Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1963

 

 

 

 

 

 

 

 

 

Х.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.О ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК, М.Б нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-ын хууль бус эзэмшлээс хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхмандах

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Минжзанд” ХХК болон Х ХХК нар нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5001133073 тоот зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар жилийн 25.20 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба Х.О  нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд оролцсон. Барьцааны гэрээнд Х.О  нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв талбай бүхий 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 164 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-22050505531 дугаарт бүртгэлтэй, 325.21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, 18641311582776 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2205002642 дугаарт бүртгэлтэй, 343 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 164 тоотод байршилтай, 18641311750466 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2205001213 дугаарт бүртгэлтэй, 390 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан болно. Ингээд “Минжзанд” ХХК-ийн зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан ба эдийн засгийн хүндрэл болон санхүүгийн алдагдалд орж, зээл эргэн төлөлт 2016 оны 07 дугаар сараас эхлэн тасалдсан. Гэтэл Х ХХК-иас “Минжзанд” ХХК-ийг эргэн төлөлтөө хий гэж шаардсан ба түр хугацаанд санхүүгийн асуудалтай байгаагаа хэлэхэд Р.Отгонбаяр надад барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулвал 1 жилийн хугацаагаар гэрээний хугацааг сунгая, энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй танд болон танай компанид хамаагүй илүү ашигтай гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1\16-003 тоот Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээг тус тус хийж 2016 оны 07 дугаар сарын 25-ны дотор үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 17 881 013 төгрөг, нийт 167 881 013 төгрөг төлж буцаан төлөх нөхцөлтэйгээр миний өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Хас банкны тусгай активын хэлтсийн захирал ажилтай иргэн Мягмарын Батмөнх нь өөрийн нэр дээр тус тус шилжүүлсэн авсан. Хас банк нь Банкны тухай хуульд зааснаар хадгаламж авах, зээл гаргах зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах ёстой атал үйлчлүүлэгчээ хууль зүйн мэдлэггүйг далимдуулан хүү тооцохгүй, хүү нь зогсоно гэх зэргээр худал мэдээллээр хууран үйлчлүүлэгч, зээлдэгчийнхээ өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл юм. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу Х.О ын “Хасбанк” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1\16-003 тоот үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ, мөн үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О  болон “Минжзанд” ХХК нар нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн барьцаанд нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулсан. Зээл төлөх хугацаа өнгөрөхөд зээлдэгч нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр банкинд бичгээр хүсэлт гаргаж, “...Хасбанкны зээлийн барьцаанд байгаа 220 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект, Г-2205002642 дугаар бүхий газар, 325,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект, Г-2205001213 дугаар бүхий газар зэргийг Хасбанкны эзэмшилд шилжүүлж зохих хугацаанд зээлийг төлж барагдуулах үүргийг хүлээж, бид өөрсдийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээнүүдийг авч зээлийг төлж барагдуулах болно, иймд бидний хүсэлтийг харгалзан үзэж асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэсэн байдаг. Зээлдэгчийн гаргасан энэхүү хүсэлтийн дагуу хөрөнгүүдийг нь зээлд тооцож авах талаар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, гэрээ байгуулах үеийн байдлаар тасалбар болгож, зээлийн төлбөр болох 167 881 013 төгрөг /үндсэн төлбөр 150 000 000 төгрөг, хүү 17 881 013 төгрөг/-т тооцон зээлийг хаасан. Банк нь хөрөнгийг шилжүүлэн авахдаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бусдад худалдан борлуулахгүй, захиран зарцуулахгүй байх үүргийг хүлээж, энэ хугацаанд өмчлөгч нь хөрөнгөө буцаан худалдан авах боломжтой байхаар тохиролцсон. Энэхүү харилцаа нь Банкны тухай хуулийн 7.1-т “Банк зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа... явуулж болно”. 10.2-т “Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр авч болно” гэж тус тус заасны дагуу банк нь хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэн зээлдэгчийн хөрөнгийг төлөгдөөгүй зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцон авахаар холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, хуульд заасан журмын дагуу хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан. Өмчлөх эрх гэдэг бол туйлын эрх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу хөрөнгийн өмчлөгч нь өөрөө 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгөө шилжүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан, мөн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж гарын үсэг зурж хөрөнгөө шилжүүлсэн. Энэхүү хөрөнгийн шилжүүлэг нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу өмчлөх эрх шилжүүлэх гэрээг талууд бичгээр үйлдэж, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Мөн хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр банк нь улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрөө хөрөнгөө худалдан авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул З.Уранчимэг гэх иргэнийг дагуулан ирж 325.21 м.кв үл хөдлөх хөрөнгө, Г-2205001213 нэгж талбарын дугаартай газрыг худалдсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 250 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, үүнээс банкинд 115 000 000 төгрөгийг, Х.О т 135 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Банкинд төлөх 115 000 000 төгрөгөөс худалдан авагч З.Уранчимэг нь 15 000 000 төгрөг бэлнээр төлж, үлдэх 100 000 000 төгрөгт уг хөрөнгийг барьцаалан үндсэн хөрөнгийн зориулалттай жижиг дунд бизнесийн зээл авч хөрөнгийг худалдан авсан. Х.О  нь өөрөө энэ бүх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж хийсэн атлаа банк дарамт шахалт үзүүлж, хууль бусаар хөрөнгийг нь авсан мэтээр худал мэдүүлж байгаа нь зохимжгүй байна. Иймд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Х.О ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Уранчимэг нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо, туул 9, 164 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан байдаг. Гэрээ байгуулж 95 000 000 төгрөгийг Х ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Хууль ёсны дагуу худалдаж авсан гэжээ.

 

Хариуцагч Хасбанк ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х ХХКнь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1/16-003 тоот “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан гэрээний 1.2.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 16 хороо, Туулын 16 дугаар гудамж, 294-А тоотод байршилтай, хувийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож хөрөнгийн үнэ болох 75 000 000 төгрөгийг төлсөн. Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, банк хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй гэж заасны дагуу дээрх хөрөнгүүдийг чөлөөлөхийг хариуцагч Х.О т удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хөрөнгүүдийг чөлөөлж өгөлгүй өмчлөгчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж, улмаар уг хөрөнгийг худалдаж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу банкны өмчлөлийн Баянгол дүүрэг, 16 хороо, Туулын 16 дугаар гудамж, 294-А тоотод байршилтай, хувийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг Х.О ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Урьд нь өмчлөгч байсан Х.О ын өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд банкинд хориглох зүйл гэж байдаг. Үүнд барьцааны эд хөрөнгийг худалдан авах гэсэн заалтыг оруулсан. Энэ хуульд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөлт орж, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдан авах эрх нь нээгдсэн байдаг гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.О ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж, “Хасбанк” ХХК, Х.О  нарын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16-003 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ”, мөн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Мягмарын Батмөнх, Х.О  нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Х ХХК-ийн гаргасан Баянгол дүүрэг, 16 хороо, Туулын 16 дугаар гудамж, 294-А тоотод байршилтай хувийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг Х.О ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 997 355 төгрөгийг, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Хасбанк” ХХК, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн 997 355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан буцаан худалдах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон боловч "зөрчсөн" гэх хуулийн зохицуулалтууд нь тухайн харилцаанд үл хамаарах заалтууд гэж үзэж байна.

Өмчлөгч нь өөрийн хүсэлтээр хуулийн хүрээнд, гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй бөгөөд Х.О  2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр банкинд хандан "...зээл төлөхөд нөлөөлж зээлээ хугацаанд нь төлөөгүй явдалд та бүхнээс хүлцэл өчье... Зээлээ төлж чадаагүй байгаатай холбоотойгоор Хас банкны зээлийн барьцаанд байгаа ....хөрөнгүүдийг Хас банкны эзэмшилд шилжүүлж зохих хугацаанд зээлийг төлж барагдуулах үүргийг хүлээж, бид өөрсдийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээнүүдийг авч зээлийг төлж барагдуулах болно. Иймд бидний хүсэлтийг харгалзан үзэж асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье" гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийн дагуу, түүнд нийцүүлэн Хас банк ХХК нь Х.О тай 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэй гэрээ” байгуулж, гэрээний дагуу маргаан бүхий 4 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг банк болон М.Б нарын өмчлөлд шилжүүлэн авсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 189.1, 265.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу барьцааны гэрээний үндсэн дээр бус өмчлөгч нь өмчлөлийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийн хүрээнд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн

байгуулсан гэрээ юм.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан худалдан авах болзолтой байгуулсан гэрээг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний бүлэгт хамааруулан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт "... үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна" гэж заасан хуулийн шаардлагыг хуулийг буруу тайлбарлаж буруу дүгнэлт гаргасан байна гэж үзэхээр байна. Барьцаалуулагч өмчлөгч Х.О  дээрх 171.3 дахь заалтын дагуу барьцаалуулсан хөрөнгөө захиран зарцуулж байгаагаар түүний эрх хязгаарлагдаагүй болохыг баталгаажуулж, улмаар эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн болж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн шүүхээс Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон .... үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй." гэсэн нь барьцаалуулагчийн үүрэг байхад шүүхээс мөн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Х.О  нь өөрөө худалдан авагч З.Уранчимэгийг олж, хөрөнгүүдийг танилцуулж улмаар Улсын бүртгэлийн Ү-22085050531 болон Г-2205001213 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны төлбөрт тооцсон үнийн дүнгээс өндөр дүнтэйгээр худалдан борлуулж, энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулан зөрүү төлбөрт З.Уранчимэгээс машин, бэлэн мөнгө оролцуулан авсан байдаг. Үүнийгээ зөвшөөрч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлт хэлэлцэх шатанд тайлбарладаг. Мөн түүнчлэн маргаж буй гэрээний 1.3-т тодорхой заасанчлан хөрөнгийг худалдсан үнээс зээлийн төлбөрийг төлнө гэсний дагуу зээлдэгч нарын зээл төлөгдсөн болно. Гэсэн атлаа одоо ийнхүү өмнө байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж, үүгээрээ ямар үр дүн бий болгох гээд байгаа нь ойлгомжгүй. Энэ нөхцөл байдал болон гуравдагч этгээдийн хувьд үүсэх үр дагаврыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 171 дүгээр зүйлийн 171.3, 174.1 болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг үндэслэн Хас банк ХХК, М.Б болон Х.О  нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэхдээ зохигчдын шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хүсэлт, гэрээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Х.О  нь хариуцагч Х ХХК, М.Батмөнхөд тус тус холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/11-003 тоот “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ” болон мөн өдрийн “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв болон 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг Х.О ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт “Минжзанд” ХХК болон Х.О  нар нь Х ХХК-тай 2014 оны 05 сарын 05-ны өдөр 5001133073 тоот зээлийн шугамын гэрээг байгуулж, 150 000 000 төгрөгийг 25.20 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэл 2.4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахдаа мөн өдөр 5001133073 тоот “Батлан даалтын гэрээ”-г нэг талаас “Сенчүри фи хейт” ХХК, нөгөө талаас Х ХХК нар харилцан тохиролцсоноор 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталгаат ипотекийн 1080017182-01 дугаартай гэрээг иргэн Х.О  нь Х ХХК-тай байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв болон 47 м.кв талбайтай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, 18641311582776 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2205002642 дугаарт бүртгэлтэй, 343 м.кв газар, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 164 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-22050505531 дугаарт бүртгэлтэй, 325.21 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 164 тоотод байршилтай, 18641311750466 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2205001213 дугаарт бүртгэлтэй, 390 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан үйл баримтын талаар талууд маргаагүй. / хх 10-12, 113/

 

            Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан. банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

            Дээрх гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зээлдэгч “Минжзанд” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.О  нар 2016 оны 07 дугаар сараас эхлэн зөрчсөний улмаас зээлдүүлэгч Х ХХК нь зээлдэгч “Минжзанд” ХХК-ийг зээлийн эргэн төлөлтийг шаардсан ба хамтран үүрэг гүйцэтгэгч Х.О  нь барьцааны гэрээгээр барьцаалсан Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 16-294 тоотод байрлах Ү-2205029988 дугаар бүхий 220 м.кв, 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект Г-2205002642 дугаар бүхий 343 м.кв газар, Баянгол дүүргийн Туулын 9-164 тоот Ү-2205025377 дугаартай 325.21 м.кв үйлчилгээний зориулалттай обьект, Г-2205001213 дугаартай 390 м.кв газар зэргийг Х ХХК-ийн эзэмшилд шилжүүлж зохих хугацаанд зээлийг төлж барагдуулах хүсэлтээ 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/1816 дугаартай албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн байна. /хх 30/

           

            Энэхүү хүсэлтийг нь Х ХХК хүлээн авч тус барьцааны хөрөнгүүдийг зээлд нь тооцож авах талаар Х.О тай 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1/11-003 тоот “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус байгуулсныг анхан шатны шүүх зээлдүүлэгч Х ХХК нь маргаан бүхий 2 гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1/11-003 тоот “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

 

            Иймд хариуцагч Х ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв болон 47 м.кв талбайтай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.О ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.О ын хариуцагч Х ХХК, М.Батмөнхөд тус тус холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1/11-003 тоот “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ”-нүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандахын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.О ын хариуцагч Х ХХК, М.Батмөнхөд тус тус холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1/11-003 тоот “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ”-нүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв болон 47 м.кв талбайтай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.О ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Х ХХК, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн 997 355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О т олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Х.О аас улсын тэмдэгтийн хураамжид 997 355 төгрөгийг гаргуулан хариуцагч Х ХХК, Х.О  нарт олгосугай” гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.        

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 392 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН