Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 940

 

  2020           7            28                                             2020/ДШМ/940

 

Б.Гд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/870 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч О.Агийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Гд холбогдох эрүүгийн 2002 00000 0188 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Авжийхан овгийн  Б.Г, 1978 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, агрономич мэргэжилтэй, “А М” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

Б.Г нь “А М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чаар дамжуулан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэгт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “А М” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Ггийн хахууль өгсөн гэх үйлдлийг, хахууль авсан гэх этгээдүүдийн хэргээс тусгаарлан хялбаршуулсан журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь буруу гэж үзэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж хуульчилснаас дүгнэхэд, хахууль авсан этгээдүүдийн хэргийг нотлон тогтоогоогүй, шүүхээр гэм буруутайд тооцоогүй байхад хахууль өгсөн хүний гэм буруутайг шүүхээр тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хахууль өгсөн этгээдийн гэм буруутайг шүүх тогтоовол, хахууль авсан этгээдийн гэм буруу шууд тогтоогдох нөхцөл байдал үүсч байна. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй учир Б.Гд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Б.Гд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ эрүүгийн өөр хэргийн холбогдогчийн эрх зүйн байдлыг харгалзаж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шүүх шүүгдэгч Б.Гг гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. “Хахууль авсан этгээдүүдийн хэргийг нотлон тогтоогоогүй, шүүхээр гэм буруутайд тооцоогүй байхад хахууль өгсөн хүний гэм буруутайг шүүхээр тогтоох боломжгүй” гэх үндэслэл нь “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” нөхцөл байдлыг тогтоох нөхцөл байдал биш бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэх учиртай. Хавтас хэрэгт шүүгдэгч Б.Г нь хэргээ хүлээн мэдүүлсэн, мөн Б.Болорчимэгийн Б.Ггээс хахууль авсан болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд болон Н.Чаас гаргасан Б.Ггээс хахууль авсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбар, мөн түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, уг хүсэлтэд “...Миний бие Эрүүгийн хууль зөрчин иргэн Б.Ггээс 5 сая төгрөгийн хахууль авсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн баримт болон бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байхад шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй. Прокурорын шатанд яллагдагч Н.Ч нарт холбогдох эрүүгийн 1841000830157 дугаартай хэргээс шүүгдэгч Б.Гд холбогдох хэрэг хуульд заасан журмын дагуу тусгаарлагдсан. Шүүх “хахууль өгсөн этгээдийн гэм буруутайг шүүх тогтоовол хахууль авсан этгээдийн гэм буруу шууд тогтоогдох нөхцөл байдал үүсч байна” гэж үзсэн бол Н.Ч нарт холбогдох эрүүгийн хэргээс Б.Гд холбогдох хэргийг тусгаарласан талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэрэг тусгаарласан ажиллагааг хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэн гэж ойлгогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Гэвч эсэргүүцэл бичээгүй. Учир нь, Н.Чд холбогдох 26 холбогдогчтой хэргээс 3 хэрэг тусгаарлаж шүүх рүү хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай хүргүүлсэн. Гэвч дээрх 3 хэргийн нэг нь энэ хэрэгтэй адил үндэслэлээр, нөгөө нь шүүгдэгч нар шүүх хуралдаанд хүсэлтээсээ татгалзсан гэх үндэслэлээр буцсан. Н.Чд холбогдох хэргийн тухайд Н.Ч өөрөө хүсэлт өгсөн байдаг. Учир нь, энэ хэрэг анх гүйцэтгэх байгууллагаас ирсэн бөгөөд гүйцэтгэх ажиллагааны магадлагаатай танилцсанаас хойш хүсэлт гаргасан. Мөн Н.Чд холбогдох 26 холбогдогчтой хэргийн 16 хүн нь хэргээ тусгаарлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлье гэсэн хүсэлт гаргаснаас 3 хүний буюу Б.Б , Н.Ч нар хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтаар үйлдлүүд нь тогтоогдсон тул хахууль өгсөн хүний үйлдлийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн. Иймд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн энэ 3 хэрэг прокурорт ирэх хүртэл үндсэн хэрэг удаашрах шинж төлөвтэй байсан учир эсэргүүцэл бичээгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нийслэлийн прокуророос “Б.Гг “А М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чаар дамжуулан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэгт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “А М” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн” гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заажээ.

Хахууль авах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол ...” гэж,

Хахууль өгөх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол ...” гэж тус тус хуульчилжээ.

Тодруулбал, хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шудрага ёсыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд хахууль авах, хахууль өгөх  хэргийн бодит байдлыг яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд илүүтэй нийцэж байх тул хахууль өгсөн, авсан хүмүүсийн гэм буруугийн асуудлыг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж байх нь ач холбогдолтой болно.

 Яллагдагч Н.Ч нарт холбогдох эрүүгийн 1841000830157 дугаартай хэргээс “...яллагдагч Н.Чын хэргээ хүлээн мэдүүлсэн хүсэлт /2хх 117-127/, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч О.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт” /2хх 140/ гаргасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарласан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан хэлэлцэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэсэн зохицуулалт байгаа хэдий ч яллагдагч Н.Ч, Б.Болорчимэг, Б.Г нарт холбогдох авлига өгсөн, авсан гэмт хэргийг тус тусад нь шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан хэлэлцэхэд саад болохоор байна гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Агийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 870 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР                                        

                                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ