| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/00286/И |
| Дугаар | 102/ШШ2021/02218 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/02218
| 2021 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2021/02218 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, Багатойруу гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... бээл ургийн овогтой ...ын ******* /РД:,,,/,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ...дүгээр хороо, ... гудамж, ...дугаар байр, ... тоотод оршин суух, Амгалан ургийн овогтой ...ийн ******* /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт бүртгэлтэй, ... дүүрэг, ... дүгээр хороо, Өргөө гудамж, ... ХХК-д байрлах, ******* ******* ******* ХХК /РД:.../-д холбогдох,
15,895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ү.Оюу-Эрдэнэ миний бие ******* ******* ******* ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу Бенз авто сервис төвийн 13 тоот хаягт байрлах 48 м2 талбайг хариуцагчид түрээслүүлж, түрээсийн төлбөрийг сар бүрийн 700,000 төгрөг байхаар тохиролцсон. Дээрх гэрээний дагуу хариуцагч сар бүрийн 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Мөн хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 9 сарын хугацаатайгаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу Бенз авто сервис төвийн 13 тоот хаягт байрлах 17 тоот хаяг байрлах 76 м2 талбайг хариуцагчид сар бүрийн 1,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр түрээслүүлэхээр тохиролцож Түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч сар бүрийн 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Дээрх гэрээний дагуу хариуцагч сар бүрийн 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс дээрх 2 талбайн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд огт төлөөгүй. Бид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд бид 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Харилцан тохиролцох бичиг болон Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж Гэрээ №1 болон Гэрээ №2-ын дагуу төлөх төлбөр болох нийт 11,000,000 төгрөгийг дараах хуваариар төлөхөөр тохиролцсон. Үүнд 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11,000,000 төгрөг төлөхөөр байсан. Гэсэн хэдий ч хариуцагч төлбөрийг мөн л төлөлгүй өнөөдрийг хүргэлээ. Бид удаа дараа хариуцагчтай утсаар холбогдохыг оролдсон боловч утсаа авахгүй, төлбөрөө төлөхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 12 дугаар сард хариуцагчийн оршин суугаа газар болох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч нь бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байсан учир хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийг дээрх Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд оршин сууж байхыг цагдаагийн байгууллага олж тогтоосон болно. Иймд Гэрээ № 1 -ийн дагуу төлбөл зохих төлбөр болох 3,500,000 төгрөг. Гэрээ №2-ын дагуу төлбөл зохих төлбөр болох 7,500,000 төгрөг, Төлбөр барагдуулах хэлцэлд заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги болох 4,895,000 төгрөг нийт 15,895,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ү.*******, Ж.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ү.*******, Э.******* нар нь хавтаст хэргийн 52 дугаар талд байгаа Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо бага тойруу, 39-2 байршилтай 1,278 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Нэхэмжлэгч нар нь эхнэр нөхөр болох нь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдоно. Нэхэмжлэгч тал 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч талтай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, Бенз авто сервис төвийн 13 тоот хаягт байрлах 38 м.кв үл хөдлөх хөрөнгийг сарын 700,000 төгрөгөөр 5 сарын хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээ хавтаст хэргийг 5-9 дүгээр талд авагдсан. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөн үл хөдлөх хөрөнгийн 17 тоот хаягийг сарын 1,000,000 төгрөгийн ханштайгаар, 09 сарын хугацаатай түрээсэлсэн. Хариуцагч тал тухайн оффисыг түрээсийн гэрээний хугацаанд бүрэн эзэмшиж, ашигласан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, түрээсийн гэрээний төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон. Хавтаст хэргийн 16 дугаар талд байгаа. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг төлнө, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулж, Л.Мөнхгэрэл гарын үсэг зурсан. Хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан харилцан тохиролцох бичиг байгуулж, 11,000,000 төгрөг төлөхөөр болсон. Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр 11,000,000 төгрөг, алданги 4,895,000, нийт 15,895,000 төгрөг нэхэмжилж байна. Гэрээнд нэхэмжлэгч Ү.******* гарын үсэг зурсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Э.*******гийн нэр дээр байдаг. Нэхэмжлэгч нар 1996 онд гэр бүл болсон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2017 онд гарсан. Иймд хамтран өмчлөх дундын хөрөнгө, хүчин төгөлдөр гэрээ юм. Хавтаст хэргийн 53 дугаар талд Э.******* зөвшөөрөл олгосон. Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан байдаг боловч уг түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Учир нь 1,279 м.кв үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслүүлээгүй, тодорхой хэсгийг түрээслүүлсэн тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Алдангийн тухайд хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан төлбөр барагдуулах хэлцэлд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу 11,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 89 өдөр байгаа. Үүний дагуу алдангиа тооцож, нэхэмжилж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.*******, Ж.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 11,000,000 төгрөг, 89 хоногийн алданги 4,895,000 төгрөг нийт 15,895,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо бага тойруу, 39-2 байршилтай 1,278 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 13 тоот 48м.кв талбайг нэг сарын 700,000 төгрөгөөр 5 сарын хугацаатай, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо бага тойруу, 39-2 байршилтай 1,278 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 17 тоот 76м.кв талбайг нэг сарын 1,000,000 төгрөгөөр 9 сарын хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 5-15 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талууд гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг хэсэгчлэн түрээслэхээр тохиролцсон байх тул дээрх 2 түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна.
Түрээсийн зүйлийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшсөнөөр бусад этгээд түрээсийн гэрээг байгуулах эрхтэй учир түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагчаас шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч Э.******* нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байх боловч түрээсийн гэрээний тал болж гэрээнд оролцоогүй учир гэрээний дагуу шаардлага гаргах эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж Л.Мөнхгэрэл нар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хийж, түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийн талаар баримт үйлдсэн байна. /хх-ийн 16 дугаар тал/
Гэрээний талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцоогүй, Төлбөр барагдуулах хэлцэл-ийг түрээсийн гэрээний талууд байгуулаагүй байх тул алданги тооцож шаардсан шаардлага үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Ү.*******, хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний дагуу 48м.кв талбайн 2018 оны 03 сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, 76м.кв талбайн 2018 оны 08 сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 сар 15 хоногийн түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөхөөр Харилцан тохиролцох бичиг баримт үйлдсэн байна. /хх-ийн 50 дугаар тал/
Дээрх нотлох баримтаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ү.*******д түрээсийн гэрээний дагуу 11,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нотлогдож байна гэж үзэв.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүхэд өгсөн хаяг өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугнаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,895,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох 15,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,895,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 15,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ү.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 192,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР