Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00927

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00927

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Г овогт...... /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.812.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн зам засварын ажлаа явуулахын тулд өөрийн амьдардаг 2 өрөө байраа 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр барьцаалж 25.000.000 төгрөгийн зээл авсан. Улсаас төсвийг хүлээгээд бүтэхгүй болохоор нь зээл авч ажлаа эхлүүлсэн. Налайх АЗЗА нь төрийн өмчийн компани учир арилжааны банкнаас компанийн нэр дээр зээл авах боломжгүй байсан. Ингээд 25.000.000 төгрөгөө төлж дуусаагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн. Шинэ ТУЗ байгуулагдаж, ...ыг чөлөөлж, оронд нь ... гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон тушаал гарсан. Танд хүсэх зүйл байна уу гэхээр нь төрийн ажил ээлж дараатай учир чөлөөлөгдөхөд татгалзахгүй. Гэхдээ замын ажлаа эхлүүлэхийн тулд өөрийн амьдардаг 2 өрөө байраа барьцаалж банк бусаас 25.000.000 төгрөгийн зээл авсан, тухайн мөнгөө төлөхгүй бол барьцаанд тавьсан 2 өрөө байраа алдахад хүрээд байна. Энэ асуудлыг шийдэх талаар ... захиралд ойлгуулж өгнө үү гэсэн. Тухайн 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. 5 сард нь аваад, 11 сард дуусах байсан боловч би 9 сард нь ажлаа өгсөн. Оны сүүлд 6.000.000 төгрөг төлсөн, бусдын би өөрөө төлсөн. Бага багаар цувуулсаар өгсөн, одоо 3.812.000 төгрөг үлдсэн. 2016 оны 9 сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл 4 жил 6 сар хүлээсэн. Би захиралтай нь уулзахаар мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлдэг. Сүүлдээ би та нарыг их хүлээсэн, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй бол дараагийн арга хэмжээгээ авна гэж хэлээд шүүхэд хандсан. Төрийн компаниуд төсвийн тодотгол хийгдээгүй үед захирлууд нь бүгд арилжааны банкнаас зээл авдаг. Энэ нь түгээмэл асуудал, ганцхан надад тохиолдсон зүйл биш. Харин энэ мөнгийг буцааж өгөхгүй байгаад гомдолтой байна. 25.000.000 төгрөгөөс 3.812.000 төгрөгийн үлдэгдэлтэй бусад мөнгийг төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулбараар байгаа. Тухайн мөнгөний зарцуулалтыг гаргах шаардлагатай. ... захирлын ажиллаж байх үед гаргасан алдаанаас болж... алдагдалд орсон. Энэ асуудлаар цагдаад хандахад эрүүгийн хэрэг биш гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Манай компани 25.000.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. ... захирал үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, гэрээ хэлцэл хийсэн бол шүүхээр яваад мөнгөө олж авах байсан. Хэрвээ уг мөнгийг авбал ...ыг үлдэгдэл төлбөрийг төлнө. Энэ асуудлыг шийдэгдэх хүртэл түдгэлзүүлж өгөхийг хүссэн. Тухайн үед ... захирал ажиллаж байхдаа өр төлбөрийг төлөх боломж байсан уу гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... хариуцагч...-д холбогдуулан 3.812.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь  компанид ажиллаж байхдаа гэрээгүйгээр ажил гүйцэтгүүлснээс компанид хохирол учирсан тул төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч ... нь...-д гүйцэтгэх захирлаар ажиллах байх үедээ компанид санхүүжилт хэрэгтэй болсон гэж 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... ХХК-иас 25.000.000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зас засварт зориулсан цагаан шугам татагч авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Б. тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууц, авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийн зээлийг авчээ.

Энэхүү зээлсэн 25.000.000 төгрөгийг...-ийн зам засвар, арчлалтын ажилд зарцуулсан бөгөөд ББСБ-ын зээлийг, хүүгийн хамт компани төлж байсан байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгджээ.

...-ийн ерөнхий санхүүчээс иргэн ...т хувийг ... ББСБ-д гэсэн тодорхойлолтоор зам засвар ачлалтын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд захирлаар ажиллаж байсан ...ын нэрээр түүний байрыг барьцаанд тавиулж зээл авсан, цаг хугацаанд нь төлөхөө илэрхийлсэн байна.

Улмаар...-ийн гүйцэтгэх захирал ..., ерөнхий санхүүч... иргэн ... нар нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өглөг авлагын тооцоо нийлсэн протокол үйлдэж, ...т ... ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл 7.412.000 төгрөг, грейдерийн түрээсийн төлбөрт 5.600.000 төгрөг, нийт 13.012.000 төгрөгийн өглөгтэй, грейдерийн хос дугуй 1.200.000 төгрөг, грейдерийн зогсоол 500.000 төгрөг, ёмкость 3.500.000 төгрөг, нийт 5.200.000 төгрөгийн авлагатай гэж тооцоо нийлж, үлдэгдэл 7.812.000 төгрөгийг сар бүр 1.000.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн талын тайлбар зэргээр компанийн үйл ажиллагаанд зарцуулахын тул хувь хүнээр зээл авсан, зээлийг компани хариуцан төлж байсан болон төлөхөө илэрхийлсэн, тооцоо нийлснээс хойш 4.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3.812.000 төгрөг байгаа талаар талууд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч төлөхгүй байгаа шалтгаанаа компанид хохирол учруулсан гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хохирол учруулсан байдал нь тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн тусгай ангид заасан гэрээний харилцаа биш тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан үүргийн харилцаа үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 3.812.000 төгрөгийн үүргийг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлсөн 75.942 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75.942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтыг баримтлан хариуцагч...-иас 3.812.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 75.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч...-иас улсын тэмдэгтийн хураамжид 75.942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ