| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/00803/И |
| Дугаар | 101/ШШ2021/03153 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2021/03153
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б-д холбогдох
Үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,750,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзах, хохирол 6,067,840 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, хариуцагч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Галхүү, гэрч Б.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.М нь Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1527,1528 тоот хаягт байрлах 700м.кв бүхий газар 74м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгч юм. 2019 оны 2 дугаар сард түүний хүү Г.Шижирбаатар нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-, түүний нөхөр болох Буян-Арвижих нарт цэнхэр өнгийн Портер, цагаан өнгийн Бонго-3 гэсэн тээврийн хэрэгсэл оруулан худалдаж, нэмж 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2019 оны 6дугаар сард Д.М- нь Д.Б-тай уулзахад 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй гэж маргасан, мөн хог ачуулахад 700,000 төгрөг болсон, 380-ын тог татуулахад 3,000,000 төгрөг болсон гэх хууль бус шаардлагуудыг тавьсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдахгүй гэдгээ Д.Б-д хэлсэн. Д.Б- нь “....танай байшинд 10,500,000 төгрөгийн засвар хийсэн тул тэр засварын мөнгө өг.” гэсэн шаардлага тавьсан. Д.М- нь “....тантай худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй, үнэ төлбөр дээрээ тохирч чадахгүй байгаа тул өөр хүнд худалдлаа...” гэхэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст энэ хүн намайг залилсан хэмээн шалгуулсан болно. Үүнээс хойш удаа дараа утсаар ярьж, тохиролцох гэхээр тохиролцоонд хүрдэггүй. Нэхэмжлэгчийг хэл амаар доромжилдог. Мөн байшинд засвар хийсэн тул засварын мөнгө өг гэдэг шаардлагыг тавьдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчтэй хийсэн аливаа хэлцэл, гэрээ байхгүй бөгөөд одоо үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх шаардлага тавихад энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хууль бус өмчлөлөөс Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1527,1528 тоот хаягт байрлах 700 м.кв бүхий газар 74 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1528 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн 00057845 дугаар гэрчилгээ бүхий газрыг үнэгүй.мн зараас харж, зар дээрхи 89853111, 94703638 дугаар руу залгаж, уг газрыг үзэхээр харилцан тохиролцоод 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр очиж үзэхэд, уг газрын гэрчилгээ нь Д.М- гэх хүний нэр дээр байсан. Түүний хүү Г.Ш “......манай ээжийн газар байгаа юмаа, өөрөө завгүй тул намайг үзүүлчих” гэсэн гээд, газрыг байшингийн хамт 34,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хашаа нь гэрэл цахилгаан байхгүй байсан ба таныг Өмнөговь яваад нүүж ирэхэд чинь тог цахилгаан залгуулсан байна, би хөдөө очоод нүүж ирэх бэлтгэлээ хийгээд, хот руу шилжиж ирэхээр тохиролцоод явсан. Хөдөө байж байхад гаалиар машин чинь орж ирлээ гэж хэлэхээр нь Өмнөговиос Хондо Дэаевоо маркийн 44 хүний суудалтай автобустайгаа ирээд, уг автобусны моторыг 5,000,000төгрөгөөр зарахаар тохирсон байсан тул Шижирбаатарт хашаанд чинь автобус тавья, моторыг нь зараад хөдөлж болохгүй хашаандаа байлгаач гэснийг зөвшөөрсөн. Г.Шижирбаатар “....ээж байшингийн түлхүүр хүлээлгээд өгчихөө, наад хүмүүс чинь засвараа хийгээд байж байг.”гэж байна гээд байшингийн 1 ширхэг түлхүүр хүлээлгэж өгсөн. Ингээд маргааш нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дүү Билгүүний гаалиар дөнгөж оруулж ирсэн тээврийн хэрэгслийг Г.Ш үзүүлээд газрын үнэнд 24,500,000 төгрөгт цэнхэр өнгийн портер, цагаан өнгийн Бонго 3 гэсэн машиныг авахаар тохиролцож, үлдэгдэл 9,500,000 төгрөг үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээг гарахаар харилцан тохиролцон шууд гааль дээрээс Г.Ш уг 2 тээврийн хэрэгслийг гаалийн бичиг баримтын хамт аваад явсан. Дараа нь Г.Ш өдөр бүр утсаар ярьж “ээжтэй чинь уулзъя газраа шилжүүлж авах гэрээгээ хийе, цонх ч байхгүй, хана туурга обой нь ч байхгүй хүн амьдрах аргагүй, бөөн хог новшоор дүүрсэн гэрэл цахилгаан ч байхгүй, балгас л байна. Бид шууд нүүж орох боломжгүй, засвар оруулах хэрэгтэй байна” гэсэн ээж “хурал номтой завгүй байна, та нарыг засвараа хийж болно гээд ээж түлхүүрээ өгсөн шүү дээ” гээд байсан тул манай нөхөр Буян-Арвижих доторхи хог шороогийн зөөж цэвэрлэсэн. Ингээд бид барилгын материалын дэлгүүрээс обой, паркетан шал, уналттай тааз, гипсэн хавтан, дээврийн Си төмөр, вакум цонх, обойны цавуу, дээврийн төмөр, кноп, хадаас зэрэг нийт 6,530,440 төгрөгний үнэ бүхий материал авч, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5дугаар сарын 30-ны өдрийг хүртэл засвар хийж дуусгасан. Засварыг манай хүргэн н.Бат-Эрдэнэ найз нөхдийнхөө хамт хийгээд ажлын хөлсөнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн. Цахилгаанаа хурдан тавиулаач засварын ажил хийхэд айлаас цахилгаан аваад хэцүү байна гээд байсан чинь одоо хөөцөлдөж байгаа тавиулна гээд байсан. Тэгээд 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн эрчим хүчний газраас цахилгааны инженер н.Бямбаа гэсэн хүн яриад бид цахилгаан залгах материалаа аваад ирчихлээ, материалаа аваад ир ирэхээр чинь төлбөр тооцоо хийнэ гэсэн чинь дүү Г.Ш гэдэг хүн чинь утсаа салгаад алга болчихлоо гээд ороод ирсэн. Ингээд цахилгааны материал ажлын хөлс 695,600 төгрөгийг биднээс авсан. Урьд нь ямар гэрээ хийгээгүй, цахилгаан тавиулаагүй байсан тул би тоолуур, шит хайрцаг тавиулж тоолуур баталгаажуулж энэ бүх төлбөр тооцоог хийсэн. Ийнхүү засвараа хийж дуусаад за гэрээгээ хийе, ээжийгээ дуудаад ирээ, ямар ч бичиг баримтгүй итгээд 2 машинаа өгсөн мөн өчнөөн хөрөнгө мөнгө зараад засвар хийлээ, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүж ирлээ, ядахдаа 2 машин төлбөр тооцоонд авсан гэдгээ нотариатаар батлуулъя, гэж олон удаа гуйж байж 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Г.Ш, манай нөхөр Буян-Арвижих нар нотариатаар автомашин худалдах, худалдан авах болон төлбөр барагдуулах гэрээ батлуулсан. Ийм их хөрөнгө зарж засвар хийгээд хөдөөнөөс нүүж шилжиж ирээд та нар газраа шилжүүлэхгүй бол би энэ бүх зардлаа авна шүү чи ирж энэ байраа үз гэхэд байраа ирж үзээд “өө ямар гоё зассан юм бэ, юу гэж би та нарыг хаа байсан хөдөөнөөс нүүлгэж ирчихээд ээж бид 2 тийм муухай хүний үнэргүй зан гаргах вэ дээ, танд би хэрвээ хашаа байшингаа зарахаа больсон тохиолдолд гарсан бүх зардлыг төлж барагдуулна” гэж 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бичиг хийж өгсөн. Энэ хугацаанд ээж лам учраас хурал ном гээд зав гарахгүй байна гээд газраа шилжүүлэхгүй байсан. 2019 оны 6 дугаар сард Д.М- гуайтай Дөлгөөн нуурын урд гэрт нь очиж уулзсан. Тэгээд та гэрчилгээгээ хэзээ шилжүүлэх вэ, бид хөдөөнөөс ирээд засвар хийгээд цахилгаан татуулчихлаа гэсэн чинь “...та нар мөнгө нэмээд өгчих 70,000,000 төгрөгөнд зарна” гээд анхны тохиролцооноосоо буцсан. Бид таныг газраа шилжүүлээд гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 9,500,000 төгрөгийг чинь төлнө гэсэн. Үүнээс хойш хүү Г.Ш ч Д.М- ч утсаа авахгүй алга болсон. Аргаа бараад цагдаад өргөдөл өгөөд залилуулчихлаа гээд шалгуулсан чинь Д.М- би мөнгийг чинь гуйлга гуйж байгаад ч гэсэн төлнө гээд над руу болон миний нөхөр рүү элс цацаад цагдаад загнуулсан болно. Надаар тог цахилгаан тавиулаад байрандаа вакум цонх паркетан шал, дүүжин тааз хийгээд ханаа обой наалгаж дээврээ засуулчихаад, намайг албадан чөлөөлүүлнэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, би гэм хорын сөрөг нэхэмжлэл гаргана.” гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ шүүхэд, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд Д.М-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох хариуцагчийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1528 тоот хаягт байрлах 700м.кв бүхий газар, 74м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгч Донров овогтой Мишигдорж нь Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1527,1528 тоот хаягт байрлах 700м.кв бүхий газар 74 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгч юм. 2019 оны 2 дугаар сард түүний хүү Г.Шижирбаатар нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-, түүний нөхөр болох Буян-Арвижих нарт цэнхэр өнгийн Портер, цагаан өнгийн Бонго-3 гэсэн тээврийн хэрэгсэл оруулан худалдаж, нэмж 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан. 2019 оны 6 дугаар сард Д.М- нь Д.Б-тай уулзахад 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй гэж маргасан, мөн хог ачуулахад 700,000 төгрөг болсон, 380 татуулахад 3,000,000 төгрөг болсон гэх хууль бус шаардлагуудыг тавьсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдахгүй гэдгээ Д.Б-д хэлсэн. Д.Б- нь танай байшинд 10,500,000 төгрөгийн засвар хийсэн тул тэр засварын мөнгө өг гэсэн шаардлага тавьсан. Д.М- нь “тантай худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй, үнэ төлбөр дээрээ тохирч чадахгүй байгаа тул өөр хүнд худалдлаа” гэхэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст энэ хүн намайг залилсан хэмээн шалгуулсан болно. Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сараас хууль бусаар эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1527,1528 тоот хаягт байрлах 700м.кв бүхий газар 74м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 3 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 25 сарын хугацаанд эзэмшиж ашиглахдаа ямар нэгэн үнэ, төлбөр төлж байгаагүй Иймд газар, үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан төлбөрийг сарын 150,000 \зуун тавин мянга\ төгрөгөөр тооцож нийтдээ 3,750,000 \гурван сая долоон зуун тавин мянга\ төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “Хууль ёсны өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,750,000 \гурван сая долоон зуун тавин мянга\ төгрөгийн хэмжээгээр ихэсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзаж байна” гэв.
Хариуцагч Д.Б- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Д.М-ийн нэхэмжлэлтэй Д.Б- надад холбогдуулан гаргасан 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: худалдах, худалдан авах гэрээг цуцлах саналыг Д.М- гаргасан бөгөөд бид өдийг хүртэл тус байшинд амьдраагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Д.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1528 тоот хаягт байрлах газрыг зарын дагуу холбоо барьж газрыг үзээд 34,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Намайг хөдөөнөөс нүүж ирэхэд тог цахилгааны асуудлыг бүрэн шийдэж бэлэн болгоно гэж хэлсэн боловч хөдөөнөөс нүүж ирэхэд тог цахилгаангүй хэвээрээ л байсан. Бид өөрсдийн хөрөнгөөр дараах засваруудыг хийсэн. Цахилгааны материал-445,600, 3 инженерийн 5010005738 тоот ажлын дансаар ажлын хөлс- 250,000 нийт 695,600 төгрөгийг бид төлсөн. Нийт гарсан зардал нь 6,311,840 төгрөг болсон. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаалиар оруулж ирсэн тээврийн хэрэгслийг Г.Ш үзүүлээд газрыг худалдаж авах үнэнд 24,500,000 төгрөгөөр цэнхэр өнгийн портер, цагаан өнгийн Бонго 3 маркийн автомашиныг өгөхөөр тохиролцож, үлдэгдэл 9,500,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээ гарахаар төлөхөөр харилцан тохиролцон гааль дээрээс Г.Ш уг 2 машиныг бичиг баримтын хамт өгөөд явуулсан. 2019 оны 6 дугаар сард Д.М-той дөлгөөн нуурын урд байрлах гэрт нь очиж уулзсан. Гэрчилгээгээ хэзээ шилжүүлэх вэ? Бид хөдөөнөөс нүүж ирээд засвар хийгээд цахилгаан татуулаад бүгдийг бэлэн болгочихсон гэхэд та нар мөнгө нэмээд өгчих 70,000,000 төгрөгөнд зарна гээд нэхээд байсан. Иймд Д.М-ын гэрээнээс татгалзсанаас надад учирсан 6,067,840 төгрөгийн хохирлыг Д.М-оос гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ гэрээнээс татгалзсанаас учирсан 6,067,840 төгрөг хохирлыг гаргуулна гэж тусгасан байна. Донров овогтой Мишигдорж нь Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , 41-1527,1528 тоот хаягт байрлах 700м.кв бүхий газар 74м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгч бөгөөд Д.Б- Д.М- нарын хооронд амаар болон бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй тул гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжгүй юм. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 02 дугаар сараас хууль бусаар ашигласан. Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлж өгдөггүй хууль бус шаардлага тавьдаг болно. Монгол Улсын Иргэний хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ”, мөн энэ хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгалж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн аливаа засвар, үйлчилгээний мөнгийг нэхэмжлэгч тал төлөх ёсгүй юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Д.Б-д холбогдуулж үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,750,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б- гэрээнээс татгалзсанаас учирсан 6,067,840 төгрөгийн хохирлыг Д.М-оос шаардаж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1.Үндсэн нэхэмжлэл 3,750,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.М- хариуцагч Д.Б-гаас 2019 оны 3 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд миний өмчлөлийн хашаа байшинг хууль бусаар эзэмшсэн, дээрх 25 сарын хугацаанд би үл хөдлөх хөрөнгийг сарын 150,000 төгрөгөөр түрээсэлсэн бол 3,750,000 төгрөгийг олох байсан орлогыг гаргуулахаар гэж шаардсан.
Эрхийн улсын бүртгэлийн Г-22000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , Г-7 дугаар гудамж 5 тоот хаягт байршилтай, 18655311831293 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , Г-7 дугаар гудамж 5 тоот хаягт байршилтай, 74м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.М- бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 5-6 дугаар тал/
Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд бүртгэгдсэн хаягжилт өөрчлөгдсөн, бүртгэлтэй холбоотой талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн үндэслэлээ “....өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах талаар хүү Г.Шижирбатаартай ярилцсан, үнийн дүнг тохиролцоогүй байхад хүү нь Д.Б-д 34,000,000 төгрөгөөр худалдсан. Д.М- нь хариуцагч Д.Б-тай 2019 оны 6 дугаар сард уулзаад 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй гэж маргасан. “....тантай худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй үнийн дүн дээр тохирохгүй тул өөр хүнд худалдана гэдгийг нэхэмжлэгч хариуцагчид хэлсэн.2019 оны 3 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 25 сарын хугацаанд хашаа байшинг хууль бусаар эзэмшсэн.Хэрэв үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол 3,750,000 төгрөгийг олох байсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хохирол шаардсан” гэж;
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Шижирбаатартай миний бие үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийж, Д.М- өөрөө түлхүүрээ өгсөн.2019 оны 6 дугаар сард нэхэмжлэгчтэй би уулзахад нэмж мөнгө төл төлөхгүй бол та нарт худалдахгүй гэсэн.Би хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Б-гийн нөхөр Ж.Буянравжих нэхэмжлэгчийн хүү Г.Ш нар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдан авагч тал Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийг 274.1-д зааснаар 24,500,000 төгрөгт тооцон цэнхэр өнгийн портер, цагаан өнгийн Бонго 3 автомашинуудыг худалдагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ./ хх-ийн 30,117 дугаар тал/
Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн үлдэгдэл 9,500,000 төгрөгт талууд тохиролцоогүй маргаан талуудын хооронд үүссжээ.
Нэхэмжлэгч Д.М- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай хэлцлийг өөрийн хүү Г.Шижирбаатартай харилцан тохиролцсон, дээрх хэлцлийн улмаас хүү нь үл хөдлөх хөрөнгийг Д.Б-д худалджээ.
Нэхэмжлэгч Д.М- нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.”, 62.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх”....,62.2.4-д “хуульд заасан нотариатаар гэрчлүүлэх”, 62.2.5-д “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах” гэж тус тус зааснаар хүү Г.Мишигдоржид үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийх хуульд зааснаар “Итгэмжлэл”-ийг хүү Г.Шижирбаатарт олгогдоогүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл “ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар Г.Шижирбаатар хариуцагч Д.Б- нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Нэхэмжлэгч маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг түүний хүү нь 2019 оны 6 дугаар сард хариуцагчид худалдсанг мэдсэн, хэлэлцэн тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн үнийг Д.Б-тай тохиролцоогүй тул тэрээр худалдахгүй гэж татгалзсаныг тухайн сардаа хэлсэн болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Д.Б- нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөд 6,067,840 төгрөгийн засвар хийсэн төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгчээс шаардсан талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 25 сарын хугацаанд хашаа байшинг сарын 150.000 төгрөгөөр түрээслүүлсэн бол 3,750,000 төгрөгийг олох байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг боловч хариуцагчийг тухайн саруудад нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа байшинд хариуцагчийг хууль бусаар амьдарсан нь баримтаар тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар гэрээг байгуулаагүй, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт, тухайн хаягт цахилгаан, хогны төлбөрийн нэхэмжлэл үүссэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 6,067,840 төгрөг гаргуулах Сөрөг шаардлагын тухайд:
Хариуцагч Д.Б- нь Эрхийн улсын бүртгэлийн Г-2204012935 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , Г-7 дугаар гудамж 5 тоот хаягт байршилтай, 18000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700м.кв бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Х 4 хэсэг гудамж , Г-7 дугаар гудамж 5 тоот хаягт байршилтай, 74м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34,000,00 төгрөгөөр худалдан авахаар Д.М-ийн хүү Г.Ш хэлэлцэн тохиролцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б- “хашаа байшингийн гэрчилгээ Д.М- гэдэг хүний нэр байсан” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” 56 дугаар зүйлийн 56.6-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан.
Зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулаагүй, Д.Б- нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Ш биш гэдгийг мэдсээр байж хэлцэл хийсэн болох нь хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Д.М- хариуцах үндэслэлгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2021/0000 дугаар захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдаагүй болно.
Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж, хариуцагчаас сөрөг шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Зохигчид өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,8, 243 дугаар зүйлийн 243.1 д заасныг баримтлан Д.М-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох 3,750,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Д.Б-гийн нэхэмжлэлтэй Д.М-ид холбогдох 6,067,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Д.М-оос үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 145,150 төгрөгийг, Д.Б-гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 112,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ