Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/03004

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ю.Б-д холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын    10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Т.Өлзийсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

                                                                                                         Тодорхойлох нь

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух Ю.Б- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс манай эмнэлэгт ирж шүдээ үзүүлэн үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмчилгээний төлөвлөгөө гаргуулан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэн нийт төлбөр болох 13,605,000 төгрөгөөс 8,605,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй Ю.Б- нь эмчилгээг дуусгахдаа И.Б эмчээс хувийн журмаар сонгуульд явж ирээд төлбөрөө төлнө гэж гуйн эмчилгээгээ авсан. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй ба удаа дараа өөрийнх гар утас болох 99996498 дугаар луу холбогдон мессеж бичин төлбөрийг нэхэмжлэхэд төлөөгүй 2 жил 6 сар болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн иргэнээс үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулан авах хүсэлтэй байх тул хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б“ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ю.Б-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ миний бие дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ю.Б- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс манай эмнэлэгт ирж шүдээ үзүүлэн үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмчилгээний төлөвлөгөө гаргуулан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэн нийт төлбөр болох 13,605,000 төгрөгөөс 8,605,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй Ю.Б- нь эмчилгээг дуусгахдаа И.Басхүү эмчээс хувийн журмаар сонгуульд явж ирээд төлбөрөө төлнө гэж гуйн эмчилгээгээ авсан гэжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдагдаж буй мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба ямар учир шалтгааны улмаас 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаад нь гайхшрал төрж байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч 2015 оноос хойш 6 жилийн дараа төлбөр хөлсийг нэхэмжилж буй явдал нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б“ ХХК нь хариуцагч Ю.Б-д холбогдуулан эмчилгээний төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч 2016 оноос хойш надтай холбогдоогүй, төлбөр бүрэн төлөгдөж дууссан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн амны хөндийд 47, 46, 45, 42, 32 дугаар шүдний оронд имплантыг суулгах нэг бүрийн үнэ 950 /ам доллар/x5=4,750 ам доллар, бусад шүдэнд хийгдэх эмчилгээнд нийт 17,415,000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон,  43.3-т нэг талын хүсэлт зоригийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн, энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйгэж заасны дагуу хариуцагч хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч үйлдлээр хүлээн зөвшөөрсөн байна.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдрийн талаар маргаагүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч  нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь  хэлцлээр тохиролцсон эмчилгээг хийх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар .......Ю.Б- нь танилын журмаар нутгийн ах дүүс гэж манай эмнэлэгт үзүүлж үйлчилгээ авсан. Бид нийт 17,415,000 төгрөгийн үнэ бүхий эмчилгээ хийхээр төлөвлөснөөс 3,810,000 төгрөгийн хямдралыг олгож, хариуцагч 13,605,000 төгрөг төлөхөөс 8,605,000 төгрөгийг төлж, 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Ю.Б- нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш  дахиж эмнэлгээр ирж үйлчлүүлээгүй, эмчилгээ дуусгавар болоогүй гэж мэтгэлцсэн.   

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад .....үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмчилгээний төлөвлөгөө гаргуулан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлөвлөгөөний дагуу эмчилгээ дуусгавар болсон.....,  Б ХХК-ийн санхүү тэмдэг дарагдсан тооцооллын хуудаст жич эмчилгээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгавар болсон” гэх нотлох баримт, нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэгт  төлөөлөгч нарын гаргасан тайлбар нь агуулга,  цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүдтэй байх тул шүүх үнэлэх боломжгүй юм./хх-ийн 1, 6 дугаар тал/

Түүнчлэн Ю.Б-д хийгдэх эмчилгээ төлбөрийн тооцооллын дүнг түүний өвчлөлийн картад бичигдсэн атлаа эмчилгээний нийт төлбөрийг хариуцагчид танилцуулсан, тэрээр зөвшөөрч гарын үсэг зурсан, 5,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэйг мэдэгдсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна./хх-ийн 18-19 дүгээр тал/

“Б” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ”,14.4-т “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”  эж зааснаар хариуцагч Ю.Б-гийн төлсөн төлбөрийг  орлогоор авсан, өр төлбөрийг санхүүгийн тайланд тайлагнасан эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Зохигчид гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө нарийвчлан заагаагүй бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах учиртай.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хариуцагч Ю.Б-тай холбогдсон эсэх, 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн эсэх нь баримтаар нотлоогүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд гаргаагүй, уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Б-д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ