| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2020/0483/Э |
| Дугаар | 1015 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1015
2020 08 13 2020/ДШМ/1015
Ж.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинзориг,
шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, О.Батсүх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон, түүний өмгөөлөгч С.Батнасан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Энхцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон, түүний өмгөөлөгч С.Батнасан нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Эт холбогдох эрүүгийн 2003002110138 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
........................, 19........ оны ............ дугаар сарын .............ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-39 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;
Ж.Э нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжны 83-А тоот хашааны хойд замд “Jeep Wrangler” маркийн 61-11 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: б/. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Бямбасүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...............ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ж.Эын В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 977932 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас 50.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ж.Э нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Ж.Эын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “...тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” болох нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол хор уршгийн талаар шүүгдэгч Ж.Э нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирлоо төлөх оролдлогыг удаа дараа хийсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирлоо 100 хувь авна, хувааж авахгүй гэх байдлаар хандсаар ирсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хамт уулзаж ярилцаад 50.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр тохиролцсон. Уг хохирлоо мөн л бөөнөөр нь авна гэсэн байр суурьнаас хандсан. Шүүхэд хэрэг очиход шүүгдэгчийн зүгээс эхний ээлжинд байгаа 25.000.000 төгрөгийг өгье гэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аваагүй. Шүүхээс эрүүгийн хариуцлагын хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаснаар 5 хоногийн завсарлага авч хохирлоо барагдуулах боломж олгосон боловч, 35.000.000 төгрөгийг бэлнээр олсон ба үлдэх 15.000.000 төгрөгийг гүйцээж олж чадаагүй. Улмаар энэ талаараа хохирогчид учирлаж хэлсэн ч гүйцээж өгөхгүй бол дутуу авчирсан мөнгийг чинь авахгүй гэж хэлээд хохирлоос нэг ч төгрөг аваагүй. Хэдийгээр өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, хохирол хор уршигаа төлөх чин сэтгэл байсан боловч дэлхий нийтээр аюул дагуулаад буй “Ковед-19” өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм нь улс, эх орны эдийн засагт нөлөөлж, ноолуурын үнэ унаж, малаа зараад төлбөрөө гүйцээх гэсэн боловч зарагдахгүйд хүрээд байсныг дурдах нь зуйтэй. Одоогийн байдлаар буюу давж заалдах журмаар гомдол гаргахаас өмнө хохирлын 50.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2002 оны Эрүүгийн хуулиас ялгагдах гол онцлог нь гэмт хэрэгт оногдуулах ялын 60-70 хувь нь хорихоос өөр төрлийн ял байхаар хуульчилж өгсөнөөрөө онцлог бөгөөд энэ нь НҮБ-аас гаргасан дэлхийн жишиг Эрүүгийн хуульд нийцсэн бусад хөгжингүй улс орны Эрүүгийн хуульд нийцсэн болно. Дэлхий нийтийн түвшинд ял болон албадлагын арга хэмжээ мөн гэх ойлголтоос салж хорих ялыг хэрэглэхээс зайлсхийж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, түүнд боломж олгоход чиглэгдэх болсон. Энэ утгаараа 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн ...цээрлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж хуульчилж өгсөн байдаг. Ж.Э нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, түүнд нэг удаа боломж олгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч Ж.Эт 4 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн нь хэт хатуудсан гэж бодож миний зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна. Хэдийгээр миний бие шүүх хурлын үеэр гомдолтой гэж хэлсэн боловч энэ нь хань ижлээ алдаж, бэлэвсэрч хоцорсон миний тэрхэн зуурын уур омог, хорсол байсан гэдгийг би одоо ойлгож байна. Түүнчлэн уг хэрэг гарахаас эхлээд шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хохирлын мөнгийг миний зүгээс бөөнд нь авна гэж шаардлага тавьж байсан тул Ж.Э өгөхгүй байсан. Одоо бол би хохирлын мөнгийг авсан бөгөөд Ж.Эт гомдол санал байхгүй. Ж.Э нь миний хүүхдүүдтэй адил нялх хүүхдүүдтэй, манай нөхөртэй гэмгүй сайхан ах дүү байсан. Би тэдний нэг нь шороонд, нэг нь шоронд байхыг хүсэхгүй байна. Иймд би Ж.Эыг уучилсан бөгөөд одоо түүнд гомдол, хар буруу санах зүйлгүй. Анхан шатны шүүхээс хэт өндөр ял оноосон гэж үзэж байгаа тул Ж.Эт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононгийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ж.Э нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Гэвч шүүхээс түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй гэж үзээд 4 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулсан. Гэвч шүүх хурлын дараа шүүгдэгч Ж.Эын ар гэр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононд учруулсан хохирлыг бүрэн төлж, хор уршгийг арилгажээ. Мөн шүүгдэгч Ж.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Тухайлбал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн. Иймд шүүгдэгч Ж.Эт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон өөрөө шүүгдэгчийг ял шийтгэл эдлүүлэхгүй байх санал гаргаж байна. Хохирол төлбөр нь нотлох баримтын хүрээнд 30 гаруй сая төгрөг болсон. Гэхдээ шүүгдэгч Ж.Э нь түүнээс илүү байдлаар төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 24 настай. Бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.Э тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлөгдөөгүй байсан. Шүүгдэгч хохирол төлөхөөр 5 хоног завсарлага авсан боловч төлөгдөөгүй, хохирогч гомдол саналтай байсан. Иймд прокурорын зүгээс 4 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ж.Э нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжны 83-А тоот хашааны хойд замд “Jeep Wrangler” маркийн 61-11 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: б/. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Бямбасүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононгийн “...цонхоор харахад Билэгсайхан гэр рүүгээ айсан царай гаргасан гүйж орж байсан. Тэгтэл 4-5 минутын дараа Энхбаяр хашаагаар цус болсон царайтай гүйн орж ирж байсан. ...би гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ харахад манай машины дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай байсан. ...би машин дээрээ гүйж очиход манай нөхрийн нүүр ам нь нил цус болоод амнаас нь цус гарч байсан. ...” /1хх 32-34/,
гэрч Н.Отгонбаярын “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэртээ байж байхад гадаа түс тас хийх чимээ гарсан. ...Би гэрээсээ гараад харахад хашааны урд талд нэг машин онхолдоод дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байсан. ...Гүйж очиход урдаас нэг залуу гүйж ирээд “би ахыгаа татаж гаргамаар байна” гэж хэлсэн. Тэгээд би машин дээр очиход машины дотор талд буюу жолоочийн эсрэг талд нэг залуу нүүр ам нь нил цус болсон байдалтай доошоо харсан хэвтэж байсан. Татаад гаргах гэтэл тэрүүгээр явж байсан залуу “би сая дуудлага өглөө, битгий хөдөлгөөрэй” гэж хэлсэн. ...Бас нэг хүүхэн би сувилагч хийдэг гэж хэлээд тэр залууг үзээд “энэ хүн дотуур цус алдаад байна, яаралтай түргэн дуудаарай” гэж хэлэхээр нь би өөрийн дугаараас дахин дуудлага өгсөн. ...” /1хх 37-38/,
гэрч У.Хүрэлбаатарын “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжаар явж байхад замын хажуу хэсэгт нэг машин дээшээ харж унасан байхаар нь би өөрийн унаж явсан машинаа зогсоогоод буугаад очтол тэр машины хажууд нэг эрэгтэй хүн зогсож байсан. ...надад “манай ахыг гаргаад өгөөч” гэж хэлэхэд тэнд өөрийгөө сувилагч гэх нэг эмэгтэй ирээд тэр гэмтсэн хүнийг үзээд “хамаагүй хөдөлгөж болохгүй” гэж хэлэхээр нь би өөрийн 86202019 дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Тээврийн хэрэгсэлд байсан хүнийг очиж харахад жолоочийн хажуу талын суудлын таазны хэсэгт хөндлөн байрлалтай, нүүр, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 56/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 590 дугаартай “...Талийгаачид духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, баруун нүдний дотор булан, зүүн дээд доод зовхинд няцарсан шарх, хамар, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, зовхи, хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархай, дагзны баруун доод хэсэгт хуйхан дор цус хуралт, зүүн чамархай яс, зүүн ухархайн дээд хана, суурь ясны их бие турк эмээл, самалдаг яс, суурь ясны баруун далавч, баруун чулуулаг яс, дагз ясны баруун хайрслаг хэсгийн хугарал, гавлын суурь хэсгийн хатуу хальсны урагдал, хатуу хальс дээрх, доорх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, зүүн духны дэлбэнгийн хажуу хэсэг, баруун чамархайн аалзан хальсны дор цус хуралт, 2 талын духны дэлбэнгийн доод гадаргуу, баруун чамархайн доод гадаргуу, дунд тархи, гүүр уртавтар тархины эдийн цусархаг няцрал, өнчин тархи няцрал, уртавтар тархины хатуу хальс доорх цус хуралт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, өвчүүний зүүн талд 1 дүгээр хавирга бэхлэгдэх хэсгээр сэлтэрсэн хугарал, баруун 2 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар шууд хугарал, зүүн 1 дүгээр хавирга эгэмтэй бэхлэгдэх хэсгээр 2, 6 дугаар хавирга эгэмний дунд болон суганы урд, дунд шугамаар шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, 2 уушигны эдийн голомтлог няцрал, зүүн ховдлын урд гадаргууд цэгэн цус харвалтууд, доод уруулд зулгаралт, цээжний зүүн урд дээд хэсэг, баруун тохойд цус хуралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зүүн мөрний мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн үхэлд шууд хүргэсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачид элэгний архаг үрэвсэл тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач гавал тархины анатомын бүтэц ихээр алдагдсан, амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн байдлаар нас бараад 2-4 цаг болсон байжээ. Цусны 2 дугаар бүлэгтэй байна. Нас барах үед цусанд спирт илрээгүй. ...” /1хх 69-83/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 176 дугаартай “... Jeep Wrangler маркийн 61-11 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Жаргалсайхны Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: ...б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /1хх 156-157/ гэх дүгнэлтүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-14/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ж.Эыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ж.Эын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Бямбасүрэнгийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон, түүний өмгөөлөгч С.Батнасан нар нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Ж.Эын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон, түүний өмгөөлөгч С.Батнасан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Харин шүүгдэгч Ж.Эын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч /50.000.000 төгрөг/ хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг 1 жил болгон өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Энхцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон, түүний өмгөөлөгч С.Батнасан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ