Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00911

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00911

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 5 тоот хаягт оршин суух, Боржигин овогт ...ын ... /РД.../-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . тоот хаягт оршин суух, Боржигон овогт ......РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...оос ажил хүлээлцэж авахдаа шаардлага тавьснаас болж зодуулсан. Үүнээс болж сэтгэл санаа тогтворгүй болж, айж цочдог болсон. Толгой тархиа бариулж, бүтэн биеийн эмчилгээ хийлгэсэн. Цагдаад өргөдөл гарган шалгуулж, ...ыг Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгосон. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, толгойн дүрс оношлогоо хийлгэхэд 130.000 төгрөг, Төгс Оюун эмнэлэгт бүтэн биеийн цогц эмчилгээ хийлгэхэд 850.000 төгрөг, мөн эмнэлэгт толгойн бариа хийлгэхэд 75.000 төгрөг, эм тариа худалдан авахад 379.450 төгрөг, нотариатын зардал 1.900 төгрөг, нийт 1.444.350 төгрөг болсноос 1.400.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардаж байгаа. Хариуцагчаас хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг гутлаар толгой түрүүгүй зодсон үйл явдал болоогүй харилцан зодоон болсон байсан. Хариуцагч нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй болохоос нэхэмжлэгч бас хариуцагчийг зодсон. Нэхэмжлэгч гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан гэсэн байсан. Нөхөртөө зодуулж бэртсэн зүйлээ хариуцагчаас шаардах үндэслэлгүй юм. Бас нэхэмжлэлд хавсаргасан баримт нь 1.124.900 төгрөгийн баримт байх бөгөөд баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                         

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.... нь хариуцагч ...д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.400.000 төгрөг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь харилцан зодолдсон бөгөөд нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийг учруулаагүй гэж гэм буруу болон хохирлын хэмжээн дээр маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.... нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн 282 дугаар вагонд ажиллаж байх үедээ нөгөө ээлжийн ажилтан ...д зодуулсан гэсэн гомдол гаргаж, гомдлын дагуу Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт 2003000109 тоот зөрчлийн хэргийг нээх тогтоолын дагуу шалгаж, холбогдогч ...д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гээн заалтыг үндэслэн 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болох нь 2003000109 тоот зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн материал, шийтгэлийн хуудас, торгууль төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Зодуулсны улмаас нэхэмжлэгчийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн мөр, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирсан болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12439 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Хэдийгээр дээрх гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогоогүй боловч хариуцагчийн зодсоноос үүссэн гэмтэл тул эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо компьютер томографын шинжилгээ хийлгэсэн зардал 130.000 төгрөг, ардын уламжлалтын эмнэлгээр бүтэн биеийн цогц эмчилгээ хийлгэсэн зардалд 850.000 төгрөг, уламжлалтын эмнэлэгт 3 хоног толгойн бариа хийлгэсэн зардалд 75.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 8.000 төгрөг, эм тарианы зардалд 379.450 төгрөг, нотариатын зардалд 1.900 төгрөг, нийт 1.444.350 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, 8.000 төгрөг, БӨМБ ХХК-ийн Төгс-Оюун ардын уламжлалт эмнэлэгт бүтэн биеийн цогц эмчилгээ хийлгэж 850.000 төгрөг, тус эмчилгээг хийлгэхдээ 60.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн, толгойн комьютер томографийн шинжилгээ хийлгэж, 130.000 төгрөгийн төлбөр төлсөн, толгойн барианд 75.000 төгрөг, нотариатаар баталгаажуулсан төлбөрт 1.900 төлсөн болох нь БӨМБ ХХК-ийн 850.000 төгрөг, 75.000 төгрөгийн баримт, Армон фарм ХХК-ийн НӨАТ-ын баримт, Дуб ХХК-ийн НӨАТ-ын баримтаар, эдгээр баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан болох нь тогтоогдож байна.

Харин эм тарианы гэх 319.450 төгрөгийн 1 ширхэг баримт нь нэхэмжлэгчид дээрх гэмтэлтэй холбоотой зайлшгүй хийлгэх шаардлагатай эм тариа байсан эсэх нь тодорхойгүй, эмчийн заавар, бичилт байхгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч гэм буруутай тул учирсан хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 1.124.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ...оос 1.124.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.548 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

А.САРАНТУЯА