| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/04517/И |
| Дугаар | 102/ШШ2021/00982 |
| Огноо | 2021-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/00982
| 2021 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2021/00982 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ... овогт ...ын.../РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Ан овогт Г Л /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны 1.019.250 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... гэдэг хүнээс тоот хаягт байрлах 29.02 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Тухайн гэрээнд зааснаар худалдагч тал СӨХ, кабель, интернэтийн төлбөр болон татвар хураамжийг төлөх үүрэгтэй гэж заасан. Тухайн үед надад хэлэхдээ СӨХ ажилладаггүй, СӨХ-ны төлбөр байхгүй гэж хэлсэн. СӨХ-ноос нэхэмжлэл ирсний үндсэн дээр өртэй гэдгийг мэдсэн ба өөртөө нь утсаар ярьж хэлэхэд ийм их төлбөр би төлж чадахгүй гэж хэлээд 120.000 төгрөг шилжүүлээд түүнээс хойш утсаа авахгүй холбоо тасарсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ...ас СӨХ-ны төлбөрт төлсөн болон төлөх шаардлагатай төлбөрт 899.250 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Лн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар
болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны төлбөр төлсөн баримтаас харахад 2016 оны 3 сараас 2017 он дуустал төлсөн байсан. Тэгэхээр ... хууль зүйн мэдлэггүйгээс болж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн төлбөрийг төлсөн байна. Мөн СӨХ өмнөх өмчлөгчөөс нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Нөгөө талаас 566.850 төгрөгийн СӨХ-ноос олгосон нэхэмжлэх гэсэн баримтыг үндэслэж ... нэхэмжилж байгаа нь СӨХ-г төлөөлж ... нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр СӨХ-ноос ... гэдэг хүнд энэ төлбөрийг нэхэмжлэх эрхийг хуульд заасны үндсэн дээр олгосон итгэмжлэл байхгүй байж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас ... 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байрыг худалдан аваад мөн оныхоо 10 дугаар сарын 14-ний өдөр ...д худалдсан байдаг. Тэгэхээр энэ байранд ... 16 хоног байсан. Өмнөх өмчлөгч Н.... гэдэг хүн СӨХ үйл ажиллагаа явуулдаггүй, СӨХ-ны төлбөр байхгүй гэдэг зүйл ярьсан байдаг. Нөгөө талаасаа хоёулаа банкин дээр очоод шалгахад орон сууцны конторын төлбөр гарч ирснийг төлж барагдуулсан. Хариуцагч ... төлбөрөө шалгах үүргээ биелүүлсэн. СӨХ нь уг мөнгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бодит төлсөн 452.400 төгрөгөөс 120.000 төгрөгийг манайх төлсөн ба манайхаас одоо 160.000 төгрөг нэмж төлөх боломжтой гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг СӨХ-ны төлбөрт 1.019.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн төлсөн 120.000 төгрөгийг хасч 899.250 төгрөгийг шаардаж байна.
Хариуцагч нь өөрийн өмчлөлд байх хугацааны төлбөрийг төлсөн бөгөөд өөрийнх өмнөх өмчлөгчөөс төлөгдөөгүй байсан төлбөрийг хариуцахгүй, түүнчлэн нэхэмжлэгч СӨХ-ны өмнөөс шаардах эрхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...ас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ...ын өмчлөлийн тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 29.02 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн байна.
Тус гэрээний 4.8-т Худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заажээ.
Худалдан авсан байрыг хариуцаж буй Зэгст СӨХ нь өмчлөгч ...аас 2016 оны 3 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1.366.254 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэн уг төлбөрийг хариуцагч ...ас гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт алдангийн хамт 452.400 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, 2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх төлбөрт 566.850 төгрөг, нийт 1.019.250 төгрөг гаргуулахаас төлсөн 120.000 төгрөгийг хасч 899.250 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Хариуцагч нь СӨХ-ны өр төлбөр нь өмнөх өмчлөгчид хамааралтай бөгөөд 16 хоног өмчлөгчөөр бүртгэгдэн амьдрах хугацааны СӨХ-ны төлбөрийг бүрэн төлсөн, нэмж нэхэмжлэгчид 120.000 төгрөг төлсөн, худалдаж авах үед өр төлбөрийг шалгаж авахад ийм хэмжээний өр төлбөр байгаагүй, нэхэмжлэгч сайн дураараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан төлбөр төлсөн, мөн СӨХ-ны өмнөөс төлбөр шаардах эрхгүй гэж маргав.
Үүнтэй холбоотой ... нь Н....аас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Н....ын өмчлөлийн тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 29.02 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдан авах тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 08-н өдөр СӨХ гэсэн утгатай шилжүүлсэн 120.000 төгрөгийн банкны гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргажээ.
Нэхэмжлэгч нь 120.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон болно.
Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу ... нь ...д худалдах хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч ... нь Төрийн банкаар дамжуулан 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 452.400 төгрөгийг төлсөн нь банкны баримтаар тогтоогдож байх тул хариуцагч ... энэ хэмжээгээр СӨХ-ны төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч ...ын хувьд Иргэний хуулийн 496.1 дэх хэсэгт Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу зардлаа нөхөн төлүүлэхээр ...ас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн хувьд сайн дураар төлсөн төлбөр нь 452.400 төгрөг байх бөгөөд хариуцагчийн өмнө төлсөн 120.000 төгрөгийг хасч тооцвол 332.400 төгрөгийг хариуцагч ...ас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт 566.850 төгрөгийг төлөөгүй байгаа нь Зэгст СӨХ-ны баримтаар тогтоогдож байгаа, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчээс энэ зардал бодитоор гараагүй байгаа тул хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч ...ас 332.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 566.850 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн 38.611 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ...ас 332.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 566.850 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10.622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ