| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/03927/И |
| Дугаар | 102/ШШ2021/02219 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/02219
| 2021 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2021/02219 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, Эрдэнэ толгой ... тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой, Нарангийн ... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоотод оршин суух, ... ургийн овогтой, ...ын ******* /РД:.../-д холбогдох,
35,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.*******ийн хүсэлтээр 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлж, 35,000,000 төгрөгийг нотариатчийн дэргэд бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Г.******* нь элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон ч Г.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. авсан зээл, хүүг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Г.*******оос зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү 3,500,000 төгрөг, нийт 38,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.******* надтай холбогдоод, маск авч өгье урьдчилгаа мөнгө шилжүүлээч гээд Хаан банкны дансаа өгсөн. Уг данс руу 15,000,000 төгрөг шилжүүл, хэрэв маргааш гэхэд маск өгч явуулахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Би Орос улсад байсан тул Орос банкны данс байна гэхэд н.*******ийн данс руу шилжүүлчих гээд Оросын Сибирь банкны дансыг өгсөн. 8,000,000 төгрөгийг нь Г.*******ийн өөрийн данс руу, 168,000 рублийг н.*******ийн данс руу шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу маргааш нь Г.******* яриад, үлдэгдэл 330,000 рубль дутчихлаа гэхээр нь Монгол мөнгөн дэвсгэртээр 14,100,000 төгрөг шилжүүлсэн. 08 дугаар сарын 23-ны өдөр 8,775,000 төгрөгийн үнэ бүхий маск, дансаар 1,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг нийт, 9,875,000 төгрөгийг буцааж өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй байж байгаад, 03 дугаар сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт сарын дотор 27,500,000 төгрөг болгож өгье гэсэн. Мөнгө хайгаад байна дахиад сар хойшлуулаач гэж хэлээд холбоогүй болсон. 05 дугаар сарын 20-ны өдөр утсаар холбогдоход, өмнөх сарын 27,500,000 төгрөгийг дахин 10 хувийн хүүтэй зээлэхээр болсон. 08 дугаар сард Г.*******ийг Монголд ирснийг мэдээд, утсаар холбогдоход мөнгөө төлнө, нотариат дээр очоод гэрээ байгуулъя гээд гэрээ байгуулсан. 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойших нийт дүн 38,610,000 төгрөгөөр зээлдэгч, зээлдүүлэгчийн гэрээ байгуулсан. 38,610,000 төгрөгийн нэхэмжлэлээс 35,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх хүүгээс 1-2 сарын хүүг хасаж тооцоод, 3,610,000 төгрөгөөс татгалзсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр маск худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан. Уг хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.*******ийн Хаан банкны данс руу 8,000,000 төгрөг, н.*******ийн данс руу 168,000 рублийг шилжүүлсэн. Энэ үйл баримттай хариуцагч тал маргаагүй. Харин гэрээ байгуулагдсаны маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 14,100,000 төгрөг буюу 290,000 рублийг н.******* гэх хүний данс руу шилжүүлсэн. н.******* гэх хүнтэй ямар нэгэн харилцаанд ороогүй, Г.*******ийн өгсөн н.******* гэх хүний данс руу мөнгөө шилжүүлсэн. Тооцооны хувьд тухайн өдрийн ханш 45 төгрөгөөр тооцоод нийт 15,000 маск буюу 8,875,000 төгрөг, 1,100,000 төгрөг, нийт 9,875,000 төгрөгийг буцааж авсан, 19,225,000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй холбогдож, таны мөнгийг 25,000,000 төгрөг болгож хүүгийн хамт өгье гээд тохиролцсон. Уг тохиролцоогоо бичгийн хэлбэрт оруулж, Г.*******ийн фейсбүүк хаягаас *******ын хаяг руу явуулсан байдаг. Ингэж явуулснаар маск худалдан авах гэрээ өөрчлөгдөж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн /хавтаст хэргийн 46, 68, 13 дугаар хуудас/. Уг зэлийн гэрээ бодитоор байгуулагдсан болох нь хариуцагчийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6 удаа /хавтаст хэргийн 124-129 дүгээр хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5 удаа /хавтаст хэргийн 130-134 хуудас/ хариуцагч өөрийн гараар бичиж, фейсбүүк хаягаасаа нэхэмжлэгчийн фейсбүүк хаяг руу ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх худалдах худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 39, 40, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 196.1.5, 243, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн. Хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүү төлөх хариу үүрэг хүлээснээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний тал болж, нэхэмжлэгчийн зүгээс хүү тооцож шаардах эрх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан заалтад нийцэж байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр талууд нотариат дээр очиж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ бичгийн хэлбэрт оруулж баталгаажуулсан. Эдгээр нотлох баримтуудад үндэслэж, зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тооцоо дээрээ будилж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 8,000,000 төгрөгийг Монгол мөнгөөр, 168,000 рублийг н.*******ийн данс руу шилжүүлсэн. Уг 15,000,000 төгрөг дээр талууд маргаагүй. Харин 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 290,000 рубль дээрх тооцоо 14,100,000 төгрөг болж байгаа эсэхийг нэхэмжлэгч тооцно. Хариуцагчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тооцоо хийж, нэхэмжлэгчийн фейсбүүк хаяг руу явуулсан тооцоог хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн тооцоогоор 17,875,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч 19,000,000 төгрөг гэж байгаа гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь 2020 оны 08 дугаар сарын 21, 26 -ны өдрүүдэд уулзаж ах нь байр машинаа алдах гээд байна өндөр зээлийн дүнтэй гэрээ хэрэгтэй байна чи надад тусал гэж шаардаж хүссэн. 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уулзаж Т.******* миний бие гэрээ хийх үйлдэлд оролцсон нь үнэн. Гэхдээ нэхэмжлэлийг дараах 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд 2020 оны 08 дугаар сарын 17-ноос өнөөдрийг хүртэл *******аас нэг ч төгрөг бэлнээр болон дансаар аваагүй. Гэрээний 6.1,-д зээлдүүлэгч, зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцно гэсэн байна. Тиймээс энэ гэрээ нь байгуулсанд тооцогдохгүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. *******ын дуу хоолойгоор...Өндөр үнэтэй зээлийн гэрээ хэрэгтэй байна... гэсэн утгатай хүсэлт гар утсанд бичигдэн үлдсэн байгаа. Энэ нь *******ыг юу үйлдээд байгааг нотлох юм. Гар утаснаас СD дээр бичиж буулгасан нотлох баримт болох бичлэгийг шинжээч томилж, баталгаажуулж асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг шүүхээс хичээнгүйлэн хүсч байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,5000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 35,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Г.******* нар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000 ширхэг нэг удаагийн маск худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 100,000 ширхэг маскны үнийг төлөх, хариуцагч нь маскийг тохиролцсон тоо ширхгээр бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэвч хариуцагч 100,000 ширхэг маск бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор гэрээг цуцалснаас талуудын хооронд шилжүүлсэн мөнгөний хэмжээ, худалдсан 15,000 ширхэг маскны үнийн талаар маргаан үүсжээ. /хх-ийн 69 дугаар тал/
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Г.*******оос 100,000 ширхэг маск худалдан авахаар тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг Г.*******ийн дансанд, түүний хүсэлтээр н.*******ийн дансанд 7,000,000 төгрөгийг рублиэр, 14,100,000 төгрөгийг рублиэр шилжүүлсэн гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд фейсбүүк мессенжерээр харилцсан баримтад хийсэн үзлэгээр хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч *******аас 8 сая, 13 сая, 180,000 рубль=8,100,000 төгрөг нийт 29,100,000 төгрөг авсан талаар нотлох баримт авагдсан байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 02 сарын 23-ны өдөр 15,000 маск, 1,100,000 төгрөг шилжүүлсэн өгсөн, хариуцагч 100,000 ширхэг маск нийлүүлэх боломжгүй болсноос гэрээг цуцлах болсон, тухайн үеийн 1 рублийн ханш 45 төгрөгөөр тооцож шилжүүлсэн тухайд зохигч мараагүй.
Шүүхэд гэрч ... /РД:.../ Г.*******ийн дансны лимит хэтрээд, урьдчилгаа өөр дансанд авсан, 8,000,000 төгрөгийг Монгол мөнгөөр, үлдэгдлийг нь рублиэр авсан, 15,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөгийг Г.*******ийн дансаар аваад үлдэгдэл 7,000,000 төгрөгийг н.*******ийн дансаар авсан гэх мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 165-167/
Нэхэмжлэгч 29,100,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн талаар шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар маск худалдан авах урьдчилгаа төлбөрт хариуцагч 29,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан нь нотлогдож байна.
Шүүхэд гэрч...ийн мэдүүлгээр 1 ширхэг маскийг 13 рублиэр тооцож худалдсан нь нотлогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 29,100,000 төгрөгөөс 15,000 маскийн үнэ /13рубль*15,000ширхэг маск=8,775,000 төгрөг/ 8,775,000 төгрөг, буцааж шилжүүлсэн 1,100,000 төгрөгийг хасаж, үлдэх 19,225,000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээжээ.
Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад хийгдсэн үзлэгээр хариуцагч нь худалдах худалдан авах хэлцлийн дагуу нэхэмжлэгчээс маск худалдан авахаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэлгүйгээр зээлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, татгалзаагүй байна. /хх-ийн 67-68, 70/
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу талууд өмнөх үүргийг сольж болно. Хариуцагч бодитоор 19,225,000 төгрөгийг хүлээн авсан байх тул талуудын хооронд 19,225,000 төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Хариуцагч зээлийн хүү төлөх баталгааг нэхэмжлэгчид гаргасан ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй. Түүнчлэн талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч бодитоор 35,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй учир хуулийн дээрх зохицуулалтын дагуу 35,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээл 19,225,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Г.*******оос 19,225,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,775,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.*******оос 19,225,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,775,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 254,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР