Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/02181

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/02181

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Экспресс тауэр ... дүгээр давхарт байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазар гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой, Халзангийн Сайнжаргал /РД: .../,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжингийн, Монтед компанийн сервисийн байранд байрлах, Ворлдкофе ХХК /РД:.../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... дүүрэг, ... дугаар хороо, ...ийн өргөн чөлөө, ...-ийн байр, ... тоот хаягт байрлах, Экоскүүл гарден ХХК /РД:.../,

 

Хариуцагч Х.Сайнжаргалаас 1,736,768,250 төгрөг, хариуцагч Ворлдкофе ХХК-иас 3,583,807,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр, хариуцагч Ворлдкофе ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагч Х.Сайнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Хариуцагч Ворлдкофе ХХК түүнийг төлөөлөн захирал Х.Сайнжаргал нь 2016 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамжинд байрлах Бритиш скүүл цогцолбортой холбогдуулан Улаанбаатар хотын банкнаас авсан зээлээ төлж барагдуулах зорилгоор нэхэмжлэгч Битумина Монголиа ХХК-иас зээл авах хүсэлт тавьсан. Улмаар нэхэмжлэгч Битумина Монголиа ХХК нь хуучин нэрээр Битумина Сэнтрал Азиа ХХК хариуцагчийн гаргасан хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16/01 тоот зээлийн гэрээг Ворлдкофе ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Битумина Сэнтрал Азиа ХХК нь зээлдэгч Ворлдкофе ХХК-д 12,864,950,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр тохирсон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид 12,864,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний хооронд сар бүр үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцааж төлөхөөр тохирсон. Энэхүү гэрээг байгуулахдаа талууд гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл болон мөн хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрөөс хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох хэдий ч сар бүр зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээний хүүг төлөх ёстой юм. Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн гэрээний хүүг сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөөгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Зээлийн гэрээний дагуу авсан зээлийг хариуцагч Ворлдкофе ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Х.Сайнжаргал нь хувьдаа авч ашиглаж зарцуулсан байна. Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүүг Ворлдкофе ХХК болон Х.Сайнжаргалаас шаардах эрхтэй байна. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Зээлдүүлэгч нь зээлдэгчид 12,864,950,000 төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй, нийт 60 сарын хугацаатай олгон гэж зааснаар нэг жилийн хүү (12 864 950 000 x 9%) = 1,157,845,500 төгрөг бөгөөд гэрээний 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 3 жилийн хугацааны хүү 3,473,536,500 төгрөг болж байна. Иймээс зээлийн гэрээний хүүг хариуцагч нар нь төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчиж байх тул зээлийн гэрээний хүү 3,473,536,500 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлтэй байна. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ворлдкофе ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар зээлийн гэрээний хүү болох 3,473,536,500 төгрөгөөс хариуцагч Ворлдкофе ХХК-иас 1,736,768,250 төгрөгийг, хариуцагч Халзан овогтой Сайнжаргалаас 1,736,768,250 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Битумина монголиа ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч Ворлдкофе ХХК түүнийг төлөөлөн захирал Х.Сайнжаргал нь нэхэмжлэгчээс зээл авах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16/1 тоот зээлийн гэрээ байгуулан 12,864,950,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 60 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээл авсан боловч өнөөдрийг хүртэл уг зээлийг эргэн төлөх хувиарын дагуу нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй болно. Улмаар нэхэмжлэгч Битумина Сэнтрал Азиа ХХК нь Ворлдкофе ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 18/01 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр зээлийн гэрээний барьцааны үүргийн гүйцэтгэлийг хэрхэх талаар талууд тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид 12,864,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний хооронд сар бүр үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцааж төлөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрөөс хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох хэдий ч сар бүр зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Ийнхүү хариуцагч нь гэрээнд заасан хавсралт хувиарийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон ба 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч байгууллагад зээлийн үндсэн төлбөрт 3,583,807,500 төгрөгийг, урьд нэхэмжилсэн хүүгийн хамт буцаан төлөх ёстой байсан боловч ямар ч төлбөр хийгдэхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Нэгэнт хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөх ёстой төлбөрөө гэрээний хавсралтад заасан хувиарын дагуу төлөхгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.3.2, 2.3.3-т заасан заалтыг зөрчиж 16/01 тоот Зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны хооронд Ворлдкофе ХХК-иас гэрээний дагуу 3,583,807,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ворлдкофе ХХК-тай байгуулсан 16/1 тоот Зээлийн гэрээний хавсралт хувиарын дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02 -ны өдрийн хооронд төлөх ёстой 3,583,807,500 төгрөгийн үндсэн төлбөрийг Ворлдкофе ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ворлдкофе ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ворлд кофе ХХК болон Х.Сайнжаргал нартай 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16/01 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 12,864,950,000 төгрөгийг Ворлд кофе ХХК зээлж, төлбөрийн графикийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч уг мөнгийг төлөөгүй. Анх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж байхад зээлийн хүүгийн үлдэгдэл 3,473,536,500 төгрөг байсан. Уг хүүг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулахаар нэхэмжилсэн. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн хүүг нэмэгдүүлэн тооцож, нийтдээ Ворлд кофе ХХК-иас 3,583,807,500 төгрөг, Х.Сайнжаргалаас 1,736,768,250 төгрөг нэхэмжилсэн. Татгалзалтай холбоотой тайлбар хэлье. Эвлэрлийн гэрээнд оруулж тооцох асуудлын талаар ярьсан боловч хариуцагчийн зүгээс эвлэрэх дүн дээрээ тохиролцохгүй байгаа тул оруулж тооцохгүй гэж үзэж байна. Уг мөнгийг баримт өгөөд, гарын үсэг зураад зээлсэн. Хариуцагч нарыг төлөх ёстой гэж үзэж байна. Ворлд кофе ХХК-иас 3,583,807,500 төгрөг, Х.Сайнжаргалаас 1,736,768,250 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ворлдкофе ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Битумина монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ворлдкофе ХХК, Х.Сайнжаргал нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ворлдкофе ХХК-аас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Битумина монголиа ХХК нь Ворлдкофе ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 16/1 дугаартай зээлийн гэрээний хүүнд 1,736,768,250 төгрөг гаргуулахаар Ворлдкофе ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч хариуцагч Ворлдкофе ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16/1 дугаартай 12,864,950,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн мөнгийг бэлнээр болон бэлэн бусаар огт хүлээж аваагүй бөгөөд дээрх мөнгө нь Эко Скүүл Гарден ХХК-иас Төрийн банканд тавьсан зээлийн төлбөрт шилжсэн болно. Ийнхүү зээлийн гэрээний дагуу мөнгө шилжсэн болохыг мөнгө хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн баримтанд зурсан гарын үсгээр нотлогдож байгаа юм. Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу Битумина Монголиа ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгө буюу эд хөрөнгийг иргэн Х.Сайнжаргал болон Ворлдкофе ХХК-д шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй байна. Иймд Ворлдкофе ХХК-иас зээлийн гэрээний хүү 1,736,768,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Ворлдкофе ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3,583,807,500 төгрөгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Битумина Монголиа ХХК, Ворлд кофе ХХК нар 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16/01 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр 12,864,950,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч бэлнээр болон бэлэн бусаар огт хүлээн аваагүй. Энэ мөнгө нь Эко скүүл гарден ХХК-иас Төрийн банканд тавьсан зээлийн төлбөрт шилжсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг, Улаанбаатар банк болон Төрийн банкнаас авсан баримтаар хангалттай нотлогддог. Бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө нь бодитойгоор шилжээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Сайнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Битумина монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ворлдкофе ХХК, Х.Сайнжаргал нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Х.Сайнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Битумина монголиа ХХК нь Ворлдкофе ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 16/1 дугаартай зээлийн гэрээний хүүнд 1,736,768,250 төгрөг гаргуулахаар Х.Сайнжаргал надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Х.Сайнжаргал нь Ворлдкофе ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар Битумина монголиа ХХК-тай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16/1 дугаартай 12,864,950,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд иргэний хувьд зээлийн гэрээнд оролцоогүй Битумина монголиа ХХК болон иргэн Х.Сайнжаргал нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу Битумина монголиа ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгө буюу эд хөрөнгийг иргэн Х.Сайнжаргал болон Ворлдкофе ХХК шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй байна. Битумина монголиа ХХК болон Ворлдкофе ХХК-тай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16/1 дугаартай зээлийн гэрээний мөнгийг Эко Скүүл Гарден ХХК-руу шилжүүлсэн тул дээрх төлбөрийг Эко Скүүл Гарден ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй юм. Иймд Х.Сайнжаргалаас зээлийн гэрээний хүү 1,736,768,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Сайнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж буй 1,736,768,250 төгрөгийг хариуцагч Х.Сайнжаргал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг байгуулсан. Гэхдээ Битумина Монголиа ХХК болон Х.Сайнжаргал нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Зээлдүүлэгчид мөнгөн дүнг хүлээлгэн өгсөн баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Экоскүүл гарден ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Битумина монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ворлдкофе ХХК, Х.Сайнжаргал нарт холбогдох хэрэгт Эко скүүл гарден ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан байна. Иймд тус хэрэгт гуравдагч этгээдээр татсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай Эко скүүл гарден ХХК боловсролын салбарт сургалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-с ямар нэгэн зээлийн гэрээ болон зээлийн гэрээгүйгээр мөнгө зээлж байгаагүй болно. Харин хэргийн материалтай танилцах явцад Б.Оюунтуяа гэх гэрч нь Эко скүүл гарден ХХК-ийн Улаанбаатар хотын банкны зээлрүү шилжүүлсэн баримтыг сүүлд нөхөж бичүүлсэн гэх мэт худал мэдээлэл өгсөн байна. Б.Оюунтуяа нь тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Х.Батжаргалын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Биг констракшн групп ХХК-нд захиргааны ажилтан албан тушаалд ажилладаг байх байх тул Х.Батжаргалыг заавраар худлаа тайлбар өгсөн байх магадлалтай байна. Иймд Битумина монголиа ХХК болон Ворлдкофе ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Эко скүүл гарден ХХК хамааралгүй байх тул гуравдагч этгээдээр татсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Битумина монголиа ХХК нь хариуцагч Ворлдкофе ХХК, Х.Сайнжаргал нараас 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх зээлийн хүү 1,736,768,250 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Сайнжаргалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн хүү 1,566,263,597 төгрөг, хариуцагч Ворлдкофе ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэн зээлийн хүү 1,566,263,597 төгрөг гаргуулахаас татгалзаж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх зээл 3,583,807,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан байна. Үүнд: Хариуцагч Х.Сайнжаргал нь ...зээлийн гэрээний тал биш, зээлийг аваагүй учир зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж, хариуцагч Ворлдкофе ХХК нь ...зээлийн гэрээг хэлбэрийн төдий байгуулсан, зээлийг бодитоор аваагүй гэж маргажээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Битумина монголиа ХХК, хариуцагч Ворлдкофе ХХК-ийн хооронд 2016 оны 07 сарын 02-ны өдөр 16/1 дугаартай Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Битумина монголиа ХХК нь 12,864,950,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар Ворлдкофе ХХК-д зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Битумина монголиа ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Битуминасэнтрал азиа гэсэн оноосон нэрээ Битумина монголиа болгон өөрчилсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2 дугаар хх-ийн 214-215 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн гэрээг талууд өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан бол зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг хүлээдэг.

 

 

Битуминасэнтрал азиа ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 512,000,000 төгрөг, 2,370,874,046,40 төгрөг нийт 12,782,874,046.40 төгрөгийн Кассын зарлагын баримт-д Ворлдкофе ХХК-д гүйлгээний утга Зээлэв, олгосон дарга Б.Ганшагай, нягтлан бодогч Г.Ганцэцэг, хүлээн авсан Б.Оюунтуяа гэж, Ворлдкофе ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 512,000,000 төгрөг, 2,370,874,046,40 төгрөг нийт 12,782,874,046.40 төгрөгийг хүлээн авсан Кассын орлогын ордер-т хаанаас Битуминасэнтрал азиа ХХК, гүйлгээний утга зээл, кассын нярав Б.Оюунтуяа гэж гарын үсэг зурсан байна.

 

Шүүхэд гэрч Б.Оюунтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 08-аас 20-ны өдөр Экоскүүл гарден ХХК-ийн бэлэн мөнгөний нярав хийж байсан, Ворлдкофе ХХК-д ажиллаж байгаагүй, Ворлдкофе ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 512,000,000 төгрөг, 2,370,874,046,40 төгрөг хүлээн авсан Кассын орлогын ордер-т гарын үсэг зурсан талаарх мэдүүлэг /1хх-ийн 86-88/, гэрч Х.Батжаргал Би 2010 онд Эко скүүл гарден ХХК-ийг байгуулсан. 2016 онд Эко скүүл гарден ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшин Оюунгэрэл сургууль дээрээ зээл авъя гэсний үндсэн дээр Битуминасэнтрал азиа ХХК-ийн нэр дээр Хөгжлийн банкнаас 18,000,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг авахдаа Эко скүүл гарден ХХК банкинд өртэй байсан учир Ворлдкафе ХХК-ийн нэрийг оруулсан асуудал байгаа. Талуудын хооронд маргаан үүсээд хоёр тийш салсны дараа уг зээлийг Ворд кофе ХХК-д хамаатуулж байна. Би захирал байсны хувьд Эко скүүл гарден ХХК12,864,950,000 төгрөгийн хүү болон зээлийг 2016 оноос хойш хариуцан төлж байсан. Гэнэт Ворлдкофе ХХК-ийг гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байна гэх мэдүүлэг /1хх-ийн 88/, гэрч Г.Ганцэцэг нь Битумина централ азиа ХХК-д 2016 онд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Битуминасэнтрал азиа ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 512,000,000 төгрөг, 2,370,874,046,40 төгрөг олгосон Кассын зарлагын баримт-д зурсан гарыг үсэг өөрийнх нь болохыг гэрчилсэн ч тухайн үед уг мөнгийг бэлнээр хэнд хүлээлгэн өгснийг тодорхой санахгүй байна гэх мэдүүлэг /2хх-ийн 235-241/, гэрч Г.Амгалан нь Өдрийг нь санахгүй байна. Эко скүүл гарден ХХК-ийн байранд Битумина централ азиа ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганшагай ирж надтай тооцоо нийлсэн санагдаж байна. Битумина централ азиа монголиа ХХК-ийн хувьд Эко скүүл гарден ХХК-д мөнгө зээлдүүлсэн тухай нуух шаардлагатай гэсэн заавар бидэнд өгсөн. Битумина централ азиа монголиа ХХК нь Төрийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар Эко скүүл гарден ХХК-д ашиглуулж байгаа гэсэн зааврын дагуу би Эко скүүл гарден ХХК-ийн нягтлан бодогч учраас тухайн мөнгийг хүлээн авсан баримт үйлдсэн. Битумина централ азиа монголиа ХХК-д өглөгтэй нь үнэн. Ворлдкофе ХХК-ийн нэр лүү зохиомлоор Эко скүүл гарден ХХК-ийн 22 орон сууцыг шилжүүлж, зээлийн барьцаанд тавьсан учраас гарын үсэг зурсан гэх мэдүүлэг өгсөн байна. /2хх-ийн 246/

 

Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн баримтад төлөгч Амгалан гэх гарын үсэг зурагдсан байна. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 512,000,000 төгрөг, 2,370,874,046,40 төгрөг нийт 12,782,874,046.40 төгрөг, эхний сарын хүү 79,304,486.30 төгрөг бүгд 12,864,950 төгрөгөөр тооцжээ.

 

Ганболдын Амгалан нь 2016-2017 онд Экоскүүл гарден ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор, Бат-Өлзийгийн Оюунтуяа нь 2012-2019 онд Эко скүүл гарден ХХК-д эд хөрөнгийн нярваар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна. /1хх-ийн 223, 228-231/

 

Улаанбаатар хотын банкин дахь 2600074559 дугаартай Эко скүүл гарден ХХК-ийн нэр дээрх дансанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 510,000,000 төгрөгийг Эко скүүл гарден ХХК-с зээлийн хүү төлөв, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,370,874,046,40 төгрөгийг Ворлдкофе ХХК-с тооцоогоор гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн орлогын баримт нотлох баримтаар авагдсан. /1ХХ-ийн 119-122/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний огноо 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 12,864,950,000 төгрөгийн дүнд байгуулсан боловч зээлд шилжүүлсэн дүн хэрэгт авагдсан нотлох баримтаар 12,782,874,046.40 төгрөг, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн баримтаар шилжүүлсэн мөнгөний дүн 12,782,874,046.40 төгрөг, эхний сарын хүү 79,304,486.30 төгрөг тооцож 12,864,950,000 төгрөгийн төлбөр тооцоолжээ.

 

Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-иас шилжүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9,900,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 510,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,370,874,046,40 төгрөг нийт 12,782,874,046.40 төгрөгийг Битумина монголиа ХХК-ийн кассын зарлагын баримт, Ворлдкофе ХХК-ийн кассын орлогын баримтад Эко скүүл гарден ХХК-ийн нягтлан бодогч Б.Оюунтуяа гарын үсэг зурж, Эко скүүл гарден ХХК-ийн дансанд уг мөнгө орсон байх тул зээл 12,864,950,000 төгрөгийг хариуцагч Ворлдкофе ХХК хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг Эко скүүл гарден ХХК төлж байсан талаар шүүхэд гэрч Х.Батжаргал гэрчилсэн боловч энэ талаар зохигч талуудаас нотлох баримт гаргаагүй болохыг дурдав.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл байх тул гэрээний дагуу хариуцагч Ворлдкофе ХХК-иас зээл 3,583,807,500 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-ийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Сайнжаргалаас зээлийн гэрээний дагуу хүү тооцож, зээлийн хүү 1,566,263,597 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Х.Сайнжаргал зээлийг хувьдаа авч ашигласан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Битумина монголиа ХХК, хариуцагч Ворлдкофе ХХК-ийн хооронд 2016 оны 07 сарын 02-ны өдөр байгуулагдсан 16/1 дугаартай Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 12,782,874,046.40 төгрөгийн зээлийг Эко скүүл гарден ХХК хүлээн авсан болох нь тогтоогдсон.

 

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүний үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх нолох үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт хариуцагч Х.Сайнжаргал нь зээлийг хувьдаа авч ашигласан талаар нотлох баримтгүй, нэхэмжлэгчээс түүнийг ямар хэмжээний зээлийг хувьдаа авч ашиглан талаар тайлбар гаргаагүй болно. Түүнчлэн зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг гэрээний талаас шаардах боломжтой ч бусад этгээдээс шаардах нь хуулийн үндэслэлгүй. Хариуцагч Х.Сайнжаргал нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, зээлээс авсан болох нь тогтоогдохгүй байх тул 1,566,263,597 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Х.Сайнжаргалаас зээлийн хүү 1,566,263,597 төгрөг, хариуцагч Ворлдкофе ХХК-иас зээл 3,583,807,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хариуцагч Х.Сайнжаргалд холбогдох 1,566,263,597 төгрөг, хариуцагч Ворлдкофе ХХК-д холбогдох 3,583,807,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Битумина монголиа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,602,621 төгрөгөөс 35,444,670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР