Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02234

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02234

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ...гийн ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, .. ургийн овогтой, ...ийн ... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..., өөрийн байранд байрлах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК /РД:.../-д холбогдох,

 

3,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дагвадорж овогтой Ганболд нь 1991 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станцын Зуухан цехэд Зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчнаар орж тасралтгүй 29 жил ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуул, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Ганболдыг өндөр насны тэтгэвэрт гарахад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 39,200,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн. Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Д.Ганболдын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан
татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар ДЦС-4-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 01/122 тоот албан бичгээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц ХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

 

Хариуцагч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ганболд нь 1967 оны 01 дүгээр сарын 25-нд төрсөн. ДЦС-4 ТӨХК-д нийт 29 жил 2 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны Б/423 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.Ганболдын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 39,200,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Монголын татварын албаны татварын дансанд шилжүүлсэн байна. Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул ДЦС-4 ТӨХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж 39,200,000 төгрөг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж 3,920,000 төгрөг авсан нь хууль бус гэж буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/423 дугаар, Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Д.Ганболдын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Д.Ганболдын Эрчим хүчний салбарт ажилласан 29 жил 02 сард ногдох 39,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Ганболдод нэг удаагийн мөнгөн тэтгэмж 39,200,000 төгрөг олгохдоо тэтгэмжээс 10 хувийн шимтгэл 3,920,000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 35,280,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.

 

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс суутгасан татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн нь тэтгэмжээс суутгасан мөнгийг олгохоос татгалзах, төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-аас 3,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгох нь зүйлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-аас 3,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 77,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР