| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/337 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 24.3.1., 24.3.3., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/337
2024 05 09 2024/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт Д.Д болон “ХХ” ХХК-д холбогдох эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Билгүүн, шүүгдэгч Д.Д, “С.Ц” ХХК-ийн төлөөлөгч Д.Д нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн хх дугаар хороо Нэхмэлийн Арьс ширний хашаанд үйл ажиллагаа явуулдаг “С.Ц” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, ачлал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 398 дугаарт багтсан натрийн сульфид (Na2S) бодисыг хууль бусаар авсан, улмаар тус үйлдвэрийн байранд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт,
2. Яллагдагч “С.Ц” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 398 дугаарт багтсан натрийн сульфид (Na2S) бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, авсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Д.Д, “С.Ц” ХХК нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...”ХХ” компанид хувьцаа эзэмшигчээр 3 хүн байдаг. Миний бие “С.Ц” ХХК нь арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд миний бие захирлаар нь ажилладаг юм. Одоогоор компани үндсэн ажилтангүй байгаа. Манай ажил улирлын чанартай. Хэвийн ажиллаж байх үедээ 1-2 хүнийг түр хугацаагаар гэрээгээр авч ажиллуулдаг юм. н ажилладаг.
Тухайн үед химийн бодис ашиглаж байх үедээ химийн хортой бодис гэдгийг мэдэж байсан. Зөвшөөрөл авдаг тухай мэдэж байсан, бичиг баримтаа бүрдүүлээд хөөцөлдөөд явж байсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.
“С.Ц” ХХК-ийн хувьд мөн зохих зөвшөөрөлгүй, химийн хорт аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. “С.Ц” ХХК үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нэг гишүүнтэй. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гутлын дотрын арьс хийдэг. Тухайн бодисыг арьсны үсийг нь унгаах зорилгоор ашигладаг. Манай байгууллага 1998 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн үед зөвшөөрөл шаарддаггүй байсан. 2018 оноос зөвшөөрөл шаарддаг болсон. 2018 оноос одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан, зөвшөөрөлгүй яваад байсан. Одоо компани нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авсан байгаа. Бодисыг багаар хэрэглэдэг. Хөнгөн ял хариуцлага оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 14 дэх тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл хавсралтаар гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 16-30 дахь тал),
3. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 31-32 дахь тал),
4. “С.Ц” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, химийн хорт болон аюултай бодисыг импортлох, худалдах ХХ дугаартай тусгай зөвшөөрөл, хавсралт баримтын хуулбар, мөн тус компаниас “ХХ” ХХК-ийн худалдан авсан бодисын зарлагын зарлагын баримтууд (хэргийн 1-р хавтас 38-42 , 170-171, 172-173 дахь тал),
5. Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хх дугаартай албан бичиг (хэргийн 1-р хавтас 60-61 дэх тал),
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хх дугаартай албан бичиг (хэргийн 1-р хавтас 162 дахь тал),
7. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хх дугаартай албан бичиг (хэргийн 1-р хавтас 164-165 дахь тал),
8. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хх дугаартай “ХХ” ХХК-д олгосон химийн хортой болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл, хавсралтын хуулбар баримт (хэргийн 2-р хавтас 19-20 дахь тал),
9. “С.Ц”ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа баримт тус компанийн эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд:
- Гадаад худалдаа, арьс шир боловсруулах үйл ажиллагааг 2008.04.27, 2012.03.22-ний өдөр тус тус улсын бүртгүүлсэн тухай тэмдэглэл баримт (хэргийн 1-р хавтас 84-85, 86 дахь тал),
10. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Байгалийн ухааны шинжилгээний хэлтэс хх дугаартай:
“1.2.3. “Дээж №6, Огноо: 2023.09.12, Авсан газар: “С.Ц” ХХК, натри гэх, Дээж авсан албан тушаалтан: а/х Н.Чулуунхүү” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бодис нь натрийн сульфид (Na2S) байна. Илэрсэн натрийн сульфид (Na2S) нь Байгаль орчин, ногоо хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад: Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын 398 дугаар жагсаалтад багтсан байна.
“Дээж №7, Огноо: 2023.03.12, Авсан газар: “С.Ц” ХХК, хрон гэх, Дээж авсан албан тушаалтан: а/х Н.Чулуунхүү” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бодис нь хромын сульфат (Cr2(SO4)3) байна. Илэрсэн хромын сульфат (Cr2(SO4)3) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад багтаагүй байна.
“Дээж №4, Огноо: 2023.09.12, Авсан газар: “С.Ц” ХХК, плин гэх, Дээж авсан албан тушаалтан. а/х Н.Чулуунхүү” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бодисын уусмалын орчин нь саармаг (pH 7) шинж чанартай байсан ба найрлагыг тогтоох техникийн боломжгүй.
4.5.6. Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй.” гэсэн дүгнэлт, шинжилгээний зураг (хэргийн 1-р хавтас 65-67 дахь тал),
11. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Байгалийн ухааны шинжилгээний хэлтэс хх дугаартай:
1.2.3.4.5.6. “Дээж №1, Огноо: 2023.09.12, Авсан газар: “С.Ц” ХХК-н байр хар будаг гэх, Дээж авсан албан тушаалтан: а/х Н.Чулуунхүү” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бодисын уусмалын орчин нь хүчтэй шүлтлэг (pH 10) шинж чанартай,
“Дээж №2, Огноо: 2023.09.12, Авсан газар: “С.Ц” ХХК, мемоз бор будаг гэх, Дээж авсан албан тушаалтан:” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бодисын уусмалын орчин нь саармаг (pH 7) шинж чанартай,
“Дээж №5, Огноо: 2023.09.12, Авсан газар: “С.Ц” ХХК, хар өнгийн будаг гэх улаан өнгийн, Дээж авсан албан тушаалтан: а/х Н.Чулуунхүү” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бодисын уусмалын орчин нь хүчтэй шүлтлэг (pH 10) шинж чанартай,
“Дээж №3, Огноо 2023.09.12, Авсан газар: “С,Ц” ХХК ..., Дээж авсан албан тушаалтан: а/х Н.Чулуунхүү “шингэн саван гэх” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн бодисын уусмалын орчин нь саармаг (Ph 5) шинж чанартай,
Дээж №9, Огноо: 2023.09.12, Авсан газар: “С.Ц” ХХК зөөлрүүлэгч тос гэх, Дээж авсан албан тушаалтан: а/х Н.Чулуунхүү” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн шилэн савтай шингэн бодисын уусмалын орчин нь сул шүлтлэг (pH 8) шинж чанартай байсан ба эдгээр бодисын найрлагыг тодорхойлох техникийн боломжгүй.” гэсэн дүгнэлт, шинжилгээний зураг (хэргийн 1-р хавтас 71-73 дахь тал),
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ө-ын гэрчээр өгсөн:
“...Би “С.Ц” ХХК-д 2019 оноос эхлэн зун болон өвлийн улиралд туслах ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна. Хавар болон намрын улиралд хөдөө гэр, мал руу явчихдаг. “С.Ц” ХХК нь малын арьс шир гаднаас авч ирж үсийг нь угааж цэвэрлээд хатаасныхаа дараа элдүүрийн төхөөрөмж дээр зөөллөөд буцааж худалддаг. Би голцуу бараа материалыг зөөх, үслэг эдлэлийг боловсруулж, зөөллөж элдэх, хатаах үйл ажиллагаанд л оролцдог. Заримдаа манай үйлдвэр дээр будсан арьс шир гаднаас хүмүүс авч ирж хатаалгадаг.
Үйлдвэрийн байранд явуулдаг бусад үйл ажиллагааг Д. ах л сайн мэдэх байх. Natrium Sulfide гэх бодисыг 2023 оны зун “ХХ” гэдэг газраас худалдан авсан бөгөөд би очиж авч ирж үйлдвэрийн байранд хийсэн. Тухайн үед Д. “намайг очоод аваад ир” гэхээр нь би түүний хэлсний дагуу “ХХ” ХХК-ийн дэлгүүрээс зөөж авч ирсэн.
Төлбөрийг нь Д. ах хийчихсэн байсан байх. Мөн плин гэх бодисыг Д., ах бид 2-ын аль нэг нь 2023 оны зун “ХХ” ХХК-аас худалдан авч ирсэн. Хром гэх бодисыг 2023 оны 08 сарын орчим Д. ах намайг “ХХ” ХХК-аас очоод аваад ир, мөнгийг нь өгчихсөн байгаа гэхээр нь би очиж зөөж авч ирж үйлдвэрийн байранд оруулж хадгалсан.
Будагч бодисуудыг 2023 оны эхээр Д. ах “ХХ” ХХК-ийн байрнаас очоод аваад ир, тооцоог нь хийчихсэн байгаа гэхээр нь би очиж аваад үйлдвэрийн байранд хадгалсан. Тос болон шингэн саван нь намайг анх ажилд орох үед үйлдвэрийн байранд байдаг байсан. Миний зөөж авч ирсэн бодисуудын төлбөрийг Д. ах хийчихсэн байдаг бөгөөд намайг зөвхөн очоод зөөгөөд аваад ир гэхээр нь л би түүний хэлсний дагуу хийсэн.
Хэчнээн төрлийн, ямар бодисыг, ямар зорилгоор ашигладаг талаар би сайн мэдэхгүй байна. Natrium Sulfide гэх бодисыг арьснаас үсийг салгах зорилгоор, Плин гэх бодисыг арьс зөөлрүүлэхэд, хрон гэх бодисыг арьсандаа өнгө оруулах гэж тус тус ашигладаг. Эдгээр бодисыг Д. ахаас өөр хэн нэгэн ашигладаггүй. Д. ахыг дуудсан үед би очиж ажилладаг. Ажилласан өдрийнхөө хөлсийг дор бүр нь авдаг. Эхнэр нь заримдаа арьс хатаахад туслахаар ирдэг. Амарзаяа гэх эмэгтэй арьс хатааж, захалж, сунгах ажил хийдэг. Ер нь үйлдвэрлэлийн бүх үйл үйл ажиллагаанд Д. ах оролцдог.
У. гэх эрэгтэй арьс шир элддэг. Ажилладаг хүмүүсээс химийн бодист хордсон тохиолдол гараагүй. “ХХ” ХХК нь манай үйлдвэрийн байрнаас урд зүгт 50 орчим метр зайтай байдаг болохоор түрдэг тэргэн дээр зөөж авч ирсэн. “ХХ” ХХК нь мөн манай үйлдвэрээс урагшаа 400-500 метр зайтай байрладаг болохоор Д. ахын Портер машинаар би зөөж авч ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 44-45 дахь тал),
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-ын гэрчээр өгсөн:
“...Би 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл “ХХ” ХХК-д худалдагч, борлуулагч албан тушаалд ажиллаж байна. Надаас өөр худалдагч, борлуулагч байхгүй. Манай компани өөрийн байран дээрээс химийн бодис худалдаж борлуулдаг. “С.Ц” ХХК нь манай ажлын байрнаас ойрхон байрлаж арьс боловсруулах үйл ажиллагаа явуулдаг гэдгээр нь мэднэ.
Д-ыг уг компанийн захирал гэдгээр нь зүс танина. “ХХ” ХХК нь химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, худалдан авах, худалдах, ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй байдаг болохоор ийм үйл ажиллагаа явуулдаг гэж бодож байна. Энэ талаар менежер Б-аас асуувал илүү сайн мэднэ гэж бодож байна. “С.Ц” ХХК нь манай компаниас натри, хром гэсэн бодисуудыг л авч хэрэглэдэг.
Дээрх бодисуудыг 1-2 сарын зайтай 1-2 шуудайгаар нь авдаг байсан. Манайхаас 2 уут 50 кг натри гэх бодисыг, 1 уут 25 кг хром гэх бодисыг, 1 уут 20кг плин гэх бодисыг худалдаж авч байсан, өдрүүдийг нь санахгүй байна. “С.Ц” ХХК нь манай компанийн ойролцоо үйл ажиллагаа байнга явуулдаг. Манай захирал нар хоорондоо ярилцахдаа “эргэн тойронд байдаг компаниудыг зөвшөөрлөө авч байгаа юм байна лээ” гэж ярилцаад байдаг болохоор нь би тус компанийг энэ төрлийн тусгай зөвшөөрөлтэй юм байна гэж ойлгосон учраас шалгаж байгаагүй.
Миний ажил үүргийн хуваарьт тусгай зөвшөөрлийг нь шалгах ёстой байдаг бөгөөд бодис авахаар ирсэн хүн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг нь үзэж шалгадаг, мөн манай компанийн удирдлагууд надад тусгай зөвшөөрлийг нь шалгаж байж бодис худалдаж байхыг сануулж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 41-48 дахь тал),
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын гэрчээр өгсөн:
“...Би ХХ ХХК-д 2020 оноос эхлэн одоог хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хуучнаар арьс, ширний нэгдлийн хашаанд одоогийн байдлаар 10 орчим томхон, 10 орчим жижиг арьс шир боловсруулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь “ХХ” ХХК бөгөөд анх “ХХ” ХХК-д ажиллаж эхэлсэн үеэс эхлэн уг ХХК-ийн талаар мэддэг болсон. Явцын дундаас Д-ыг зүс таних болсон. Би ойр орчмын хүмүүсийн ярианаас ойлгохдоо “С.Ц” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй байж байгаад зөвшөөрлийн хугацаа нь дуусаад сунгуулахаар хөөцөлдөж яваа гэж ойлгосон.
Тус компани нь манай компаниас Натри, Хром, Плин гэх нэршилтэй бодисуудыг худалдаж авсан талаар худалдагч М-аас сонсож мэдсэн. Арьс ширний үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжүүд дундаа Б. гэдэг нэг ХАБЭА-ийн инженертэй байдаг бөгөөд уг хүн нь тухайн жижиг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хөөцөлдөж яваад байдаг байсан. Тэдгээрийнх нь дунд “С.Ц” ХХК ч гэсэн багтаж байсан юм.
2023 оны цагаан сарын дараахан Б-тэй уулзаж байхад “Манай арьс ширний үйлдвэрийн хашааны жижиг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл нааштайгаар шийдэгдээд гарч байгаа, ирэх 7 хоногоос очиж зөвшөөрлийг нь авна” гэж байсан. Тэгэхээр нь би дээрх жижиг аж ахуйн нэгжүүд бүгдээрээ зөвшөөрөлтэй болсон юм байна гэж ойлгоод энэ талаараа худалдагч М-д “арьс ширний үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл нь гарч байгаа болохоор бодис худалдахаар болж байгаа юм байна шүү” гэж хэлж байсан.
2020 юм уу 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тэр орчмын газар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийгээд зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж манай ХХК-д өгөөд эдгээр газруудад химийн бодис худалдаж болохгүй талаар заавар зөвлөгөө өгсний дагуу манай компаниас дээрх аж ахуйн нэгжүүдэд “тусгай зөвшөөрөлгүй бол танайд манай компаниас бодис худалдаж борлуулахгүй” гэсэн утгатай албан бичиг хүргүүлж байсан.
Үүнээс хойш эдгээр компани дунд нэр нь байсан “С.Ц” ХХК-д химийн бодис худалдаж байгаагүй. “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын талаар амаар танилцуулж тайлбарлаж өгсөн бөгөөд “тусгай зөвшөөрөлгүй компанид химийн бодис худалдаж болохгүй шүү” гэж худалдагч Мөнхзулд хэлж байсан. Компаниудын тусгай зөвшөөрлийг үзэж шалгаад тусгай зөвшөөрөл байгаа тохиолдолд тэдгээр бодисыг худалдах ёстой. Би өөрийн буруугаас болж зөвшөөрөлгүй компанид бодис худалдсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 50-51 дэх тал),
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:
“...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гмт хэрэг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж, хуураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжиж байгаа энэ үед химийн бодисын нэг төрөл, хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж химийн бодисоор байгаль орчин бохирдох, хүний эрүүл мэндэд хор нөлөөлөл үзүүлэх тохиолдлууд харьцангуй их гарах болсноор химийн бодисын зохистой хэрэглээг бий болгож, түүний хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад Монгол улс төдийгүй дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хууль, дүрэм, журам, олон улсын гэрээ конвенцыг гаргасан.
Химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагаа хангах, химийн бодис бүрээр нэгдсэн нэг ойлголттой байх зорилгоор НҮБ-аас 1999 онд “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар”, түүний дагалдах боть болох “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, 2003 онд “Химийн бодисын ангилалт хаягжуулалтын нэгдсэн систем”-ийг тус тус батлан гаргасан ба 2013 онд “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем”-ийг шинэчлэн гаргасан. Харин Монгол Улсын Их Хурлаас 2006 онд баталсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 4.1-д химийн бодисыг уг ангиллын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой ба аюултай гэж ангилахаар заасан. Эдгээр баримт бичгүүдэд нийцүүлэн Монгол Улсад мөрдөгдөх химийн хорт болон аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр томьёо, тодорхойлолт, тайлбарыг гаргасан байдаг.
Химийн хорт бодис гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлдэг бол химийн аюултай бодис гэж тэсрэмтгийн, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочиромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгодог. Эдгээр шинжийг харгалзан дээрх жагсаалтад хамруулдаг.
Натрийн сульфид (Na2S) гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэн, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 398 дугаар хүснэгтэд багтсан байдаг бөгөөд хүрэлцвэл арьс үрэвсүүлэх, цочроох, нүд гэх мэт эмзэг эрхтнийг хүчтэй түлж, гэмтээх боломжтой. Уг бодисоор амьсгалсан үед харшил, эсвэл багтраа үүсгэх, эсвэл амьсгал давчууруулах зэрэг аюултай. Мөн усан орчинд богино хугацааны хурц хоруу чанартай бодис юм.
Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Натрийн сульфид (Na2S) нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамаарч байгаа тул тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас авах шаардлагатай.
“ХХ” ХХК нь Натрийн сульфид (Na2S) гэх бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласны улмаас байгаль орчинд ямар нэг хор хохирол учраагүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох хэрэгтэй байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 239-240 дэх тал),
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н-н /ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан/ гэрчээр өгсөн:
“...Миний бие ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд 14 дэх жилдээ ажиллаж байна. дээд боловсролтой, Хими технологич мэргэжилтэй.
Гаалийн төв лабораторийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-23/943 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн №006107 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнд тэмдэглэгдсэн:
1. Naphtol blue black 49.20: CAS: 1064-48-8. Химийн томъёо: C22H14N6Na2O9S2. Молекул жин: 616.49 г/моль. Хар хүрэн өнгийн, үнэргүй, хуурай нунтаг:,
2. Kaolin Aluminum silicate 67.37, SO3-30.46%. SiO2-28.03%, Al203-23.47%: CAS:1332-58-7. Химийн томъёо: Al2Si2O5(OH)4, цагаан өнгийн хуурай нунтаг бодис. Лабораторийн химийн бодис урвалж:,
3. Мемоз бор будаг нь бор шаргал өнгийн хуурай нунтаг, Natural memosa extract 96.41%, Tannin 24.0%-ийн хольц: Natural memosa extract 96.41% CAS: 8031-03-6. Бор өнгийн хуурай нунтаг бодис. Усанд уусдаггүй. Спиртэд уусна. Шүлтийн метал, аммиак, исэлдүүлэгч урвалж, хэт исэл, хүчтэй органик бус хүчилтэй хамт хадгалж болохгүй.,
Tannin 24.0%: CAS:1401-55-4. Химийн томъёо: C76H52O46. Цайвар хүрэн өнгийн, хуурай нунтаг. Хэт халалтаас сэргийлж хадгална. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
4. Плин: бор шаргал өнгийн хуурай нунтаг. Paqncreatin 21.05%, Protein 35.92%, Wood 67.34%-ийн хольц: Pancreatin 21.05%, CAS:8049-47-6. Шаргал өнгийн хуурай нунтаг, Protein 35.92: уураг, Wood 67.34: модны үртэс, эсвэл целлюлоз агуулсан холимог бодис.
5. Acid red 37.37: CAS: 3734-67-6. Химийн томъёо: C18 H13N3Na2O8S2. БУСАД НЭРШИЛ: Amido Naphthol Red G, Azophloxine. Молекул жин: 509.42 г/моль. Хар хүрэн өнгийн нунтаг. Хүчтэй исэлдүүлэгчтэй хамт хадгалж болохгүй. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
6. Ag2S-хар тунадас, Na+-ионы шар дөл, Натрийн сульфид, CAS:1313-82-2, химийн томъёо: Na2S. Шар өнгийн хуурай бодис. Молекул жин: 78.04 г/моль. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
7. Sulphate chromium (III) hydrate 56.85, SO3-49.72%, Cr2O3-46.67%: CAS: 15244-38-9. Химийн томъёо: Cr2O12S3*xH2O. Хуурай нунтаг бодис. Хайлах/задрах температур 1000С. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
8. Poly (oxyethylene) tallow amine 82.66, химийн томъёо: C4H11NO2, Ethoxylated oleamide 78.27, химийн томъёо: C22H43NO3, нэгдлүүдийн хольц: Гадаргуугийн идэвхт цэвэрлэгээний бодис, CAS: 61791-26-2, тунгалаг шингэн, pH: 9.7, усанд уусна. Хүчтэй исэлдүүлэгчтэй хамт хадгалж болохгүй. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
9. Glycerol trioleate 84.16 CAS:122-32-7. Химийн томъёо: C57H104O6, Молекул жин: 885.4 г/моль. Шаргал өнгийн тосорхог шингэн, үнэргүй. Нягт: 0.91 г/мл. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
Эдгээр бодисуудын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, хоруу чанар ямар болох талаар:
1. Naphtol blue black 49.20: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/ тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц мөн. Арьс мэдрэгжүүлэгч бодис, харшил өнгө 1В (H317).
2. Kaolin Aluminum silicate 67.37, SO3-3O.46%. SiO2-28.03%, Al2O3-23.47%: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис, эсвэл хольц биш.
3. Natural memosa extract 96.41: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц мөн.
Арьс үрэвсүүлэгч ба цочроогч бодис 3 (H316), Усны амьд организмд аюултай 3 (H402), Усны амьд организмд аюултай нөлөөлөл удаан хугацаанд үзүүлнэ 3 (H412). Tannin 24.0: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц биш.
4. Плин: бор шаргал өнгийн хуурай нунтаг. Paqncreatin 21.05%, Protein 35.92%, Wood 67.34%-ийн хольц: Pancreatin 21.05%, CAS:8049-47-6. Шаргал өнгийн хуурайн нунтаг, Protein 35.92: уураг, Wood 67.34: модны үртэс эсвэл целлюлоз агуулсан холимог бодис. Уг бодис нь юунд хэрэглэгддэг, ямар бодис гэдэг нь нарийн тодорхойгүй байгаа учир үүнд агуулагдах бодисоор төлөөлүүлэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, хоруу чанартай эсэхийг тайлбарлав. Pancreatin 21.05%, CAS:8049-47-6 нь дангаараа байгаа тохиолдолд Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц мөн бөгөөд дараах нөлөөлөл үзүүлнэ.
Арьс үрэвсүүлэгч ба цочроогч бодис 2 (H315), нүд хүчтэй гэмтээгч ба цочроогч бодис 2 (H319), Амьсгалын зам болон арьс мэдрэгжүүлэгч бодис 1 (334), Арьсанд харшил өгнө 1 (H317), Амьсгалын замын эрхтнийг үрэвсүүлнэ 3 (H335). Харин уг холимогт агуулагдах Protein 35.92: уураг, Wood 67.34: модны үртэс эсвэл целлюлоз нь хүний биед болон байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүй.
5. Acid red 37.37: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц биш.
6. Ag2S-хар тунадас, Na+-ионы шар дөл, Натрийн сульфид, CAS:1313-82-2, химийн томъёо: Na2S. энэхүү химийн бодисыг 2012 оны OSHA Hazard Communicaton Standard (29 CFR 1910.1200)-аар аюултай гэж үздэг.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт, Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 398 дугаарт бүртгэгдсэн. 1. Арьс, нүдийг хүчтэй түлж гэмтээнэ 1 (H314), Усны амьд организмд онцгой хортой 1 (H400), Өөрөө хална, шатах аюултай 1 (H251), Металл зэврүүлэгч бодис 1 (H290).
7. Sulphate chromium (III) hydrate 56.85, SO3-49.72%, Cr2O3-46.67%: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц мөн. Залгивал хортой 4 (H312) бодис. Лабораторийн химийн бодис урвалж ба үйлдвэрлэлд ашигладаг.
8. Poly (oxyethylene) tallow amine 82.66, Ethoxylated oleamide 78.27 нэгдлүүдийн хольц: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц мөн. Амаар залгивал хортой 4 (H302), Амьсгалбал онцгой хортой 2 (H330), Нүд хүчтэй гэмтээнэ 1 (H318), Усны амьтадад онцгой хортой 2 (H401), Усан орчинд урт хугацааны архаг хоруу чанартай 2 (H411) бодис.
9. Glycerol trioleate 84.16: Олон улсын Европын холбооны (ЕС) химийн бодисын 1272/2008 тоот журмын дагуу аюултай бодис эсвэл хольц биш юм. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 243-246 дахь тал),
17. Шинжилгээ хийх боломжгүй талаарх ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 1/22 дугаартай, 2024 оны 04 сарын 17-ны өдрийн хх дугаартай албан бичиг баримтууд (хэргийн 2-р хавтас 31, 32 дэх тал),
18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д-ын гэрчээр, яллагдагчаар өгсөн:
“...Би 2008 оноос эхлэн “С.Ц” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2010 оноос эхлэн одоог хүртэл тус компанийн захирлаар ажиллаж байна. Уг компанийг манай аав, ээж хоёр эрхлэн ажиллуулж байгаад өндөр настай болсны улмаас 2010 оноос хойш би үйл ажиллагааг нь эрхлэн явуулах болсон юм.
“С.Ц” ХХК нь 1998 оноос эхлэн арьс шир боловсруулах чиглэлээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь малын түүхий арьс, ширийг худалдаж аваад, идээлэх буюу зөөлрүүлэн боловсруулж, гутал болон бусад хувцас хэрэглэл хийдэг хүмүүст худалддаг.
Манай компани нь арьс боловсруулах үйл ажиллагаандаа Natrium Sulfide гэсэн бодис нь хортой, аюултай бодист хамаардаг байх арьсны үсийг салгах зорилгоор ашигладаг, бусад бодис нь хортой, аюултай бодист хамаардаггүй байх. Манайх үйл ажиллагаандаа арьсанд өнгө оруулагч төрөл бүрийн будаг, зөөлрүүлэхэд ашигладаг тос, арьсны тосыг цэвэрлэдэг шингэн саван, дүүргэгч бодисууд хэрэглэдэг. Өнөөдөр цагдаагаас үзлэг хийх явцдаа битүүмжилсэн дээж авсан бодисуудыг л хэрэглэдэг. Манай компани нь химийн хортой, аюултай бодис ашиглах тээвэрлэх, хадгалах, авах тусгай зөвшөөрөл байхгүй. Энэ зөвшөөрлийг авахаар холбогдох материалаа эрх бүхий байгууллагад нь манай ХАБ-ын ажилтан өгсөн гэсэн.
ХУД-ийн хх дугаар хорооны нутаг дэвсгэр, манай ХХК-ийн ажлын байрны урд талд 2 давхар байранд байрлах “ХХ” ХХК-аас Natrium Sulfide гэх бодис зөөлрүүлэгч болох Плин гэх бодисуудыг тухай бүр бага, бага хэмжээгээр буюу 25 кг-ийн шуудай савлагаатай худалдан авдаг. Бусад бодисыг мөн ХУД-ийн хх дугаар хорооны нутаг дэвсгэр, манай компанийн ажлын байрнаас нэлээн урагшаа байрлах “ХХ” компанийн ойролцоо байрлалтай, миний санаж байгаагаар “ХХ” гэх нэртэй компаниас худалдан авдаг.
Natrium sulfide-ийг арьсны үсийг бүрэн гуужуулж унагаахад ашигладаг, Плин буюу зөөлрүүлэгчийг арьсыг зөөлөн болгох, будгуудыг арьсандаа өнгө оруулах, шингэн саванг арьсны тосыг цэвэрлэх, дүүргэгч бодисуудыг арьсны нүх сүвийг дүүргэж биетэй болгох зорилгоор тус тус ашигладаг.
ХУД-ийн хх дугаар хороо, өөрийн “С.Ц” компанийн үйлдвэрийн байрны 1-р давхрын дулааны узелийн өрөөнд Natrium Sulfide, Плин, будгууд, дүүргэгч бодисуудыг хадгалдаг, шингэн саванг үйлдвэрийн цехийн үйл ажиллагаа явуулдаг өрөөндөө байрлуулж хадгалдаг. Манай эхнэр П., Ж.Ө., Ө.А. нар арьс шир боловсруулах ажилтнаар ажилладаг бөгөөд ХАБЭА Б. нь манайхаас гадна бас 4 арьс шир боловсруулах үйлдвэрийн ХАБЭА-ийн ажилтнаар давхар ажилладаг болохоор манай компани нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй зөвхөн цалинжаад явдаг.
Пүрэвсүрэн, Ж.Ө., Ө.А. нар манай ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгал төлөгддөг. Манай компани нь миний мэдэхээр химийн хортой болон аюултай бодис ашиглах зөвшөөрөл авч байгаагүй.
2020 онд Цагдаагийн байгууллагаас шалгаж зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан гэж 3.0 сая төгрөгөөр торгуулж байсан. Энэ талаар Б. сайн мэдэж байгаа. Химийн хортой болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийг авахаар хөөцөлдөж яваа бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллага Нийслэлийн байгаль орчны газартай нэгдсэнтэй холбоотой хариуцах хүнгүй болсон гэж дуулсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дэх хавтас 53-54 дэх тал, хэргийн 2 дахь хавтас 13-15 дахь тал) болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 148 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 153 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 160 дахь тал),
Мөн шүүгдэгч “С.Ц” ХХК-ийн хувийн байдалтай холбоотой хуулийн этгээдийн улсын бүртгэл (хэргийн 84-85 дахь тал), Улсын бүртгэлийн гэрчилгээ (хэргийн 86 дахь тал), харилцах дансны бүртгэл (хэргийн 87 дахь тал), хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл (хэргийн 88 дахь тал), хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (хэргийн 89 дэх тал), “С.Ц” ББН үүсгэн байгуулагчийн шийдвэр (хэргийн 90 дэх тал), “С.Ц” нөхөрлөлийн дүрэм (хэргийн 105-107 дахь тал), Өвлөх эрхийн гэрчилгээ (хэргийн 108-109 дэх тал), “С.Ц” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм (хэргийн 126-131 дэх тал), 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл (хэргийн 132-133 дахь тал), Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (хэргийн 134 дэх тал), оноосон нэрийн зөвшөөрөл (хэргийн 136 дахь тал), Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хэргийн 145 дахь тал), Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ (хэргийн 146 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 158 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг үнэлж, дүгнэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д, “С.Ц” ХХК нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх үйл ажиллагаа явуулдаг “С.Ц” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, ачлал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хх хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 398 дугаарт багтсан натрийн сульфид (Na2S) бодисыг хууль бусаар авсан, тус үйлдвэрийн байранд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан,
- мөн шүүгдэгч “С.Ц” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 398 дугаарт багтсан натрийн сульфид (Na2S) бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, авсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлж хуульчилсан.
“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэгт тооцохоор, мөн “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” нь мөн зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдохоор тус тус заасан.
“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан” гэдэгт тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр химийн хорт, аюултай бодистой харьцаж, үйл ажиллагаандаа ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн үйлдлийг, мөн “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэг нь химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг, “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө” үйлдсэн гэдэгт химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан зэрэг нь үйлдэл нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэнийг тус тус ойлгоно.
“Химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, мөн “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочиромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ” гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад тус тус заасан.
Түүнчлэн химийн бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь “хортой” болон “аюултай” гэж ангилж, энэхүү ангиллын жагсаалтыг Байгаль орчны болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т зааснаас бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгохоор Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан байна.
Хэргийн нөхцөлд “С.Ц” ХХК нь малын арьс шир боловсруулах, гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгүүлсэн байх ба тус компанийн арьс шир боловсруулахдаа ашигладаг гэх Натрийн сульфид (Na2S) бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 398 дугаарт бүртгэгдсэн байх ба уг бодис нь хүрэлцвэл арьс үрэвсүүлэх, цочроох, нүд гэх мэт эмзэг эрхтнийг хүчтэй түлж, гэмтээх, хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх үйлчлэл бүхий бодис болох нь тогтоогдсон бөгөөд тус компани нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрлийг зохих байгууллагаас аваагүй байхдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн, Арьс ширний хашаанд байрлах үйлдвэрийн байранд зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг бусдаас авч, үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалж байсан үйлдэл нь хууль бус байна.
Хэргийн шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо ХХ үйл ажиллагаа явуулдаг “С.Ц” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, ачлал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 398 дугаарт багтсан натрийн сульфид (Na2S) бодисыг хууль бусаар авсан, тус үйлдвэрийн байранд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан,
- мөн шүүгдэгч “ХХ” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 398 дугаарт багтсан натрийн сульфид (Na2S) бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, авсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Нийслэлийн прокуророос Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “С.Ц” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээр хүн, хуулийн этгээдийн гэмт үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Д.Д-ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж “химийн хорт, аюултай бодисыг авсан, хадгалсан” гэм буруутайд, “С.Ц” ХХК-ийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, авсан, хадгалсан” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж хуульчилсан ба хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүх, шүүгдэгч Д.Д болон “С.Ц” ХХК-д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, уг гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс “нэхэмжлэх хохирол төлбөргүй” гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан саналд үндэслэн
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Д-т 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч “ХХ” ХХК-ийн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж битүүмжлэгдсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн арьс ширний хашаанд байрлах “ХХ” ХХК-ийн үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа Дээж-6. “chromotel XGS” гэх хаягтай, цагаан өнгийн шуудаатай, ногоон өнгийн 15.8 кг нунтаг бодисыг зохих журмын дагуу устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, дээж 1-ээс 5, 7-оос 9 гэж дугаарлагдсан бусад төрлийн бодисуудыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн “ХХ” ХХК-д буцаан олгож, устгасан болон буцаан олгосон ажиллагаатай холбоотой тэмдэглэл, баримтыг үйлдэж хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Д болон “С.Ц” ХХК нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ХХ овогт Д.Д-ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, химийн хорт, аюултай бодисыг авсан, хадгалсан гэм буруутайд,
- “С.Ц” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, авсан, хадгалсан” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ыг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “С.Ц” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “С.Ц” ХХК нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг тус компанийн удирдлагад мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж, битүүмжлэгдсэн Хан-Уул дүүргийн хх дугаар хороо, хх байрлах “С.Ц” ХХК-ийн үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа Дээж-6, “chromotel XGS” гэх хаягтай, цагаан өнгийн шуудайтай, ногоон өнгөтэй 15.8 кг нунтаг бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт шилжүүлж, бусад Дээж 1-5, Дээж 7-9 гэж дугаарлагдсан
1. Бор өнгийн цаасан хайрцагтай, дотроо тунгалаг гялгар уутанд савласан хар өнгийн 23.6 кг нунтаг бодис,
2. Хар өнгийн дугуй төмөр савтай, дотроо тунгалаг гялгар уутанд савласан, улаан өнгийн 28.9 кг нунтаг бодис,
3. Гадаад (Хятад мэт) хэлээр хаягласан, цагаан өнгийн шуудайтай, шаргал өнгийн 13.3 кг нунтаг бодис,
4. “Tensotan H” гэх хаягтай, цагаан өнгийн шуудайтай, бор шаргал өнгийн 15.25 кг нунтаг бодис,
5. Memosa ME powder гэх хаягтай бор өнгийн шуудайтай, бор шаргал өнгийн 15 кг нунтаг бодис,
7. Sodium sulphide lowiron flake гэх хаягтай, цагаан өнгийн 3 шуудайтай савласан, нийт 33.05 кг хуурай бодис,
8. Хөх өнгийн 2 хуванцар савт (200 литрийн хуванцар торх)-нд савласан нийт 105.8 кг жинтэй шингэн бодис,
9. Хөх өнгийн хуванцар сав (200 литрийн хуванцар торх)-нд савласан 62.3 кг жинтэй шингэн бодисуудыг битүүмжлэлээс чөлөөлж, “ХХ” ХХК-д буцаан олгож, устгасан болон буцаан олгосон эд зүйлсийн талаарх тэмдэглэл үйлдэж, баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Д болон “С.Ц” ХХК нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД