| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2023/01183/И |
| Дугаар | 001/ХТ2024/00221 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00221
Ж гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэр,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2024/00019 дүгээр магадлалтай
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б , В нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 137 дугаар зүйлийн 137.1-д заасныг баримтлан хариуцагч В , Б нарт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2024/00019 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.06-ны өдрийн 223/МА2024/00019 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн" байна. Магадлалын хянавал хэсгийн “Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасны дагуу зөв шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан заалтыг хамт баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөв.”, “Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар энэ шийдвэр нь хариуцагч Б , В нарын нийтийн эзэмшлийн газарт зам талбай засаж байнга ашиглаж байгаа үйл баримтад нөлөөлөхгүй болохыг дүгнэх нь зүйтэй." гэжээ. Давж заалдах шатны шүүх магадлалын энэ хэсэгтээ Ж гийн өмчлөлийн газарт Б нэвтэрч 2.1 м.кв зам /брожур, асфальт хучсан/ байхад нийтийн эзэмшлийн зам талбайд зам тавьсан байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй болсон байна. Магадлалын тогтоох хэсгийн 1-д “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1..." гэснийг "Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2..." гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай." гэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Түүнчлэн, энэ хэргийг шийдвэрлэхэд Иргэний хуулийн Дөрөвдүгээр дэд бүлэг буюу "Хөршийн эрх"-ийн зохицуулалт хамааралгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт зааснаар "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" үндэслэлээр гомдол гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т "Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар эрхээ урвуулан ашиглахыг хориглоно." Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т "Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ..., бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж нь өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106.1 дэх заалт, 137.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг нь 106.2 болгон өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн Дөрөвдүгээр дэд бүлэг буюу "Хөршийн эрх"-ийн зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт "Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ.” гэж томьёолсон байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010.06.22-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан ба энэхүү тогтоолын 1-д "Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан "хөрш залгаа эд хөрөнгө"-д "хил залгаа эзэмшил газар" буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас "бусад үл хөдлөх эд хөрөнгө" хамаарна.”, 2-т “Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан "нөлөөлөл" гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ. Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна. Харин эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй." гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт иргэний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байдал хөршийн эрх гэсэн зохицуулалтад хамаарахгүй зөвхөн эзэмшил газар буюу газар эзэмших харилцаанд үйлчлэх, хоёрдугаарт энэхүү хөрш газар эзэмших эрхийн харилцаанд нөлөөлөл нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр, энэ хэмжээнээс хэтрэхгүй, эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй гэж тайлбарласан байна. Гэтэл анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны дээрх тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлаж хөршийн эрхийн зохицуулалтад хамааруулж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Ж гийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд хөршийн эрхийн зохицуулалт хэрэглэх үндэслэлгүй буюу хуульд тусгайлан заасан хугацаа энд хамаарахгүй тул Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан хугацаа үйлчилнэ. Нэхэмжлэгч Ж Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2009.08.27-ны өдөр гаргасан гомдлын хариуг 2010 онд хүлээн аваад, 2019.06.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.06-ны өдрийн 223/MA2024/00019 тоот магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.09.16-ны өдрийн хуралдааны 001/ШХТ/2024/01044 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч В , Б нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2007 онд Төв аймгийн Зуунмод сумын I баг Орон сууцны шинэ хорооллын ... тоотод байрлах 200 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай газрыг дуудлага худалдаагаар өмчилж авсны дараа ... тоот газрын өмчлөгч Б нь миний газарт нэвтэрч барилга барьж байсан тул барилга барьж байгаа хүмүүст зөрчлөө зогсоохыг шаардсан ч үргэлжлүүлж байсан тул өргөдөл гаргасан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010.08.26-ны өдрийн ... дүгнэлтэд "... Б нь ... Ж гийн газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1-д заасныг зөрчиж байна, ... хуулийн байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн. 2019.06.12-нд Б ийн бүртгэлтэй хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Б ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, ... одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явж байна. Хариуцагч Б байшин барихдаа миний газарт нийт 13,8 м.кв нэвтэрч барилга байшин, замын асфальт тавьсан учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар нэвтэрсэн хэсгийг албадан чөлөөлүүлнэ” гэжээ.
Хариуцагч Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...дурдсан газрыг өмчлөх эрх нь 2019.05.30-нд “Хасбанк” ХК-д, дараа нь иргэн Д д, 2022.10.06-нд Д аас Л т, Л ээс 2023.06.07-нд В ад тус тус шилжсэн, газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнүүд байна. Иймд Б ийн газар өмчлөх эрх дараагийн шинэ өмчлөгчид шилжсэнээр өмнөх өмчлөгчийн газар өмчлөх эрх дуусгавар болсон байхад Б өөс газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн Ж гийн газар руу орсон хэсгийг чөлөөлүүлэх шаардлага нь одоо биелэгдэх боломжгүй, газар дээр объект баригдсан. Хэрвээ газрыг чөлөөлөх шийдвэр гарвал уг барилгын хэсэгхэн хэсгийг буулгах шаардлага гарч, дараа дараагийн газар худалдаж авсан өмчлөгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхол давхар хөндөгдөх магадлалтай. Иймд эдгээр өмчлөгчдийг шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар юм уу, гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой гэж үзэж байна. ...шинжээчдийн дүгнэлтэд эрс зөрүүтэй хэмжилтүүд хийгдсэн байхад уг асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм” гэж маргасан байна.
Хариуцагч В “...Нэхэмжлэгч нь ...Б нь 2009 онд Ж гийн өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан” гэжээ. Миний зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. В нь уг газрыг хуульд заасны дагуу шударгаар, өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан, шударга өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар гарган маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ”... анх орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан Б нь хөршийн хилийг зөрчин нийт 13,8 м.кв газрыг ашигласан, улмаар уг барилгыг дамжуулан гуравдагч этгээдэд худалдсанаар ... тоот газрын өмчлөгч Ж гийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөрш залгаа газрын өмчлөгч нь нөлөөлөл бий болгож байгаа хөршийн барилга байгууламжийг буулган зайлуулахыг шаардах эрхтэйгээс гадна баригдахаар төлөвлөгдсөн буюу баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоохыг шаардах эрхтэй байна.
Харин хил нь зөрчигдсөн хөрш хил зөрчихөөс өмнө болон хил зөрчиж байх үед тухайн үйлдлийг эсэргүүцэн шаардлага гаргаагүй, эсхүл эрх нь зөрчигдөж байгааг шууд мэдээгүйн улмаас хэд хоногийн дараа эсхүл хэдэн долоо хоногийн дараа гаргасан ч гэсэн шаардлагыг хугацаа хожимдуулж гаргасанд тооцох бөгөөд эдгээр нөхцөл бүрдсэн үед хөрш нь хил зөрчсөн үйлдлийг хүлцэх ёстой болох ба тэрээр Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу хил зөрчсөн барилга байгууламжийг чөлөөлөхийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Б нь газар дээрээ 2009 онд орон сууцны зориулалттай барилга барьж, 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тухайн барилга бүрэн баригдаж дууссан, зориулалтын дагуу ашиглах боломжтой болохыг нотолж байх бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч Ж 9 жилийн дараа шүүхэд хандаж, хөршийн хил зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тэрээр хөршийн хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруйд 2009 оны 8 сард мэдсэн боловч 2019.06.12-ны өдөр шүүхэд хандсан нь тухайн барилгыг баригдаж байх үед нь зогсоолгохоор шаардлага гаргах эрхээ алдсан, Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д зааснаар зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна. ...Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б , В нарт холбогдуулан Иргэний хуулийн 106.1-д зааснаар газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 137.1-д зааснаар алдсан хэдий ч зөрчигдсөн эрхээ бусад хэлбэрээр арилгах, нөхөн төлбөр шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдвал зохино” гэж дүгнэжээ.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “... нэхэмжлэгч Ж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан тул хариуцагч Б, В нарын үйлдэл, эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасны дагуу зөв шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан заалтыг хамт баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөв. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар энэ шийдвэр нь хариуцагч Б, В нарын нийтийн эзэмшлийн газарт зам талбай засаж байнга ашиглаж байгаа үйл баримтад нөлөөлөхгүй болохыг дүгнэх нь зүйтэй” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн гомдлыг хангахгүй орхисон байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Газрын анхны өмчлөгч Б нь өөрийн өмчлөлийн газар дээрээ барилга байгууламж барихдаа хөрш Ж гийн газрын хилийг зөрчсөн байх ба дээрх хөршийн хил зөрчсөн үйлдэл буюу хил нэвтэрч барилга, байгууламж барьсан үйлдэлд зохигчид маргаагүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохдоо “Б нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хилийг зөрчин нийт 13,8 м.кв газрыг ашигласан, улмаар уг барилгыг дамжуулан гуравдагч этгээдэд худалдсанаар ... тоот газрын өмчлөгч Ж гийн өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцсэн.
11. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хөрш зэргэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил буюу хөршийн эрхэд хамаарах маргаан болохыг үндэслэлтэй тогтоож, Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
Түүнчлэн “...Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй”, 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасан. Харин Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтад нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан байна” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 106.2-т заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн газрын зарим хэсгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байхад “...өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгоно.
13. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хөршийн эрхийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн “...энэ хэргийг шийдвэрлэхэд Иргэний хуулийн Дөрөвдүгээр дэд бүлэг буюу "Хөршийн эрх"-ийн зохицуулалт хамааралгүй юм. ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэсэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2024/00019 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ж гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН