэг үүссэн. Ингэхдээ нүдэнд цохилт үүсгэсэн гэмтлийг хамтран амьдрагч С.Т учруулсан гэдгийг анхнаасаа мэдүүлж ирсэн. Мөрдөн байцаалтын явцад авагдсан 201910012450004, 1885038170145 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн хүнд гэмтэл учруулсан хэргүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2018 оны 5 дугаар сард учруулсан хүнд гэмтлийн талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч мэдүүлэг өгөөгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг.  Гэхдээ улсын яллагч “та мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүдээ үнэн  зөв өгсөн үү” гэж асуухад “үнэн зөв өгсөн” гэж мэдүүлсэн. Мөн “танд учруулсан гэмтлүүд С.Тийн оролцоотойгоор үүссэн үү” гэхэд “тийм” гэж хариулсан байдаг. Гэрч Дагвасүрэнгийн мэдүүлэг үнэн зөв бөгөөд энэ хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Хамт дагуулж ороод архи уусан гэх хоёр хүнтэй маргасан талаар Б.С, С.Т нар мэдүүлдэггүй. С.Т тэр хоёр хүнтэй барилдсан гэж ярьж байгаа боловч гэм буруугаа өөрөө хүлээх үндэслэл байхгүй. Тухайн хэрэг болсон өдөр гэрч Дагвасүрэн хохирогчийг ямар нөхцөл байдалд байсныг харсан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас удаа дараа зодуулсныг түүний охин, гэрч Болорцэцэг нар мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 91 тоотод хамтран амьдрагч Б.Сыг хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий “хүнд” хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21- 752 тоотод хамтран амьдрагч Б.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгайд найзынхаа гэрт хамтран амьдрагч Б.Сыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь  баруун гарын богтос ясны хугарал, зулайн хуйханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван бүхий “хүндэвтэр” хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сын “...2018 оны 5 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 91 тоотод дүүгийнхээ гэрт ганцаараа байхдаа С.Ттэй утсаар яриад хүрээд ир гэж дуудсан. Бид хоёр 1 шил 0.75 гр архи ууж, юм ярьж сууж байгаад С.Т намайг хардаад миний баруун нүдний хажуу хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед нүд гэмтснийг мэдээгүй, нүд хавдчихсан байсан. ...Би “Болор Мэлмий” эмнэлэгт баруун нүдэндээ хагалгаанд орсон. ...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 21-752 тоотод байхдаа миний баруун нүд рүү дахин нэг удаа гараараа цохисон. Тэр үед Батсайхан, С.Т бид гурав байсан. Батсайхан С.Тийг боль гээд хориглосон. 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд байрлах найзынхаа гэрт очсон ба найз нь хөдөө явсан, эзэнгүй байсан болохоор бид 2 хамт тэндээ 3 хоносон. Ингээд 3 дахь хоног буюу 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр С.Т өглөө гарч яваад орой архи уучихсан согтуу ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр тэлээгээрээ ороолгож, галын дөрвөлжин дотор байсан хагалсан түлээний модоор миний баруун гар, биеийг цохиж зодсон. Миний гар хөндүүрлээд байсан ба С.Т намайг гэрээс гаргалгүй 5 хоног найзынхаа гэрт байлгасан. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би тэндээс зугтааж гараад цагдаад хандсан. Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан баруун гарын богтос ясны хугарал гэмтлийг С.Т түлээний модоор цохиж учруулсан. ...” /1хх 26-28, 84-86/,

гэрч Т.Д-гийн “....Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Өнөр” хороололд байх Б.С эгчийн гэрт очоод хаалгыг нь цохиход хаалгаа онгойлгохгүй, дотор нь хүмүүс орилолдоод байсан. Б.Сын төрсөн эцэг болох Бадрахтай холбогдоод Б.С эгч хаалгаа онгойлгохгүй, дотор нь эрэгтэй хүмүүс орилолдоод байна гэж хэлсэн. Бадрах ах цагдаа дуудсан. ...Б.С эгчийн үүдэнд нэг хүн согтуу хэвтэж байхаар нь цагдаа нар тэр хүнийг аваад явсан. ...Би тагтан дээр гарахад Б.С эгч шоконд орчихсон, баруун нүдэнд цус хурчихсан, нилээн зодуулсан байдалтай, нүүр ам нь хавагначихсан байдалтай байсан. Б.С эгч надтай юм ярихгүй байсан. ...” /1хх 37-38/,

гэрч Т.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын сүүлчээр байсан билүү, дундуур миний утас руу Б.С залгаад “С.Т намайг зодсон, миний баруун гар хугарсан юм шиг байна, би Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гаргаад сууж байна” гэж хэлсэн. Би шууд гэрээс гараад Цагдаагийн хэлтэс дээр иртэл Б.С эгчийн баруун гар нь хавдаж, уг гараа сойж боосон байдалтай байсан. Ингээд яг юу болсон талаар асуухад “С.Т согтуу байхдаа намайг бусадтай хардаж тэлээгээр зодож, бас түлээний модоор цохиж гар хугалсан, эхэндээ гайгүй байх гэж бодтол сүүлдээ гар өвдөөд, хавдаад болохоо байгаад би цагдаа дээр ирж байна, зугтаж гарч ирлээ” гэж хэлсэн. Миний мэдэхийн 2015 оноос хамт амьдрах болсон байх. Өөрийн гэсэн орох орон байхгүй, гадуур л тэнэж амьдардаг хүмүүс. С.Т архи их уудаг, архи уухаараа эгчийг маань хүмүүстэй хардаж зодож, байнга дарамтладаг. Энэ хоёрт гэр орон байхгүй болохоор дандаа гадуур тэнэж явдаг. Ер нь ч тэгээд манай эгч ч өөрөө хамт архи уугаад яваад байдаг гэхэд болно. С.Т архи уучихсан байхдаа эгчийг зодож нүдийг нь сохолсон байгаа. ...” /1хх 96-97/,

гэрч Ч.Б-ны “...2018 оны 9 дүгээр сарын эхээр байх Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 21-752 тоотод манай гэрт С.Т, Б.С нар байсан. Би тэр өдөр ажилдаа гараад орой гэртээ ирэхэд Б.С, С.Т нар архи уучихсан орж ирээд Б.С над руу салаавч гаргаад агсам тавиад байхаар нь С.Т Б.Сыг зүгээр байгаач гээд хажуу талаас нь нэг удаа алгадаад авсан. Б.С нь их архи уудаг. ...” /1хх 33/,

гэрч С.Д-ын “...Манай ээж Б.С нь 4-5 жилийн өмнөөс гэрээсээ гараад хэдэн сараар алга болчихоод, хааяа ирж хэд хоночихоод л алга болчихдог байсан. Би 2-3 жилийн өмнөөс ээжийгээ С.Т гэдэг хүнтэй хамтран амьдарч байгааг мэдсэн. Манай ээж С.Ттээ зодуулчихаараа гэртээ хүрээд ирдэг байсан. 2018 оны 5 дугаар сард С.Тт зодуулж нэг нүд нь сохорсон. Үүнээс хойш С.Ттэйгээ эвлэрээд дахиад нийлээд алга болсон. 2019 оны 5 дугаар сарын дундуур ээж гэртээ ирэхдээ баруун гар нь хугарсан, бие нь хөхөрсөн байдалтай ирэхээр нь юу болсон талаар асуухад “С.Т найзынхаа гэрт зодоод гаргахгүй хэд хоног байлгасан.” гэж байсан. ...” /1хх 92-93/,

С.Тийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.С “Би ганцаараа Өнөр хороололд байна, чи хүрээд ир” гэхээр нь очсон. Бид хоёр 0.75 литрийн архи хувааж уугаад дахиад нэг 0.75 литр архи авч уусан. Б.С бид хоёр гадагшаа гараад гудамжинд явж байсан танихгүй хоёр хүнийг гэртээ оруулж ирээд хамт архи уусан. ...Би Батсайханы гэр рүү явсан. Б.С над руу залгаад араас ирсэн. Ирэхдээ нүд нь хавдчихсан ирсэн. ...2018 оны дундуур Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-752 тоотод байрлах Батсайханы гэрт Б.С манай найз Батсайхан руу агсарч орилоод дайраад байхаар нь би түүнийг боль гэхэд Б.С миний үгэнд орохгүй байхаар нь хацар руу нь алгадсан. ...Нүхтийн аманд нэг айлын хашаанд гэр аваачиж бариад хамт амьдарч байсан. Б.С архи ууж байгаад гэнэт алга болоод байдаг. Тэгэхээр нь би уурлаад өөрийнхөө тэлээгээр хэд хэдэн удаа ороолгосон. 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Б.Сыг галын хажууд байрлах түлээний хагалсан модоор зодоод баруун гарын савхан ясыг нь хугалчихсан. ...” /1хх 177-178/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8316 дугаартай:

1. Б.Сын биед баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7.31.1/ зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр буюу 65%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй.” гэх дүгнэлт /1хх 44/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11149 дугаартай:

 1. Б.Сын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1хх 42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5984 дугаартай:

 1. Б.Сын биед нь баруун гарын богтос ясны хугарал, зулайн хуйханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно.” гэх дүгнэлт /1хх 102/,

 “Болор Мэлмий” нүдний эмнэлэгт хохирогч Б.С хагалгаанд орсон өвчний түүхийн хуулбар /1хх 49-60/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Тийн хамтран амьдрагч Б.Сыг хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хүнд” хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

мөн хамтран амьдрагч Б.Сыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь  “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

мөн хамтран амьдрагч Б.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заажээ.

Шүүгдэгч С.Т, хохирогч Б.С нар нь 2014 оноос хойш хамтран амьдарч байсан байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч С.Тийн удаа дараагийн үйлдлээр хамтран амьдрагч Б.Сын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэв.  

Анхан шатны шүүх, С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Тт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч С.Тийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өргөө хорооллын 45 дугаар байрны 91 тоотод, мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21-752 тоотод, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгайд байрлах найзынхаа гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Сыг зодсон буюу байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн үндсэн шинж нь тоогоор буюу давтамжийн хувьд гурваас дээш удаа үйлдэгдсэн байхаас гадна гэрлэгчдийн хэн нэг гэр бүлийн харилцаанд давуу эрх олж авах гэсэн, өөрийн эрхшээл дарамтанд байлгах зорилготой нөгөө этгээдийнхээ бие махбодид халдаж буй идэвхитэй үйлдэл ба энэ үйлдэл удаан хугацаагаар дадал зуршил болсон тогтмол байхыг ойлгоно.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болжээ.

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч С.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд  гэмтэл учирсан, “Болор Мэлмий” нүдний эмнэлэгт хагалгаанд орсон зардалд 4.500.000 төгрөг зарцуулсан /1хх 30, 50-60/, бусад эмчилгээний зардлын баримтууд /1хх 29, 31/ нийт 4.763.399 төгрөгийн баримтуудыг хэрэгт өгсөн байхад шүүх хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн шүүх хуралдааны мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, хохирогч Б.Сын хэрэгт авагдсан хохирлын баримтаар нийт 4.763.399 төгрөгийг шүүгдэгч С.Тээс гаргуулж, хохирогч Б.Ст олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад тулгаж яллаад байгаа энэ хэргийн бодит үнэн зөвийг тогтоож, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч С.Т нь хохирогч Б.Сын “баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий” хүнд хохирлыг учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Б.Сын “...С.Т намайг хардаад гараараа миний баруун нүдний хажуу хэсэгт нэг удаа цохисон” /хх 26-28, 84-86/, гэрч Т.Дагвасүрэнгийн “...намайг тагтан дээр гарахад Б.С эгч шоконд орчихсон, баруун нүдэнд нь цус хурчихсан, нилээн зодуулсан байдалтай нүүр ам нь хавагначихсан байдалтай байсан” /хх 38/, Т.Болорцэцэгийн “...С.Т архи уучихсан байхдаа эгчийг цохиж, нүдийг нь сохолчихсон байсан” /хх 96-97/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт /хх44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Тийн гаргасан “...хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Тээс 4.763.399 төгрөг гаргуулан хохирогч Б.Ст олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй...” гэснийг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ