| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/00645/И |
| Дугаар | 102/ШШ2021/01755 |
| Огноо | 2021-07-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/01755
| 2021 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2021/01755 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...ын гудамж, ... байр, ... тоотод оршин суух, Хар бургууд ургийн овогтой, ...ийн ...ө /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, /16092/... байр, ... тоот хаягт байрлах, ... /РД:6150004/-д холбогдох,
Ажлын байр түрээслэх гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ...дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, ... тоот байрыг ...-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, алданги, ашиглалтын зардалд 6,776,751 төгрөг, байшинг анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар засварлахад гарах зардал 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ... миний бие анх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан болно. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 23-нд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай тус шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоосон юм. ... миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 7 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 2 давхар орон сууцны барилгаа ...-д оффисийн зориулалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар түрээслэхээр тохирч "Ажлын байр түрээслэх гэрээ" байгуулсан. Түрээсийн төлбөр жилд 10,000,000 төгрөг сард 833,333 төгрөг байсан бөгөөд мөн хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усныхаа төлбөрийг түрээслэгч хариуцаж төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Ажлын байр түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс төлж барагдуулахаар Баталгааны гэрээ байгуулж баталгаа гаргасан ...-д холбогдууlан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж баталгаа гаргагч ...-иас 14,795,413 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Гэвч энэхүү дүн нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаарх мөнгөн дүн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06 /нэхэмжлэл гаргасан өдөр/ өдөр хүртэлх түрээсийн гэрээний төлбөр 4 сар 10 хоногийн төлбөрт 3,333,332+277,777= 3,611,109 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2 дугаар сарын халаалт дулааны төлбөр 370,263 төгрөг, цахилгаан тогны 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын төлбөр 84,000 төгрөг, бүгд 4,065,372 төгрөг дээр Ажлын байр түрээслэх гэрээний 4 4-т хэрвээ хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол дутуу хийгдсэн төлбөрийн нийт дүнгээс хоног тутамд 0 04%-ийн алданги тооцно гэж заасны дагуу төлөгдөөгүй дүн болох 4,065,372 төгрөг, 1 хоногийн алданги 1,626 төгрөг, 130 хоногийн алданги 211,380 төгрөг, нийт 4,276,752 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулж өгнө үү
Миний хувьд гэрээний үүрэг биелэгдэхгүй байгаа тул өмнө нь удаа дараа амаар болон бичгээр түрээсийн гэрээг цуцлахыг мэдэгдэж, 14 хоногийн дотор байшинг чөлөөлж өгөхийг шаардсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй зугтсаар өдийг хүрлээ. Тухайлбал 2019 оны төлбөрийн тухайд 10 сая төгрөгийн үндсэн төлбөрийг гэрээний дагуу 1 дүгээр сард төлөх ёстой байсан ч 5 дугаар сард 5 сая төгрөг төлж үлдэгдлийг төлөөгүй он гаргасан, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны төлбөрийг ерөөс төлөөгүй, байнга удахгүй төлнө, дараа сард гэх мэтээр үргэлж хуурч ирсэн. 2020 оны төлбөрийн тухайд үндсэн төлбөр 12 сая төгрөгийг 1 дүгээр сард төлөх ёстой ч төлбөр хийгдээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 05-нд гэрээг цуцлах санал бичгээр тавимагц ор сураггүй алга болсон. Энэ үед Ковид-19 халдварт өвчний нөлөөлөл үүсээгүй байсан. 9 дүгээр сард Баталгааны гэрээ байгуулснаас хойш ч түрээсийн төлбөр, дулаан, цахилгааны төлбөрийг төлөөгүй. Түрээсийн байрыг эрсдэлд оруулсан. 2020 оны 2 дугаар сараар10 дугаар сарын хооронд бүтэн 7 сар эзэнгүй орхисон, энэ хугацаанд дотор нь гэмтэл гарсан бол засварлах ямар ч бололцоо олголгүйгээр цоожлоод алга болсон. Түлхүүр үлдээгээгүй холбоо ч бариагүй. Иймд "Ажлын байр түрээслэх гэрээ"-г шүүхийн журмаар цуцалж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Дилав хутагт Жамранжавын гудамж, АОС 7 тоот хаягт байрлах байшингаас ...
ХХК-ийг албадан гаргаж чөлөөлүүлж өгнө үү. Мөн ажлын байр түрээслэх гэрээний 7.3 дахь заалтын дагуу байшинг чөлөөлж хүлээлгэж өгөхдөө анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар нь засварлаж, хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ... 2021 оны 05 дугаар сарын 11-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...гийн нэхэмжлэлтэй ... ХХК-д холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага болох "2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Ажлын байр түрээслэх гэрээ-ний үүрэгт 4,276,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэсний 4,276,752 гэснийг 2,499,999 төгрөгөөр нэмэгдүүлж 6,776,751 төгрөг болгож ихэсгэж байна. Үндэслэл нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр дээрээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 90 хоногийн түрээсийн төлбөрөө нэмж нэхэмжилж байгаа болно. 1 сарын түрээсийн төлбөр гэрээнд заасны дагуу 833,333 төгрөг, 833,333x3=2,499,999 төгрөг болж байгаа юм гэжээ.
Нэхэмжлэгч ... 2021 оны 05 дугаар сарын 20-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Байшинг чөлөөлж хүлээлгэж өгөхдөө анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар нь буцаан засварлахад шаардагдах зардалд 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж өөрчилж байна. 7 3-т гэрээний хугацаа дуусгавар болж байшинг хүлээлгэн өгөхөд анх хүлээн авсан байдлаар нь хүлээлгэж өгнө" гэж заасан. Шүүх хуралдаанд гэрчээр оролцож буй ... ХХК-ийн захирал ажилтай иргэн ... 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ уг орон сууцны зориулалттай байранд анх орохдоо 20,000,000 орчим төгрөгөөр засвар хийж оффисын зориулалтаар зассан, засвар хийсэн санхүүгийн тайлан баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой гэснийг үндэслэн нэхэмжлэлийн 1, 2, 3 дугаар шаардлагатайгаа уялдаатайгаар хариуцагчаар өөрөөр нь буцаан засварлуулж орон сууцны зориулалттай болгох ажлыг хийлгэлгүйгээр шаардагдах зардал /оффисын зориулалттай болгож засварласныг өөрчилж буцаан орон сууцны зориулалттай болгох засварын ажил/-д гэрчийн мэдүүлсэн хорин сая төгрөгийн үнийн дүнгээс доошгүйгээр нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч ...гийн өмгөөлөгч Т.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг төлөөлөөд би яръя. Нэхэмжлэгч ... тус шүүхэд нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний үүрэгт хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны 6,776,751 төгрөгийг гаргуулах, Хоёрдугаарт Ажлын байр түрээслэх гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргасан. Гуравдугаарт Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, амины орон сууцны 07 тоот хаягт байрлах байшингаас ... ХХК-ийг албадан гаргаж, чөлөөлүүлэх, дөрөвдүгээр байшинг чөлөөлж, хүлээлгэж өгөхдөө анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар буцаан завсарлахад шаардагдах зардал 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж өөрчилсөн. Шаардлагын үндэслэлээ танилцуулъя. Нэхэмжлэгч анх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч ... ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гарч, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг нь олж тогтоосон. Нэхэмжлэгч ...Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол амины орон сууцны 07 тоот хаягт байх өөрийн хамтын өмчлөлийн 2 давхар орон сууцны барилгаа ... ХХК-д оффисын зориулалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохирч, Ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийн хувьд жилд 10,000,000 төгрөг буюу сард 833,333 төгрөг байхаар тохирсон. Мөн хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны мөнгийг түрээслэгч төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Ажлын байр түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс төлж барагдуулахаар Баталгааны гэрээг байгуулж, баталгаа гаргасан .. ХХК гэж компани байдаг. Оффис дотор үйл ажиллагаа явуулдаг. Уг компани баталгаа гаргасны дагуу хариуцагчаар татаж, иргэн ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай шийдвэр гарч, 14,795,413 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад, тохирсон графикийн дагуу төлбөр төлөгдөж байгаа. 14,795,413 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх мөнгөн дүн байгаа юм. ... ХХК 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнөх төлбөрийг төлөхөөр баталгаа гаргасан байсан. Иймд үлдэх хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хэмжээгээр буюу 4,276,752 төгрөг дээр 2,499,999 төгрөгөөр нэмж, 6,776,751 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Түрээсийн төлбөр нь 3,611,109 төгрөг, 2020 оны өвлийн сарын дулааны төлбөрт 370,263 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 2020 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны 84,000 төгрөг, нийт 6,776,751 төгрөг болж байна. байгаа. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн төлбөр дээр 90 хоногийн түрээсийн төлбөрийг нэмж нэхэмжилсэн. Цахилгаан, дулааны төлбөрийг нэхэмжлээгүй. Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 6,776,751 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хоёрдугаар шаардлагын хувьд түрээслэгч тал ашиглахгүй, түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар цуцлуулах шаардлага гаргасан. Гуравдугаар шаардлагын хувьд түрээсийн гэрээний зүйл болох ... ХХК, ... ХХК, ... ХХК нарын оффисын зориулалтаар ашиглаж байгаа Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол амины орон сууцны 07 тоот хаягт байрлах байшингаас ... ХХК-ийг албадан гаргуулж, чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Учир нь түрээсийн гэрээ цуцлагдаж байгаа тул түрээслэгч талыг шүүхийн шийдвэрээр албадан гаргуулах нөхцөл өмнөх шаардлагуудтай уялдаж үүсэж байгаа. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагыг өөрчилсөн. Байшинг чөлөөлж, хүлээлгэж өгөхдөө түрээсийн гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу анх хүлээн авснаар нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Албадан гаргаж байгаа компани түрээсийн байрыг засаж, хүлээлгэж өгөх нь логикийн хувьд үндэслэл муутай, шууд хаяад явах учраас энэхүү байрыг орон сууцны зориулалттай болгож, буцаан засварлахад шаардагдах зардал 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гэрчээр оролцсон ... ХХК-ийн захирал ... 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэгтээ анх орон сууцанд орохдоо 20,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн. Засвар хийсэн санхүүгийн тайлан, баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой гэж хэлж байсан. Түүний мэдүүлэг, тайлбарыг үндэслээд, нэхэмжлэлийн 1-3 дахь шаардлагатай уялдуулан хариуцагчаар өөрөөр нь буцаан засварлуулахгүйгээр уг дүнг нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ... нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүрэгт 4,276,752 төгрөгийг ... ХХК-иас гаргуулах, гэрээг цуцлах, байрнаас албадан гаргаж чөлөөлүүлэх, байрыг анхны байдалд нь оруулж засварлуулахыг даалгах гэсэн 4 шаардлага гаргажээ. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэж 6,776,751 төгрөг болгож 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр дээрээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 90 хоногийн түрээсийн төлбөрөө нэмж байна гэжээ. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчилж засвар хийхэд шаардлагатай зардалд 20,000,000 төгрөг гаргуулах гэжээ. Үндэслэл нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ... ХХК-ийн захирал ... байранд анх орохдоо 20,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэж мэдүүлсэн гэжээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Юуны өмнө "Ажлын байр түрээслэх гэрээ"-г ... ХХК байгуулах болсон шалтгаан нь жинхэнэ түрээслэгч "Хэрмэн говь" ХХК-ийн захирал ... болон ... ХХК-ийн захирал Батзориг нар Өмнөговь аймагт ажиллаж байсан, иргэн ... нь тэдгээр хүмүүстэй харилцан тохиролцсон, би дээрх хүмүүсийн өмнөөс гэрээ байгуулсан, энэ талаар нэхэмжлэгч ... сайн мэдэж байгаа. Уг байрны түрээсийн төлбөрийг ... ХХК болон ... ХХК-ийн данснаас шилжүүлэн төлдөг байсан Би тус компанид 2018-2019 онд бичиг хэргийн ажилтнаар нь ажиллаж байсан, миний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор харагдана. 2019 оны 9 сараас хойш ...ХХК болон ...ХХК-ийн үйл ажиллагаа явагдаагүй зогссон, би ч ажлаасаа гарсан. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг Тиймээс бүртгэл хийгдээгүй бол хүчин төгөлдөр бус гэрээ болох үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр ... ХХК гэрээ байгуулсан гэж харагддаг боловч бодит байдал дээр "Ажлын байр түрээслэх гэрээ"-ний нэг тал нь ... ХХК юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 101/ШШ2021/00361 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж ... ХХК төлбөрийг хүлээн зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үүрэг гүйцэтгэгчээс төлөх ёстой түрээсийн төлбөр болон ашиглалт /цахилгаан, дулаан, ус/ -ын төлбөрийг алдангитай нь тооцоолж 14,795,413 төгрөгийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах саналыг бичгээр өгсөн талаараа бичсэн байх тул энэ үеэс эхлэн гэрээг цуцлагдсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь ...ХХК-иас шүүгчийн захирамжаар гаргуулахаар болсон үнийн дүн нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тооцсон гэх боловч шүүхийн шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх төлбөр тооцоо болох нь тогтоогдож шийдвэрлэгдсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч үндэслэлгүй шаардлага гаргажээ. Өөрөөр хэлбэл цуцлагдсан гэрээний дагуу 9 сарын төлбөр гаргуулахаар шийдүүлж, одоо дахин давхардуулж төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн тус түрээсийн байранд үйл ажиллагаа явагдаагүй гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байх бөгөөд энэ хугацаанд буюу Монгол улсад Корона вирусын цар тахлын аюултай өвчин илэрч 2020 оноос хөл хорионд орж эхэлсэн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт учир бүгд энэ талаар мэдэж байгаа болно. Тиймээс хэрэв гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх юм бол гэрээний 6 дугаар зүйлийн 6 1 дэх хэсэгт халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно" гэж заснаар төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл бий болж байна. Байрнаас албадан гаргах гэсний тухайд бол тухайн түрээсийн байранд ... ХХК-ийн эд хөрөнгө гэж байхгүй, ... ХХК болон ... ХХК-ийн эд хөрөнгүүд байгаа болно. Түрээсийн байрыг засварлахад 20,000,000 төгрөг гаргуулах гэсний тухайд бол "Хэрмэн говь" ХХК засвар хийсэн гэж мэдүүлэг өгсөн, тиймээс тухайн жинхэнэ түрээслэгч компаниасаа холбогдох баримтынхаа дагуу нэхэмжлэх эрх нээлттэй гэж үзэж байна. Тэрнээс би засвар хийсэн, мөнгө гаргасан гэж хэлээгүй, тийм баримт ч байхгүй болно. Тиймээс үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний бие 2018 онд ... ХХК-д бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. 2019 онд уг түрээсэлсэн байртай ойролцоо газар барилгын ажил явагдах гээд байршил ойрхон гээд уг байрыг түрээсэлж байсан. Барилгын ажил явагдаад, орон сууц баригдах үед Есөн эрдэнэ пропертиз ХХК гэх компанийг захирлын шийдвэрийн дагуу байгуулж байсан. ... гэх хүн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байсан. Мөн ... гуай тухайн үедээ мэдэж байсан. Уг компани ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй юм байна, би гэрээ байгуулахгүй гээд Фрайд ХХК-ийг батлан даагчаар оруулж, түрээсийн гэрээ байгуулж байсан. 2019 оны 09 дүгээр сард компанийн үйл ажиллагаа зогсоод, би ажлаасаа гарч таарсан. Ажлаасаа гарснаас хойш компани болон хамааралтай хүмүүстэй огт холбогдоогүй. ... ХХК оффисыг нэг ч өдөр ашиглаагүй, эд хогшил нь байхгүй. Би ажилтан нь байж байгаад, ажлаасаа гарсан. ... ... ажилтан байсан тул төлбөр тооцоотой холбоогүй, Фрайд ХХК хариуцна гээд мэдүүлсэн. Би одоо 7 сартай жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. Надад ямар ч орлого байхгүй. Би нэг ч өдөр ашиглаагүй байж компанийн өмнөөс түрээсийн төлбөр төлж чадахгүй. ... ...нараас нэхэмжилж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариу тайлбараа дэмжиж оролцож байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан ажлын байр түрээслэх гэрээг цуцалж, түрээсийн төлбөр 3,611,109 төгрөг, алданги 211,380 төгрөг, дулаан халаалтын төлбөр 370,263 төгрөг, цахилгааны төлбөр 84,000 төгрөг нийт 4,276,752 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС-7 тоот байрыг чөлөөлүүлэх, байшинг анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар засварлаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч түрээсийн төлбөр 3,611,109 төгрөг гаргуулах шаардлагаа 2,499,999 төгрөгөөр нэмэгдүүлж, 6,111,108 төгрөг гаргуулах, байшинг анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар засварлаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагаа өөрчилж, байшинг анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар засварлахад гарах зардалд 20,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Түрээсийн гэрээ бодитоор ... ХХК-тай байгуулагдаагүй. Хэрмэн говь ХХК нь гэрээний тал юм. ...Нэхэмжлэгч 2020 оны 02 сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал өгсөн. Энэ үеэс гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцалснаас хойш түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй. ...Түрээсийн байранд хариуцагч үйл ажиллагаа явуулдаггүй. Мөн компанийн эд хөрөнгө байхгүй. ...Цар тахал гарсантай холбоотойгоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Түрээсийн байрыг засварлахад 20,000,000 төгрөгийн зардал гарсан талаар баримт байхгүй байна. гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, алданги, ашиглалтын зардал гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч ..., хариуцагч ...ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч ... нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах, 2 давхар АОС-7 тоот, улсын бүртгэлийн 2205018423 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө /байр/-ийг хариуцагч ... ХХК-д оффисын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай түрээслэхээр, түрээсийн төлбөрийг 2019 онд 9,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас эхлэн 1 жилийн 10,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.
Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч ... нь ...Миний бие 2018 онд ... ХХК-д бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Захирлын шийдвэрийн дагуу 2019 онд ... ХХК гэх компанийг байгуулж, уг түрээсэлсэн байртай ойролцоо газар барилгын ажил явагдах гээд байршил ойрхон гээд түрээсийн гэрээг байгуулж байсан гэж тайлбарлажээ.
Ажлын байр түрээслэх гэрээ-г нэхэмжлэгч ..., хариуцагч ... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ... нар хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсоны дагуу байгуулж, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч ...ХХК нь ...тэй түрээсийн гэрээ байгуулах болсон шалтгаан нь ... ХХК, ... ХХК, ... ХХК хамтран түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах зорилготой байсныг хариуцагч үгүйсгээгүй, мөн үүнийг шүүхэд гэрч ... гэрчилсэн мэдүүлэг өгчээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлтэй байх тул хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Хариуцагч нь хариу тайлбартаа ...гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал гаргаж, гэрээ мөн үеэс цуцлагдсан, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/00361 дугаар захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Баталгааны гэрээ, гэрээний хавсралт, зохигчдын тайлбараар Ажлын байр түрээслэх гэрээ-ний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч ...з ХХК-ийн төлөх түрээсийн төлбөр 14,672,167 төгрөгийг Хэрмэн говь ХХК төлөх баталгааг нэхэмжлэгч ...д гаргасантай холбоотойгоор ... нь Хэрмэн говь ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хэрмэн говь ХХК нь нэхэмжилсэн 14,672,167 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин ... ХХК-ийн гэрээний дагуу 2020 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг Хэрмэн говь ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, түрээсийн байрыг цаашид ашиглахаар болж, хүлээлгэн өгөөгүй болох нотлогдож байна.
Түрээсийн гэрээний дагуу хариуцагч ... ХХК нь түрээсийн төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөөгүй, түрээсийн байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөөгүй тухай маргаагүй.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болохоор зохицуулсан.
Түрээсийн гэрээний 4.4-т жилийн түрээсийн төлбөрийг тухай оны 1 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй үүргийн зөрчил гаргасан, гэрээний 5.3-т уг зөрчил үүссэн бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргасан үеэс буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээг цуцалж, дуусгавар болгох эрхтэй.
Мөн хариуцагч түрээсийн байрыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т ...түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх, 295 дугаар зүйлийн 295.4-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны төлбөр /10,000,000 төгрөг / 365 хоног = 27,398 төгрөг, нийт 228 хоног х 27,398 төгрөг = 6,246,516 төгрөг/ төлөх үүрэгтэй.
Түрээсийн гэрээний 4.4-т хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөөгүй бол 0.04 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байх тул гэрээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг шаардах эрхтэй.
Үүнд 2020 оны 09 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.04 хувийн алдангийг тооцож үзвэл, 2020 онд төлөх түрээсийн төлбөр 2,657,606 төгрөгт 228 хоногийн алданги 136,060 төгрөг, 2021 онд төлөх түрээсийн төлбөр 1,780,870 төгрөгт 100 хоногийн алданги 71,300 нийт 207,360 төгрөг болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 09-12 дугаар сарын түрээсийн байрны дулаан халаалтын төлбөр 370,263 төгрөг, цахилгааны төлбөр 84,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Талууд түрээсийн гэрээний 3.7-д хэрэглэсэн цахилгаан, халаалтын зардлыг хариуцагч хариуцахаар тохиролцсон байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 12 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх баримтаар дулаан халаалтын төлбөр 33,170 төгрөг нэхэмжилсэн, 2020 оны 10, 11, 12 дугаар сард цахилгааны төлбөрт нэхэмжлэгч 138,759 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна. /хх-54, 55-57 дугаар тал/
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ..., хариуцагч ... ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ-г цуцалж, хариуцагч ... ХХК-иас түрээсийн төлбөрт 6,263,680 төгрөг, алданги 207,060 төгрөг, дулаан халаалтын төлбөр 33,170 төгрөг, цахилгааны төлбөр 84,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тооцож, нийт 6,575,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, тус шаардлагаас үлдэх 201,691 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд
Хариуцагчийн тайлбар болон шүүхэд гэрч Н.Эрдэнэбулгын мэдүүлгээр түрээсийн байранд ... ХХК, ... ХХК, ... ХХК-ын үйл ажиллагааг явуулахаар түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн гэрээний хугацаанд үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах зорилгоор байрыг чөлөөлж өгөөгүй байгаа нь тогтоогдсон талаар дээр дүгнэсэн.
Хариуцагч ... ХХК нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй, ... ХХК, ... ХХК-ийн үйл ажиллагаа зогссон гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасны дагуу түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг түрээслэгч хүлээнэ.
Хариуцагч түрээсийн зүйлийг чөлөөлж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн эзэмшлээс түрээсийн байрыг чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Засварын зардал 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...ХХК-иас түрээсийн байрыг анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар засварлахад гарах зардал 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа ...түрээсийн байрыг хариуцагч оффисын зориулалтаар тохижуулахад 20,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж хэлсэн. Энэ жишгээр байраа буцаан орон сууцны байдлаар засварлахад гарах зардал 20,000,000 төгрөг гэж тооцсон гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7.3-т Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж, байшинг хүлээлгэн өгөхөд анх хүлээн авсан байдлаар нь хүлээлгэж өгнө гэх тохиролцоог хийсэн байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ удаа дараа зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбоотой хохирлоо шаардах эрхтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
Түрээсийн байрыг гэрээний дагуу хүлээн авахдаа оффисын зориулалтаар засч тохижуулсан, буцааж орон сууцны зориулалтаар засварлаж өгөөгүй талаар зохигч маргаагүй боловч түрээсийн байрыг анх хүлээн авсан байдлаар буцаан засварлахад 20,000,000 төгрөгийн зардал гарах нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэн хариуцагчаас байшинг анх хүлээн авсан орон сууцны зориулалттай байдлаар засварлахад гарах зардалд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.6, 326 дугаар зүйлийн 326.1-д заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ-г цуцалж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах, 2 давхар АОС-7 тоот, улсын бүртгэлийн 2205018423 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /байр/-ийг ...ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, хариуцагч ... ХХК-иас 6,575,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,201,691 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ...гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас 260,551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР