Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1962

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02171 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Эад холбогдох,

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1 046 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Мөнхтариа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Болор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 45 жил эзэмшиж, амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо УБТЗ-ын 45-4-48 тоот байрны хаалгыг Ч.Э нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад 6 хүнтэй бүлэглэн эвдэж ороод, гэрээс улаан шаргал мебель сандал 2 ширхэг /140 000 төгрөг/, хавтгай дэлгэцтэй Японы Сони өнгөт телевиз 1 ширхэг /360 000 төгрөг/, Сони Камер 1 ширхэг /380 000 төгрөг/, хэвийн боов 50 ширхэг /50 х 2000 төгрөг/, дээд гурил 25 кг, шинэ өвлийн гутал 35 000 төгрөг, машины гар насос 1 ширхэг /45 000 төгрөг/ зэрэг эд зүйлийг байрнаас гаргаж овоолоод 65-56 УНБ дугаартай хар машинаар авч явсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үнэлгээний комиссын үнэлснээр надад 806 000 төгрөгийн хохирол учирсан ба, хариуцагчийн эвдэлсэн хаалганы үнэлгээ 200 000 төгрөг гарсныг би хариуцагчаас нэхэмжлээгүй. Харин шинээр бүргэд хаалга 240 000 төгрөгөөр худалдаж авсан учир түүний зардлыг үнэлгээгээр тогтоогдсон хохирол дээр нэмээд, нийт 1 046 000 төгрөгийг Ч.Эаас шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э хууль бусаар удаа дараа дайрч орж хүмүүсийг сайн дураар өөрсдийн талд татан оролцуулж, 1 046 000 төгрөгийн 7 нэр төрлийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгасан хохирол учраас иргэний хуулийн дагуу гэм хор учруулсан гэж үзэж гаргуулах нь зүйтэй Ч.Э нь ирээд Ш.Быг лоомоор цохиж унагааж байсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хуулийн байгууллага хохирол төлбөрийг нь тогтоочихсон байхад хариуцагч би буруугүй, тийм эд зүйлс байгаагүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Бы гэх Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоот орон сууцыг миний эхнэр Ц.Болор, хадам эх М.Жаргалсайхан нар 2013 оны 10 дугаар сард өв залгамжлалаар өвлөж авсан бөгөөд одоо албан ёсоор дээрх байр нь тэдний нэр дээр байдаг, хууль ёсны өмчлөгч юм. 2014 онд бид Ш.Быг шүүхээр эрэн сурвалжлуулж олоод, хариуцагчаар татаж байран доторх эд зүйлсийг нь гаргуулж, байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхэд тэрээр уг байр надад хамаагүй, дотор нь миний юм байхгүй, Н.Ойдовдоржийн барьцаанд байгаа, түүний эд юмс байгаа гэсэн тайлбарыг шүүхэд хэлж, бид арга буюу байранд байгаа эд зүйлсийн эзэн тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2015 онд нэхэмжлэлээ татан авсан. Ш.Бд холбогдуулаад байраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаар энэ хүн хаана амьдардаг нь огт мэдэгддэггүй, шүүхэд ирэхээрээ энэ байранд амьдардаггүй гээд байдаг. Гэтэл өнөөдөр энэ байранд амьдарч байгаа гэж хэлж байна. Бид Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримталж өөртөө туслах үйлчилгээг хэрэглэж байраа чөлөөлөхөөр 2 удаа оролдсон ч Ш.Б, Н.Ойдовдорж нар элдвээр саад хийн зогсоодог байсан. Ш.Б бидний гаргаж гадаа өрсөн юмсыг бүгдийг нь зөөгөөд оруулчихсан, хаалга сольчихсон орцны үүдэнд зогсож байсан. Үүнээс хойш 2 сарын дараа түүний хамсаатан Н.Ойдовдорж нь намайг шүүхэд өгч, гэм хорын хохирол гэж 800 000 төгрөг нэхэмжилсэн нь Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 02068 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Ш.Бы нэхэмжлэлд байгаа үнийн дүн бүхий эд зүйлс уг байранд байсан эсэх, тэдгээрийг ачаад авсныг юугаар нотлож байгаа нь тодорхойгүй, хэрэгт хавсаргасан сандал, зурагт зэргийн зургийг хаа нэгтэйгээс олж авчраад зургийг нь авах боломжтой. Намайг 800 000 орчим төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж гаргасан Прокурорын тогтоол ч мөн ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар нотлох баримтыг үндэслэж ийм зүйл бичсэн нь ойлгомжгүй, зөвхөн хохирогч хэмээгч Ш.Бы ам тайлбарыг сонсож гаргасан байна. Нэхэмжлэгч эд зүйлсийн зураг авсан байсан. Түүн дотроос алга болсон гээд байсан камерын зураг хавсаргасан байсан. Алга болсон юм бол хаанаас авсан байж таарах вэ. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Б энэ байрыг суллаж өгөхгүй гэсэн зорилгоор 4-5 жил байнга шүүх, цагдаагаар явж цаг хожиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эаас 806 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.Эаас 23 894 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Ч.Э давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Шүүх хуралдаанд гэрчээр н.Ойдовдорж “цэцэрлэгийн тэндээс машинаар ачиж явахыг харсан, бичлэг хийгээгүй, үлдсэн эд зүйлсийн зургийг авсан” гэж мэдүүлсэн байдаг. Үлдсэн эд зүйлсийг ачиж байгаа зургийг нь авсан юм бол миний машинд юм ачиж явсан үйлдлийг баримтжуулах буюу зураг дарах, бичлэг хийх байсан. Гэтэл тийм фото зураг, бичлэг байдаггүй. Мөн Ш.Бы алдагдсан гэх камерын зураг хаанаас гараад ирсэн нь ойлгомжгүй... мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаартай прокурорын тогтоолд “Ч.Э нь хохирогч Ш.Бтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж...эд хогшлыг автомашинаар ачиж явсаны улмаас 806 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн. Гэтэл уг тогтоолд дурдсанаар намайг ямар баримт нотолгоогоор эд хогшлыг авч явсан нь ойлгомжгүй...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч.Эад холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 1 046 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэргийн 22-30 талд авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон фото зургууд гэх баримтууыг “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр фото зургууд нь хэдийд болсон үйл баримтыг тодорхойлж байгаа эсэх нь эргэлзээтэй, огноогүй баримтууд байна.

 

Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн 19-20 дугаар талд авагдсан эрүүгийн хэргийг шалгах явцад алдагдсан гэх эд хөрөнгийг бүртгэж, цагдаагийн байгууллагаас үнэлгээ тогтоосон баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. 

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН