| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0325/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/377 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/377
2024 05 22 2024/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт Д.Э-д холбогдох эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч Ц.П, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга В.Нансалмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг, Мишээл Экспо төвийн хойд талын замд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд “ХХ” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн дүрмийн 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.П-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Гэрлэн дохиотой уулзвар дээр хоёр цагдаа зохицуулаад байж байсан. Тэгэхэд зүүнээс баруун руу эргэхээр хамгийн урд баруун талын эгнээд байсан. Ногоон гэрэл нь дохио асаж, цагдаа нар явахыг зөвшөөрсөн, машин хөдлөх үед цаана нь хүн харагдахгүй байсан. Хажуу талын хоёр машин хурдаа хасах үед би хурдаа хассан.
Гэтэл гэнэт хүн гарч ирээд энэ осол хэрэг болсон. Намайг уучлаарай. Миний буруу, хэргийн үйл баримт, гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид эмчилгээ, эм тарианы зардалд 3.250.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн гарсан зардлыг төлөөгүй байгаа, төлж барагдуулна. Хохирогч эмчилгээний зардал 1.970.000 төгрөг, баримтгүй зардал 2.875.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7.350.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Хохирол төлбөрийг баримтад үндэслэж төлөхөө илэрхийлж байна. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Ц.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2024 оны 1 дүгээр сарын 20-нд охинтойгоо Мишээл ороод, Мишээлийн ард талын явган хүний гарцаар гарахад ногоон гэрэл ассан байсан. Гарцаар гарахдаа ганцаараа байсан учраас айгаад гараа өргөж гарахад, гарахын даваан дээр ирээд машинд мөргөгдсөн. Тэгээд ухаан балартсан, баруун талаараа мөргүүлсэн ба босох гэж оролдоод босож чадахгүй, зүүн гар тал руу унасан. Тэгээд зам дээр нэлээн хэвтсэн, гадаа хүйтэн байсан.
Жолооч 30-40 минут намайг харж зогссон, би маш их гомдолтой байна. Миний зовуурь нуруу хугархай учраас удаан сууж чадахгүй, гар доош чинэрч өвддөг. Энэ гэмтлээс болж мартаж сандаг өвчтэй болсон. Хаашаа явахаа мэдэхгүй гарч явж байгаад өөр тийшээ явдаг болсон. Хүний хэлж байгаа зүйлийг бүрэн ойлгож чадахаа байсан байна.
Анх гэмтээд гэмтэл рүү явахад бүх зардлаа би өөрөөсөө төлсөн. Эмнэлэгт дөрвөн удаа хэвтэхдээ энэ хүнтэй ярьж байж “чи хүн гэмтээсэн мөнгө өг” гэж гуйж байж 500.000 төгрөг авсан. Тархи хавантай байгаа учраас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн ор хоногийн мөнгө 1.200.000 төгрөгийг төлсөн. Эхэн үедээ үедээ мөнгө хайж байна гээд утсаар ярьдаг байж байгаад, сүүлдээ утсаа ч авахаа байж, мессеж бичихээр хариу бичихгүй болсон.
Би өмгөөлөгч авах мөнгөгүй, өвчний гар карт дээр бичсэн 650.000 төгрөгийн эмийг авах мөнгөгүй байна. Цаашид гарах үр дагаврыг харгалзан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би үнэхээр гомдолтой байна. Би нийт 30.0 сая төгрөг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Үүнд ажилгүй байсны хугацааны цалин 7.740.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэрэг. Хөдөлмөрийн гэрээ баримт хэрэгт өгөөгүй, харин цалингийн тодорхойлолт байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг 3 зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэхэмжилнэ. Нэхэмжилсэн үнийн дүнгээс шүүгдэгчийн өгсөн мөнгийг хасаж нэхэмжилнэ. Гомдолтой байна.
Миний хувьд 5 сарын 15-ны өдөр хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Гэмтлийн эмнэлгийн эмч нийгмийн даатгал болон байгууллага руу акт явуулсан. Эмчилгээний зардал 3.250.000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг дансаар хүлээж авсан. Эмчилгээнд нийт 9.0 сая гаран төгрөг зарцуулаад байна. ажилгүй байсан хугацааны цалинг 6 сараар тооцсон байгаа. Миний сарын үндсэн цалин орлого 1.225.000 төгрөг. Ажлаа хийе гээд ажилдаа орсон боловч суугаа ажил болохоор удаа сууж чадахгүй байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгоогүй. Ажлаасаа чөлөө аваад эмчилгээгээ хийлгэсэн. Эмчилгээндээ зарцуулсан, эм, тариа, өвчин намдаах наалт зэргийг худалдан ач байсан баримтаа байхгүй учир өөрийн харилцах дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Эмчилгээ хийлгэх үед гарсан зардлууд, НӨАТ-ийн баримт өгөхгүй байсан болохоор дансны хуулгаар өгч байна. Өрхийн эмнэлгийн эмч нар гэрээр ирж эмчилгээ хийсэн.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 5 дахь тал),
2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хэргийн 6-7 дахь тал),
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 8-13 дахь тал),
4. Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% гарсныг баталгаажуулсан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл баримт (хэргийн 14 дэх тал),
5. Явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% гарсныг баталгаажуулсан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл баримт (хэргийн 15 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.П-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мишээл экспо орчхоод 15 цаг өнгөрч байхад гараад, хойд талынх нь замын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд, явган хүн зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч явахад авто машинууд надад зам тавьж өгөөд зогсож байсан. Гэтэл зүүнээс баруун тийш чиглэж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан авто машин ирээд намайг мөргөхөд нь би шидэгдээд зам дээр унасан.
Би өөрөө 102 руу залгаж дуудлага өгсөн бөгөөд тэр жолооч нь намайг хараад, яахаа мэдэхгүй зогсоод л байсан. Одоо миний баруун гар, баруун хөлийн гуя, өгзөг хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй. Гавал тархины битүү гэмтэл, ууцны S5 нугалмын их биеийн хугаралтай байгаа.
Би осол болсон өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оношилгоо, шинжилгээнүүд хийлгүүлсэн. Түүний дараагаар гэрээр эм тариа, эмчилгээ хийлгүүлж байгаад өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 29ний өдөр эмнэлэгт хэвтээд, 2024 оны 02 сарын 05-ны өглөө гарсан. Осол болсноос хойш намайг авто машинаараа мөргөсөн жолооч над руу эхлээд 500.000 төгрөг, түүний дараагаар эмнэлэгт хэвтэх үед эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 1.200.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.
Би хх ажилтай бөгөөд ослын дараагаас ажилдаа яваагүй, ажилгүй байх үеийн цалин, мөн цаашид биеэ эмчлүүлэх эмчилгээний зардал мөнгө хэдэн төгрөг хэрэгтэй болохыг хэлж мэдэхгүй, цаашид хэдэн төгрөг нэхэмжлэхийг би өөрөө мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),
7. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хх дугаартай:
“1. Ц.П-н биед ууцны 5-р нугалмын их биеийн далд хугарал, баруун тохойн цус хуралт, үеийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 36-37 дахь тал),
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.С-ын гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Мишээл экспо төвийн хойд авто замд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авто замд зохицуулалт хийгээд байж байхад 15 цаг өнгөрч байх үед уг замын баруунаас зүүн буюу хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн их, түгжрэлтэй байж байхад баруун талын хөдөлгөөний хязгаарлаад харин зүүнээс баруун тийш чиглэсэн хөдөлгөөн сийрэг байсан тул гэрлэн дохиогоор явж байсан.
Би уулзварын голд ертөнцийн зүгээр зүүн тийш хараад байж байхад зүүнээс баруун чиглэсэн авто машинууд ногоо гэрлээр хөдлөөд миний ард осол болох чимээ гарах үед би эргэж харахад авто замын явган хүний зам дээр нэг жийп машин эмэгтэй хүн мөргөөд, тэр эмэгтэй хүн нь зам дээр хэвтээд босож чадахгүй орилоод байж байхаар нь би жолооч болох эрэгтэй хүнд хэлж, 103 болон 102-т дуудлага өгүүлсэн.
Тэр уулзварт зүүнээс баруун зүгт чиглэсэн автомашины хөдөлгөөн зогсох үед уулзварын баруун талын явган хүний гарцын ногоон гэрэл асаж явган зорчигч явдаг горимтой. Осол болсны дараагаар би машинд мөргүүлсэн эмэгтэйтэй уулзахад явган зорчигчийн ногоон гэрэл асахад тэр эгч авто замын баруунаас зүүн чиглэлтэй урд талын 3 эгнээгээр түгжирсэн байсан авто машинууд дундуур сүлжээд зам хөндлөн гараад, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын гурван эгнээгээр зам хөндлөн гараад 3 болон 2 дугаар эгнээгээр явж байсан авто машинууд дундуур сүлжээд зам хөндлөн гараад 3 болон 2 дугаар эгнээгээр явж байсан авто машинууд түүнд зам тавьж өгөөд явж байхад нь нэгдүгээр эгнээгээр явж байсан авто машинууд түүнд зам тавьж өгөөд явж байхад нь нэгдүгээр эгнээгээр явж байсан авто машин зогсолгүй ирээд мөргөсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32-33 дахь тал),
9. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хх дугаартай дүгнэлт:
1. Уг авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, хурдны хайрцгийн ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал, өнгө үзэмж, дуут дохио, дугуйн хээний гүн зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. харин урд салхины шил стандартын бус өнгөт хальс хуулгатай, урд холын их гэрэл стандартын бус LED гэрэлтэй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
2. Уг авто тээврийн хэрэгслийн урд салхины шил стандартын бус өнгөт хальс хуулгатай,урд холын их гэрэл стандартын бус LED гэрэлтэй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
3. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна.
4. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна, Зогсоолын тоормос зогсож байна.
5. Уг авто тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд өвлийн улирлын 9-12 мм буюу урд хойд тэнхлэгийн баруун зүүн гар талын дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.
6. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-50 дахь тал),
10. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосон маягтыг танилцуулахад хохирогч Ц.П хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл баримт (хэргийн 53 дахь тал),
11. “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Мишээл Экспо төвийн хойд замд тус цагдаагийн хэлтсийн хяналтын камер байрладаггүй тул бичлэгийг хуулбарлан өгөх боломжгүй байна” гэсэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хх дугаартай албан бичиг (хэргийн 62 дахь тал),
12. “...Хан-Уул дүүргийн хх дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Мишээл экспогийн хойд уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим болон тайлбарыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хх дугаартай албан бичиг (хэргийн 64-65 дахь тал),
13. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хх дугаартай:
“1. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдал: Ослын холбогдогч жолоочийг согтуурал хэмжигч драйгер үлээлгэн шалгахад жолооч Д.Э, явган зорчигч Ц.П нар нь 0.00%-ийн үзүүлэлттэй байв.
2. хх маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Явган зорчиг Ц.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадалгаа баримт (хэргийн 64-67 дахь тал),
14. Хохирогч Ц.П-аас хохирол нэхэмжлэхтэй холбоотой шинжилгээ, оношилгоо, эмчилгээний зардлын талаарх баримтууд (хэргийн 95-103 дахь тал),
15. хх хэлтсийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн “Ц.П нь 2023 оны 06 дугаар сараас тус хэлтэст зочин угтагчаар ажиллаж байгаа бөгөөд сарын 1.225.000 цалинтай, хугацаагүй ажиллах хөдөлмөрийн гэрээтэй болно” гэсэн тодорхойлолт баримт (хэргийн 83 дахь тал),
16. Хохирогч Ц.П-ын Хаан банкны депозит дансны хуулга баримтууд (хэргийн 84-94 дэх тал),
17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрыг төлөөлж Д.Г-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцсан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан байдаг.
Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байна байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.
Хан-Уул дүүргийн 3-р хороо Мишээл экспо төвийн хойд замд 2024 оны 01 сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд хх маркийн хххх улсын дугаартай авто машины жолооч нь явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.П нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.468.052 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 111-112 дахь тал),
18. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний зардлын талаарх мэдээлэл баримт (хэргийн 107-108 дахь тал),
19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын хх маркийн хххх улсын дугаартай авто машиныг жолоодон Мишээл Экспогийн хойд замаар Чингисийн хүрээ рүү ажлаар явж байгаад Мишээл экспо төвийн хойд талын авто замаар зүүнээс баруун тийш явж байгаад Мишээл экспо төвийн хойд гэрлэн дохиотой уулзварын зүүн талд гэрлэн дохионы хамгийн урд талд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд улаан гэрлэн дээр зогсож байгаад явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед хөдлөөд явахад уулзварын баруун талын явган хүний гарцаар урдаас хойш явж байсан нэг эмэгтэй хүн миний авто машины зүүн талаас гараа өргөөд гэнэт гараад ирсэн. Би түүнийг харангуутаа шууд тоормос гишгэх үед цас орсон, зам гулгаатай байсан тул зогсохгүй гулгаж явсаар байгаад тэр эмэгтэйг мөргөөд, миний авто машин нэлээн гулгаж яваад зогссон.
Би авто машинаасаа буугаад харахад тэр эмэгтэй миний авто машины урд талд хажуу талаараа хэвтэж байсан. Энэ үед уулзвар дээр байсан хоёр цагдаа гүйж ирсэн. Дараа нь эмнэлэг болон цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Би Улаанбаатар хотод 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр жолооны сургуулийг B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болж байсан. Урьд өдөр нь цас орсон, зам халтиргаа гулгаатай, авто замын хөдөлгөөн баруунаасаа зүүн тийш түгжрэл ихтэй, харин зүүнээсээ баруун тийш замын хөдөлгөөн сийрэг байсан.
Миний жолоодож явсан хх маркийн хххх улсын дугаартай авто машин уулзварын зүүн талын гэрлэн дохио дээр зогсож байгаад дөнгөж хөдлөөд явсан болохоор ойролцоогоор 20 км/цаг хурдтай явж байсан. Уг авто машин манай байгууллагын авто машин бөгөөд байгууллагын нэр дээр байдаггүй, хувь хүний нэр дээр байдаг байсан. Сүүлд уг авто машиныг манай “ХХ” ХХК-аас өөр хүнд зарсан байна. Ослоос хойш би хохирогчид түүний хх дугаарын данс руу нь 2.450.000 төгрөгийг эмчилгээнд нь шилжүүлэн өгсөн. Хамгийн сүүлд өчигдөр хохирогч Ц.П “Оргил сувиллын эмнэлэгт хэвтэж байна гээд эмнэлгийн төлбөр 800.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 77-79) болон хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 17 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 18 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 19 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 20 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 21 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /иргэн/ (хэргийн 54 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Э нь Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг, Мишээл Экспо төвийн хойд талын замд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд “хх” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа яванг хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.П-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас явган зорчигчийн биед “ууцны 5-р нугалмын их биеийн далд хугарал, баруун тохойн цус хуралт, үеийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий ”хүндэвтэр” хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайн зам тээврийн осол хэрэг нь хх маркийн хххх тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байсан шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн дүрмийн 15.7 заалт “Зөвшөөсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ц.П-ын эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байх ба хэргийн хохирогч Ц.П нь: “...цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин олговор болон сэтгэл санааны хохирол зэрэгт шүүгдэгчээс нийт 30.0 сая төгрөг нэхэмжилж байна...” хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)
Хохирогчоос хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтуудыг шүүх нэг бүрчлэн судлан шинжлэхэд эмчилгээ, оношилгоо болон бусад зардалд баримттай гарсан зардлын дүн нь нийт 4.684.402 /дөрвөн сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөг байх бөгөөд үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлсөн эмчилгээний зардлын 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хасаж, эмчилгээний зардлаас нөхөн төлөгдөөгүй үлдэгдэл 1.434.402 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг шүүгдэгч Д.Э-аас гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэг тус тус зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд “сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэсний дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ц.П-ын сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан тээврийн хэрэгслийн жолооч буюу шүүгдэгч Д.Э байх тул хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хүснэгтийн дагуу эдийн бус гэм хорын хохирлыг шүүгдэгч нөхөн төлүүлэх үүрэг хүлээх юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна. (хэргийн 53 дахь тал)
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ц.П-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.468.052 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга тавин хоёр/ төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх ба уг нэхэмжлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч маргаагүй, даруй хугацаанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн баримттай байна. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)
Хэргийн хохирогч Ц.П нь зам тээврийн осолд өртөх үеийн байдлаар хх хэлтэст зочин угтагчаар сарын 1.225.000 цалинтай ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нь ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэл бэртлийг эмчлүүлэх эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагаар удаан хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж ажлаасаа чөлөө авах зэргээр хохирсон үндэслэлээр ажилгүй хугацааны цалин, нэг сарын цалинг 1.977.860 төгрөгөөр тооцож, 6 сарын цалинг шүүгдэгчээс гаргуулна хэмээн, уг шаардлагад хамаарах цалингийн тодорхойлолт (хэргийн 83 дахь тал) баримтаас өөрөөр хамаарал бүхий баримтыг шүүхэд болон хэрэгт гаргаж өгөөгүй.
“Даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас хуульд заасан хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй бөгөөд даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний таван өдрийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны тэтгэмжийг ажил олгогчоос, зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг ерөнхий эмч, их эмч, эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс тогтоож, даатгуулагчид эмнэлгийн хуудас өгнө.” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1. дэх заалт, 4, 5 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчоос хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд ажил олгогч болон тэтгэмжийн даатгалын сангаас авсан тэтгэмжтэй холбоотой ажил олгогч байгууллагын санхүүгийн баримт, эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудас зэрэг ач холбогдол бүхий бусад мэдээлэл баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд дутуу авсан, цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг шүүх, тодорхойлон тогтоох боломжгүй үндэслэлээр ажилгүй байсан 6 сарын хугацааны хугацааны цалин олговор гаргуулна гэх хохирогч Ц.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгт хамтатган нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу “ажилгүй байсан хугацааны цалин олговор болон учирсан гэмтлийн улмаас цаашид хийгдэх эмчилгээ үйлчилгээний зардал”-д хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Э-аас нийт 14.782.450 /арван дөрвөн сая долоон зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж, 1.468.052 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга тавин хоёр/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт, 13.314.398 /арван гурван сая гурван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг хохирогч Ц.П нарт тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 54 дахь тал) тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,
- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан,
- Эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Д.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Д.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ХХ овогт Д.Э-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.Э-аас нийт 14.782.450 /арван дөрвөн сая долоон зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж,
- 1.468.052 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга тавин хоёр/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт,
- 13.314.398 /арван гурван сая гурван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг хохирогч Ц.П-д тус тус нөхөн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.П нь учирсан гэмтлийн улмаас цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин олговорт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт Д.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД