| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/03874/И |
| Дугаар | 102/ШШ2021/01539 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01539
| 2021 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/01539 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Р.Алтантуяа, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Боржигон овогт Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт байрлах, /РД:/,
Хариуцагч: Б тоот хаягт байрлах, Тэ ХХК /РД:/-иудад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 22,696,909 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ц, иргэдийн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т овогтой ...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутад байгууллагын машин ирэхийг хүлээгээд, Сансарын аюулгүйн тойргийн урд, Хүрмэн эмийн сангийн баруун талд явган хүний зам дээр зогсож байсан. Автобус 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжин орж ирэхдээ, намайг мод, хашлагатай хамт хамаад авч явсан. Би нэг мэдэхэд автобусны доор орчихсон байсан. Жолооч бууж ирээд, чанга дуугаар Эгчийн дүү гайгүй юу? Автобус тоормосгүй болоод зогсоох гэж хашлага мөргөөд, чамайг дайрчихлаа гээд орилж байсан. Жолооч утсаар хэн нэгэн рүү ярьж, би хүн дайрчихлаа гэсэн. Хохирлын хувьд Самсунг Галакси Эс 7 маркийн гар утасны хохиролд 1,155,000 төгрөг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүх хуралдаан болсноос хойш өнөөдрийг хүртэл хийлгэсэн эмчилгээ, эмчийн үзлэг, шинжилгээ, эм тариа, уламжлалт эмчилгээ, боолт, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр, зүү төөнүүр, физик эмчилгээ гээд нийт зардал 8,750,797 төгрөг, Франц улс руу явсан онгоцны ирж, очих тийз 2,686,900 төгрөг, Франц улсад 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр түнхний зураг авхуулсан үзлэгийн төлбөр 136.62 еврог мөн өдрийн Монгол банкны зарласан ханшны лавлагаагаар бодоход, 403,712 төгрөг болсон ба орчуулгын баримт 15,000 төгрөг, нийт 418,712 төгрөг болсон. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 11 болон 12 дугаар сараар бодож, 2 сарын хугацаанд 480,000 төгрөг тооцож гаргасан ба шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2018 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас цалин хөлс, орлогогүй байсан тул 9,660,000 төгрөг, Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас нотлох баримт гаргуулахад төлсөн 24,000 төгрөг, нотариатын төлбөр 1,500 төгрөг, нийт 25,500 төгрөг тус тус болсон. Нийт 22,696,909 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ ...т байгаа бүх баримтын хүрээнд, шүүхэд ойлгомжтой байх үүднээс цэгцэлж гаргасан. Жишээлбэл, Хариуцагч тал гар утасны хохирлын асуудлаар маргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шийдвэрт тусгагдсан тэмдэглэлээр бүрэн нотлогдож байгаа. Осолд орсон хүн гар утсаа хайгаад, цагдаагийн байгууллагад хандаад явах боломжгүй. Энгийн зүйл дээр маргаж байгаад нь миний зүгээс эмзэглэж байна. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэг бүрчлэн тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч ... ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ын нэхэмжлэлтэй, ... ХХК-иудад холбогдох, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 22,696,909 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд араах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурдагдсан хохирлыг үндэслэлгүй тухай тайлбарыг хэлье. ... осол гарах үед барьж явсан Самсунг Галакси Эс 7 маркийн гар утасны хохиролд 1,555,000 төгрөг нэхэмжилж байна. Осол гарсан үед гар утас эвдэрсэн, гэмтсэн эсэх нь тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч бусдад утсаа алдсан гэж тайлбарласан байдаг. ... гар утсаа хулгайд алдсантай холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, буруутай этгээдийг олж төлүүлэх эрх нээлттэй байсан тул гар утсаа алдсантай холбоотой хохирлыг манай компанийн зүгээс хариуцан төлөх үүрэг хүлээхгүй байна. Мөн гар утасны зах зээлийн үнэлгээг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар ...ын гар утас худалдан авсан баталгааны хуудас, түүнд өгсөн мэдээллийг үндэслэн элэгдэл тооцох аргаар тус гар утсыг 6 сар ашигласан тул анхны үнэ 1,320,000 төгрөгөөс 12,5 хувиар элэгдүүлж, 1,155,000 төгрөгөөр тогтоосон нь нэхэмжилсэн бодит байдалд нийцэхгүй. Тухайн гар утсыг худалдан авсан тухай санхүүгийн баримт, дансны хуулга, бэлэн мөнгөний баримт байхгүй, мөн тус маркийн гар утасны зах зээлийн ханш хэд байсан талаар хөрөнгийн үнэлгээнд тусгаагүй. Одоогийн ханшаар, биет байдлаар төлөх боломжтой зэргээс харахад утасны үнэ нэхэмжилсэн 1,155,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хэрэглэсэн эмчилгээний зардал болох 8,750,797 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавсарган өгсөн баримтууд шаардлага хангахгүй, уншигдахгүй, эмчилгээний картад заасан заавал хэрэглэгдэх эмийн жор гэх бичилтгүй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болохоос өмнө хийгдсэн хохирол, төлбөр, төлөгдсөн үеийн үзлэг, оношилгооны бичиг хавсаргасан. Ослын улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлыг нөхөн сэргээхэд зориулагдсан эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Харилцан тайлбар өгөх, мэтгэлцэх боломжгүй байна. Гуравдугаарт, Түнхний рентген зураг авхуулахаар Франц улс руу явсан замын зардал 2,686,900 төгрөг, тус улсад авхуулсан түнхний рентген зургийн төлбөр 418,712 төгрөг тус тус нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн гадаад улсад авхуулсан рентген зураг болон нэхэмжлэлд дурдагдсан түнхний рентген нь Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад байхгүй, эх орондоо эмчлүүлэх бүрэн боломжтой бөгөөд гадаад улсад зайлшгүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэх тухай эмчийн дүгнэлтэд авагдаагүй байна. Мөн рентген зургийг Франц улсад авхуулсан нь ямар үр дүн, ач холбогдолтой байсан талаар эмчийн дүгнэлт байхгүй. Иймд уг хохирлыг төлөх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүний цалин, хөлс, орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт ослын улмаас цалин хөлсөө аваагүй бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр хохирлыг нөхөн төлөх талаар зохицуулсан байдаг. Тэтгэврийн хэмжээг тодорхойлохын тулд хохирогч урд нь болон ослын дараа ямар хэмжээний цалин хөлс, орлоготой байсныг тодорхойлох шаардлагатай ба хэрэв цалин орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр харгалзуулан нэг удаагийн тэтгэмж олгох зохицуулалт гэж үзэж байна. Ослын улмаас тодорхой хэмжээнд орлого олсон бол бодитоор олсон орлогыг хасаж тэтгэмжийн хэмжээг тооцох ёстой. Нэхэмжлэгч осол болох үед ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй байна. ... нь 2018-2020 он хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдож, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авсан байдаг. Хэрэгт өгсөн баримтаар 2018 онд сар бүр 150,000 төгрөг авч байсан. Эрүүл мэнд хохирсноос үүссэн гэм хорын хэмжээг тогтоох шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн материал дунд тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдсан байсан. Гэрчилгээ дээр эзэмшигчийн нэрийг тодорхой бичсэн байгаа. Иргэний хариуцагчаар оруулаад, байцаалт авч байх үед ч компанийн хаяг тодорхой байсан. Нэхэмжлэлээ анхнаасаа буруу гаргасан гэж үзэж байна. Тэнүүн-овоо ХХК хангалттай тайлбараа хэлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон холбогдогчийн хөдөлмөрийн гэрээнээс харахад, Тэнүүн-Овоо Гуравдугаар бааз ХХК хариуцагч гэдэг нь харагдаж байна. Гар утасны тухайд нотлох баримт шинжлэн судалж байх үед н.Оюунтунгалаг эвлээгүй, ослын үед эвдэрсэн эсэх нь тогтоогдоогүй, гээгдсэн эд хөрөнгө байна. Цагдаагийн байгууллагад хандан, ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гар утасны хохирлыг элэгдлийг хасаж тооцсон байх бөгөөд биет байдлаар, одоо байгаа зах зээлийн ханшаар нөхөн төлөх боломжтой байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 7-8 гэмтэл тогтоогдсонд харамсаж байна. Эргээд хэвийн амьдралдаа ороосой гэж хүсэж байна. Гэвч баримтуудыг харахад, и-баримт байхгүй, давхардсан баримтууд ажиглагдаж байх тул шүүх анхаарч үзнэ үү. Хэрэгт болон өвчлөлд хамааралгүй, уншигдахгүй, нэр нь тодорхойгүй эмийн баримтууд мөн авагдсан байна. Баримтуудыг нэгтгээд тооцохоор, нэхэмжилж буй үнийн дүнтэй таарахгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А370 дугаартай Монгол улсад зайлшгүй эмчлэгдэхгүй өвчний жагсаалтыг баталсан байдаг. Үүнд осол гэмтэлтэй холбоотой Ё хэсэгт заасан эмчилгээнд хамаарахгүй, Монгол улсад эмчлэгдэх боломжтой байхад гадаад руу явж ирчхээд, нэхэмжилж буй нь шударга бус байна. Үзүүлсэнтэй холбоотойгоор ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй. Олох ёстой байсан орлогоо мөн нэхэмжилж байгаа. Энэ хугацаанд авсан тэтгэмжүүд хасагдаж, тооцогдох ёстой. Нийгмийн даатгалаас авсан тодорхойлолтын дагуу 1 жил хөдөлмөрийн чадвараа алдсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн байгаа. Эмчлэгдээд энгийн амьдралдаа орон боломжтой болсон. 60 хувиар тогтоогдоод, 2019 оны 02 дугаар сард уг байдал арилсан тул үүнээс хойших хугацаанд хөдөлмөр эрхлэх бүрэн бололцоотой гэж үзнэ. Одоог хүртэл ажил, хөдөлмөр эрхлээгүйгээ хариуцагчид хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт осол болох үед орлогогүй байсан нөхцөлийг шаардаж байна. Гэтэл хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст авагдсан тодорхойлолтоор Төгс Халиун Тэнүүн ХХК-д ажиллаж байсан тул мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Материал, хуулбарын зардал сайн дураар гарсан зардал тул хохиролд хамаарахгүй. Тэнүүн-овоо ХХК-ийн зүгээс эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байх үед төлөх ёстой төлбөрийг төлсөн. Осол гаргасан ... гэх хүнээс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Гэм буруугийн байдлыг харгалзан үзээсэй.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэмтлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл гарсан хохирлоо нэхэмжилж байна. Нэхэмжлэгч орлогоо нийгмийн даатгал төлдөггүй байсан хэдий ч нягтлан бодох бүртгэлийн тэмдэглэлээр ажил, орлогыг нотлох боломжтой байсан. Сарын орлогыг багаар тогтоолгож, хохирсон байна. Ямар ч өвчин тусаад, гэмтэл авсан хүн өөрийгөө эмчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тиймээс гадаад улс руу явж эмчилгээ хийлгэснийг нөхөн төлж өгөх ёстой. Хариуцагчийн зүгээс төлж, барагдуулах нь зөв. Эрүүл мэндийн асуудлаас гадна сэтгэл санааны хохирлыг ярих нь зүйтэй. Нэхэмжлэгчийн өгсөн баримтууд харагдахгүй байгаатай маргаж байгаа нь ач холбогдолгүй, үндэслэлгүй байна. НӨАТ-ын баримтыг 1 сарын хугацаанд хадгалахад л бичиг нь арилдаг. Би хувьдаа талуудыг тохирсон гэж бодож байсан. Өнөөдрийн нэхэмжилж буй 22,696,909 төгрөгийг бүрэн төлөх нь зүйтэй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-иудад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 22,696,909 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нь хохирол нотлогдохгүй, зайлшгүй гадаадад хийгдэх эмчилгээний жагсаалтад байхгүй эмчилгээг хийлгэсэн, гар утсыг олсон хүн нь хариуцах ёстой, хариуцвал зохих этгээд нь осол гаргасан жолооч ... тул түүнээс гаргуулах ёстой гэж маргаж байна.
Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Жолооч ... 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тунелийн автобусны буудлын хойд замд ... улсын дугаартай Хьюндэй Аэро сити -540 /Huandai Aero city-540/ маркийн автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зорчигч ...ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ. ...ийн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дугаар Шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь ...ийн ажилладаг байгууллага гэм хорын хохирол хариуцах ёстой гэж шаардлага гаргахдаа Тэнүүн Огоо ХХК болон Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иудыг хариуцагч гэж тодорхойлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дугаар Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар гэм хорын хохирлыг Тэнүүн-Огоо ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн байх боловч ... нь Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээний хуулбараар, дээрх эрүүгийн хэрэгт Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан болох нь мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол, Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх хоёр хуулийн этгээд нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэлтэй, хэн алинаасаа хамааралтай буюу хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газар биш болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар нотлогдлоо.
Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо гар утасны хохирол 1,155,000 төгрөг, Франц улс руу явсан болон үзлэг, шинжилгээний зардалд тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоод 3,105,612 төгрөг, ажиллаагүй хугацааны буюу 2018 оны 1 сараас 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олох байсан орлогод 9,660,000 төгрөг, Монгол улсад эмчлүүлсэн зардал 8,750,797 төгрөг, нотариатын болон архивын зардал 25,500 төгрөг, нийт 22,696,909 төгрөг гэж тооцон нэхэмжилжээ.
Эд хөрөнгөд учирсан хохиролд 1,155,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь осолд орохдоо барьж явсан Самсунг Галакси Эс 7 маркийн гар утасны хохиролд 1,155,000 төгрөг шаарджээ.
Хариуцагч тал утсыг жолооч ... аваагүй, эвдээгүй, түүнийг олсон хүнийг эд хөрөнгө завшсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгуулах байсан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Зам тээврийн осолд орсны улмаас нэхэмжлэгчийн барьж байсан Самсунг Галакси Эс 7 маркийн гар утас алга болсон болох нь Шийтгэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд хохирлоо үнэлүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч нь гар утасны хохирлоо Фэйр валуэшн ХХК-иар үнэлүүлэхэд 6 сарын ашиглалтын элэгдлийг тооцон хасч, 1,155,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоожээ.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, өрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж зааснаар хариуцагч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас 1,155,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр буюу олох байсан орлого 9,660,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд орлогогүй байсан гэж тухай он бүрийнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 2018 онд 2,880,000 төгрөг, 2019 онд 3,840,000 төгрөг, 2020 онд 2,940,000 төгрөг, нийт 9,660,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс, орлого олоогүй байх боловч хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсан гэж тогтоогдож, түүнээс хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогоогүй буюу хөдөлмөрийн чадвар алдалт 2019 оны 2 дугаар сараас хойш сэргэсэн гэж үзэхээр айна.
Иймд нэхэмжлэгчид 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар дуустал 2,880,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сар 320,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийн нөхөн төлбөр авахаас Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас ирсэн тодорхойлолтоор 2,019,080 төгрөгийг тэтгэмж авсныг хасч тооцвол, 1,180,920 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн чадвар сэргэснээс хойшхи хугацаанд хөдөлмөр эрхлээгүй нь хариуцагчийн хариуцвал зохих хохиролд хамаарахгүй.
Энэ үндэслэлээр ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт хариуцагчаас 1,180,920 төгрөг гаргуулж, 8,479,080 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эмчилгээний зардалд 8,750,797 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь эрүүгийн шүүх хурлаас хойш хийлгэсэн эмчилгээний зардалд 8,750,797 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Эм тариа авсан, гар таяг авсан, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, шинжилгээ өгсөн гэж 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны баримт гаргасан байх бөгөөд хариуцагч талаас эдгээр эмчилгээ, эм тарианы баримт нь ослоос үүдэлтэй эмчилгээнд зарцуулсан эсэх нь мэдэгдэхгүй, уншиж судлах боломжгүй баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд буюу 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа сэргээх эмчилгээ, оношлогоо, сувилгаа зэрэгт гарсан 3,374,478 төгрөгийн зардлаа шаардах эрхтэй байна.
Харин 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэмтлийн эмчийн үзлэгээр физик эмчилгээ хийлгэх, ачааллаа зохицуулах, жин барих, 6 сар тутамд хянуулах, терафлекс 3 сар уух гэсэн эмчилгээ бичиж өгсөн байх бөгөөд үүнээс хойш гэмтлийн талаар үзлэг, хяналт хийлгээгүй, гэмтлийн эмчид үзүүлээгүй, үүнээс хойшхи эмчилгээний заавар нь зүрх судас, дотор, бөөрний эмчилгээ байгаа тул эдгээр эмчилгээний буюу 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс хойшхи хугацааны эмчилгээний зардал нь ослоос үүдэлтэй гэж дүгнэх үндэслэлгүй гэж үлдэх 5,376,319 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Франц улсад гарсан зардал руу явсан замын болон эмчилгээний зардал 3,105,612 төгрөг гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч нь түнхээ солиулахгүйн тулд ямар эмчилгээ хийх боломжтойг тодруулахаар Франц улс явж эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан гэж, хор талын онгоцны тийзийн зардалд 2,686,900 төгрөг, түнхний ренген зураг, үзлэгийн төлбөрт 136.62 евро буюу тухайн өдрийн буюу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 403,712 төгрөг, орчуулгын зардал 15,000 төгрөг, нийт 3,105,612 төгрөг гаргуулахаар шаардаж, холбогдох баримтыг хавсаргажээ.
Хариуцагч тал түнхний эмчилгээг Монголд хийх боломжтой, зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтад бүртгэгдээгүй, өөрөө сайн дураар сонгосон тул хариуцахгүй гэж маргаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-ыг баталсан байх бөгөөд ослоос үүдэлтэй түнхний гэмтэл нь уг жагсаалтад бичигдээгүй буюу Монгол Улсад эмчлэх боломжтой өвчин байна.
Нэхэмжлэгч Монгол Улсад зөвхөн түнх солино гэсэн бөгөөд би солиулахгүйгээр эмчлүүлэх боломжийг судалж, Франц Улсыг зорьсон гэж тайлбарласан боловч эмчийн заавар зөвлөгөөнд түнх солиулах талаар дүгнээгүй, ийм эмчилгээний заалт бичээгүй байх тул хариуцагчийн хариуцвал зохих зардалд хамаарахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардалд 25,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Эрүүгийн хэргийн төв Архиваас нотлох баримт хуулбарласан зардалд 24,000 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн зардал 1,500 төгрөг, нийт 25,500 төгрөгийн зардлыг өөрт учирсан эд хөрөнгийн хохирол гэж шаардаж байна.
Эд хөрөнгөд учирсан хохиролд олох байсан орлого, холбогдож гарсан зардал хамаарах тул хариуцагч Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иас 25,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгчийн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шаардсан төлбөрийг бүрэн гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг нотлох баримтад үндэслэн төлбөрийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
Дээрхийг нэгтгэн хариуцагч Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иас гар утасны хохирол 1,155,000 төгрөг, олох байсан орлого 1,180,920 төгрөг, эмчилгээний зардал 3,374,478 төгрөг, нотлох баримттай холбоотой зардал 25,500 төгрөг, нийт 5,735,898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,961,011 төгрөг гаргуулах болон Тэнүүн-Огоо ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 106,724 төгрөг гаргуулж, улсын орлогод нь оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иас 5,735,898 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,961,011 төгрөг гаргуулах болон хариуцагч Тэнүүн-Огоо ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Тэнүүн-Огоо Гуравдугаар бааз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 106,724 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ