Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                  Г.Эрдэнэжаргал     

Улсын яллагч                                   Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.*******

Шүүгдэгч                                          Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2423000430071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багийн Хөдөө аж ахуйн хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар /        

          Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэдэг газарт Д.ийн эзэмшлийн улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.гийн биед цээжний зүүн талын 4-р хавирганы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Б.ын биед зүүн талын эгэм ясны хугарал, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Б., Н., иргэний нэхэмжлэгч Д. нарт  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар  шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж, 34.11 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт “ иргэний нэхэмжлэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэдэг газарт Д.ийн эзэмшлийн улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  халтиргаа гулгаатай замын нөхцөлд хурдыг тохируулан яваагүйгээс замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Уг осол болсон газар нь Завхан аймгийн сумын багийн нутаг гэдэг газраас ертөнцийн зүгээр баруун тийш 2 км зайд шороон зам байх бөгөөд ******* сумаас 48 км зайтай байв. Автомашин замаас гарсан буюу “Б” цэгийн замын зорчих хэсэг 40 м орчим хэмжээтэй цас тогтож гулгаа үүссэн, замын бусад хэсгийн цас нь хайлж шороон хэсэг нь гарсан байдалтай байв. Автомашиныг анх осолдсон буюу “А” цэгээс чанх хойш 350 м зайд чирч аваачиж тавьсан байх бөгөөд уг автомашины ар талын улсын дугаар байхгүй, ур талдаа улсын дугаартай, саарал өнгөтэй, “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг автомашины *******ийн эсрэг талын толь хугарсан, ачаа хэлбэр дүрсээ алдсан, урд салхины шил бяцарч хагарсан, ******* талын хаалга хонхойсон, хойд талын гэрэл суурь хэсгээсээ хөндийрсөн, багажийн хаалга *******ийн эсрэг талаасаа чихэгдсэн байдалтай байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр, /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/,

Уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.ын: “...2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ очихоор ******* Ц.*******ын эзэмшлийн улсын дугаартай “Hyundai Grace” маркийн автомашинтай өөрийн эхнэр болон , , , нарын хамт Завхан аймгийн ******* сумаас сумын чиглэлд 13 цаг аймгийн төвөөс гараад сумын багийн нутаг “” уруудаж явах үед бид нарын зорчиж явсан машин халтиргаа дээр шарваж хөндөлдөж ирээд зам дээр дээшээ харж унаад онхолдсон. ... улсын дугаартай “Hyundai Grасе” маркийн автомашиныг Ц.******* ах өөрөө жолоодож явсан бөгөөд бид нарын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Тухайн үед ******* 30-40 км/цагийн хурдтай явж байсан байх. ...Шороон замын гадаргуу нь мөстчихсөн, халтиргаа үүссэн байсан. ...Осол гарсан зам бага зэрэг эргэлттэй байсан бөгөөд зам халтиргаатай байсан болохоор л шарвасан байх. ...гийн нэг хавирга хугарсан, миний зүүн талын эгэм хугарсан бөгөөд бусад хүмүүсийн биед бэртэл, гэмтэл учраагүй байсан...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

хохирогч Н.гийн “...2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Hyundai grасе маркийн 06-30 заа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* сумын төвөөс сумын нутаг дэвсгэрт байрлах ХХК-ны чиглэл ******* Ц.*******, нөхөр , , , , нарын хамт явцгаасан. гэх газар уруудаад явж байх үед машин шарвах шиг болоод онхолдчихсон 40-60 км цагийн хурдтай явж байсан байх. Тухайн үед миний хавирга хугарсан байсан. Өөр надад ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Надад ямар нэгэн нэмж ярих зүйл нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.ийн: “...Тэгээд тухайн машинтай хөндийгөөр өгсөөд Алагийн дөрвөлжөөр даваад 200-250 метр орчим уруудаж явахад уг машин шарваж, ******* талаараа нэг өнхрөөд машины дөрвөн дугуй дээшээ харж замын баруун гар талд унасан байдалтай зогссон. ... ******* Ц.******* нь тухайн машиныг жолоодож явсан. Жолооч болон зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...30-40 км/цагийн хурдтай явж байсан. Ер нь бол аажуу явж байсан.  ...Шороон зам мөстөж гөлөөн үүссэний улмаас тухайн машины дугуй нь гулгаад шарвасан гэж үзэж байна. ...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Ц.ын “...Би 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 30 минутын орчим байх Завхан аймгийн ******* сумаас сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн уурхай руу хамт ажилладаг , , , , , ******* оо нарын хамт гарсан. Бид нар ******* сумаас гараад ойролцоогоор 50 гаран километр яваад уруудаад явж байгаад машин гулгаад бөгс нь шарваад нэг мэдэхэд замын хажуу руу унаад дөрвөн дугуй дээшээ харсан байсан. Тэгээд бид нар машиныхаа хойд талын гүйдэг хаалганы цонхыг онгойлгоод нэг нэгээрээ гарсан. ...Тээврийн хэрэгслийг манай ******* оо ах жолоодож явсан... гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

гэрч С.ы: “...Тэгээд замд явж байгаад гэх газарт машин гэнэт шарваад дөрвөн дугуй нь дээшээ хараад онхолдсон. ...2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 22 минутын орчимд л тухайн осол болсон байх, би осол гарсан газрын нэрийг сайн мэдэхгүй байна, гэхдээ хүмүүс ярихдаа тухайн газрын рүү уруудаж явж байхад осол болсон гэж ярьж байхыг сонссон. ...Ц.******* ах жолоодож явсан юм. ... гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/,

гэрч Т.ийн: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байхад ******* оо ах, ах, эгч, эгч, ах, бид нар улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* сумын төвөөс сумын нутаг дэвсгэрт байрлах ХХК-ны чиглэлд хөдөлсөн, замдаа явж байгаад Алгийн дөрөлж дээр зогсож бууж бие засчихаад машиндаа буцаж суугаад цааш уруудаад явж байтал машины бөгс хаялах шиг болсон чинь нэг мэдсэн машин онхолдчихсон байсан. ... “гэсэн мэдүүлгээр/хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас/,

тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан талаараа мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.*******ын “...Би 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төвөөс өдөр 13 цагийн үед , , , , . нарын хамт Завхан аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулах ХХК руу очихоор зорчиж явсан. ******* сумын төвөөс гараад сумын нутаг "" гэх газар даваад уруудаж яваад замын гөлөөнтэй хэсэг дээгүүр гарах үед миний машин хөндлөнгөөрөө гулгаад …дээшээ хараад уначихсан байсан. ...” гэсэн мэдүүлгээр /151-153 дугаар хуудас/ тус тус тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас хохирогч Б.ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000000105 дугаартай “1.Иргэн Б.ын биед гэмтэл учирсан байна. 2. Иргэн Б.ын биед зүүн талын эгэм ясны хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Иргэн Б.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр, /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

хохирогч Н.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн П.гийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 000000107 дугаартай “1. Иргэн Н.гийн биед: Цээжний зүүн талын 4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гэмтлийн улмаас үүснэ. 3. Тухайн гэмтлүүд нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Иргэн Н.гийн биед: Цээжний зүүн талын 4-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/ тус тус тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Ц.******* тээврийн хэрэгсэл жолоодохдоо халтиргаа гулгаатай замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүйгээс болсон нь Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Төгөлдөрийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай “... ургийн ******* овогтой ******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газар овогтой ийн эзэмшлийн улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна...” /хавтаст хэргийн 124-126 дугаар хуудас/ гэсэн мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг  тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Хохирогч Б., Н., иргэний нэхэмжлэгч
Д. нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь тэдний шүүхэд гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

            Шүүгдэгч Ц.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                        

             Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялаас чөлөөлөх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын энэ санал нь шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг гарахад замын нөхцөл байдал  нөлөөлсөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол нэхэмжлээгүй зэрэг хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.

Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөх нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн ******* замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Цогбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлбөр төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.                                                     

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ