Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/03269

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э,

Хариуцагч: Х.Э нарт холбогдох

16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Э-, Х.Э- нарын хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай Д.Э-ын Хаан банкны  50000 тоот дансанд, 2018 оны 07-р сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг Д.Э-ын Хаан банкны 50000 тоот дансанд 10 хоногийн хугацаатай шилжүүлэн зээлсэн боловч *******, Х.Э- нар нь зээлж авсан мөнгөө өгөхгүй элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. 2018.06.22-ны өдөр Х.Э нь ******* дугаарын утаснаасаа над руу утасдаж манай компани түлшний мөнгөгүй болчхоод байна ажлаа зогсоолгүй явуулмаар байна мөнгө орж иртэл түр 6 хоногийн хугацаатай 15 сая төгрөг өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлж тус болооч гэсэн. Хурдан буцааж өгнө хэдхэн хоногт буцаан өгнө гэсэн. 2018.07.10-ны өдөр Энхтайван ахин залгаж манай компани ажилчдын цалингаа тавих гэсэн мөнгө орж ирдэггүй ээ, орж ирэх гэрээний мөнгө хойшлогдоод байна. Маргааш наадам ажилчдынхаа цалинг нь тавьж чаддаггүй ээ, үдээс хойш болчихлоо, мөнгө олддоггүй ээ, энэ олон хүмүүс цалингаа авах гээд энд нэхээд хүлээгээд байна, чи түр зээлж тус болооч чи 7 сарын 20 хүртэл 10 сая төгрөг 10 хоногийн хугацаатай өдрийн 0,5 хувийн хүүтэй түр зээлчих оронд нь унаж яваа машинаа аваачаад үлдээчихье. Өмнө зээлсэн 15,000,000 төгрөгийг чинь нийлүүлээд 10 хоногийн дараа хүүтэй нь өгчихье гэсэн. Маргааш наадамлачхаад машинаа аваачиж үлдээе гэсэн. Машинаа үлдээгээгүй, тэрнээс хойш утсаа авахаа больсон. Тухайн үед буюу 2018 оны 5-р сард Л.Д би Хас банкнаас 50,000,000 төгрөгийн зээлийг Эрин хороололд байр худалдаж авах зорилгоор сарын 2 хувийн хүүтэй зээлсэн байсан. Тухайн мөнгөний 25,000,000 төгрөгийг Д.Э-, Х.Э- нарт зээлж залилуулснаас үүдэн Хас банкан дахь зээлээ зээлийн гэрээгээ шинэчлэн удаа дараа хойшлуулж нэмж зээл авах болон хүү төлөх нөхцөлтэйгөөр явсаар өдийг хүрээд сүүлдээ төлөх боломжгүй болж банкны алдангид тооцуулан 2020 оны 10-р сард Хас банк нь намайг БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн ба улмаар банктай эвлэрлийн гэрээ байгуулж 2021 оны 4-р сараас хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн. Л.Д- би 2019 оны 2-р сард Д.Э-, Х.Э- нарыг БГД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган өгснөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 9-нд 13,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 2-нд 2 сая, 2019 оны 10 дугаар сарын 3-нд 3 сая төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 17-нд 3,000,000 төгрөг нийт 21,000,000 буцаан өгсөн. 2018 оноос хойш банкнаас удаа дараалан нэмж зээл авсаар тухайн мөнгөний хэмжээ нэмэгдэж төлөх хүү нь энэ хэрээрээ мөнгөний хэмжээнээсээ болж өссөөр байсан. Энэ 2 хүнтэй өчнөөн удаа хөөцөлдөж хэдэн жил явсан ба Хас банкны өрөөс гарахгүй байна, авсан мөнгөө хүүтэй нь төл гэж удаа дараалан муур нохой мэт хөөцөлдөн явж байна. Иймд зээлдэгч Д.Э-, Х.Э- нараас зээлийн үлдсэн үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х.Э- тухайн мөнгийг аваагүй. Зээлийн гэрээтэй огт хамааралгүй. Д.Э-ын талаар нэхэмжлэгчийн ярьж байгаа бүгд үнэн. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 7 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг авсан. Д.Э-ын хувьд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 13,000,000 төгрөгийг буцааж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30,000 төгрөг, нийт 21,970,000 төгрөгийг дансаар өгсөн. Нэхэмжлэгч Л.Д- болон Д.Э- нарын хооронд 2018 онд зээлийн гэрээ хийгдээгүй. Л.Д- нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Гэхдээ энэ хэрэг хаагдсан үгүйг нь мэдэхгүй байна. Дараа нь 21,970,000 төгрөгийг өгснөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч Л.Д- нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Д.Э-аар өөрөөр нь үлдэгдэл 7,000,000 төгрөг боллоо шүү гэж бичүүлснийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Амаар зээлийн гэрээг байгуулсан. Бичгээр нөхөж зээлийн гэрээг байгуулж болно. Гэхдээ мөнгө өгсөн байхыг шаардана. 25,000,000 төгрөгийг Л.Д-аас авсан нь үнэн. Гэхдээ 21,970,000 төгрөгийг буцаагаад өгсөн. Үлдэгдэл нь 3,970,000 төгрөг байгаа. Мөнгийг өгснөөс хойш гэрээ байгуулсан тул энэ нь хүчингүй болж байгаа юм. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 7 өдөр 7,000,000 төгрөг үлдсэн. Баталгаа гаргаснаас хойш 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл нь 3,970,000 төгрөг байгаа. Хүний мөнгийг аваагүй гэж маргахгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д- нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Э-аас 10,000,000 төгрөг, Х.Э-аас 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар зээлийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 22, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд  бичгээр байгуулаагүй, хожим нөхөж байгуулсан хэдий ч энэ гэрээгээр зээлдүүлэгчээс мөнгө орж ирээгүй. Нэхэмжлэгчээс 2018 оны 6 сард  зээлж авсан 25,000,000 төгрөгөөс 21,00,000 төгөргйиг төлсөн, 4,000,000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байна.

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Л.Д-ын Хаан банкны 5017000000 данснаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 16,000,000 төгрөгийг,  7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.Э-ын Хаан бнкны 500070000 дансанд 10,000,000 төгрөгийг тус тус  шилжүүлжээ./хх-ийн 5-6 дугаар тал/

Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Д.Э-ын Хаан банкны 50007000 данснаас зээлийн гэрээний үүрэгт 2019 оны  5 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 5 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 5 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 02-ны өдөр 2,00,0000 төгрөгийг, 10 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 23-ны өдөр 30,000 төгрөгийг нийт 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны 501700000 дансанд шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ." гэж зааснаар  талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж, нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хариуцагч нараас шаардах эрх үүснэ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас үзэхэд зээлдүүлэгчээс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 16,000,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон, талууд хуульд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй болно.  

 

Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Д.Э-тай

- 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн 10-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд шилжүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, 10,000,000 төгрөгийн;

- 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Э-тай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,  хүүг сар бүрийн 10-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд шилжүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг  тус тус нөхөж байгуулжээ..

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай юм.

Дээрхээс үйл баримтаас үзвэл талуудын хооронд 25,000,000 төгрөгийн  зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нөхөж байгуулсан гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд хариуцагч Д.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Э- нэхэмжлэгч Л.Д- нарын хооронд зээлийн харилцаа үүссэн нь баримтаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Хас банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч нарт өгсөн тул  нэхэмжилж байна” гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан  баримтаас үзэхэд зээлдүүлэгч Хас банк зээлдэгч  Л.Д- нарын хооронд зээлийн зориулалт  жижиг бизнесийн зээлийн харилцаа үүссэн, энэ зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар хариуцах  үүрэггүй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ