Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0635

 

2017 оны 08 сарын 28 өдөр Дугаар 128/ШШ2017/0635 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар анх томилогдож, мөн даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудаар тус тус жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай өргөдлөө Засаг даргын Тамгын газрын даргад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн. Гэвч үндэслэлгүйгээр ажил, албан тушаалд томилохгүй байсан тул Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдөр гомдлоо гаргасан.

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15/160 дугаар албан бичгээр гомдлын хариуг хүргүүлсэн боловч Багануур дүүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь намайг ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй өдийг хүрлээ.

Иймд үндэслэлгүйгээр ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо дүүргийн Засаг даргын А/403 дугаар захирамжаар өөрчлөгдөж, Ч.Оийн албан тушаал Эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн байна.

Ч.О 4 дүгээр хорооны Нийгмийн ажилтан, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллуулахаар тус тус албан тушаалыг санал болгоход саналыг хүлээж аваагүй.

Гэтэл Ч.О нь ажил, албан тушаал санал болгосоор байтал тухайн саналыг хүлээж аваагүй байж ажилд томилох хүртэл хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ч.Оийн хуульд заасны дагуу ажлын байраар хангаж ажиллах болно гэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Оийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаа төрийн захиргааны албан хаагчийн цалингийн ямар шатлал, зэрэглэлээр нөхөн гаргуулах шаардлагаа тодорхойлоогүй, түүний урьд ажиллаж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байр өөрчлөгдөж, Эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн буюу ТЗ-4-1 шатлал болж буурсан байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Оийн Ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.О нь Ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Ч.Оийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүй, төрийн захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар түүнд жирэмсний чөлөө, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг тус тус олгосон байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Т.М Ч.Оийг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд түүний оронд Эрх зүй, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эрх зүй, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Эрх зүй, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн болгон өөрчилсөнтэй холбогдуулан Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сраын 12-ны өдрийн А/403 дугаар захирамжийн хавсралтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны жагсаалтыг Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжид нийцүүлэн шинэчлэн баталжээ.

Хэдийгээр хариуцагч нь хариу тайлбартаа ...Ч.Оийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн хувьд өөрчлөгдсөн, түүнийг хуульд заасны дагуу ажлын байраар хангаж ажиллах болно гэж тайлбарласан боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална, 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус заасанд холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан Ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгчээс түүний албан тушаалын нэршил, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан үндсэн цалин нь ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаас буурч, ТЗ-4 дүгээр зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинжих асуудал дээр маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 болон Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/403 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь Эрх зүй, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаанд нь Эрх зүй, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

   Хэрэгт авагдсан Эрх зүй, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод уг албан тушаал нь ТЗ-4 дүгээр зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинждаг байх тул ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс (ажилдаа эргэж орох өргөдөл гаргасан) шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл ажлын нийт 152 хоногоор тооцон нийт 3.006.330 /гурван сая зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийг /эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгасан/ хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оийн гаргасан Ажилд эгүүлэн томилохгүй байгаа Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл ажлын 152 хоног ажилгүй байсан хугацааны цалин 3.006.330 /гурван сая зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

   4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад гомдол гаргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн бусад заалтыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         О.ОЮУНГЭРЭЛ