Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/822

 

 

 

 

 

  2024         07          19                                         2024/ШЦТ/822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сод холбогдох 2306 05726 0930 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20...... оны 08 дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ........ дугаар хороо, .............. тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бовогт /.

Хэргийн товч агуулга:

          Шүүгдэгч Д.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр интернэт фейсбүүк орчинд цахим тоглоом түрээслэх тухай зар байршуулсан хохирогч Б.Мөнх-Эрдэнэтэй 88390855 дугаарын утсаар холбогдож, өөрт нь тоглоом түрээслэх бодит хэрэгцээ шаардлага байхгүй байхад хохирогчид “төлбөртэй түрээсэлж ашиглана” гэж итгүүлэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуарангийн 70-6 тоот хаягт “Плейстэйшн-5’’ загварын тоглоом, тоглоомтой Сиди 5 ширхэг зэргийг хохирогчоос хүлээн авч, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болмогц, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад зээлийн барьцаанд тавьж зээл авч ашиглах зэргээр бусдын 1.820.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Б.Мөнх-Эрдэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх.08/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би хувиараа 2022 оны 06 дугаар сараас эхэлж “Playstation-5” тоглоомыг хүмүүст хаягаар нь хүргэж өгч түрээсэлж эхэлсэн. Тэгээд миний 88390855 дугаар луу 88024580 дугаарын утаснаас Д.С гэх хүн залгаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 70-6 тоот хаягт “Playstation-5” тоглоомыг түрээсэлье” гэж хэлсэн. Тэгээд би видео тоглоомоо NBA 2К24, Fifa 24, UFC 5, Mortal kombat XXL, need for speed rax 5 тоглоомын хамт аваачиж өгсөн. Тус 5 тоглоом нь NBA 2К24 нь CD-ээр нөгөө дөрвөн тоглоом нь сайтад мөнгө төлж татаж суулгасан тоглоомууд байсан. Тэгээд би тоглоомоо 21 цагийн орчимд тус хаяг дээр тоглоомоо аваачаад өгсөн. Би гэрт нь орж тоглоомоо залгаж шалгаж өгөөд тооцоогоо авах гэтэл иргэний үнэмлэх байхгүй байна мөн тооцоо хийх мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд тооцоогоо миний араас хийчихье гэж хэлэхээр би итгээд тухайн залуугийн цэргийн үүрэгтний үнэмлэхийг аваад гарсан. Би тухайн? залууд 5 тоглоом “Playstation-5” видео тоглоом, 2 гар хүлээлгэж өгсөн. Тэгээд тухайн оройноос хойш С утсаа авахаа больчихсон ба би “Playstation-5” тоглоомыг ломбардад тавьсан байх гэж таамаглаад түүнд тэрийгээ хэлтэл тухайн залуу мессежээр би ломбардад тавьчихсан, удахгүй аваад өгчихнө гэж хэлээд алга болчихсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би хувь хүнээс 2023 оны 10 дугаар сард  төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн видео тоглоом нь 1 ширхэг CD тоглоом, санах ойн дээр суулгасан байсан 4 ширхэг тоглоом, 2 гарын хамт хайрцагтай авч байсан. Би худалдаж авсан гэх үнээрээ үнэлж байна. Би Playstation 5 тоглоомоо эргүүлж авахыг хүсэж байна....” гэх мэдүүлэг /хх.24-25/,    

“Дамно” ХХК-й 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БЗ1-24-736 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.26-29/,

 

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.40-42/,

          Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.46/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сын яллагдагчаар өгсөн: ...Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүкээр харж байгаад “Playstation” түрээсийн газар хайж байгаад олоод захиалаад орой 20 цагийн орчимд ирээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 70-6 тоотод захиалж 24 цагийн хугацаанд 70.000 төгрөгөөр түрээсэлж авсан. Тухайн Playstation түрээсэлдэг хүнээс тус тоглоомыг хүлээж аваад тухайн хүнийг гэрээс гарч явангуут би тухайн тоглоомыг авч гараад Хүнсний 4-д байрлах “Хөнөгийн ундарга” гэх ломбардад очиж 1.200.000 төгрөгөөр ломбардад тавьж мөнгөө өөрийн “Хаан” банкны 5653246220 тоот данс руу авсан. Тэгээд би тухайн орой нь 1 xbet дэх дансаа 1.200.000 төгрөгөөр нэг удаа цэнэглээд тухайн мөнгөө алдсан. Надад тоглоомоо түрээсэлсэн гэх залуу надаас тоглоомоо асуух үед би маргааш гэж аргалж худал хэлсээр яваад одоогийн нөхцөл байдалд хүрлээ. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би тухайн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайн тоглоомыг авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад мөнгөөр нь 1 xbet мөрийтэй тоглоомын сайтаар орж тоглож мөнгөө алдсан. Би тухайн хүнээс 2x24, fifa24, mortal kombat XXL, need for speed, ufc 5 гэх тоглоомуудыг CD-ээр хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх.47-48/,

          “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 1858 дугаартай дүгнэлт /хх.59/,     

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Сын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.34-38/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Д.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр интернэт фейсбүүк орчинд цахим тоглоом түрээслэх тухай зар байршуулсан хохирогч Б.Мөнх-Эрдэнэтэй 88390855 дугаарын утсаар холбогдож, өөрт нь тоглоом түрээслэх бодит хэрэгцээ шаардлага байхгүй байхад хохирогчид “төлбөртэй түрээсэлж ашиглана” гэж итгүүлэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуарангийн 70-6 тоот хаягт “Плейстэйшн-5’’ загварын тоглоом, тоглоомтой Сиди 5 ширхэг зэргийг хохирогчоос хүлээн авч, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болмогц, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад зээлийн барьцаанд тавьж зээл авч ашиглах зэргээр бусдын 1.820.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан болох нь зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          “Дамно” ХХК-й 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БЗ1-24-736 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.26-29/-ээр “Play station 5 видео" загварын тоглоомыг 1.520.000 төгрөгөөр, “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 1858 дугаартай дүгнэлт /хх.59/-ээр эд зүйлийн эвдрэлийг 300.000 төгрөгөөр тус тус үнэлэхийг харилцан хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул энэ байдлаар хохирлын үнэлгээг тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Мөн залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

          Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ хэлцэл анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээ хэлцлийн нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал хохирогч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Харин гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийсэн төдийгүй, гэрээ хэлцлийн төлбөрийг зориулалтын бусаар зарцуулсан бол залилах гэмт хэргээр зүйлчилдэг.

Шүүгдэгч Д.С нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулж ашиглан, гар утасны зээлийн гэрээг анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй буюу өр төлбөртэй болохыг урьдчилан мэдсээр байж хийсэн, зээлийн төлбөрийг удаан хугацаанд огт хийгээгүй, улмаар тухайн тоглоомыг барьцаалан зээлдэх газарт тавьж зориулалтын бусаар зарцуулж хохирогчоос нийт 1.820.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн хохирлын нийт 1.820.000 төгрөгийг шүүгдэгч Д.Соос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Д.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Сод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Д.С урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бургийн овогт ДСыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сод 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Сод сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Соос 1.820.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнх-Эрдэнэд олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР