| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02562/И |
| Дугаар | 102/ШШ2021/02287 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2021/02287
| 2021 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2021/02287 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:
Хариуцагч: Б оршин суух, овогт Ж.Г/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 674,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ас, хариуцагч Ж.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж уйл ажиллагаа эрхлэх дүүргийн Засаг даргаас олгосон 264 дугаартай гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ нь тус байранд өөрийн хөрөнгөөр 7, 8-р орцны дээврийн ажлын засвар, айлуудын цэвэр, бохир усны шугам хоолой солих, байрныхаа урд хойд талын 366 м.кв талбайг зүлэгжүүлэн 21 ш мод сөөг тарьж, шинээр хашаа хайс хийж будсан. Мөн 3, 4, 5, 6, 7, 8, 9-р орцуудыг иж бүрэн засаж, сантехникийн засвар уйлчилгээг тоггмол хийсээр ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 1-р орц, 6-р орц, 7-р орцны дээврийг бүрэн цутгаж засварын ажил хийсэн. Гэвч ... СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж, cap бүрийн СӨХ-ны төлбөрийн төлөлгүй удаж, хууль тогтоомжийг зөрчиж буй иргэн байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 12-р байрны 53 тоотод оршин суугч иргэн 2018 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р сарын төлбөр болох 153,900 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р саруудын төлбөр болох 205,200 төгрөг, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11-р саруудын төлбөр болох 171,000 төгрөг, 2020 оны 10, 12-р сарын төлбөр 36,180 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6-р саруудын төлбөр болох 108,540 төгрөг, нийт 674,820 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч...ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч... шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 12 дугаар байрны 53 тоотын оршин суугч юм. Хүн орон гэр сууцандаа дулаахан, тав тухтай амьдрах нөхцөл бололцоогоор хангагдах ёстой. Гэтэл 3, 4-р хорооллын байрнуудын ойролцоо шинэ орон сууц олноор баригдснаас хуучин дулааны шугамаас салаалан авснаас дулааны шугамын хүч нь саарч хорооллын байшингууд өвөл намрын цагт маш их хүйтэн, тав тухгүй байдаг. Манайх дулааны шугам сүлжээний салаалалтын дулимагхан халаалтаас гадна цанажилтын хүйтэн нь гэрт орж ирснээс болж өвөлдөө бид өвлийн гутал, куртик өмсөж гэртээ байдаг. Гэртээ дулаахан хувцаслаад ч удаан суухаар жиндэж даарч нуруунаас янгинаж өвддөг. Өвөл усанд орох, 00-ийн өрөөгөө ашиглах боломжгүй, маш хүйтэн байдаг. Өрөөнүүдийн доод заадсаар хүйтэн агаар, салхи орж цагаан цана орж ирдэг. Энэ нь халуун агаартайгаа холилдож мөөгөнцөрддөг. Энэ байдлаа 2018 оны 4 сард хуучин СӨХ-ны даргад хэлж асуудлыг шийдэх талаар лавлахад тухайн засвар үйлчилгээний зардлыг 2 талаасаа хувааж төлж болно Цанажилтын эсрэг дулаалга хийх зардлыг хувааж болно гэж хэлж байсан. СӨХ-ны төлбөрийг цанажилтын дулаалгын төлбөрт оруулна гэж байсан. Энэ байдлаа СӨХ хурдхан засаж янзалж өгөөч гэж СӨХ-ны даргад өргөдөл гаргахад үүнийг СӨХ янзлах ёстой янзалж өгнө гэж хэлсэн. Одоо болтол янзалж өгөөгүй байна. Цанажилт хийдэг бригадуудаас үнэ судлахад барилгын гадна хана болон урд хана хоёр тал хана нийлээд 5,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Үүнийг хийлгэх мөнгө төгрөгийн бололцоо байхгүй болохоор би өмнөх гэр орондоо тав тухгүй хоёр улирлыг өнгөрөөх байдлаа дахин үргэлжлүүлэх болоод байна. СӨХ энэ ажлаа хийж чадахгүй олон иргэдийг эрүүл мэндээр хохироож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтмол хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Мөн СӨХ нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон ажлаа хийж үүргээ биелүүлдэггүй. Гадна орцны хаалга дохиолол нь эвдэрснээс гаднаас орцонд хүн орж ирж шээх энэ байдал олон cap үргэлжилсээр өнөөдрийг хүртэл засагдаагүй байгаа. Ямар нэг засвар үйлчилгээ хийсэн тухай баримт хэрэгт байхгүй. СӨХ үүргээ биелүүлдэггүй тул хэргийг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... СӨХ нь хариуцагч...ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 674,820 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч... нь Дулааны алдагдлаас үүдэн өвөлдөө цантаж хөлддөг, хөгц мөөгөнцөр үүсч, өвөлдөө амьдрах аргагүй хүйтэн байдаг, СӨХ хариуцан дулаалга хийж өгөөгүй тул төлөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч ... СӨХ нь өмчлөгч...ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь СӨХ байрны гадна дулаалгыг хийж өгөөгүй тул өвөлдөө цантаж, хөгц мөөгөнцөр үүсдэг, маш хүйтэн орчинд амьдарч байгаа тул төлөхгүй гэх боловч Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан бөгөөд СӨХ-ны төлбөрийг төлөхгүйгээр гадна дулаалгыг СӨХ хийх ёстой гэсэн түүний татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, СӨХ нь оршин суугчдын төлсөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг. Засвар үйлчилгээний зардал нь сард 4,000 төгрөг байх бөгөөд хариуцагч өөрөө 5,000,000 төгрөгийн гадна дулаалгыг хийх төлбөрийн боломжгүй гэсэн атлаа СӨХ-г зардлыг бүрэн хариуцаж хийх ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Байрны дулаан алдагдал нь халаалт болон барилгын насжилттай холбоотой тул СӨХ-г шууд, бүрэн хариуцах ёстой гэж дүгнэх боломжгүй.
Гэхдээ нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 674,820 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх 68,400 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.
Иймд хариуцагч...ээс 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар дуустал хугацааны төлбөрт 606,420төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 20,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч...ээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 606,420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч...ээс 18,843 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ