Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/02278

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/02278

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хэсэг, ... байр, ... тоотод оршин суух, Онход ургийн овогтой Ядамсүрэнгийн Гэрэлмаа, /РД:ШД73071464/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, ... өөрийн байранд байрлах ...-д холбогдох,

 

506,203 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ******* ******* ын Эрчим хоолны газрын дарга ажилтай. Энэ компанид 30 жил ажиллаж байна. Манайхаас хамгийн анхны халдвар гарсан ажилтан болох тогооч ******* 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тухайн ажилтны хоолой өвдөх шинж тэмдэгтэй гэх асуумж бөглөсөн байсан. Тэр өдрөө эмч утсаар яриад асуумжтай хүнийг буцаа гэсэн. Тухайн үед 7 хоног бүр бүх ажилтнаа ковидын шинжилгээнд хамруулж байсан. 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 4 дэх хоногт нь шинжилгээ өгөхөд зовуурьтай байж ирсэн байсан. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ахлах тогооч ******* нь ******* руу залгаад биеийн байдлыг нь асуухад шинж тэмдэг арилж миний бие зүгээр болсон гэсэн. Өөрийнх нь хоолой өвддөг байсан. Амралтын өдөр нөхөж ажиллах талаар асуухад, ******* тэгье гээд ирж ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирж ажиллаад, орой 21 цаг 30 минутад шинжилгээний хариу нь эерэг гээд над руу утсаар ярьсан. Би ерөнхий инженер *******тэй утсаар яриад, манай ажилтнаас ковид-19 халдвар илэрсэн тухайгаа хэлсэн. Хоолны газраа шөнийн ээлжид ажиллуулаад хаасан. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өглөө 11 цагт гэрээсээ Zoom программаар хуралд орсон. Станцын онцгой комисс хуралдсан гээд хурлын тэмдэглэл хүргүүлсэн байсан. Үүнд *******гийн хариу гараагүй, хурал болоогүй, амралтын өдөр дарга нар хуралдсан байх ямар ч үндэслэлгүй байхад шүүхэд баримт бүрдүүлж өгсөн байна. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******тай ажилласан гэх 4 хүн байгаа. Тухайн үед ковидын нэгдсэн групптэй байсан юм. Энэ 4 хүний шинжилгээ сөрөг гарсан тухай мэдээллийг албан ёсоор өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манайхаас дахин 3 ажилтан ковидын халдвар авч, шинжилгээний хариу нь эерэг гарсан. Уг 3 ажилтан *******тай 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 12 хоног нэг дор ажиллаагүй, гэрээсээ ажиллаж байсан. *******тай ажилласан хүмүүсээс ковидын халдвар гараагүй. Би ганцаараа арга хэмжээ авхуулаагүй, 6 хүн байгаа. Яагаад ковидоор өвдсөн хүмүүст арга хэмжээ авч байгаа юм бэ гэх талаар онлайн хурал дээр хэлсэн. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн. Хүсвэл шүүхэд хандаж болно гэсэн зөвлөмжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль бусаар миний үр дүнгийн шагналт цалин болох 506,203 төгрөгийг хассан тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тогтоол гарсан байсан. ******* ******* ******* цар тахлын үед компанийн үйл ажиллагааг зохион байгуулах, арга хэмжээ авах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлын хэсэг байгуулсан. Үүнд ******* өөрөө ажиллаж байсан. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн гэдэг нь Гамшгийн тухай хуульд зааснаар өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын хамгийн сүүлийн хүнд зэрэг байдаг. Энэ цаг үед *******г компанийн эмнэлгээс ПСР шинжилгээ өгөөд ир, эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна гээд явуулсан байхад 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажиллуулсан нь ажлын хэсгийн үүрэг даалгавар, Улсын онцгой комиссын тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон. *******г орж ирснээр тухайн үед хамт ажилласан хүмүүсээс халдвар гараагүй гэдэг. Энэ нь гол асуудал биш, халдвар авсан гэж яриагүй. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнийг ажиллуулсан нь 1500 хүний хоол бэлдэж байгаагийн хувьд буруу юм. Удаа дараа Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комиссоос үүрэг өгсөн үед энэ тухай хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан байгаа тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Онлайнаар болсон учир өөрийн биеэр ирээгүй гэж байгаа байх. Өөрөө эрх мэдэлтэй, дарга хүн байж яагаад *******г ажиллуулсан бэ гэдэг үндэслэлээр ******* ******* 4 ******* дотооддоо мөрддөг журмын дагуу урамшууллыг 50 хувь хасах нь зүйтэй гэж үзэж, гүйцэтгэх захирал үр дүнгийн урамшууллыг 50 хувиар суутгасан. *******гийн хариу эерэг гарсан. *******гийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар цайны газраа өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Компанийн дотооддоо олгодог урамшууллыг хасаж тооцсон. Энэ нь хууль, дүрэм зөрчөөгүй. Сахилгын арга хэмжээ авахгүйгээр дотооддоо мөрддөг журмын дагуу үр дүнгийн урамшууллыг 50 хувиар хассан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* *******-д холбогдуулан сарын үр дүнгийн урамшуулал цалин 506,203 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

******* ******* ******* ******* нь тус байгууллагын Эрчим зоогийн газрын дарга *******г Ковид-19 цар тахлын үед компанийн үйл ажиллагааг зохион байгуулах, арга хэмжээ авч, бэлэн байдлын зэрэгт шилжин өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын хүнд зэрэгт ажиллахдаа өөрийн хариуцан ажиллаж буй Эрчим зоогийн газрын ажилтан Г.Пунсалмааг компанийн эмнэлгээс Ковид-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа, ПСР шинжилгээ өг гээд явуулсан байхад 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуудан ирүүлж ажиллуулсан нь ажлын хэсгийн үүрэг даалгавар, Улсын онцгой комиссын тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон үндэслэлээр сарын үр дүнгийн урамшуулал цалингийн 50 хувийг хасаж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар шийдвэрээр ажилтны төлөөлөл цалин хөлснөөс суутгал хийсэн нь буруу гэж, ажил олгогчийн төлөөлөл сарын үр дүнгийн урамшууллаас хассан шийдвэрийг хэвээр үлдээхээр санал гаргаж, санал тэнцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр чөлөөтэй байсан, тогтооч Г.Пунсалмааг ажиллуулах шийдвэрийг гаргаагүй байхад сарын үр дүнгийн урамшуулал олгохдоо 50 хувь 506,203 төгрөгийг хассан, энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй нь хууль бус байна гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч *******д 2021 оны 04 дүгээр сард олгох цалингаас сарын үр дүнгийн урамшуулал олгохдоо 50 хувь 506,203 төгрөгийг хасаж олгохоор шийдвэрлэсэн, Эрчим зоогийн газрын тогтооч ажилтай Г.Пунсалмаад компанийн эмнэлгээс Ковид-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор ПСР шинжилгээ өгч, тусгаарлалт хийхийг мэдэгдсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирж ажилласан, мөн өдөр түүний Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан үйл баримтын тухайд маргаангүй байна.

 

Хариуцагч ******* ******* ******* *******-ийн удирдлагаас нэхэмжлэгч *******г Ковид-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн ажилтныг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуудан ирүүлж ажиллуулсан болохыг тогтоосон баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч *******гийн ажлын байрны тодорхойлолтоор ******* нь Эрчим зоогийн газрын даргаар, тогооч Г.Пунсалмаа түүний шууд удирдлагад ажилладаг болох нь нотлогдож байх боловч шүүхэд гэрч Д.Орхоны 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тогооч Г.Пунсалмааг бид хоёр хоорондоо ярилцаж, өөрийнх нь биеийг асууж байгаад хоолой нь гайгүй байна гэхээр нь дуудаж ажиллуулсан гэх гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогооч Г.Пунсалмааг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч дуудан ирүүлж ажиллуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

******* ******* ******* *******-ийн Сарын үр дүнгээр урамшуулал олгох журам-ын 6 дугаарт Сарын үр дүнгийн урамшуулал олгох үндсэн шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд 6.1.1-д үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой 35 хувийн, 6.1.2-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн зөрчил 15 хувийн урамшуулал олгохоор зохицуулсан байна. 6.2.6-д урамшуулал олгох хувь хэмжээг хариуцсан алба хэлтсийн нэгжүүдийн дундаж хувиас тооцох, гүйцэтгэх захирал тооцогдсон хувь хэмжээг бууруулах өсгөх асуудлыг шийдвэрлэхээр журамласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Нэмэгдэл, шагнал урамшуулал нь цалин хөлсөнд багтах бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн зөрчил гаргасан эсэхийг бодитоор тогтоогоогүй, Сарын үр дүнгээр урамшуулал олгох журам-д заасан шалгуурыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчид олгох сарын үр дүнгийн урамшууллын хэмжээг 50 хувиар багасгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх ажил олгогчийн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин байгууллагын дотоод үйл ажиллагаа, журамд заасны дагуу сарын үр дүнгийн урамшуулал олгох, бууруулахад эрх бүхий албан тушаалтнаас тушаал гаргах шаардлага тавигдаагүй байна.

 

Иймд хариуцагч ******* ******* ******* *******-иас 506,203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* *******-иас 506,203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,578 төгрөгийг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.

 

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР