Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03246

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Э--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗДЗД-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 24,945,300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв”-ийн даргаар томилогдон 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жирэмсэн байх хугацаанд хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01285 тоот шүүхийн шийдвэрээр “Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн” даргын ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийхээр шүүхээс шийдвэрлэсэн болно. Үүнээс хойш удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажилд эгүүлэн томилох шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилох шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй болно. Үүнтэй холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн боловч хууль бусаар ажилд эгүүлэн томилоогүй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхээс тус тус шийдвэрлэсэн болно. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу намайг өнөөдрийг хүртэл ажилд буцаан томилоогүй болно. Миний зүгээс дүүргийн удирдлагууд солигдож тус албан тушаал өөрийн хүнийг томилохтой холбоотой хувийн ашиг сонирхлоос үүдэн хууль бусаар ажлаас чөлөөлөгдөн мөн өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа эгүүлэн томилогдож хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хариуцагчаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 31 сарын цалин, сарын 831,510=нийт 25,776,810 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв. 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Н.Э-ийн нэхэмжлэлтэй БЗДЗД-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нийт 31 сарын цалин болох 25,776,810 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нь БЗДЗД-д холбогдуулан “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 31 сарын /1 сарын цалин 831,510/ нийт 25,776,810 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч В.А-д 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/411 дугаар албан бичгээр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01265 дугаар шийдвэрээр тогтоосон 1,670,113 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 182,072 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 50,000 төгрөг, нийт 1,902,185 төгрөг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00756 дугаар тогтоолоор тогтоосон 17,461,710 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245,258 төгрөг нийт 17,706,968 төгрөгийг хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд төлж барагдуулсан, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийсэн тухай мэдэгджээ. Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” 832 дугаар захирамжаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг даргын харьяа байгууллага байхаар баталж, дүүргийн хэлтсийн дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас томилж байгаа болно. “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн В.Э-г ажилд томилох тухай Б/317 тушаал, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн В.Э-г ажлаас чөлөөлөх тухай Б/36 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын А.М-г ажилд томилох тухай Б/37 тушаал зэргээс үзвэл дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Н.Э-г ажилд эргүүлэн тогтоох боломжгүй юм. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр тухайн албан тушаалдаа эргүүлэн томилогдоогүй байх тул томилогдоогүй хугацааны цалин хөлсийг тооцож олгох үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч БЗДЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 24,945,300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг томилох эрх Засаг даргад олгогдоогүй, жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 25,776,810 төгрөгийг, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч БЗДЗД нэхэмжлэгчийг томилох эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ207/01285 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Эрдэнийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлсний олговорт 1,670,113 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулан шийдвэрлэжээ. /хх-ийн 32-43 дугаар тал/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон,  тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 101/ШЗ2018/01244 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар 96 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдож байна./хх-ийн 44 дүгээр тал/

Нэхэмжлэгч Н.Э  нэхэмжлэлтэй хариуцагч БЗДЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 24,113,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03941 дугаар шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дугаар магадлалаар шийдвэрийн № дэх хэсэгт өөрчлөлт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00756 дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2019/18306 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай  захирамжаар 01425 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ./хх-ийн45-58 дугаар тал /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/368, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/34, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм, орон тоог баталж, санхүүжүүлэх төсвийн ерөнхийлөн захирагч нь дүүргийн Засаг дарга болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно./хх-ийн 110-128 дугаар тал/

хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д  энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажилтанг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг.... олгоно.  гэж заасан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан журамд зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоход 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд түүний нийгмийн даатгалын дэвтэрт  бичигдсэн 3 сарын дундаж цалин/ 832,910+824,310,334,595/=1,991,815 төгрөг:3/сар/=663,938 төгрөг х21.5/хоног/=30,88/өдрийн/ төгрөгийг ажилгүй байсан хугацааны 732 хоногт тооцоход 22,604,416 төгрөгийг хариуцагч БЗДЗД-ас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 3,172,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн цалин хөлсийг бодохдоо хэрэгт авагдсан түүний №0720413 дугаар нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэсэн болохыг дурдав./хх-ийн 84-85 дугаар тал/

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан БЗДЗД-ас 22,604,416 төгрөгийг гаргуулж Н.Э--д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,172,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг БЗДЗД-д даалгасугай.

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг  баримтлан хариуцагч БЗДЗДас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн 270,972.08 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНЧИМЭГ