| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/02751/И |
| Дугаар | 101/ШШ2021/03003 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/03003
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Т-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: У.У-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У.У- бид нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Г.Т-гээс 10,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдэгч У.У-т зээлдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт төлөх үндсэн төлбөр хүүг төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй болно. У.У- нь 2 жил 8 сарын хугацаанд зээлээ төлнө, бүх хүүгээ өгнө гэж байсан ч өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөөгүй 2 жил өнгөрсөн тул шүүхэд хандаж байна. Би алданги нэхээгүй үндсэн зээл , зээлийн хүүг нэхэмжилж байна. Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 12,000,000 төгрөг й нийт 22,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч У.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,000,000 төгрөг нийт 22,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Хариуцагч У.У- нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтын хуульд зааснаар 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан, тэрээр танилцсан талаар Баримт №4, №5 гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 13-16 дугаар тал/
Шүүхээс шүүгчийн туслах 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн 88069287 дугаараас хариуцагчийн 90910065 дугаар луу залгаж “хэрэгт хариу тайлбар өгөөгүй, талаар сануулахад тэрээр би ковид тусаад 3 хоног болж байна” гэж, 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн туслах дахин хариуцагчийн дугаар луу залгаж “хариу тайлбар, ковидтой холбоотой баримтыг bzdshuukh.jadira@gmail.com емайл хаягт ирүүлэхийг”, иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан товыг хариуцагч У.У-ын шүүхэд мэдүүлсэн гэрийн хаягаар Монгол шуудангаар хүргүүлж, хариуцагчийн утсанд мессэж үлдээж, шүүх хуралдаан эхлэхээс өмнө түүний дугаар луу залгахад утсаа аваагүй болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.”, 72.3.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”, 72.4.-т “Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ.” гэж хуульчилсан.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 8 дугаар сарын 10-ны гардан авсан атлаа шүүхээс тогтоосон хугацаа 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж зааснаар хариуцагч хаягаа өөрчилсөн тухайгаа шүүхэд мэдэгдэх үүргийг биелүүлээгүй байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүгчийн туслахад утсаар болон шүүхийн факс, емайл, мессэжээр шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.
2. 22,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр, зээлдүүлэх, зээлдэхээр талууд хүсэл зоригийг илэрхийлж, “Зээлийн гэрээ”-г байгуулж хэн аль нь гарын үсэг зурж, зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, хариуцагч гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ."гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж, нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт “хариуцагчаас алданги нэхэмжлэхгүй харин үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг хүү 12,000,000 төгрөгийг нэхэмжилнэ, алданги нэхэмжлэхгүй” гэж тайлбарласан.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар талууд зээлийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэг сарын хугацаатай бичгээр байгуулж, зээлийн гэрээний хугацаа 10 дугаар сарын 25-ны өдрөөр дуусаж, цаашид бичгээр гэрээг байгуулаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хүү 11,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Иймд хариуцагч У.У-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн 1,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч У.У-аас зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 133,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ