Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2022/01733/И |
Дугаар | 001/ХТ2024/00180 |
Огноо | 2024-09-10 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00180
Б.О-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00892 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00981 дүгээр магадлалтай
Б.О-ын нэхэмжлэлтэй,
“О” ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О хариуцагч “О” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00892 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “МГ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан хотхоны барилгын 1 дүгээр байрны 0 дүгээр орц, 0 дугаар давхарт, А загварын 3 өрөө, 62.66 м.кв хэмжээ бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагч “О” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжид төлсөн 596,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 596,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00981 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Талуудын хооронд 2013.09.26-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний 2.1-д орон сууцны мэдээллийг оруулсан бөгөөд 1 дүгээр зүйлийн 1.2-т “МГ”-ийн алба хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд энэ гэрээг захиалагчтай байгуулж байна” гэж заасан. Хариуцагч “...Б.О нь тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй” гэж маргасан боловч тогтвортой ажиллах нөхцөлийг талууд тодорхойлоогүй, гэрээний 1.2-т заасан “МГ-ийн алба хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг хариуцагч хэрэгт баримтаар өгөөгүй, ажилчдад уг хөтөлбөрийг танилцуулсан баримт байхгүй. “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4.1-д зааснаар хариуцагч нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Б.О нь 2015.10.22-ны өдрийг хүртэл “О” ХХК болон “МИ” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан. Энэ хугацаанд тухайн орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан.
Орон сууц захиалгын гэрээг байгуулах үед Б.О нь 45,277,200 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд төлбөр нь түүний 56 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний төлбөр байсан. Хариуцагч нь 2014 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад өгөх үүргийг хүлээсэн боловч 6 жилийн дараа 2020.12 дугаар сард ашиглалтад өгсөн талаар талууд маргаагүй. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг “нэг бүрийн шинжээр тодорхойлогдохгүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй гэж дүгнэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Талууд 2013 онд “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулахдаа 1 дүгээр орцны 7 давхрын, А тоот 62.66 м.кв 3 өрөө орон сууцыг барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн барьж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаартай “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжид “Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна.” гэсэн нь гэрээ байгуулагдах үед талууд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх эсвэл эд хөрөнгийг бий болгох аль хүсэл зориг илэрхийлэгдсэн гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатайг онцолжээ. Хариуцагч байгууллага гэрээний зүйлийг тохиролцсон хугацаанаас хойш 6 жилийн дараа ашиглалтад оруулж гэрээний үүргээ зөрчсөн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.2-т заасан “зах зээлд орон сууц санал болгож буй үнээр тооцох, төлбөрийн нөхцөлийг тогтоосон гэрээний хавсралтыг өөрчлөх” үүрэг нь гэрээний 6.1-д “..компани нь дор дурдсан арга хэмжээний аль тохирохыг авна.” гэж зааснаар хариуцагчийн үүрэг байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00889 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... “МГ” ХХК-ийн хамаарал бүхий компани болох “И” ХХК, “О” ХХК-д тус тус 2012.03.01-ний өдрөөс 2015.10.22-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд “МГын алба хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамрагдаж 2013.09.26-ны өдөр “О” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж 62.66 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр тооцож 87,724,000 төгрөг болсноос урьдчилгаанд нийт 45,277,200 төгрөг, үлдэгдэлд 42,446,800 төгрөг тус тус төлж орон сууцны үнийг бүрэн төлсөн. Гэвч хариуцагч орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй. Иймээс орон сууцыг өмчлөх эрхтэй.” гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч, “...Б.О нь тус компанид тогтвортой ажиллах үүргийг хүлээсэн боловч 2015.10.22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэрээ цуцлах тухай 2022.03.31-ний өдөр мэдэгдсэн ...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...орон сууц захиалгын гэрээнээс харахад Орон сууц захиалгын гэрээний 5.2.2-т заасан тогтвор суурьшилтай ажиллах гэдгийг хэрхэн ойлгох талаар талууд тохиролцоогүй учир тус гэрээний 6.1.2-т заасан үндэслэлээр хариуцагчийг орон сууц захиалгын гэрээг цуцлах эрхтэй гэж үзэхгүй, гэрээний 6.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш төлөгдөх дүнг гэрээний 3.1-д заасан эрх, зах зээлд орон сууц санал болгож буй үнээр тооцож, төлбөрийн нөхцөлийг тогтоосон гэрээний хавсралтыг өөрчлөх зохицуулалтыг ямар хугацааны дотор, хэрхэн хэрэгжүүлэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн, харин хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсон, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, мөн шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, нөхцөлийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн алдаа гаргасан, Б.О нь өөрийн хүсэлтээр 2015.10.21-ний өдөр “О” ХХК-ийн дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.3-т заасан орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшаар тооцох тохиролцоо хэрэгжинэ, хариуцагч байгууллагаас Б.О-д 2022.03.31-ний өдрийн АБ-22/31 дугаартай албан бичгээр ... зах зээлийн үнэлгээ 2,800,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөх агуулгатай албан бичиг илгээж байсан ба нэхэмжлэгч 87,724,000 төгрөг төлснийг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэж өмчлөгчөөр тогтоох нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д нийцэхгүй...” гэж үзжээ.
10. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг өөрөөр тогтоож зөрүүтэй шийдвэр гаргасан нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон.
11. Хэргийн баримтаас үзэхэд “О” ХХК болон Б.О нарын хооронд 2013.09.26-ны өдөр MUD-C-2013-EMP-015 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “МГ” ХХК-ийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “О” ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр байр, 1 дүгээр орц, 7 давхарт байрлах 62,66 м.кв 3 өрөө орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр, Б.О нь орон сууцны үнийг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 87,724,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь 2013.09.26-ны өдөр 26,317,200 төгрөг, 2013.10.23-ны өдөр 18,960,000 төгрөг, 2022.04.14-ний өдөр 42,446,800 төгрөг, нийт 87,724,000 төгрөг төлсөн, орон сууцны барилгыг 2020.12.17-ны өдөр ашиглалтад оруулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
Талуудыг гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууцны барилга бий болоогүй байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, тус орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг худалдах-худалдан авах гэрээний шинжтэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
Учир нь нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээ, харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон бол худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.
12. Нэхэмжлэгч Б.О нь “МГ” ХХК-д тогтвор суурьшилтай ажилласан эсэх, ийнхүү ажиллаагүй хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийг зах зээлийн үнээр тооцож төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.
13. Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор харилцан биелүүлэх үүрэгтэй.
13.1. Дээрх гэрээний 5.2.2-т “захиалагч нь энэ гэрээний 1.2-т заасан хөтөлбөрт хамрагдаж, зах зээл дээр зарласан үнээс бага үнээр орон сууц худалдан авч байгаа гэдгээ ухамсарлан ойлгож, “МГ” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах үүргийг ажил олгогчийн өмнө хүлээнэ” гэж, 5.2.3-т “хэрэв “МГ”-ийн аль нэг компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямарваа байдлаар дуусгавар болгосон бол энэ гэрээний үнэ болон бусад нөхцөл өөрчлөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрнө”, 6.1.2-т “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш төлөгдөх дүнг гэрээний 3.1-д заасан зах зээлд санал болгож буй үнээр тооцож төлбөрийн нөхцөлийг тогтоосон гэрээний хавсралтыг өөрчлөх арга хэмжээг компани авна.” гэж талууд тус тус тохиролцжээ.
13.2. Нэхэмжлэгч Б.О “МГ” ХХК-ийн хамаарал бүхий компани болох “МИ” ХХК, “О” ХХК-д тус тус 2012.03.01-ний өдрөөс ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015.10.21-ний өдөр “О” ХХК-ийн дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн буюу тус компанид нийт 3 жил, 6 сар ажилласан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Орон сууц захиалгын гэрээнд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах хугацааг тодорхой заагаагүй байх тул гэрээний уг заалтыг бусад нөхцөлтэй харьцуулах замаар тодорхойлох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт нийцнэ.
13.3. Анхан шатны шүүх зохигч “Орон сууц захиалгын гэрээний 5.2.2-т заасан тогтвор суурьшилтай ажиллах” гэдгийг хэрхэн яаж ойлгох талаар тохиролцоогүй, гэрээний 6.1.2-т зааснаар гэрээнд өөрчлөлт ороогүй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Талуудын хооронд 2013 онд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 4.1-д “компани нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна” гэж заасан. Энэ гэрээ хэрэгжиж дуусахаар тохирсон хугацаанд нэхэмжлэгч Б.О ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд тогтвор суурьшилтай ажиллаагүй гэж үзэхгүй тул 2015.05.26-ны өдрөөс 2016.05.26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд тогтвортой ажиллах байсан гэх хариуцагчийн тайлбар, гэрээ цуцлах мэдэгдэл үндэслэлгүй байна.
13.4. Гэрээний 3.3-т “Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувийг гүйцэтгэгчид төлөх ба үлдэгдэл төлбөрийг хавсралт 2-т заасны дагуу төлнө. Орон сууц ашиглалтад орж эзэмшлийг захиалагчид шилжүүлэхийн өмнө захиалагч төлбөрийг 100 хувь бүрэн төлж дуусгасан байна” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд Орон сууцны захиалгын гэрээний 6.1.2-т зааснаар “... зах зээлд орон сууц санал болгож буй үнээр тооцох, төлбөрийн нөхцөлийг тогтоосон гэрээний хавсралтыг өөрчлөх.” гэж заасан нь хариуцагч компанийн үүрэг байх бөгөөд гэрээ хэрэгжих явцад орон сууцны үнэд өөрчлөлт ороогүй, хэдийгээр нэхэмжлэгч гэрээний үнийг 100 хувь төлөөгүй ч хариуцагч орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг барьж дуусгаагүй буюу тодорхой үр дүн гараагүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэхгүй.
14. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна “... Б.О нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.3-т заасан орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшаар тооцох тохиролцоо хэрэгжинэ” гэж дүгнэсэн үндэслэл тодорхойгүй, гэрээний чөлөөт байдлын зарчимд харш байх тул магадлалыг хүчингүй болгоно.
15. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.О нь гэрээний 3.3-т зааснаар орон сууц 2020 онд ашиглалтад орсны дараа буюу 2022.04.14-ний өдөр орон сууцны үнийн үлдэгдэл 42,446,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлснийг хууль болон гэрээнд зааснаар буруутгах үндэслэлгүй байна.
Иймд Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “О” ХХК-аас Орон сууцны захиалгын гэрээний дагуу 14 дүгээр хороо, 1 дүгээр байр, 0 дүгээр орц, 0 дугаарт байрлах 62,66 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.
Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00981 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаарзүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.О нь 2024.06.11-ний өдөр 596,570 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН