Улсын дээд шүүхийн

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00187

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01845 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01102 дугаар магадлалтай

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

М-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01845 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,419,508.14 төгрөг (холбогдох суутгалыг хийх)-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч М-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,494,145.86 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,847 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01102 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 375,847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэн гаргасан гомдолдоо:

Нотлох баримт буруу үнэлсэн талаар.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байна гэж зөв дүгнэсэн боловч сахилгын арга хэмжээ ногдуулах эрхгүй этгээд тушаал гаргасан гэж хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил ба шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх хэсэгт “Тушаал гаргасан этгээд нь нийгэмлэгийн дүрмийн 22, 23, 24-т заасантай нийцээгүй.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн гэж үзсэн. Гэвч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан этгээд болох Улаанбаатар төмөр замын 1 дүгээр орлогч дарга гарын үсэг зурсан нь нийгэмлэгийн дүрэмд заасантай нийцэхгүй байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Улаанбаатар төмөр замын дүрмийн заалтыг буруу үнэлсэнтэй холбоотой байна.

Нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлд Улаанбаатар төмөр замын даргын эрхүүдийг заасан ба “а”-д тушаал, шийдвэр гаргах, “з”-д ажилтан, албан хаагчдыг томилолттой байх хугацаандаа буюу 2023.05.16-ны өдрийн А-450 тоот эрх олгох эрх олгох тухай тушаалаар эзгүй байх хугацаандаа эрхээ шилжүүлэн Улаанбаатар төмөр замын өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг даалгасан. Мөн дүрмийн 24 дүгээр зүйлд Улаанбаатар төмөр замын орлогч даргын эрх үүргийг зохицуулсан ба тус замын даргын эзгүйд замын 1 дүгээр орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцан биелүүлнэ гэж тодорхой заасан.

Мөн нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т замын даргыг эзгүй байгаа хугацаанд нийгэмлэгийн дүрэмд заасны дагуу замын 1 дүгээр орлогч дарга нь түүний чиг үүргийг бүрэн хариуцаж нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гэж зааснаар замын даргын эзгүй байсан нь эрх шилжүүлэх тушаалаар нотлогдохоос гадна дотоод журмаараа 1 дүгээр орлогч дарга нь чиг үүргийг бүрэн хариуцаж байгааг шүүх үнэлсэнгүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар нийгэмлэгийн дүрмийн 24-т компанийн эрх бүхий албан тушаалтнаар замын 1 дүгээр орлогч дарга байхаар заасан. Замын дарга Х-г гадаад томилолттой байх 2023.05.17-24-ний өдрийн хооронд нийгэмлэгийн дүрмийн 24 дүгээр зүйлд заасны дагуу даргын ажлыг орлогч дарга О орлон гүйцэтгэх эрхтэй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Төмөр замын байгууллага төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, төмөр замчдыг шуурхай удирдлагаар хангах үүргийн дагуу дарга, орлогч дарга нь дүрмээрээ эзгүй байх үед нь орлон ажиллах эрхтэй байтал санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх олгосон тушаалыг үндэслэн эрхгүй байна гэж дүгнэлээ. Байгууллагын дүрмийг нэг удаагийн үйлчлэлтэй, тухайн үеийн үйл ажиллагааг зохицуулахаар гарсан тушаалаар үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Х нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00940 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Улаанбаатар төмөр замын даргын 2023.05.17-ны өдрийн Б/383 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй,  нэр бүхий 5 ажилтанд ажлын байрны дарамт хүчирхийлэл үйлдэж ёс зүйн зөрчил гаргасан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, ... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа ямар албан тушаалд бууруулсан талаар тушаалд заагаагүй, сар гаруй хугацааны дараа ажлын байр санал болгосон нь албан тушаал бууруулаагүй, хууль бусаар ажлаас халсан.” гэж тайлбарласныг,

 хариуцагч эс зөвшөөрч, “... Б.Б нь ажилчдын гаргасан алдаа дутагдлыг илрүүлсэн гэх үндэслэлээр тайлбар, тодорхойлолт бичүүлж авдаг бөгөөд тухайн ажилтанд холбогдох арга хэмжээ авах санал гаргадаггүй ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны 2023.04.26-ны өдрийн 01/23 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.. ” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “... Нэхэмжлэгч нь “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдсон, гэвч М-ын даргын 2023.05.17-ны өдрийн Б/II/83 дугаар тушаал Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22-д “Замын даргад дараах эрхүүд олгоно. Үүнд: з/ “Ажилчин, албан хаагчдыг ажилд авах ба халах”; и/ “Замын ажилчин албан хаагчдад УБТЗ-ын дотоод дүрэм, ажилчин албан хаагчдын сахилга батын дүрэмд тогтоосон ёсоор урамшуулах ба сахилга журмын шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авах” гэсэн эрх олгосон ба дүрмийн 23-т “Замын даргын үүргүүдийг тодорхойлж, 24-т “Замын орлогч дарга нь замын даргаас өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн дотор ажлаа явуулна. Замын даргыг эзгүйд 1 дүгээр орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ.” гэж заасантай нийцээгүй. Б.Б нь Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар ажилд авдаг албан тушаалд ажиллаж байсан тул Удирдах ажилтны Ёс зүйн дүрэм, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэмд зааснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь Улаанбаатар төмөр замын дарга байхад 2023.05.17-ны өдрийн Б/II/83 тоот тушаалыг Замын 1 дүгээр орлогч дарга гаргасан байна. Замын 1 дүгээр орлогч даргад 2023.05.16-ны өдрийн А/450 дугаар тушаалаар эрх олгохдоо 2023.05.17-24-ний өдрийг хүртэл санхүү болон төлбөрийн баримтад гарын үсэг зурах эрх олгож, өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгажээ. Улаанбаатар төмөр замын 1 дүгээр орлогч дарга нь тушаалаар болон дүрмээр өөрт олгогдоогүй эрх эдэлж, удирдах ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байх тул түүний гаргасан шийдвэрийг хууль бус гэж дүгнэж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзжээ.  

9. Хяналтын шатны шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан гомдлын дагуу хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн.

10. “М-д ын нэгдүгээр орлогч даргын 2023.05.17-ны өдрийн Б/II/83 дугаар тушаалаар Б.Б- нь тус нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр 2023.05.17-ны өдрөөс Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч даргын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

11. Ажилтан Б.Б-ийг “...ажилчдаас тайлбар, тодорхойлолт байнга шаардан авдаг, цехийн мастеруудын санал бодлыг сонсдоггүй, хүлээн авдаггүй, ажлын байрыг өөрчилнө гэж дарамт үзүүлдэг, хамтран ажиллахад хүндрэлтэй гэж нэр бүхий 5 цехийн мастер мэдүүлсэн болон ажилчдаас 83 ширхэг тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч хадгалсан...” зэргээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.5-д “аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан ... хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй ... албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэхгүй байх..., Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-д “ажил үүргээ гүйцэтгэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, ажлын байрандаа нөхөрсөг, нээлттэй, эелдэг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллах”, 13.3.2-т “... хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгахыг оролдох, нэр хүндийг унгаахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж М-д ын ёс зүйн хороо дүгнэсэн байна.

Дээр дурдсан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж хоёр шатны шүүх дүгнэлтийн талаар нэхэмжлэгч Б.Б гомдол гаргаагүй болно.

12. М-ын даргын 2023.05.16-ны өдрийн А/450 дугаар тушаалаар “… замын дарга Х.Хэрлэн намайг томилолттой байх хугацаанд 2023.05.17-2023.05.24-ний өдрийг хүртэл замын нэгдүгээр орлогч дарга К-д санхүү болон төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгож, өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгасан, харин түүнд удирдах ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг уг тушаалаар олгоогүй тул замын нэгдүгээр орлогч дарга О Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн з/-д заасан ажилтан, албан хаагчдыг ажилд авах ба халах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

13. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж заасны дагуу замын нэгдүгээр орлогч дарга нь эрх бүхий албан тушаалтанд хамаарах байтал шүүх хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь; Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 24-д “Замын орлогч дарга нь замын даргаас өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн дотор ажлаа явуулна. Замын даргын эзгүйд замын нэгдүгээр орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ” гэж заасан нь мөн дүрмийн 22 дугаар зүйлийн “з”-д заасан “замын ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах”, “и”-д “… сахилга журмын шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авах” зэрэг замын даргын хэрэгжүүлэх эрхийг түүнд олгосон хэм хэмжээ гэж үзэхгүй.

Тодруулбал, М-д ын даргын 2023.05.16-ны өдрийн А/450 дугаар тушаалаар замын нэгдүгээр орлогч дарга О-д даалгасан УБТЗ-ын өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах гэдэгт ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрх хэмжээ олгогдсон гэж үзэх үндэслэлгүй.

14. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “....Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т, нийгэмлэгийн дүрмийн 24-т тус тус зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтнаар замын 1 дүгээр орлогч дарга О замын даргыг орлон гүйцэтгэх эрхтэй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд гэж үзнэ...” гэсэн  гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01845 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр нь 2024.06.21-ний өдөр 375,847 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ 

                                                           ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                                      Н.БАЯРМАА